Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 0643

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: М.Ууганзаяа

улсын яллагч: С.Солонго

өсвөр насны шүүгдэгч С.М өмгөөлөгч: Л.Бурмаа

шүүгдэгч Ч.Д өмгөөлөгч : У.Сайнбилэг

хохирогч: Ц.Р, А.Д, Л.О, Х.Г, Э.Ц, Ч.Б, Р.Т

шүүгдэгч: Ч.Д, өсвөр насны шүүгдэгч С.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 1, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц Б,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С сум овогт Ч Д, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт С овогт С М нарт тус бүр  холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн  201525011856 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар  сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Ц Б, 1993  оны 10 дугаар сарын 22-ны өдөр  Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд  боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3 эх, ах  нарын хамт  Баянзүрх  дүүргийн   дугаар хороо Витсамогийн  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:ИС93102211,

           2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С  овогт Ч Д, 1984  оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 2, ахын  хамт  Сонгинохайрхан   дүүргийн   дугаар хороо   тоотод   оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж  байсан, 2011 оны  7 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,  РД:ЧТ84062374,

 

          3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С  овогт С М, 20  оны 6 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,   ам бүл 2, ээжийн  хамт  Баянзүрх  дүүргийн  22 дугаар хороо Зүүнь Алтан-Өлгийн 5-85 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1,621.2. дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж байсан, РД:НЙ00260219

 

Холбогдсон хэргийн талаар:

           Ц.Б нь ганцаараа 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 2-15 тоотод оршин суух иргэн Е.Дөлгөөнмөрөнгийн байшингийн вакум цонхыг эвдэн нэвтэрч эд зүйлийг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан.

          2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-79Б тоотод оршин суух Ц.Мөнхбаярын гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлан 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 134б тоотод оршин суух О.Ням-Одсэрийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-9-421А тоотод оршин суух Б.Зоригтын өвлийн сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2016 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны задгайд оршин суух М.Бандихүүгийн Монгол гэрийн хаалганы

 цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-758 тоотод оршиг суух Э.Мягмарсүрэнгийн байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 16-403 тоотод оршин суух иргэн О.Сувд-Эрдэний байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан

          2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 5-16 тоотод оршин суух иргэн Ц.Түмэн-Өлзийгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 470.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Витсамогийн 5-511 тоотод оршин суух иргэн Д.Цогтбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2016 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан-Өлгийн 11-221 тоотод оршин суух Д. Мөнгөншагайгийн байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан

         2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 13-249 тоотод оршин суух иргэн А.Эрдэнэболдын өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 460.000 төгрөгийн хохирол учруулсан

        2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-13-56а тоотод оршин суух Ү.Бат-Эрдэнийн гэрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 08 дугаар сарын 22-ноос 24-ны хооронд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-8-425 тоотод оршин суух Э.Элбэгдоржийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

       2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 20-282 тоотод оршин суух Д.Зэсмаагийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

       2016 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны задгайд оршин суу иргэн Х.Ганбаатарын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаао хороо, Хувьсгалчдын В-4-371 тоотод байрлах нийтийн байрны 5-8 тоот өрөөнүүдээс эд зүйл хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

       2016 оны 10 дугааор сарын 04-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-12-151 тоотод оршин суух И.Мөнгөнтуяагийн Монгол гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

       2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 42-781 тоотод оршин суух Д.Мөнх-Эрдэний өвлийн сууцны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 17-66 тоотод оршин суух Б.Буянцогтын өвлийн сууцны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 10 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо,Цайзын 21-539 тоотод оршин суух Ж.Эрдэнэцэцэгийн өвлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч эд зүйл хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 8-6 тоотод оршин суух Ц.Раднаасэдийн байшингын цонхыг хагалан нэвтэрч эд зүйл хулгайлж 1.681.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 10 дугаар сарын 31-ний Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 5-1 тоотод оршин суух иргэн А.Мөнх-Эрдэний гэрийн цоожийг эвдэн  нэвтэрч эд зүйл хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 15-182 тоотод оршин суух А.Дагийцэцэгийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээо хороо, Хайлаастын 15-320б тоотод оршин суух Б.Алтанцэцэгийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2-12 тоотод оршин суух А.Эрдэнэтогтохын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо,  Газарчин 8-24 тоотод оршин суух С.Цэцэгбаярын өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 248.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-40 тоотод оршин суух Б.Тэмүүжин-Амарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

         Б.Чинбат, Г.Ганзориг нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73-1145 тоотод оршин суух С.Тэргүүнжаргалын өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч эд зүйл хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 19-269 тоотод оршин суух Т.Дарийгийн байшингийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 35-8 тоотод оршин суух М.Даваадоржийн гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 45а-814 тоотод оршин суух Р.Тунгалагын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 570.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 17-223 тоотод оршин суух С.Ариунжаргалын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 675.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 38-11 тоотод оршин суух Г.Чулуунбаатарын гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 1.225.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Г.О бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 4-612б  тоотод  оршин суух О.Цэнд-Аюушийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

           Г.Т бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 47-1123 тоотод оршин суух О.Л өвлийн сууцны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 757.000 төгрөгний хохирол учруулсан,

            2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 7-15 тоотод оршин суух И.Дамдинсүрэнгийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 414.000 төгрөгний хохирол учруулсан,

          С.М бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 10б-504а тоотод оршин суух иргэн Б.Батбаярын өвлийн сууцанд нэвтэрч  эд зүйл хулгайлж 1.891.300 төгрөгийн хохирол учруулсан,

        Ч.Д бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В-13-37 тоотод оршин суух Г.Батцэнгэлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 1.050.000 төгрөгний хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас  бусдад  нийт 25.684.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

            2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 10б-504а тоотод оршин суух иргэн Б.Батбаярын өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 1.891.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдэхдээ насанд хүрээгүй С.Мэндсайханыг татан оруулсан,

             Н.Д, Б.Б нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Ногоон нуур коток дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Алтан-Очирыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

             Ч.Д нь Ц.Б бүлэглэн ялтай байхдаа давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В-13-37 тоотод оршин суух Г.Батцэнгэлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

            С.М нь Ц.Б бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 10б-504а тоотод оршин суух иргэн Б.Батбаярын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч 1.891.300 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт  тус тус  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

        Шүүгдэгч  Ч.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

         Өсвөр насны шүүгдэгч  С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

        Өсвөр насны шүүгдэгч С.М хууль ёсны төлөөлөгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: С.М миний төрсөн дүү бөгөөд манай ээжтэй цуг амьдардаг. Дээрээ 2 ахтай. Би хамгийн том ах нь, манай дунд дүү гэр бүл зохиож, тусдаа амьдардаг болсон. С.М нь төлөв даруу, хүн үг хэлэхэд за гэдэг ба үгэнд оромтгой хүүхэд. Би дүүдээ анхаарал халамж тавьж чадсангүй. Эхнэр, хүүхэдтэй болсон тул анхаарч чадаагүй. Ээж маань ажил хийдэг, С.М бөхийн дугуйланд явдаг, коллежид сурдаг. Уг хэрэгт холбогдох үед сургууль нь амарчихсан байсан юм байна лээ гэв.

Хохирогч Ц.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2014 оны 12 сард эд зүйлээ алдсан. Манайх Баянзүрх дүүрэгт байрладаг бөгөөд гэрээсээ 15.00 цагт гарч 18.00 цаг өнгөрөөд гарсан ба буцаад ирэхэд зурагт байхгүй байсан. Том вакум цонх хагалаад орсон байсан. Тэгээд цагдаа дуудсан. Манай гэрээс хуучин болон шинэ үеийн 2 ширхэг мөнгөн аяга, 40 инчийн шинэ зурагт, хөөрөг, 0.75 л хэмжээтэй архи, орны бүтээлэг байхгүй болсон ба зурагтыг бүтээлгээр боож гарсан бололтой байсан. 2 хоноод цагдаа намайг дуудаж эд зүйлийг хулгайлсан хүнийг оллоо гэсэн. 2 аяга ломбарданд байна, очиж үзээд ав гэсэн ч очиход ломбарданд байхгүй байна гэсэн. Байцаагчтай хамт очиход байхгүй байна гэсэн. Байцаагч хүний эд зүйлийг олж өгөх сэтгэл гаргаагүй. Хажуу талд нь суусан байцаагч ломбардыг олж өгсөн. Миний хохирол 2.000.000 төгрөг гаруй болсон. Үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн байцаагчийг хулгайчтай хуйвалдсан гэж үзэж байна, их гомдолтой байна. Өглөө дуудаад хүлээж бай гээд өдөржин хүлээлгэдэг. Тэр байцаагч шуурхай ажилласан бол 2 мөнгөн аягаа авах байсан. Байцаагчийг хулгай хийсэн хүнтэй хуйвалдсан гэж бодож байна. Хамт хулгай хийсэн хүн нь ломбардыг зааж өгсөн тул би машин олоод мөрдөн байцаагчийн хамт очсон. Гэтэл байцаагч ломбардны хүнээс мөнгөн аяга байна уу гэж асуугаад л байхгүй гэхэд нь байхгүй гэнэ гээд явсан гэв.

Хохирогч Ц.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 10 сарын 29-ний өдөр өглөө эхнэр хүүхдүүд босоод ажилдаа явцгаасан ба би өдөржин гэрт байж байгаад 14 цагийн орчим хүргэн Мөнхболдын гэр лүү БЗД-ийн 24-р хороо Хоршооллын 8-6 тоот гэрээсээ гараад явсан. би хүргэний гэрт байж байгаад эхнэр Баасанжавтай уулзаж гэрлүүгээ 19 цагийн орчим хамт явсан. гэрийнхээ гадаа ирэхэд хашааны гадна талын жижиг хаалга онгорхой байхаар нь анзааралгүй байшингийхаа хаалгыг онгойлгоод орсон чинь цонхны тавцан дээр байсан цэцэг уначихсан жижиг поорчик хагарсан байдалтай байсан. Гэрт байсан эд зүйлүүдээ шалгаж үзтэл Тошиба маркын 40 инчийн зурагт, шинэ цагаан хөөрөг, орны бүтээлэг, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 0.75 граммын Хар чингис архи, 0.5 граммын Моду нэртэй архи зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Би 40 инчийн зурагтаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ манай эхнэрт шагналд өгсөн зурагт юм яг нэг жил болж байгаа, шинэ цагийн хөөрөг 50.000 төгрөгөөр өнгөрсөн жил худалдаж авсан, орны бүтээлэг цоо шинэ байсан 50.000 төгрөгөөр үнэлнэ, нэг мөнгөн аягыг нь 300.000 төгрөгөөр нөгөө мөнгөн аягыг нь 250.000 төгрөгөөр үнэлнэ, дунд гарын хуучны аягууд байсан. 0.75 граммын хар чингис архийг 19.000 төгрөг, 0.5 граммын Моду архийг 12.000 төгрөгөөр тус тус үнэлнэ…Би давхар вакум цонхоо шиллүүлэхэд 60.000 төгрөг болсон энэ үнээр нь үнэлнэ” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 37 тал/

Хохирогч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ очоод гэртээ 16.00 цагийн үед буцаж ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн хаалга онгорхой, газарт шар өнгийн аптирка байсан ба арзгар ултай гутлын мөр байсан. Мөрийг хамгаалах гэсэн ч цас ороод байсан. Цагдаа дуудахад үзлэг хийгээд, хүнээ олчихлоо гээд явсан. Камерийн бичлэг бас харсан, хүүхдийн гарын хээтэй давхацсан байна гэсэн. Уранбаяр байцаагч Бааснсүрэн гэх хүн байна гэсэн. 37 инчийн зурагт, бор шар өнгийн хивс, улаан өнгөтэй 2 бүтээлэг авсан байсан. Хүмүүс хэлэхдээ манай гадна машин зогсож байсан гэсэн тул машинтай зөөж авсан байх. Цагдаа нараас асуухад олон удаа хулгай хийсэн, хохирол төлөх чадваргүй хүн гэсэн ба ломбарданд миний эд зүйлийг тавьсан гэж хэлээд, дараа нь зах дээр зарсан байх гэж хэлээд ач холбогдол өгөөгүй. Миний эд зүйл 700.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Зурагтыг аваад 3 жил болж байсан гэв.

Хохирогч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “2016 оны 11 сарын 05-ны өдөр би өглөө гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гараад үдээс хойш 16 цаг болж байхад гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой гэрийнхээ хаалган дээр ирэхэд нимгэн орсон цасан дээр хүний гутлын мөр гарчихсан байхаар нь би гэрийнхээ хаалгыг үзэхэд манай гэрийн цоож байхгүй байхаар нь гэртээ ороод үзэхэд манай гэрийн хойморт байсан 37 инчийн хар өнгөтэй 2013 онд шинээр нь 799.000 төгрөгөөр авч байсан ТСЛ брендийн ЛСД зурагт алдагдсан байсныг хараад цагдаагийн байгууллагат хандсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 241 тал/

Хохирогч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Манай вакум цонхыг онгойлгож хулгайч орсон байсан. 2 жилийн өмнө болсон тул он сарыг нь санахгүй байна. Хятад цагаан өнгийн зурагт, шилтэй цэцэгтэй халаагуур авсан байсан. 17.00 цаг өнгөрөөд би гэрээсээ цэвэрлэгээ хийхээр гарсан ба тэр үед авсан байсан. Цагдаа дуудахад үзлэг хийгээд жалганы хажууд гарсан мөрөөр машинтай хүн авсан байх гэсэн. Тэрнээс өмнө хулгай орж байсан. 1 хүн л манай эд зүйлүүдийг авсан байх гэж бодсон. Саяхан хэд хоногийн өмнө манай түлхүүрийг хайсан байх гэмээр байшингийн ардуур мөр гарсан байсан. Миний хөл хугараад 4 сар хэвтэхэд шүүхээс дуудаж зурагтаа ав гэсэн. Тэгээд явж чадахгүй байна гэсэн ба өнөөдөр л ирж байна гэв.

Хохирогч Л.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би 2016 оны 02 сарын 26-ны өдөр гэртээ байж байгаад 18:00 цагийн үед гэрээсээ гараад явсан. Тэгээд гадуур явж байхад манай хүү Мягмарсүрэн 20:00 үед надруу залгаад “гадна хаалга яасан юм бэ? Онгойхгүй байна” гэхээр нь зүгээр байсан гэж хэлсэн. Тэгээд удаагүй гэртээ ирэхэд манай гэрийн вакум цонхыг хөшиж онгойлгоод гэрт байсан цагаан өнгийн гадаргуутай TCL маркийн 32 инчийн гадаргуутай телевизор мөн МНВС маркийн тоон системийн хүлээн авагч, цахилгаанаар халаадаг улаан хүрэн өнгийн тен гэх мэт эд зүйл алдагдсан байсан. Гэрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээтэй уншиж танилцлаа, уг үнэлгээн дээр тен алдагдсан талаар оруулаагүй байна. Манайх тенээ 2015 онд 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 155 тал/

Хохирогч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Энэ хүмүүс их мэргэжлийн хүмүүс. Манайхаас 4 удаа эд зүйл хулгайлсан. 2014, 2015, 2016, 2017 оны 09 дүгээр сарын 23-нд орж, 2 цоож эвдэж, хажуу талын манай дүүгийн гэрийг ухсан байсан. Хурууны хээ авахад энэ 2 хүнийх гараагүй бололтой. Баасансүрэн ганцаараа хулгайлсан гэж мэдүүлсэн. Манай аавын үе залгамжилж ирсэн морин хуур, хүүгийн маань үнэтэй хувцас зэргийг авдаг. Ганцаараа тийм олон зүйл аваад явах боломжгүй. 2 шүүгдэгч 1 хэрэгт хамт явсан гэж ярьж байна. Хэрвээ Баасансүрэн байсан бол үнэнээ хэлэхгүй байсан. 2-3 хоногийн өмнө ч манай гэрийн түлхүүрийг хайсан байсан. Алдсан эд зүйлийн үнэлгээ миний мэдүүлэгт байгаа. Хэрвээ үнэхээр Баасансүрэн ганцаараа хулгайлсан бол одоо нас барсан тул дахиж хулгай орохгүй байх ёстой. Үүнийг харна. 2 шүүгдэгч өмнө нь ч гэмт хэрэгт холбогдож байсан байна. Эрүү шүүлт тулгавал үнэнээ хэлэх байх гэж би байцаачид хэлсэн ч тийм хууль байхгүй гэсэн гэв.

Шүүгдэгч Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 10.00 цаг өнгөрөөгөөд Багшийн дээд дээр 100 айлаас очсон. Тэнд энэ банди 2 найзтайгаа тэнд байж байсан. Тэгээд 5-6 хүн нийлээд 0.75 литрийн Ерөөл архи авсан. Архиа ууж дуусаад нөгөө залуу хоёулаа модны хоёр дээр очоод буцаад ирье гэхээр нь зөвшөөрсөн. Тэнд уулзах хүн нь байгаагүй. Тэгэхээр нь тэндээсээ шууд дээшээ өгсөөд Гандангийн хойгуур тойроод Зурагт орсон. Тэнд уулзах хүн нь мөн байгаагүй. Тэгээд бид хоёр одоо яах юм бэ гээд асуусан чинь чи машиндаа сууж бай би ийшээ нэг айл руу ороод нөгөө хүнээ дуудаад ирнэ гэж хэлээд явахаар нь би таксины жолоочид нь хандаад энэ худлаа хэлж байж магадгүй гээд цуг явъя гээд хойноос нь дагаад явсан. Тэгээд араас нь дагаад явж байгаад нөгөө машины жолооч ах машинаа аваад буцаад иръе гээд явсан. Нөгөө жолооч ах буцаж ирээгүй би нөгөө залуутай явж байтал тэр чи наанаа зогсож бай гэсэн. Тэр залуу нэг айл руу орчихоод ирий чи хүн хараад зогсож бай гэсэн. Тэгээд нэг айл руу орчихоод гарч ирээд наад 2 дээлээ юманд боочих хос дээл шүү гэсэн. Бид хоёр юмаа аваад явж байгаад цагдаад баригдсан. Би тэр залууг хулгай хийж байна гэж мэдээгүй гэжээ. /8-р хх-ийн 90/

Өсвөр насны шүүгдэгч С.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр би Фейсбүүк орж байгаад Б таараад маргааш нь уулзахаар болсон. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 1-ны өдөр 14.00 цагийн үед Асайт худалдааны төвийн ПС тоглоомын газар очиж Ш, Д 2-той уулзсан. Тэр хоёртой уулзаад сууж байсан чинь Б над руу залгаад хаана байна гэж асуухаар нь би Асайт худалдааны төв дээр байна гэсэн чинь намайг 16-гийн автобусны буудал дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь Ш, Д бид 3 хамт очсон. Тэгээд Б уулзаад архи уухаар болоод тэр өдөр архи зардаггүй байсан учраас ойр хавийн дэлгүүрээр хайсан боловч олдоогүй. Ингээд цайз захаас хойш Зүүн Алтан Өлгий рүү очоод тэнд байдаг нэг дэлгүүрээс би орж 0.5 литрийн Улаанбаатар архи 1 шилийг аваад замаараа Ундрах гээд залуутай таараад уулан дээр гарч архийг Шинэтөр, Б хоёр уусан. Тэгээд доошоо буугаад өмнөх архи авсан дэлгүүрээс Даваахүү, Шинэтөр 2 орж 0.75 литрийн Улаанбаатар архи 1 шилийг аваад гарч ирсэн. Уг архийг Шинэтөр, Баасансүрэн бид 3 хувааж уусан. Тэгээд Шинэтөр, Баасансүрэн хоёр зодолдох гээд байхаар нь би Даваахүү бид 2 салгасан. Даваахүү Шинэтөрийг аваад Нямдоржийн гэрлүү явсан. Баасансүрэн бид 2 багшийн дээд орохоор явсан. Бид хоёр замдаа явж байтал Баасансүрэн ах нь энэ айл руу ороод золгочихоод ирий гээд орсон. 5 орчим минутын дараа нөгөө хашаанаасаа буцаж гарч ирээд намайг араас ороод ир гэсэн би юу ч саналгүй дагаад орчихсон. Гэтэл нөгөө айлын зурагтыг салгаад тавьчихсан байж байсан. Тэгээд л би хулгай хийж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд би Б ахаа болио хэрэггүй гээд гэрээс гартал араас ирээд ахын дүү байж бай буцаад ороод ир гээд байхаар нь орсон чинь Б дээшээ гараад компьютер тэврээд буугаад ирсэн. Тэгээд би наад хэрэгт чинь би хамаагүй шүү гэж хэлээд хашааны хаалгаар гарч байтал Баасансүрэн ах миний өвөр лүү нэг мөнгөн аяга хийсэн гэжээ. /6-р хх-ийн 26-27/

Хохирогч Х.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “2016 оны 08 сарын 31-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гарсан гэрт хүн үлдээгүй. Орой 19 цаг 40 минутын үед буудал дээр буугаад гэр рүүгээ явж байтал Боогий гэх дүү утсаар ярьж танай гэрийг чинь ухчихсан байна гэхээр нь гэртээ очтол: гэрийн хаалга онгорхой байхаар дотогш орж үзэхэд компьютерийн ширээн дээр байсан 32 инчийн фунай маркийн зурагт, модем, хүүхдийн жордон маркын пүүз, морин хуур, пүүзэн гутал, жирийн нэг пүүз зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Алдагдсан зурагтаа 2014 онд 400.000 төгрөгөөр авч байсан. Мөн жи-мобайлын интернетийн модемийг 240.000 төгрөгөөр 1 жилийн өмнө авч байсан. Морин хуур нь үе дамжиж ирсэн тоглолтын хуур байгаа юм. одоо зах зээлийн үнэгээгээрээ 1 сая төгрөгний үнэтэй. Алдагдсан эд зүйлээ дээрх үнэлгээгээр нь үнэлж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 192 тал/

      Иргэний нэхэмжлэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ломбард ажиллуулдаг ба 2 зурагтаа хураалгасан. Би хэргийн материалтай сайн танилцаагүй. Эд зүйл тавьсан хүмүүсийг танихгүй. Өдөр ирж тавьсан. Үнэлгээг би мэдэхгүй байна. 300.000 төгрөгөнд тавьсан зурагт байгаа, нөгөө эд зүйлийн талаар сайн санахгүй байна гэв.

Хохирогч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 04 дүгээр сар орчимд 12 цагийн үед хүнтэй уулзах гээд би гэрээсээ гарсан, гэр эзэнгүй байсан. Буцаад ирэхэд Монгол гэрийн хаалгыг хөшиж орсон байна гэсэн. Зурагт, компьютер, миний цүнх алга болсон байсан. Цагдаа дуудахад үзлэг хийгээд шинжилгээний хариугаар 3 хүн орсон байна гэсэн. 1 эмэгтэй хүний гутлын мөр байна, гарын хээ тодорхойгүй байна гэсэн. Үнэлгээгээр 1.300.000 төгрөг орчим болж байсан гэв.

Хохирогч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Фунай маркын хар өнгөтэй 40 инчийн смарт Лед зурагт удирдлагын хамт алга болсон. Энэ зурагтыг 2015 оны 12 сарын сүүлээр 3-р хорооллын Смарт электроникс дэлгүүрээс 699.000 төгрөгөөр худалдаж авсан, шинээрээ зурагт байсан. Компьютерийн процессор нь марк тодорхойгүй, шинж тэмдэг гэвэл хар өнгөтэй, урд нүүрэн талдаа хөндлөн улаан өнгийн канттай байгаа, дэлгэц нь “acer” брендийн 19 инчийн ЛСД дэлгэцтэй байгаа, мауз, гар интернет модемыг аваагүй үлдээсэн байсан. Компьютерийн ашиглаад 10-аад хонож байсан юм. Процессорт байдаг зүйлсийг худалдаж аваад хувиараа угсарсан, процессор 4-р үеийн i-5 спүтэй, спү дээрээ том хар өнгийн сэнстэй байгаа, харин дэлгэцийг нь 2015 оны 07 сард авсан, бага зэрэг хуучирсан байгаа. Дэлгэц, процессорыг нийлүүлээд 600.000 төгрөгөөр үнэлнэ. Цүнх нь хар саарал өнгийн нэг мөрөвчин оосортой, ледринэн цүнх байгаа. Цүнхийг 2016 оны 01 сард 40.000 төгрөгөөр авсан. Цүнхээ 40.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106 тал/

Хохирогч Р.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2 жилийн өмнө эд зүйлээ алдсан. Гэрээсээ 07.00 цагт гараад орой 19.00 цагт ирэхэд бүргэд хаалыг доороос нь дунд хүртэл нь зад цохин сөхөж мөлхөж орсон байсан. Зөөврийн компьютерийг модемтой авсан байсан. Хаалгыг үнэхээр муухай болгож эвдсэн байсан. Манайд ажил явдал гарсан байсан. Миний эд зүйл 800.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Баасансүрэн ганцаараа орсон гэж мэдүүлсэн. Тэрнээс хойш дахин хулгай орж, миний тэжээдэг төрөл бүрийн шувуу өндгөө дарж байхад халуун өндөгнөөс нь татаад аваад явсан байсан. Цагдаад энэ талаар хэлэхэд Б ороогүй, өөр хүн орсон байх гэсэн. Шүүгдэгч нарт амьд амьтныг битгий аваач гэж хэлмээр байна. Эд зүйлийг алдахдаа харамсаагүй ч амьд амьтны гол таслахад их харамсаж, гомдсон гэв.

Хохирогч Р.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “2016 оны 02 сарын 29-ний 07 цаг 30 минутын үед хүргэнийхээ эгчийн ажил явдалд оролцохоор гэрээсээ ганцаараа гарахдаа байшингийнхаа цонхыг хаагаад байшингийнхаа бүргэд хаалгыг түгжээд тамбарынхаа модон хаалгыг давхар цоожлоод хашааныхаа хаалгыг түгжилгүй хаачихаад орой 19 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга дэлгээтэй байсан боловч би тухайн үед ямар нэг юм бодоогүй. Тэгтэл тамбарны хаалганы цоожийг эвдчихсэн байхаар нь тамбар луугаа ортол байшингийн дотор талын бүргэд хаалганы хормой хэсгийг нь дээш сөхчихсөн байсан, би түлхүүрээ хийгээд хаалгаа таттал хаалга онгойхгүй байсан тул би 102 луу залгаад “манай гэрт хулгай орсон байна” гэсэн дуудлага өгсөн чинь 20 цаг өнгөрч байхад цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн. Бүрэлдэхүүн ирээд хаалгыг онгойлгох гэтэл онгойхгүй байхаар нь би хаалган доогуураа өөрөө мөлхөж ороод гэрлээ асаагаад байж байтал гаднаас хаалга татаад ороод ирсэн, тэгээд намайг хулгайд алдагдсан эд зүйлээ бүртгээдэх гэхээр нь бүртгэж үзтэл эд хогшил маань эмх замбараатай байсан, харин урд талын өрөөний ширээн дээр байсан зөөврийн комьютер маань байхгүй байна гэж хэлтэл дуудлагаар ирсэн байцаагч нь “та алдагдсан нөүтбүүкийнхээ марк, үнэлгээг мэдэх үү?” гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлтэл “танаас тэгвэл байцаалт авч болохгүй юм байна та маргааш орой очоод өргөдлөө өгчих” гэж хэлээд явчихсан тул маргааш нь би цагдаад өргөдөл гаргаж хандсан...Манай гэрээс VS-531p-10172650 pakk маркын acer брендийн 17 инчийн зөөврийн компьютер, ulusnet-ийн модем зэрэг эд зүйлс алдагдсан байна, өөр алдагдсан зүйл байхгүй. Содон шинж тэмдэг байхгүй, нууц үг байхгүй шууд асна, би нөүтбүүкээ харвал шууд танина, Нанжянд сурдаг байхад манай хүү 2015 оны 10 сард 850.000 төгрөгөөр худалдаж авсан, үүнийгээ би одоогийн зах зээлийн ханшаар 650.000 төгрөгөөр үнэлсэн боловч эд зүйлийн үнэлгээ хийлгэдэг газар нь 450.000 төгрөгөөр үнэлсэн байна үүнийг хүлээн зөвшөөрч байна, мөн ulusnet-ийн модем алдагдсан байсан, түүнийгээ 120.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн120-121 тал/

Хохирогч  Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2017 оны 03 сарын 01-ний өдөр гэртээ гэр бүлийнхээ хүмүүстэй гэрээсээ гадагшаа гарч айлд очиж золголт хийхээр 13 цаг 40 минутын үед гэрээсээ гарсан. Бид нарыг гэрээсээ гараад явахад манай гэрт хэн нэгэн хүн үлдээгүй гэрийнхээ гадна талын хаалгыг түгжээд айлд очиж золголт хийчихээд гэртээ буцаад 19 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хашааны гадна хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь хашаа руугаа ороход манай том өрөөний цонх онгорхой, мөн зүүн талын жижиг өрөөний цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэртээ ороод гэрийнхээ эд зүйлийг шалгаад үзэхэд манай гэрийн зурагт, суурин компьютер, 44 размерийн эрэгтэй хүүхдийн улаан өнгийн пүүз, эрэгтэй хүүхдийн ноосон малгайтай, хар саарал өнгийн цамц 2 ширхэг, кевикогийн интернетийн төхөөрөмж, том дээд талын өрөөнд байсан эмэгтэй хүний ороолт 15 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 0.75 литрийн савалгаатай Найман шарга нэртэй архи нэг шил, шамфанск 1 шил, бор өнгийн иштэй хутга, мөн манай хүүхдийн цамцны халаасанд байсан 25.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 211 тал/ / 5-р хх-н 209/

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  “Би Чингэлтэй дүүргийн 7-р хороо хувьсгалчдын Г-ийн 13 дугаар гудамжны 37 тоотод оршин суудаг юм. өнөөдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа явсан. өдөр 14 цаг 30 минутын орчим намайг ажил дээрээ байж байхад Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс танай гэрт хулгай орсон байна яаралтай ир гэсэн. Тэгээд ажлаасаа түр хугацаагаар чөлөө аваад гэртээ ирэхэд цагдаа ирчихсэн гэрт байх эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон, байшингийн том өрөөнд байсан эхнэр бид 2-ын хосолж өмсдөг цэнхэр өнгийн дээл 2 ширхэг, 38 размерийн цаа бугын арьсан гутал 1 хос, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай гэрт орсон хулгайчийг нь цагдаагаас барьчихсан гэж байсан. Эхнэр бид 2 өвлийн цагт Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах Хангай хотхоны 12 дугаарны 02 давхарт 11 тоотод оршин сууж байгаа 2017 оны 02 сард цагаан сараас хойш гэртээ байхгүй хааяа эргэж очдог юм...Эхнэр бид хоёрын хос дээл нийлээд  700.000 төгрөг, нэг жил хэрэглэсэн, цаа бугын арьсан гутлаа 700.000 төгрөг нэг жил хэрэглэсэн, мөнгөн бүсээ 100.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 110 тал/ / 8 –р хх-н 109-110/

Хохирогч Б.Батбаярын эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ / 5-р хх-н 216-217,219-221/ 1.851.300 төгрөг гэж үнэлсэн байна.

Хохирогч Г.Батцэнгэлийн хулгайд алдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээ: 950.000 төгрөг гэж үнэлжээ.

2017.3.10-ны өдрийн 02/262 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Б.Батбаярын гэрээс 9 ширхэг гарын мөр бэхжүүлж авч шинжилгээнд өгөхөд 7 гарын мөр тэнцэж шинжлэхэд 4 гарын мөр нь хохирогч Б.Батбаярын гарын мөртөй адил болох нь тогтоогдсон, үлдсэн 3 ширхэг гарын мөр нь санд байгаа хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарчээ./ 5-р хх-н 226/

Гэрч Д.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би М төрсөн цагаас нь хойш мэднэ.  Бид нар багадаа хамт өссөн юм. Би эхнэр хүүхэдтэй болж тусдаа гарсанаас хойш ойр дотно биш байнга хамт байдаг биш болсон. Ер нь гэхдээ 7 хоногт 1-2 удаа уулздаг юм. М 2000 онд Төв аймгийн Борнуур суманд айлын  дахь хүү болж төрсөн бөгөөд дээрээ  ахтай бага байхдаа Борнуур сумын цэцэрлэгт 1 жил гаран яваад хотруу шилжиж орж ирээд Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд 1 дүгээр ангиасаа эхлээд суралцсан. 2015 онд 9 дүгээр ангиа төгсөөд Дарь-Эхэд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн ангид орсон. Нэг удаа гадаад улс руу хөлбөмбөгийн тэмцээнд оролцохоор явж байсан юм. Ээж надад дүү чинь хэрэгт холбогдсон байна гэхэд нь л би мэдсэн. Жоохон хөнгөн зантай. Уг нь хүний үг сайн авдаг хүлээцтэй хүүхэд байгаа юм гэжээ./ 6-р хх-н 19-/

Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тогтоолд: Д М сэжигтэн С М хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна. / 5-р хх-н 238/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 553 тоот дүгнэлт :

1.С.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2.С.М нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. С.М нь үйлдсэн хэргийхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

3.С.М нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвартай байна.

4.С.М нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. / 6-р хх-н 51-52/

Хохирогч Г.Б эрэгтэй үстэй дээл нэг ширхэг, эмэгтэй  үстэй дээл нэг ширхэг, цаа бугын гутал нэг ширхэгийг тус тус хүлээлгэн өгөв, /8-р 99-100/

Насанд хүрээгүй сэжигтэнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /5-р хх-н 239-241/, насанд хүрээгүй этгээдийг яллагдагчаар татах тогтоол /6-р хх-н 6-8/, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /6-р хх-н 25/, байцаасан тэмдэглэл /6-р хх-н 26/

Ч.Д сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл /8-р хх-н 132-135/

С.М оршин суугаа газрын тодорхойлолт /6-р хх-н 9/, төрсөний гэрчилгээний хуулбар /6- р хх-н 10/, хувийн байдлын талаарх баримтууд /6-р хх-н 11-18, 60-77/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6-р хх-н 78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /10-р хх-н 43/

Ч.Д ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /9-р хх-н 191/, шийтгэх тогтоолуудын хуулбар /9-р хх-н 192-205/, иргэний үнэмлэхийн лавлагаа /9-р хх-н 206/ зэрэг болно.

          С.М нь  2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 10б-504а тоотод оршин суух иргэн Б.Батбаярын өвлийн сууцанд нэвтэрч  эд зүйл хулгайлж 1.891.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч  Б.Б  мөрдөн байцаалтад  өгсөн …  “гэртээ буцаад 19 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хашааны гадна хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь хашаа руугаа ороход манай том өрөөний цонх онгорхой, мөн зүүн талын жижиг өрөөний цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэртээ ороод гэрийнхээ эд зүйлийг шалгаад үзэхэд манай гэрийн зурагт, суурин компьютер, 44 размерийн эрэгтэй хүүхдийн улаан өнгийн пүүз, эрэгтэй хүүхдийн ноосон малгайтай, хар саарал өнгийн цамц 2 ширхэг, кевикогийн интернетийн төхөөрөмж, том дээд талын өрөөнд байсан эмэгтэй хүний ороолт 15 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 0.75 литрийн савалгаатай Найман шарга нэртэй архи нэг шил, шамфанск 1 шил, бор өнгийн иштэй хутга, мөн манай хүүхдийн цамцны халаасанд байсан 25.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг  5-р хх-н 209/

С.М мөрдөн байцаалтад өгсөн …Б бид 2 багшийн дээд орохоор явсан. Бид хоёр замдаа явж байтал Б ах нь энэ айл руу ороод золгочихоод ирий гээд орсон. 5 орчим минутын дараа нөгөө хашаанаасаа буцаж гарч ирээд намайг араас ороод ир гэсэн би юу ч саналгүй дагаад орчихсон. Гэтэл нөгөө айлын зурагтыг салгаад тавьчихсан байж байсан. Тэгээд л би хулгай хийж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд би Б ахаа болио хэрэггүй гээд гэрээс гартал араас ирээд ахын дүү байж бай буцаад ороод ир гээд байхаар нь орсон чинь Баасансүрэн дээшээ гараад компьютер тэврээд буугаад ирсэн. Тэгээд би наад хэрэгт чинь би хамаагүй шүү гэж хэлээд хашааны хаалгаар гарч байтал Б ах миний өвөр лүү нэг мөнгөн аяга хийсэн гэсэн мэдүүлэг  /6-р хх-ийн 26-27/ зэрэг болно.

С.М нь Ц.Б бүлэглэн хүний байнга амьдрах орон сууцанд нэвтэрч эд зүйл хулгайлсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. С.М үйлдлийг  зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна.

Иймд С.М хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарсаны маргааш С.М хулгайлан авсан мөнгөн аягыг буцаан хураалгаж хохирогчид өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

С.М нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1, 621.2. дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж байсан байна. Шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэгт холбогдсон тул ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийг журамлах нь зүйтэй.

Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

       Шүүгдэгч  Ч.Д нь  2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын В-13-37 тоотод оршин суух Г.Батцэнгэлийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 1.050.000 төгрөгний хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Тэгээд ажлаасаа түр хугацаагаар чөлөө аваад гэртээ ирэхэд цагдаа ирчихсэн гэрт байх эд зүйлсийг эмх замбараагүй болгочихсон, байшингийн том өрөөнд байсан эхнэр бид 2-ын хосолж өмсдөг цэнхэр өнгийн дээл 2 ширхэг, 38 размерийн цаа бугын арьсан гутал 1 хос, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай гэрт орсон хулгайчийг нь цагдаагаас барьчихсан гэж байсан. Эхнэр бид 2 өвлийн цагт Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах Хангай хотхоны 12 дугаарны 02 давхарт 11 тоотод оршин сууж байгаа 2017 оны 02 сард цагаан сараас хойш гэртээ байхгүй хааяа эргэж очдог юм...Эхнэр бид хоёрын хос дээл нийлээд  700.000 төгрөг, нэг жил хэрэглэсэн, цаа бугын арьсан гутлаа 700.000 төгрөг нэг жил хэрэглэсэн, мөнгөн бүсээ 100.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 110 тал/

       Шүүгдэгч Ч.Д мөрдөн байцаалтад өгсөн … Тэгээд араас нь дагаад явж байгаад нөгөө машины жолооч ах машинаа аваад буцаад иръе гээд явсан. Нөгөө жолооч ах буцаж ирээгүй би нөгөө залуутай явж байтал тэр чи наанаа зогсож бай гэсэн. Тэр залуу нэг айл руу орчихоод ирий чи хүн хараад зогсож бай гэсэн. Тэгээд нэг айл руу орчихоод гарч ирээд наад 2 дээлээ юманд боочих хос дээл шүү гэсэн. Бид хоёр юмаа аваад явж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг, /8-р хх-ийн 90/

    Ч.Д нь Ц.Б бүлэглэн хүний байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан авсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Ч.Д дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна

      Ч.Д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан … оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг үндэслэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

       Ч.Д хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       Ц.Б, Ч.Д нар нь хохирогчид хулгайлан авсан эд зүйл болох хоёр ширхэг үстэй дээл, нэг ширхэг годон гутал зэргийг буцаан өгсөн тул Ч.Д бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

      Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

             Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Асер маркийн 17 инчийн компьютерийн дэлгэц нэг ширхэг, Eastech маркийн процессор нэг ширхэгийг хүний хэрэгцээ шаардлага хангахгүй эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв. 

          Энэ хэргийн нэг холбогдогч Ц.Б  2017 оны 10 дугаар сарын 20-ны орой хүнд зодуулсан байдалтай гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очиж эмчлэгдэж байгаад нас барсан талаарх баримтыг улсын яллагчаас гаргаж өгсөн ба Ц.Б ар гэрээс нас барсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүх Ц.Б холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-д заасан шүүгдэгч нас барсан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 , 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулж  яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэв.

             Ц.Б холбогдуулж эд хөрөнгө битүүмжилж ирээгүй, Ц.Б нас барсан тул түүний бусдад учруулсан хохирлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2, 36.6,36.7,36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Ц.Б Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 , 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулж  яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн хэргийг шүүгдэгч нас барсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Ч Д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.

3.Ч.Д, С.М нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.М 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ч.Д 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 7 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Д, С.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Д цагдан хоригдсон 158 хоногийг хорих ял эдлэсэн хугцаанд нь оруулан тооцох, С.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Д, С.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Ч.Д, С.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

10.Энэ хэрэгт эд мөриййн баримтаар хураагдан ирсэн Асер маркийн 17 инчийн компьютерийн дэлгэц нэг ширхэг, Eastech маркийн процессор нэг ширэхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

11.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурьдсугай. .

12. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

13.Шүүхийн тогтоолд давж заалдах, гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН