Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00282

 

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00282

 

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2019/00425 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М-т холбогдох,

Гэм хорын хохиролд 47 740 756 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энх-Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч Л.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Э.М нь авто зогсоолд машинаа холдуулсангүй гэж марган татаж унагаснаас бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Э.М-ыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэж, эмчилгээний зардалд 3 393 734 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.М шүүхийн тоггоолд заасан төлбөрийг төлсөн. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас хойшхи хугацаанд хийлгэсэн эмчилгээний зардлаа гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:

1. 2018 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд хийлгэсэн эмчилгээ, эмчийн үзлэг шинжилгээ, эм тарианы зардалд нийт 4 597 438 төгрөг,

2. Гэмт хэрэг болсон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Гэмтлийн эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэг болон дүүргийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх, өдөр тутмын эмчилгээ хийлгэх, мөн уламжлалт эмчилгээ, боолт хийлгэх, хохирогчийн хувьд эрүүгийн хэрэгт шинжилгээ хийлгэх, мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцохоор Шүүх эмнэлэг, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд очих бүрт гэмтлийн улмаас автобусаар явах боломжгүй байсан тул байнга таксигаар үйлчлүүлж байсан. Иймд унааны зардалд нийтдээ 4 309 318 төгрөг,

3. Хөлний гэмтэлд 2 удаа хагалгаа хийлгэсэн, одоо дахин хагалгаа хийлгэх шаардлагатай. Одоо шурга авах мэс засалд зайлшгүй орох шаардлагатай. Мэс заслын зардал 350 000 төгрөг, ор хоногийн 1 хоногт 69 000 төгрөг 10 хоногт 690 000 төгрөг, мэс заслын багцын төлбөр 150 000 төгрөг, мэс заслын дараах боолт 1 удаагийнх 10 000 төгрөг 10 удаа 100 000 төгрөг, мэс заслын дараах физик эмчилгээ 1 удаагийн 1 эмчилгээ 5 000 төгрөг, өдөрт лазер, дасгал гэх мэтээр 4 төрлийн физик эмчилгээ хийлгэхэд 20 000 төгрөг 10 хоногт 200 000 төгрөг, нийт 1 490 000 төгрөг болж байна.

4. Хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан үе буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл орлогын зөрүүнд 19 968 000 төгрөг,

5. Голомт банкны зээлийн хүүгийн төлбөрт 5 155 000 төгрөг нийт 35 519 756 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн үнийн дүнг нийт 12 221 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 3 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 6 681 000 төгрөг, ирээдүйд гарах эмчилгээний зардлаа 5 540 000 төгрөгТ тооцсон. Учир нь одоо зүүн шагайн хугарлыг шургаар бэхэлсэн үлдэц авах мэс засал хийлгэх эмчилгээний төлбөрт 2 140 000 төгрөг, шагайн үе түгжих 2 дахь шатны хагалгааны төлбөрт 4 890 000 төгрөг нийт 7 030 000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Мөн 2017 онд өөрийн дансанд орсон орлогоос зөвхөн 12 сарын орлогыг гэмтэл авснаас хойшхи хугацаанд бодож тооцоход 64 834 426 төгрөг болж үүний тал хувь 32 420 000 төгрөгийн 20 хувь нь 6 400 000 төгрөг болж байна. Зарлагын аргаар бодож үзэхэд сар бүр захиран зарцуулж байгаа эргэлтийн хөрөнгийн зээлүүд, автомашины зээл зэрэгт 1 000 000 төгрөг, 11 павилоны түрээс 4 200 000 төгрөг, павильон тус бүрд ажиллаж байгаа худалдагчийн цалинд 500 000 төгрөг, мөн ахуйн хэрэглээ зэргийг нэмж тооцоход нийт 9 000 000 төгрөг болсон. Үүнээс үзэхэд миний сарын орлого 1 800 000 төгрөг болсон. Тухайн үед хадгаламжинд 1 300 000 төгрөг хадгалсан байсан. Хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжид төрөөс 243 000 төгрөг авдаг байсан. 2018 оны 10 сараас уг тэтгэмж 270 000 төгрөг болсон. Хэрвээ гэмтэл аваагүй, павильонуудаа хэвийн ажиллуулж байсан бол энэ хугацаанд олох байсан орлогоо хамгийн багаар буюу 1 350 000 төгрөгөөр тооцоход 26 430 000 төгрөг олох боломжтой байсан. Иймд хариуцагчаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 47 740 756 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Э.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Д-ийн эмчилгээний зардалд 3 393 734 төгрөг төлж барагдуулсан. Нэхэмжлэлд дурдсан 35 519 756 төгрөг нь илт шунахайн сэдэлтээр мөнгө олох гэсэн арга. Нэхэмжлэгч нь эмчилгээнд хамааралгүй эмийн баримтууд болон бусад баримтуудыг хавсаргасан. Нэхэмжлэгч Б.Д өвчтэй байх хугацаандаа бүх лангуугаа алдсан гэдэг нь боломжгүй. Одоо өөрөө үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч 2 удаагийн мэс засалд орно гэх боловч заавал мэс засал хийлгэх шаардлагатайг нотолсон эмч нарын зөвлөгөөний шийдвэр байхгүй. Нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзаж нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгах болон чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Шавь Э.М-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1 581 500 /нэг сая таван зуун наян нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Боржигин Б.Д-д олгож, нэхэмжлэлээс 46 159 256 /дөчин зургаан сая нэг зуун тавин есөн мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.М-аас улсын тэмдэгтийн хураамж 40 254 /дөчин мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэнгийн давж заалдах гомдолд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг нэхэмжлэгчийн өмнө төлөх үүрэгтэй гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах эрхийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан. Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын үр дагавар арилаагүй, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх ямар ч боломжгүй хөл гэмтсэн хэсгээр харлаж, мах нь үхжиж, хөлний ул тавхай унжсан ба цаашид 2 хагалгаанд орох шаардлагатай, хөлөө тайруулж болох хүнд байдалд орсон. Эрхэлж байсан бизнес нь бүрэн зогссон. Хохирлын талаар шүүхэд гаргаж өгсөн баримтыг шүүх зөв үнэлээгүй. Голомт банкны зээлийн хүү, алданги хуримтлагдаж 10 310 000 төгрөгийн өр үүссэн. Эрүүл саруул ажлаа хийж байсан бол ийм өр төлбөрт орохгүй байсан. Түүнчлэн эмчилгээний зардлыг буруу тооцож дутуу гаргасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх талаарх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч, талууд бүрэн мэтгэлцсэн, зохигчдын эрхийг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч Э.М-т холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 47 740 756 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эмчилгээний зардалд 1 092 500 төгрөг, унааны зардалд 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. /2хх 230/

Хариуцагч Э.М нэхэмжлэгч Б.Д-ийн зүүн хөлний шаант ясны доод булууны гадна дотно хавчаар ясанд далд хугарал, тахилзуур ясны доод булуунд далд хугарал, зүүн шагайн үений мултрал, цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч гэм буруугийн асуудлаар маргаагүй.

Нэхэмжлэгч Б.Д дээрх гэмтэлтэй холбоотойгоор хагалгаанд орсон, хөдөлмөрийн чадвараа 50 хувь, улмаар 70 хувь алдсан, эмчилгээ хийлгэсэн, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа үйл баримтыг хариуцагч няцаагаагүй.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 381 500 төгрөг, унааны зардалд 200 000 төгрөг, нийт 1 581 500 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ тооцооны алдаа гаргасныг залруулж нэхэмжлэгчийн эм, эмчилгээ, оношилгооны зардалд 1 533 200 төгрөг, тээврийн зардалд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 200 000 төгрөг, нийт 1 733 200 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Гэм хорын хохирлыг нөхөн төлөх нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нөхөн сэргээх зорилготой юм. Нэхэмжлэгчийн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардсан 7 030 000 төгрөгийн нотлох баримт буюу Мөнгөн гүүр эмнэлгийн эмчийн Б.Д нь Мөнгөн гүүр эмнэлэгт зүүн шагайн хугарлыг шургаар бэхэлсэн үлдэц авах мэс засал хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээний төлбөр 2 140 000 төгрөг болно. 2 дахь шатны хагалгаа шагайн үе түгжих мэс заслын хагалгааны төлбөр 4 890 000 төгрөг болох нь үнэн болно гэх бичгийн баримтыг үгүйсгэсэн баримт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс хийсвэрээр зайлшгүй хагалгаанд орох үйл баримтыг нотолсон нотолгооны хэрэгсэл болж чадахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. /2хх 31/

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. Иймд эмчилгээний зардалд 7 030 000 төгрөгийг гаргуулан олгох хуулийн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Б.Д-д Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0161243 дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0245211 дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон, тэрээр хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжид төрөөс 243 000 төгрөг авч байгаад 2018 оны 10 сараас уг тэтгэмж 270 000 төгрөг болсон үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс ...ядаж тэтгэмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүг авмаар байна гэх агуулгатай тайлбарыг гаргаж байжээ. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тэтгэмжийн зөрүүд 2 909 000 төгрөг гаргуулан олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдхүүн үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Д-ийн Дүнжингарав ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнүүд, дансны хуулга, зээлийн дансны хуулга зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 26 430 000 төгрөг, банкинд төлөх зээлийн хүү 5 155 000 төгрөгт холбогдох хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2019/00425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 1 581 500 төгрөг гэснийг 11 672 200 төгрөг, 46 159 256 төгрөг гэснийг 36 068 556 төгрөг гэж өөрчилж,

2 дахь заалтад 40 254 төгрөг гэснийг 201 705 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ш.ОЮУНХАНД