Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 71

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Хэргийн индекс: 114/2016/0058/3/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би нэхэмжлэгч “Дархан- Ариун ундарга” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/76 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт хамаарал бүхий заалтыг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- Тус компани нь тус аймагт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм.  2008 онд өөрийн бизнесээ өргөтгөхийн тулд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар барилга барих зорилгоор газар олгуулахаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар уламжлуулан аймгийн Засаг даргад хүсэлт  гаргасан. Аймгийн Засаг дарга энэхүү хүсэлтийг судалж үзээд 2008 оны 04 сарын 22-ны өдрийн 158 дугаар захирамжаар Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ, автомашины граж, машин угаалгын зориулалтаар 1200 м кв газрыг “*******” ХХКомпанийн нэр дээр 2 жилийн хугацаатай олгосон.

            Гэтэл уг газар нь хуулийн этгээдийн газар олголттой давхацсан байсан тул газрын байршлыг солиулах хүсэлтийг аймгийн Засаг даргад дахин гаргаснаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 556 дугаар захирамжаар байршилыг өөрчилж, хэмжээг  нь багасган 1000 м.кв болгож, Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Номин худалдааны төвийн ард олгосон. Энэ хугацаанд тусгай зөвшөөрөл бүхий “*******” ХХКомпаниар шинээр баригдах 3 давхар барилгын талбайд инженер геологийн иж бүрэн судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулсан. Мөн барилгын эскиз зургийг “Хас жинст” ХХК-аар хийлгэсэн ба байршил өөрчлөгдсөнөөс зориулалт өөрчлөгдөж, зураг төсөв дахин хийлгэх шаарлдагатай болсон. Энэ бүгдийг газар эзэмших эрхийн гэрчилгээгээ эрх бүхий байгууллагаас авсны дараа хийх ёстой байдаг. Ингээд хөрөнгө оруулагч хайж, улмаар энэ талаар хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийгдэж байсан үед тухайн газрыг анх олгосон хугацаа дуусах дөхсөн тул Газрын тухай хууль тогтоомжуудад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар аймгийн Засаг даргад дахин хандсанаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/26 дугаар захирамжаар 2 жилээр сунгуулж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай А-2478 дугаар газар эзэмших гэрээ байгуулж, улмаар 000317730 дугаар бүхий газар эзэмших эрхийг гэрчилгээ авсан.

            Гэтэл Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар эзэмшигч “*******” ХХКомпанид  урьдчилан мэдэгдэлгүйгээр одоогийн аймгийн Засаг дарга А.******* нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А/76 дугаар захирамжаар тодорхой үндэслэлгүйгээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон байна. Энэхүү шийдвэрийн талаар тус компани аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ю.Ариунболдын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230 тоот албан бичгийг хүлээн авснаар  мэдсэн болно.

Уг захирамжийн үндэслэл хэсэгт Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 40 зүйлийн 40.4, 61 дэх хэсгүүдийг тус тус дурджээ. ...Дээрх заалтуудаас үзэхэд манай компанийн гэрээгээр эзэмшиж буй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна. Манай компани гэрээгээр эзэмшиж буй уг газраа зориулалт бусаар ашиглаагүй ба анхны зориулалтаар нь ашиглахыг тулд зайлшгүй урьдчилан хийгдэх ёстой ажлуудыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байгаа талаараа дээр дурьдсан билээ.Мөн аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12 ны өдрийн А/25 дугаар бүхий захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин 2 жилээр сунгасан хугацаа дуусаагүй байгаа учир одоогийн аймгийн засаг дарга А.*******ын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/76 дугаар захирамжийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

   Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 джгаар сарын 31 ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А\76 дугаар захирамжийн “*******” ХХКомпанид хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, Ю.Ариунболд нараас 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:-“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/76 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Энхсайхан, Ю.Ариунболд нар томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

            Аймгийн Засаг даргаас тус шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1-1079 тоот итгэмжлэлээр Г.Энхсайхан, Ю.Ариунболд нарт олгосон бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан, Ю.Ариунболд нар нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ““Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/76 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт хамаарал бүхий заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                              З.ЭНХТУЯА