Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0924

 

 

 

 

2023            12           04                                      128/ШШ2024/0924    

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А....

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б...., Т.Н...

Нэхэмжлэлийн шаардлага:Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 /таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга далан хоёр/ төгрөгийг гаргуулах.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У... нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 /таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга далан хоёр/ төгрөгийг гаргуулах” шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:  

2.1.Нэхэмжлэгч Н.А... Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сар бүр 553,000 /таван зуун тавин гурван мянга/ төгрөгөөр дутуу олгожээ.

2.2 Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 234 дүгээр зарлигаар Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө хүсэлтээ гаргасан Н... А... Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

2.3 Нэхэмжлэгч маргаан бүхий асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай өөрийн биеэр уулзаж, хүсэлт гаргасан боловч “... ямар нэгэн байдлаар шийдвэрлэх буюу ур чадварын нэмэгдэл зэргээр шийдвэрлэх байх, олон жил ажилласан цөөн шүүгчийн цалин буурсан асуудлыг мэдэж байгаа.” гэсэн хариу өгсөн боловч дахин ямар нэгэн хариу өгөөгүй байна.  

2.4. Тус шүүх нэхэмжлэгчээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 /таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга далан хоёр/ төгрөгийг гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие 1987 оноос эхлэн шүүгчээр ажилласан ба хамгийн сүүлд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, өндөр насны тэтгэвэрт гарах хуульд заасан болзол хангасан тул шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаартай зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Миний бие Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс миний цалинг сар бүр 553,000 төгрөгөөр дутуу олгож байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цалин дутуу олгосон учрыг лавлахад 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Шүүхийн тухай хуульд заасан цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор цөөхөн шүүгчийн цалин буурч буй асуудал шийдвэрлэгдэнэ. Нөхөн олгогдоно гэж тайлбарлаж байсан тул хүлээцтэй хандаж байсан. Шүүхийн тухай хууль батлагдсаны дараагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд шүүхүүдийн ажилтай танилцан орон нутгийн шүүхүүдээр явж уулзалт хийх үеэр мөн цалин буурч олгогдож буй талаар ярьж асуудлыг даруй шийдвэрлэж өгөх асуудлыг тавьж байсан. Улмаар цалин буурсан асуудлыг шийдвэрлэх, дутуу олгоод байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай өөрийн биеэр уулзаж хүсэлт тавихад “ямар нэг байдлаар шийдвэрлэнэ, ур чадварын нэмэгдэл гэх мэтээр шийдвэрлэгдэх байх, хүлээцтэй байж байгаарай, олон жил ажилласан цөөн шүүгчийн цалин буурсан асуудлыг мэдэж байгаа гэх хариу өгч байсан боловч асуудлыг шийдвэрлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй болно.

Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдаж мөрдөгдсөнөөс хойш 1 жил 06 сарын хугацаа өнгөрч байхад Шүүхийн ерөнхий зөвлөл нь эс үйлдэхүйгээ засаж ажиллаагүй, хуулийн 73 дугаар зүйлд Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зааж өгсөн байхад хуульд заасан шүүхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэжээ аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т зааснаар шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэн, хохирол дутуу авсан цалингийн зөрүү 5,421,072 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж өгнө үү.” гэв.

4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 1987 оноос эхлэн шүүхийн байгууллагад шүүгчээр ажиллаж эхлэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл хангасан гэсэн үндэслэлээр өргөдлөө гаргаж, шийдвэрлүүлж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ерөнхийлөгчийн зарлиг гарч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний гаргаж байгаа нэхэмжлэлийн гол шаардлага шүүгчийн бүрэн эрх хэрэгжиж байх үед Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орж, Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарч цалин хөлстэй холбоотой асуудлыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байдаг. Энэ үед олон жил ажилласан шүүгч нарын цалин хөлс буурсан. Энэ асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл ч мэдэж байсан. Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулаад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд, аймгууд болон дүүргүүд, Нийслэлийн шүүхүүдээр ажил байдалтай танилцаж хуульд орсон өөрчлөлтийн талаар танилцуулж байсан.

Энэ үеэс эхлээд олон жил ажилласан шүүгчийн цалин хасагдсан. Энэ ямар үндэслэлээр хасагдаад байгаа юм бэ? Үүнийг нөхөж олгох талаар Шүүхийн Ерөнхий зөвлөл ямар ажил хийж байна вэ? Бидний хохирлыг хуульд заасны дагуу цалин хөлсийг бууруулж болохгүй гэсэн энэ хуулийн зарчмыг үндэслэж цалин хөлс буурч байгаа асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн ийм асуудлыг ярьж байсан.

Хурал дээрээ тайлбар өгөхдөө "мэдэж байгаа, цөөн хэдэн шүүгч нарын цалин хөлс буурсан асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөл мэдэж байгаа, энэ асуудлыг бид шийдвэрлэнэ, ямар ч байсан энэ олон шүүгч нарыг хохироогоод хоцрохгүй, хүлээцтэй хандаж байгаарай" гэдэг байдлаар тайлбар тавьж байсан. Миний хувьд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсны хувьд ажлын шугамаар Улаанбаатар хотод ирэх бүртээ Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга болон бусад гишүүдтэй уулзаад энэ асуудлыг мөн л ярьдаг байсан. Шинэчилсэн хуульд заасны дагуу журмаа баталж амжаагүй байна. Баталчихвал та бүхний цалингийн зөрүү олгогдчихно, хүлээцтэй байгаарай гэж ярьдаг. 2022 оноос эхлээд бидний үеийн шүүгч нар тэтгэвэртээ гараад эхэлчихсэн. Энэ үед Ерөнхий зөвлөлөөс ямар нэгэн хариу өгдөггүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйл, 70 дугаар зүйлийн 70.2, 70.2.3, 70.1-д зааснаар болон мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8, 46.8.1, 46.8.2-д зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хамгаалах үүргээ биелүүлэхгүй, өмнө нь мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсан хуулиудад тодорхой заачихсан байхад ямар нэгэн арга хэмжээг аваагүй. 2023 оны 01 дүгээр сард тэтгэвэртээ гарчхаад би очоод бид нар хохироод хоцрох уу, шүүгч нар шүүхэд хандаж байна, энэ олон шүүгч нарыг шүүхээр явуулаад байх уу, Шүүхийн Ерөнхий зөвлөл ямар байр суурьтай байна вэ, Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд шийдвэрлэж болдоггүй юм уу? гэсэн асуудлууд тавьсан. Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцэнэ, та нарын энэ асуудал 2 хуулийн зааг дээр болчхоод байна. Тэгэхээр шүүхээр яваад шүүхийн шийдвэр гаргуулсан нь зөв гэдэг хариу хэлсэн байдаг.

05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдээд шийдвэр гарсан талаар бид цахимаас олж мэдсэн. Одоо ажиллаж байгаа цалин нь буурсан шүүгч нарынхаа асуудлыг 06 дугаар сарын 01-ээс эхэлж олгоно гэсэн байсан. Өмнөх нь яах гэж байгаа нь мэдэгдэхгүй. Би дахин Шүүхийн Ерөнхий зөвлөл дээр очоод бүрэн эрх нь хэрэгжиж байсан шүүгч нарын асуудал яаж шийдэгдсэн, юу гэж яригдсан талаар асууж, надад тогтоолоо өгч болох уу гэхэд албажчихсан байгаа гэдэг. Тэгсэн хэр нь хэн ч өгөхийг хүсэхгүй байсан.

Хууль зүйн хэлтсийн даргатай нь уулзаад бид нар асуудал яаж шийдэгдсэнийг хармаар байна, бид нарын асуудал хэлэлцэгдээд дэмжигдээгүй юм уу, эсвэл огт хэлэлцээгүй юм уу? Танай цахим хуудаснаас харахад 06 сарын 01-ээс эхэлж олгохоор боллоо гэсэн нь бас тодорхой бус байна. Өмнөхийг нь нөхөж олгоод 06 сарын 01-ээс хойш цалинг нь 2021 онд авч байсан цалинтай нь адилхан хэмжээгээр өгөх гээд байгаа юм уу, энэ нь бас тодорхойгүй байна гэхэд тодорхой хариу өгөөгүй. Тэгэхээр нь би бичгээр хүсэлт гаргасан. Энэ асуудлыг хэрхэн яаж шийдсэн талаар мэдээлэл авахын тулд. Тэр үед бид нар бүгдээрээ хуульд заасан хугацаагаа баримтлаад Иргэний хэргийн анхан шүүхэд хандчихсан байсан. Надад хариу өгөхдөө цалин хөлсний асуудлыг хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэсэн. Шийдсэн, шийдээгүй, татгалзаж байгаа эсвэл зөвшөөрч байгаа гэсэн тодорхой хариу өгөөгүй. Тухайн үедээ дандаа амаар гомдол гаргаад явж байсан. Яагаад гэвэл Дорноговь аймгийн шүүхэд надаас өөр шүүгчийн цалин хасагдсан асуудал байхгүй. Би хамгийн олон жил ажилласан шүүгч байсан учраас цалин хөлс нь хасагдсан байсан. Тийм учраас би ганцаараа аймгийн шүүхээс цалин хөлс нь хасагдсан шүүгч учраас амаар хүсэлт гаргаад байсан. Би ойлгохдоо Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу надаа хариу өгнө гэж бодсон. Хариу өгөхдөө хүлээцтэй байж байгаарай л гэдэг байсан.

Хариу нь тодорхойгүй байсан учраас бичгээр гомдол гаргаад миний гомдлын хариу 07 дугаар сарын 21-ний гараад энэ өдөр өөрөө очиж авсан. Шууданд хийчихсэн гэдэг. Гэхдээ шуудангаар надад ирээгүй ирээгүй байсан. Би өөрөө Ерөнхий зөвлөл дээр очоод надад байгууллагынхаа хуулбар үнэн гэсэн тэмдгийг дараад өг гээд даруулж авсан. Хариу өгсөн байдлаас нь харахад тодорхой хариу өгөөгүй байдаг. Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн нь шүүгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдөх нөхцөл үүссэн тохиолдолд түүнийг хамгаалж холбогдох газар нь санал хүсэлтээ гаргах, шийдвэрлүүлэх гэж энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байна. Эрх гэдгийн хажууд үүрэг дагаж явдаг. Үүргээ биелүүлэхгүй байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гаргасан миний нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гаргасан хариу тайлбар дээр Улсын Их хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байхгүй, Шүүхийн Ерөнхий зөвлөлийг холбогдуулан дээрх хохирлоо төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэдэг. Хууль тогтоох үйл ажиллагаатай холбогдоод шүүгчийн эрх зөрчигдөөд байхад түүнийг хамгаалах халдашгүй байдалд нь сөргөөр нөлөөлсөн шүүгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэг хэрэгжүүлэх эрх, үүрэг нь Шүүхийн Ерөнхий зөвлөлд байгаа. Тэгэхээр эрх, үүргээ биелүүлэхгүй байгаагаас шүүгчийн бүрэн эрх хэрэгжиж байх хугацаанд цалин хөлсөөрөө хохирсон хохирлоо нэхэмжилж байгаа. Хохирлын хувьд 5,421,072 мянган төгрөг нэхэмжилж байгаа. Мөнгөн дүнгийн үндэслэл 2023 оны 04 сард Шүүхийн Ерөнхий зөвлөл цалин хөлс нь буурсан шүүгч нарын цалин хөлсний талаар судалгааг аймаг орон нутгийн бүх шүүхүүдээс авсан байсан. Би бүтэн жил хэдэн төгрөг дутуу авч хохирсон бэ гэдэг асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны хүмүүсээс Дорноговиос ирсэн судалгаагаар миний цалин хөлс 2021 онд авч байсан цалингаасаа 2022 онд хэдэн төгрөгийн зөрүүгээр буурсан ийм судалгаа ирсэн юм бэ гэтэл ийм мөнгөн дүн гаргасан байсан. Хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах бүрэн эрх чиг үүрэг буюу шүүгчийн цалин хөлсийг багтаасан шүүхийн төсвийг батлуулахтай холбоотой Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 шүүхийн төсвийг боловсруулж батлах дараах журмыг баримтална. 46 дугаар зүйлийн 46.8.1-д Ерөнхий зөвлөл Улсын Дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Байнгын хороонд хянуулахаар хүргүүлнэ. 46 дугаар зүйлийн 46.8.2-т Ерөнхий зөвлөлийн зөвлөлд байнгын хороогоор хянагдсан төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэвтрүүлэхээр санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх гээд хуульчилчихсан байж байна. Цалин хөлс буурч эрх зүйн байдал дордож байгаатай холбоотой холбогдох арга хэмжээ авч, цалин хөлсийг бууруулахгүй, олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь дээрх хуулийн заалтад заасан шүүгчийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлээгүй хууль бус гэж үзэж байгаа юм. 2 дугаарт нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Шүүхийн тухай хууль шинэчлэн батлах хэлэлцүүлэгт оролцох замаар шүүгчдийн эрх, хууль, ёсны ашиг сонирхолд хамгаалан оролцож байгаа асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Шүүгчийнхээ эрх ашгийг хамгаалж оролцож байсан. Үүнийг УИХ-ын гишүүд дэмжиж оролцож байсан. Би ойлгохдоо нэгэнт хууль дээр шүүхийн ерөнхий зүйл шүүгчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалах, мөн холбогдох газар нь шүүгчийг төлөөлж хандах, мөн төсөв хөрөнгөө батлуулж авах эрх нь байгаа учраас ерөнхий зөвлөл асуудлаар ороод ирэх юм УИХ шийдвэрлэх боломжтойгоор батлагдсан юм байна гэж би ойлгосон. Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүгчийн эрх ашиг зөрчигдөж хараат бус байдал алдагдаад байхад арга хэмжээ авахгүй бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол төгрөгийг гаргуулж олгохыг даалгах шаардлагаа дэмжиж байгаа.” гэв.   

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Улсын Их хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 46.3 дахь хэсэгт “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их хурал тогтооно” гэж тус тус заасан байна.

Улсын Их хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор “Шүүгчийн шүүх таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан байна.

Дээрх хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн цалин хөлсөнд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчийн маргаан нь Улсын Их хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийг холбогдуулан хамаарсан хохирол байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийг холбогдуулан дээрх хохирлоо төлүүлэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.   

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н.... шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Цалин хөлс гэдэг нь мэдээж үндсэн цалин буюу албан тушаалын нэмэгдэл, онцгой нөхцөлийн нэмэгдэл, докторын зэргийн нэмэгдлийг хэлнэ. Холбогдох хуулийн зүйл заалтууд нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болж дагаж мөргөгдсөн. Хуулийн өөрчлөлт гээд байгаа нь үндсэндээ 25 ба түүнээс дээш жил шүүгчээр ажилласан шүүгч нарт ашигтай байж болохуйц нэмэгдлийн заалт нь хүчингүй болчихсонтой холбоотой. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасанчлан тухайн шүүгч 4-өөс дээш жил ажилласан тохиолдолд түүний энэ онд авч буй цалин дараа ондоо 2%-аар нэмэгдээд явдаг ийм зохицуулалт байсан. Энэ зохицуулалт нь байхгүй болсон. Хэдий энэ зохицуулалт байхгүй болсон ч гэсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Монгол Улсын шүүхийн шүүгчийн цалин хөлсийг маш тодорхой зааж өгсөн байдаг.          Докторын зэргийн нэмэгдэл, төрийн албан хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн 40%-аар нэмсэн. Үндсэндээ нийт шүүгчдийн 80-аас дээш хувьд цалин нь шууд нэмэгдчихсэн. 80, 90% нь нэмэгдчихсэн зохицуулалт болсон. Хууль тогтоогчийн эрх хэмжээний хүрээнд асуудал шийдэгдчихсэн. 23 дугаар зүйлийн 23.2-т заасанчлан өмнөх жилийн цалингаас 20% нэмэгдээд явахаа больё, онцгой нөхцөлийн 40%-ийг оруулъя гэдэг байдлаар тухайн үед нь шийдээд хууль тогтоогчийн тогтоосон хэмжээнийх нь хүрээнд нь цалин хөлсийг нь тогтоогоод явж байгаа. Үндсэн цалинг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар, өмнөх Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулиар, Захиргааны тухай хуулиар шүүгчид олгогдсон эрх байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их хурал, шүүгчийн албан тушаалын цалинг тодорхойлж байгаа. Энэ хүрээндээ өнөөдөр Монгол Улсын бүх шатын шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалин Монгол Улсын Их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоод явчихсан. Өөрөөр хэлбэл цалин хөлс буурсантай холбоотой гэдэг нь өмнөх Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох зүйл заалт хүчингүй болсонтой холбоотой гэж ойлгож болно. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн оролцоо хамаарал тун бага.

            Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасанчлан шүүгч нарт гомдлоо гаргах хуулийн хугацааг маш тодорхой зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2.2-т маш тодорхой заасан байгаа. 2.1-т тухайн хөдөлмөр эрхлэгч буюу ажилчныг хүний нөөцийн хөдөлгөөнөөр шилжүүлсэн үү, хууль бусаар шилжүүлсэн, сэлгэсэн, халсан. Мөн хуулийн 151.2.2-т цалин хөлс нь буурсан бол хөөн хэлэлцэх хугацааг 90 хоног гээд маш тодорхой заачихсан. Мэдэх боломжтой байсан хугацаа 2021 оны 03 сарын 15-аас ч юм уу шүүгч нар мэдэж байсан, миний цалин хөлс нь буураад явчихлаа гэдгийг мэдэж байсан. Үнэхээр хэрэг маргаандаа дарагдаад, мэдээлэл багатайгаас болоод 2022 оны 01 сарын 01-ээс буурсан цалин хөлс нь ороод ирж байгаа. Тухайн үед миний цалин хөлс буурчихлаа гээд хуулийн хөөн хэлэлцэх хугацаа, эрх ашгаа хамгаалуулах ,хууль зүйн боломжит хугацаандаа яагаад хандаагүй вэ гэдэг асуудал гарч байна. Энэ хугацаанд гаргаж хандаагүй. Жишээлбэл жирийн иргэн, компанийн ажилтан Батаад хөөн хэлэлцэх хугацаанд үйлчилчхээд шүүгчид үйлчлэхгүй байна гэдэг боломжгүй. Шүүхийн Ерөнхий зөвлөл тодорхой тайлбар өгөөгүй, бид нар ажиллаж байна гэдэг байдлаар тодорхой хариу хэлсэн.

          Өөрөөр хэлбэл н.Б... шүүгчтэй холбоотой асуудал. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн ерөнхий шүүгчтэй холбоотой шийдвэр гарсан байдаг. Чингэлтэй дүүргийн өөрийнх нь шүүхэд хэргийг шийдвэрлэчихсэн. Дараа нь магадлалаар ороод явчихсан. Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2020 оны 05 сарын 31-ний өдрийн тогтоолоор тус асуудлыг шийдвэрлээд уг асуудлын томьёолол нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгаа юм. Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээд Монгол Улсын бүх шатны шүүхийн шийдвэрийг заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ хүрээндээ Шүүхийн Ерөнхий зөвлөл тус тогтоолоор одоо ажиллаж байгаа нэр бүхий цалин хөлс нь буусан хүмүүсийн 2021 оны хэмжээнд зөрөөг нь олгоод явчихъя гэдэг байдлаар шийдвэрийг гаргаад, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээндээ одоо ажиллаж байгаа шүүгч нарын цалингийн зөрүүг нь олгоод явж байгаа.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчээс “Шүүхийн ерөнхий зөвлөл нь одоог хүртэл шүүгчийн цалин хөлсийг шалтгаангүйгээр бууруулж олгосон асуудлаар холбогдох газарт тавьж шийдүүлээгүй, Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдаж, мөрдөгдсөнөөс хойш 1 жил, 6 сарын хугацаа өнгөрч байхад Шүүхийн ерөнхий зөвлөл нь эс үйлдэхүйгээ засаж ажиллаагүй, хуульд заасан шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, зөрчигдсөн тохиолдолд арга хэмжээг авах, шүүгчийн хараат бус халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж”, хариуцагчаас “Нэхэмжлэгчийн маргааны зүйл нь Улсын Их хурлын хууль тогтоох үйл ажиллагаанаас хамаарсан хохирол” тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч Н.А... Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Нэхэмжлэгч Н.А.... нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 234 дүгээр зарлигаар Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

5.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Н.А.... сарын цалин сар бүрийн 553,000 төгрөгөөр буурч өндөр насны тэтгэвэрт гарч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл нийт 5,421,072 төгрөгийн зөрүү үүсжээ.

6.Хэргийн оролцогч нараас дээрх цалингийн зөрүү болох 5,421,072 төгрөгийн үнийн дүнтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

7.Нэхэмжлэгч Н.А... 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дээрх асуудлаар буюу шүүгчийн эрх байдал дордож цалин хангамж буурсантай холбоотойгоор хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргасан байна.  

8.Нэхэмжлэгчийн дээрх гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1208 дугаар албан бичгээр шийдвэрлэжээ.

9.Дээрх албан бичигт: “... Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.А.... нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох хэргийг хэлэлцсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул Таны хүсэлтэд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье.” гэжээ.

10.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 146 дугаар тогтоолоор “... Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдаж, хэрэгжсэнтэй холбоотойгоор цалин хөлс нь буурсан зарим шүүгчдэд 2021 онд авч байсан цалин хөлсний хэмжээг бууруулахгүйгээр хавсралтад заасан хэмжээгээр цалин хөлсний зөрүүг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох”-оор шийдвэрлэсэн байна.

11.Тус хэргийн маргааны гол зүйл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай (2012 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна.” гэж заасан зохицуулалт Монгол Улсын Шүүхийн тухай (2021 оны) хууль батлагдан, дагаж мөрдөгдсөнөөр хуулийн дээрх заалт хүчингүй болж үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн цалин хөлс буурсантай холбоотой асуудал байна.

12.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.”, Дөчин есдүгээр зүйлийн 3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.” мөн зүйлийн 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэж тус тус заажээ.

13.Шүүгчийн эрх зүйн байдлыг зохицуулж байсан хууль хүчингүй болж, хууль шинэчлэн батлагдсан хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бус байдалд халдах, түүний эрх зүйн байдлыг дордуулах нь хууль тогтоомжид нийцэхгүй тул хэргийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

14.Маргаан бүхий тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн цалин хөлс бууруулахгүй байх суурь зарчмыг зөрчиж, хууль тогтоогчийн буруутай үйл ажиллагаа мэт тайлбарлан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус, уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэхээр байна.

15.Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.“Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн.”, 70.2.Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 70.2.3.шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;”, 70.2.4.шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах;” гэж тус тус заажээ.

16.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүх болон шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах үндсэн үүрэгтэй байна.

17.Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 46.8.“Шүүхийн төсвийг боловсруулж батлахад дараах журмыг баримтална:”, 46.8.1.“... Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Байнгын хороонд хянуулахаар хүргүүлэх;”, 46.8.2.“... Ерөнхий зөвлөл Байнгын хороогоор хянагдсан төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэх;” гэж тус тус заажээ.

18.Дээрхээс үзвэл мөн хариуцагч нь Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны төсвийн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлж батлуулах эрхтэй байна.

19.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийг Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Н.А.... эрх байдал дордож цалин хөлс нь бодитойгоор буурсан байхад түүний эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

20.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.А.... Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 /таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга далан хоёр/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8.1, 46.8.2, 70 дугаар зүйлийн 70.2.3, 70.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн цалин хөлсийг бууруулахгүй олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол цалингийн зөрүү 5,421,072 /таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга далан хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ