Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/053

 

Б.*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.*******

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч үүгдэгч прокурор Э.Гантулгын бичсэн 26 дугаар эсэргүүцлээр Б.*******т холбогдох эрүүгийн 1914002520418 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1.....оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Б.******* нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн агуулахад захирагч буюу салаан захирагч *******д хүч хэрэглэн халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.*******т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Б.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн “... Самсунг маркийн гар утас..”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Ууганбаярт буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцахад дээрх шийтгэх тогтоол нь үндэслэл муутай байна.

Учир нь өмнө нь прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхэд шүүх Б.*******ыг цэргийн гэмт хэрэг үйлдсэн байхад буруу зүйлчилж ирүүлсэн гэж дүгнэн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бөгөөд прокурор Б.*******т холбогдох хэрэгт хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхэд хэргийн зүйлчлэлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж шийдэж байна.

Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт цэргийн гэмт хэргийн талаар тусгасан бөгөөд дээрх бүлэгт “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” гэж Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно гэж заасан.

Б.******* нь Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид жагсаалын дарга, хохирогч ******* нь тус цэргийн ангид салаан захирагчаар ажилладаг байсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад шүүх дээрх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Прокуророос эхлээд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж шилжүүлэхэд анхан шатны шүүхээс цэргийн гэмт хэрэг байна гэж буцаасан. Тэгээд цэргийн гэмт хэргээр зүйлчлэн шилжүүлэхэд хөнгөн хохирол учруулсан гэж шийдэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах дүгнэлттэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн агуулахад захирагч буюу салаан захирагч *******д хүч хэрэглэн халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1914002520418 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 188 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан цэргийн албаны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлснийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Б.*******ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэж, хөнгөрүүлэн шийдвэрлэсэн энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “цэргийн албаны үйл ажиллагааг хууль, дүрмийн дагуу явуулсантай нь холбогдуулан” үүссэн аливаа хэлбэрийн үйлдлээр илэрнэ. Б.*******ын хувьд хувийн сэдлээр хохирогчид хөнгөн хохирол учруулсан үйлдэл байна.

Иймд дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                   Г.УЛАМБАЯР

        ШҮҮГЧИД                                                       Н.ЭНХМАА 

                                                                                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ