| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2014000140143 |
| Дугаар | 2020/ДШМ/054 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2020/ДШМ/054
Ч.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч Ч.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/485 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр Ч.*******д холбогдох эрүүгийн 2014000140143 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/
Ч.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .......... тоот хашаанд 2019 оны 12 дугаар сарын эхнээс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар чулуу тээрэмдэж, ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараахь нөхцөл байдал үүссэн байна.
Хавтаст хэргийн 80 дугаар талд Геологийн төв лабораторийн 0025 шинжилгээний дүнд нийт 8 ширхэг шламны дээжээс 0.005-1.98 хувийн мөнгөн ус илэрсэн талаар дүгнэлтийг тоон үзүүлэлтээр гаргасан байна.
Хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох Монгол улсын стандартын 3 дугаар хүснэгтэд хөрсний органик биш бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээг мөнгөн усны хувьд 2 гэж тогтоосон боловч хөрсний механик бүрэлдэхүүнийг шаварлаг, шавранцар, элсэрхэг зэргээс шалтгаалж зөвшөөрөгдөх дээд хэмжээг өөр өөрөөр Иймд Геологийн төв лабораторийн шинжээч нараас шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шаварлаг, шавранцар, элсэрхэг бүрэлдэхүүний аль хэсэгт орохыг асууж тодруулах шаардлагатай гэж үзлээ.
Мөн дээжүүдээс мөнгөн ус харилцан адилгүй илэрсэн бөгөөд энэ нь хөрсөнд байх ёстой хүнд металл болох мөнгөн ус илэрсэн үү эсхүл хүний гараар хийгдсэнээс шалтгаалж мөнгөн ус илэрсэн эсэхийг асууж тодруулах зүйтэй байна.
Мөнгөн ус нь Монгол улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор баталсан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бөгөөд мөнгөн ус нь онцгүй хортой, хүний биед био хуримтлал үүсгэж, мэдрэлийн систем, үр хөврөлд муугаар нөлөөлөх бодис тул дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоосоны дараа гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэж хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гантулгын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар эсэргүүцэлд: Шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ч.Бат- Өлзий нь мөнгөн ус хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй бөгөөд Геологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлтэй холбогдуулан Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчаас байгаль дээрх мөнгөн ус байдаг эсэх, ямар хэмжээгээр байдаг эсэх зэргийг тодруулан байцаасан болно.
Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрж байгаа бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан дүгнэлтийг тайлбарлуулах боломжтой болно.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн хавтас хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.
Иймд эрүүгийн 2014000140143 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 485 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт мөнгөн ус хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг буцаасан тул захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч Ч.*******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 8 дугаар гудамжны 48 тоот хашаанд 2019 оны 12 дугаар сарын эхнээс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар чулуу тээрэмдэж, ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Ч.*******н “...Баянхонгор сумын 4-8-48 тоотод... хашааны баруун урд талдаа амбаар барьж... бага оврын тээрэм буюу чулуу бутлагч саваачик ажиллуулж... Баянбулаг нөхөрлөлөөс 7 шуудай алтны баяжмалтай чулуу авчирч... амбаарт оруулсан...” гэж яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр хашаанд байсан чулуу, 8 ширхэг ууттай шламны дээж зэргээс Геологийн төв лабораториор шинжилгээ хийлгэсэн 29 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харьцуулан үзэхэд Ч.*******н хэрэглээд ууталсан 8 ширхэг шлам тус бүрээс Монгол улсад ашиглахыг хязгаарласан хүний биед био хуримтлал үүсгэж, мэдрэлийн систем, үр хөврөлд муугаар нөлөөлдөг, химийн онцгой хорт, аюултай бодис болох мөнгөн ус дээж бүрээс 0,05-1.98 хооронд хэмжээгээр илэрсэн байна./хавтаст хэргийн 80 дугаар тал/
Яллагдагч Ч.******* нь хүн ам олноор суурьшин амьдардаг суурин газар дахь, өөрийн хашаан дотроо хиймэл усан нүх хийж үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон байх ба 8 ширхэг ууттай шлам хаанаас бий болж, бэлдсэн нэг нүхнээс ууталсан эсэх, алтны баяжмалтай чулуунаас ямар аргаар алт гарган авдаг зэрэг ажиллагаа болон бусад хэрэгт чухал ач холбогдолтой бусад нөхцөл байдлуудыг тодруулахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй үндэслэл болж байна.
Мөн хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан, иргэн Х.Сонинбаярыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагатай нийцээгүй буюу Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хувь хүнийг хохирогчоор тогтоохгүй харин тухайн нутаг орны иргэдийн эрх ашгийг хамгаалах хуулийн этгээдийг хохирогчоор тогтоож, тухайн хуулийн этгээд нь томилсон төлөөлөгчөөрөө дамжуулан нийт иргэдийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хуульд зааснаар хамгаалдаг болохыг анхаараагүй хуулийг ноцтой зөрчжээ.
Энэ талаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул захирамжийг хүлээн авч, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр
зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/485 дугаар захирамжийг хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Б.БОЛОР-ЭРДЭНЭ