Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0407

 

 

 

 
2017 оны 06 сарын 08 өдөр     Дугаар 221/МА2017/0407             Улаанбаатар хот


“А” ХК-ийн гүйцэтгэх захирал
Ч.Ц нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “А.б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А.б” ХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000041319 дугаар гэрчилгээний “А.б” ХК-ийн захирлаар Х.Б томилсон өөрчлөлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Ховд аймгийн хүнсний үйлдвэр нь улсын үйлдвэрийн газрын зохион байгуулалттайгаар ажиллаж байгаад 1992 оны 07 дугаар сард “Б” ХК, 1996 оны 04 дүгээр сарын 26-нд “А.б” ХК болж нэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ удирдлага нь Д.Н бүртгэгдэж байсан нь архивт хадгалагдаж байгаа улсын бүртгэлийн дэвтэрт байдаг.
2003 онд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль шинээр батлагдаж, энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор дараах баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ”, 28.3.3-д “тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог нэр, албан тушаал, иргэний үнэмлэхний болон түүнтэй адилтгах бусад баримт бичгийн дугаар” гэж заасан байгаа.
Гэтэл Ч.Ц нь 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр тус компанийн захирлаар томилогдон бүртгэл хийлгэсэн байсан боловч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэсэн эрхээ эдэлж, уг хуулийн 28.3-д заасан үүргээ биелүүлэлгүй 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл явж ирсэн. Мөн Ч.Ц 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “А.б” ХК-ийн захирлаар томилогдсон хурлын материал, бусад өөрчлөлт оруулсан шийдвэр болон “А.б” ХХК-тай холбоотой хувийн хэрэг аймгийн Татварын хэлтэст байхгүй 2009 оны 12 дугаар сард Татварын хэлтсээс Улсын бүртгэлийн хэлтэст хуулийн этгээдийн хувийн хэрэг шилжүүлж өгөхөд “А.б” ХК-ийн хувийн хэрэг гэх ямар нэгэн бичиг баримт шилжүүлж өгөөгүй.
Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Л.Э, хянан шалгагч, улсын байцаагч Ш.Т нарын “А.б” ХК-ийн үйл ажиллагаанд 2010 онд хийсэн шалгалтын тайланд тус “А.б” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийснээс хойш ямар нэгэн хурал зарлан хуралдуулаагүй, компанийн дүрмийг 1999 онд батлагдсан Компанийн тухай хуульд нийцүүлэн шинэчлээгүй бөгөөд ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх нь 1999 онд дуусгавар болсон байна” гэж дүгнэсэн нь 1999 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан “Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна. Энэ хугацаанд ээлжит хурлыг зарлаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болж хувь нийлүүлэгчдийн хурал зарлах бүрэн эрх хяналтын зөвлөлд шилжинэ” гэж заасан заалттай нийцэж Ч.Ц нь 1997 онд захирал болсноос хойш 2012 оны 09 дүгээр сарын 24-нд бүртгэл хийх хүртэл 15 жил хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, бүрэн эрх нь дуусгавар болсон байхад шүүх Ч.Ц гүйцэтгэх удирдлага хэвээрээ байгаа гэж дүгнэж байгаа нь буруу гэж үзэж байна.
2011 онд шинэчлэн батлагдсан Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарны дотор зарлан хуралдуулна”, 59.5-д “Энэ хуулийн 59.4-д заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж дээрх заалт хэвээрээ байна.
Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7-д “...Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” /энэ заалт 1999 оны компанийн тухай хуульд байхгүй/ гэж заасан болохоос гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ гэж заагаагүй байна.
Нэхэмжлэгч Ч.Ц нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /нэхэмжлэл гаргах үед мөрдөж байсан 2002 оны хууль/-ийн 6.1, 12.1 дэх заалтыг зөрчиж нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явууллаа.
“А.б” ХК-ийн шинэчилсэн бүртгэл хийгдсэн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш Ч.Ц нь Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ховд аймгийн Цагдаагийн газар зэрэг газруудад бүртгэл хийсэн байгаа тухай гомдол гаргаж байсан ба энэ талаар улсын бүртгэлийн хэлтэст тухайн газруудаас албан тоот ирж байсан юм. Тухайлбал: Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/3849 тоот “Б хувьцаат компанийн тухай” албан бичиг.
Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/314 тоот “Хувийн хэргийн хуулбар авах” албан бичиг.
Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/127 тоот “Хувийн хэргийн хуулбар авах” албан бичиг.
Ховд аймгийн Прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай” прокурорын тогтоол.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч комиссарын 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт хүргүүлэх тухай гомдол”.
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3/5761 тоот албан бичиг зэрэг материалуудаас үзэхэд Ч.Ц нь “А.б” ХК-ийн шинэчилсэн бүртгэлийг хийгдсэн үеэс эхлэн мэдэж байсан боловч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад 2015 оны 01 дүгээр сарын 24-ний огноотой бичсэн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээж авсан албан бичигт уг бүртгэлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдлээ гэж бичин ирүүлж улмаар захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 6.1, 12.1 дэх заалтыг зөрчиж байгаа эсэхийг хянан тогтоож уг хэргийг шийдвэрлэхэд анхаарч үзнэ үү.
Ч.Ц нь Улсын бүртгэлийн хэлтсийн даргад ирүүлсэн албан бичигтээ Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн бол Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “... захирлаар Хауан овогтой Бахтиярыг томилсон өөрчлөлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэсэн нь хоёр өөр ойлголт байхад шүүх нэг ойлголтоор хүлээн авч хэргийг шийдвэрлэлээ.
Х.Б хамт “А.б” ХК-ийн хурлыг хийлгэж, хурлыг материалд гарын үсэг зурж, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон хуучин хүнсний үйлдвэрийн дарга байсан мөн бүртгэл хийсний дараа Цагдаагийн газарт үүссэн хэрэгт Ховд аймгийн прокурор, Цагдаагийн газрын дарга танаа гэж хаяглан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэн Ч.Ц гомдолд өгөх тайлбар”-т гарын үсэг зурж байсан Д.Намжил нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралд ганцаараа оролцож өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн нь эргэлзээ төрүүлж байна.
2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын ирцийн бүртгэлд Х.Б эзэмшдэг 8208 ширхэг хувьцаа Х.Б нэрээр биш Б-т хувьцаагаа шилжүүлж өгсөн нэр бүхий 16 хүний нэрээр бүртгэлтэй байхад хурлын ирцэд давхардаж орсон гэж Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх дүгнэж шийдвэрээ гаргасан байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан ба нас барсан Х.Б оронд нас барсан Ч.Ц бүртгэлийг оруулах боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... “А.б” ХХК-ны гүйцэтгэх захирал Ч.Ц нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдох хэргийн Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О миний бие Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч шүүх нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Ч.Ц “нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн” гэж шүүх дүгнэсэн тухайд:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ц нь “А.б” ХК-ийн шинэчилсэн бүртгэлд гүйцэтгэх захирал эсэх талаараа бүртгүүлээгүй гэдгийг шүүх дүгнэсэн бөгөөд харин энэ хугацаанд ямар шалтгаанаар бүртгүүлээгүй талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д зааснаар “шүүх тухайн байгууллагыг татан буулгаагүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн байна.
Учир нь, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “А.б” ХК-ийн захирлаар томилогдсон Х.Б нь тухайн үед хуулийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн учир тухайн байгууллагыг татан буулгах хууль зүйн үндэслэл байхгүй байсныг дүгнээгүй.
Нэхэмжлэгч Ч.Ц нас барсан боловч “хуулийн этгээд нэхэмжлэгч байх тохиолдолд” нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэсэн тухайд:
Нэхэмжлэгч Ч.Ц нас барсан болох нь хэрэгт авагдсан түүний нас барсны гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийн өмнөөс биш хувьцаат компанийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасанд дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, “А.б” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригийн илэрхийлэл байгаа эсэхийг тодруулаагүй.
Ч.Ц нь “А.б” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө буюу өөрт ногдох хувьцааны тухайд нэхэмжлэх эрх нь хүсэл зоригийн хувьд хүчин төгөлдөр байх бөгөөд харин нас барснаас хойш байгууллагыг шууд төлөөлөх эрх нь хэвээр хадгалагдана гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэсэн тухайд:
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхэд тухайн захиргааны байгууллага шийдвэрлэж хариу өгсөн нь шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй” байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэрийг гардан авсан эсхүл мэдсэнээс хойш эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд гомдол гаргана гэсэн заалтыг зөрчсөн тухайд шүүгч дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь энэ талаар 2012 оноос хойш мэдэж цагдаагийн байгууллагаар удаа дараа мэдэж шалгуулж байсан байдаг.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “А.б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц нь “А.б” ХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн … дүгээр гэрчилгээний “А.б” ХК-ийн захирлаар Х.Б томилсон өөрчлөлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдуулан гаргажээ.
“А.б” ХК-ийн 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн регистрийн … дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Тус гэрчилгээнд нэхэмжлэгч Ч.Ц 1997 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрээр “А.б” ХК-ийн захирлаар томилсон өөрчлөлтийг 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн байна.
Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар дээрх хуулийн этгээдийн гэрчилгээг хүчин төгөлдөр байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Мөн “А.б” ХК-ийн 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр, гүйцэтгэх захирлаар Х.Б-ыг томилсон шийдвэр, шинээр хийлгэсэн компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй” болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаар шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Өөрөөр хэлбэл, “А.б” ХК-ийн захирлаар Х.Б-ыг бүртгэх үндэслэл болсон 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байна.
Тиймээс “А.б” ХК-ийн захирлаар Х.Б-ыг томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж заасан бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах үнэн зөв байх зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ч.Ц нь “А.б” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө буюу өөрт ногдох хувьцааны тухайд нэхэмжлэх эрх нь хүсэл зоригийн хувьд хүчин төгөлдөр байх бөгөөд харин нас барснаас хойш байгууллагыг шууд төлөөлөх эрх нь хэвээр хадгалагдана гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй юм ...” гэх гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.
Учир нь дээрх гомдлын дагуу уг асуудлыг шийдвэрлэсэн Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/ШТ2017/0143 дугаар тогтоол хэрэгт авагдсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                         Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                         Э.ХАЛИУНБАЯР