Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/55

 

Ш.*******д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Хохирогч Н.Баянзул

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгч Ш.*******

Нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шүүгчийн 2020/ШЗ/442 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар эсэргүүцлээр Ш.*******д холбогдох эрүүгийн 1914006380056 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Чогдов овогт Ширмэнгийн *******, 1975 оны 01 дүгээр сарын 01-нд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Богд сумын 6 дугаар багт оршин суух, Өмнөговь аймгийн Гашуун сухайтад ачааны машин барьдаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Ш.******* нь Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун зэгс” гэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Нямсүрэнгийн Булгантамир гэх 3 сартай хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан ажиллагаануудыг хийгээгүй гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов.

Үүнд

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.*******д яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

1/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №82 дугаар шинжээчийн

1. Талийгаач нь ам, хамар дарагдсаны улмаас амьсгал бүтэж амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.

2. Талийгаач Н.Билгүүнтамирын нь аалзан хальсны шүүдэст үрэвсэл, уушги, элэг, бөөрний эдийн завсрын үрэвсэл өвчинтэй байсан ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй байна.

3. Талийгаачийн биед толгой хуйхны дотор гадаргуун дагзны хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 57-58 / хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-т...

 1. Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана..., 2-т....Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана... гэж хуульчилсан бөгөөд Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн № 82 дугаар шинжээчийн... Талийгаачийн биед толгой хуйхны дотор гадаргуун дагзны хэсэгт цус хуралт тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно... гэх дүгнэлтэнд гаргасан ба тухайн шинжилгээний хариу хэргийн бодит байдал, бусад нотлох баримтуудтай нийцэхгүй зөрчилдөж байх ба хохирогч Н.Баянзулын.... талийгаач хүүхэд нас барахын өмнө толгой хэсгээр болон биеийн бусад хэсгээр унагаасан зүйл байхгүй, би хүүхдээ байнга өөрөө авдаг байсан, толгойн хуйх дотор гадаргуун дагзны хэсэгт ямар учраас гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна .. гэх мэдүүлэг / хх-ийн 134-136/ зэргээс үзэхэд талийгаачид биед учирсан толгой хуйхны дотор гадаргуун дагзны хэсэгт цус хуралт хэзээ үүссэн эсэх талаар тодруулж нэмэлт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах, түүнчлэн шинжээчийг байцаахдаа уг гаргасан дүгнэлтийн талаар тодруулж асуугаагүй, үйл явдлыг гэрчлэх хүмүүсээс мэдүүлэг аваагүй орхигдуулсан нь хэрэгт чухал ач холбогдолтой тул Ш.*******гийн гэм буруугийн асуудалд шаардлагатай.

2. Шүүгдэгч Ш.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн.... Тэвэрч байгаад унтуулсан. Хонины сүүл хөхөж байхаар нь сүүлэндээ хахчих байх гэж бодоод сүүлийг авч хажууд нь тавьсан,... хүүхдийг булаацалдсан үйлдэл хийгээгүй, хүүхдийн орыг гэрт орны өмнө зассан байсан.хүүхдийг унтуулчихаад гараад ирэхэд Оюун-Эрдэнэ байхгүй байсан, хүүхдийг унагаасан зүйл байхгүй, .. гэх мэдүүлэг

Шүүгдэгч Ш.*******гийн ... Н.Баянзул би таны машиныг очиж үзчихээд малаа эргүүлчихээд ирье та хүүхэд авч бай унтах дөхөж байгаа, орон дээр битгий унтуулаарай эргэж хөрвөөгөөд байгаа юм, орноос ойчиж магадагүй орны өмнө ор зассан байгаа унтуулаарай гэж хэлчихээд хүүхдээ өгөөд яваад өгсөн, би хүүхдийг аваад байх байтал унтаад өгөхөөр нь нь гэрт оруулж гэрийн зүүн талд газар зассан байсан бүтээлэг дээр унтуулаад аманд нь байсан сүүлийг толгойн баруун талд тавьчихаад Т.Оюун-эрдэнийг ороход эзэнгүй байсан, нэг шил архийг аваад Нямсүрэнгийнд ороод цайны аяганд 2 хийж уучихаад хүүхдийн дээд талд буюу хоймор хэсгээр толгойгоо зүүн тийш харуулаад унтсан...гэх мэдүүлэг / хх-ийн 171- 172/

Хохирогч Н.Баянзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Ш.*******г ирэхэд хүүхэд унтаж байсан, Ш.******* сэрээгээд авсан байсан,.. Хадам ээждээ машин руу явлаа гэж хэлэхэд хадам ээж айлд очих гэж байгаа гэж хэлсэн,.. хадам ээж хүүхэд чинь уйлаад гэж ярихдаа Ш.******* хүүхэд булаацалдаад байна гэж хэлэх шиг болсон .. гэх мэдүүлэг

хохирогч Н.Баянзулын ... Ш.******* хадам ээжийн цамцнаас зуураад гуйваад байхаар нь битгий хүүхэд дээр ойччоорой гэж хэлсэн, тэр үед хүүхэд газар юм дэвсээд хэвтүүлсэн унтаж байсан,...Ш.******* манай хүүхдийг тэврээд зүүн талын орон дээр сууж байхаар нь би таны машин дээр очоод машиныг үзчихээд ирье гэж хэлэхэд тэг ах нь хүүхдийг нь аваад сууж байя гэх хэлсэн...., би ямаагаа туугаад явж байгаад дээд айлын хүн рүү залгаад хадам ээж гэртээ очсон уу гэж асуухад хадам ээжийг гэртээ очсон гэж хэлэхээр нь утсаа тасалсан, хадам ээж залгаад хүүхэд чинь уйлаад байна, чи хаана байгаа юм гэж асуухаар нь би ямаагаа туугаад явж байна, та хүүхэд авч бай гэхэд Ш.******* хүүхэд булаацалдаад өгөхгүй байна гэж хэлэх шиг болохоор нь утсаа тасалсан,... Ш.******* ахад хүүхэд үлдээх үед сэрүүн инээгээд үлдсэн, үлдээгээд явахдаа би сүүлийг нь олж өгөөд аманд хөхүүлээд үлдээсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 34-37/

Хохирогч Н.Баянзулын гэрчээр өгсөн....хадам ээж залгаад чи хаана байгаа гэхээр нь ямаагаа туугаад явж байна гэж хэлэхэд хүүхэд чинь уйлаад бахираад байна, Ш.Жамсалсүрэн хүүхэд өгөхгүй байна, булаацалдаад, хэл амаар доромжпоод байна би гэрийнхээ ард зогсож байна... гэх мэдүүлэг / хх-ийн 46-48/

Гэрч Ж.Бямбасүрэнгий... Н.Баянзулруу ярихад би ямаа дээрээ явж байна гэж ярихаар нь хүүхдээ яасан юм гэхэд хадам ээж хүүхэд авч байгаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 42-42/

Гэрч Т.Оюун-эрдэнийн...бэр Н.Баянзул нь араас мотоцикпьтой ирээд Ш.******* ахын машин асаалттай байгаа гэнэ унтраачихаад ирье гээд явсан, би хойд талын саахалт айлд очиж малын тариа аваад замаараа хурган дээрээ ирээд туугаад гол гаргаж услаад нилээд удсан байх бараг 1 цаг орчим болсон байх тэндээсээ яваад гэрийнхээ гадаа ирээд хүүгийнх гэрэлгүй байхаар нь утсаараа бэрлүүгээ залгасан бэр утсаа аваад нөхөрлүүгээ явж байна гэсэн,... хүүхдийг саяханаас газар тавьдаг болсон сэрүүхэн, орон дээрээс уначих байх гэж бодоод... гэх мэдүүлэг / хх-ийн 59-60/

... би бэрлүүгээ ярихдаа Ш.******* хүүхэд өгөхгүй буцаалцалдаад, хэл амаар, доромжпоод гэж хэлээгүй,... би хүүхэд үйлах чимээ сонсогдохоор нь бэр Н.Баянзулруу залгаж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

... би гэрээс нилээд хол буюу малын хашааны хойд үзүүрт явж байхад хүүхэд уйлах шиг чимээ сонсогдохоор нь би гэрийн гадаа ирээд чагнахад ямар ч хүүхэд уйлсан чимээ байгаагүй болохоор нь өөрийн гэрээсээ утсаа аваад бэр Н.Баянзул руу залгаад хаана байгаа юм хүүхэд хэн авч байгаа юм гэж хэлэхэд та аваагүй юмуу утсаа тасласан..., миний хувьд гэрийн гадаа ирээд чагнахад ямар нэг чимээ гараагүй байхаар нь гэрлүү ороогүй юм.. гэх мэдүүлэг / хх-ийн 156-157 зэргээс үзэхэд тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацааны хувьд мэдүүлгүүд зөрүүтэй байх тул Н.Баянзул, Т.Оюун-Эрдэнэ нарын үйлдэл, мэдүүлгийн зөрүүг арилгахаар нягтлан шалгах, дахин мэдүүлэг авах шаардлагатай.

Дээрх дутуу ажиллагааг заавал нөхөн гүйцэтгэх буюу хуульд заасан аргаар холбогдох нотлох баримтыг цуглуулах, шалгах ажиллагааг гүйцэтгүүлэх, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон тохиолдолд тухайн хэргийн талаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж Ш.*******д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүхэд гаргасан 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.

Учир нь: Шинжээчийн дүгнэлт нь талийгаач хүүхдийн биед учирсан гэмтлүүдийг тусгасан. Толгойн цус хуралт гэмтэл нь хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй, гэхдээ энэ гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаач нь ам, хамар дарагдсаны улмаас амьсгал бүтэж амьсгалын хурц дутагдалд орж нас барсан талаар дүгнэлт гаргасан. Иймд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрөхөөр зүйл байхгүй болно. Мөн талийгаач хүүхэд нь нас барах үедээ болон түүнээс өмнө ямар нэг өвчин шаналал байгаагүй, хохирогч Н.Баянзул нь эрүүл хүүхдээ Ш.*******д үлдээгээд явсан болно.

хэргийн талаар гэрч Оюун-Эрдэнэ, хохирогч Н.Баянзул, яллагдагч ******* нараас удаа дараа мэдүүлэг авч мэдүүлгийн зөрүүг гаргах ажиллагааг явуулсан, мөн шүүхийн хэлэлцүүлэг хохирогч нь болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж мэдүүлсэн тул мэдүүлгүүдийн зөрүү гарч, цаг хугацаа тогтоогдсон тул хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй болно.

Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрж байгаа бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан дүгнэлтийг тайлбарлуулах боломжтой болно.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.

Иймд эрүүгийн 1914006380056 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 442 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр буцаасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаана уу гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь ойлгомжгүй, хэргийг шийдвэрлэх боломжтой, шүүгчийн захирамжийг хүчингүй болгоно уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч гэмт хэргийг хохирогчийг яаж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон, ямар сэдэлттэй болохыг нь тогтоож чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зарим байдал тогтоогдоогүй, захирамжийг хэвээр үлдээнэ үү гэв

             ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ш.*******г Баянхонгор аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг “Баруун зэгс” гэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Нямсүрэнгийн Булгантамир гэх 3 сартай хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэрч Н.Баянзул, Т.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгийн зөрүүг арилгах дахин мэдүүлэг авах, дээрх дутуу ажиллагааг заавал нөхөн гүйцэтгэх буюу хуульд заасан аргаар холбогдох нотлох баримтыг цуглуулах, шалгах ажиллагааг гүйцэтгүүлэх, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон тохиолдолд тухайн хэргийн талаар эцэслэн шийдвэрлэх боломжтой...” гэх үндэслэл бичиж Ш.*******д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “... гэмт хэргийг яаж... үйлдсэн болох үйл баримтыг яллах дүгнэлтэд бичээгүй , “...амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон ...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 зүйлийн 3.2-т заасан гэмт хэргийн товч агуулгад байх шаардлага буюу хэргийн үйл баримтыг тодорхой тогтоогоогүй байхад, шүүх хэргийн үйл баримтыг тогтоох боломжгүй юм.

Харин “...шинжээчийн дүгнэлт дэх талийгаач хүүхдийн биед учирсан толгойн цус хуралт гэмтэл нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Талийгаач нь ам, хамар дарагдсаны улмаас амьсгал бүтэж амьсгалын хурц дутагдалд орж нас барсан талаархи дүгнэлт эргэлзээгүй, гэрч Оюун-Эрдэнэ, хохирогч Н.Баянзул, яллагдагч ******* нарын удаа дараагийн мэдүүлгээр мэдүүлгийн зөрүү арилсан талаар прокурорын эсэргүүцэлдээ бичсэн хэсэг нь үндэслэлтэй байх тул энэ хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр    зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

              ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/442 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ       Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД       Н.ЭНХМАА

           Б.БОЛОР-ЭРДЭНЭ