Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00844

 

“Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн Огоо Гуравдугаар бааз” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02567 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 880 дугаар магадлалтай,

“Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн Огоо Гуравдугаар бааз” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох,

485.817.578 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгт, Э.Энхтөр, З.Цэвээндорж нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтөр, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Тэнүүн огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, “Тэнүүн Огоо Гуравдугаар бааз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тэнүүн огoo” XXK болон “Тэнүүн огoo гуравдугаар бааз” ХХК-иуд нь Нийслэлийн тээврийн газартай 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 1-06/15, 1-36/15 тоот Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээг, Нийслэлийн тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийг тoнoг төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах гурван талт гэрээг тус тус байгуулан ажиллаж байна. 2015 оны 8-11 дүгээр саруудад “Тэнүүн огоо” ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд 184.696.067 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 60.133.392 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн 98.961.235 төгрөг нийт 343.789.694 төгрөг, 2015 оны 8-11 дүгээр саруудад “Тэнүүн огоo гуравдугаар бааз” ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд 61.239.592 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 54.152.418 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн 26.635.874 төгрөг нийт 142.027.884 төгрөгийг тус тус суутгасан байна. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар “нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан. Үүний дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам нийтийн тээврийн машин цагийн нэгж зардлыг yгcpaa автобусыг 39.731 төгрөг, их багтаамжийн автобусыг 32.933 төгрөг, троллейбусыг 24.425 төгрөг, дунд багтаамжийн автобусыг 33.377 төгрөг байхаар” Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/22 тогтоол гарсан. Уг тогтоолоор 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зардлыг caнхүүжүүлэхээр баталсан. Тогтоолын дагуу “Тэнүүн огоо” ХХК-д 2015 оны 8-12 дугаар саруудад 3,042.854.679 төгрөгийн санхүүжилт хийгдэхээс үндэслэлгүйгээр нийт 343.789.694 төгрөгийн, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д 2015 оны 8-12 дугаар саруудад 794.609.059 төгрөгийн санхүүжилт хийгдэхээс нийт 142.027.884 төгрөгийн хасалт хийж суутган тооцсон. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс цахим төлбөрийн системд шилжсэнээр Нийслэлийн тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт” XXK нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай орлогын төлөвлөгөөний ямар нэгэн гэрээ байгуулаагүй ажиллаж байсан. Гэвч орлогын доод түвшин биелүүлээгүй гэх үндэслэлгүй шалтгаанаар “Тэнүүн огoo” XXK-иac 11 дүгээр сард 60.133.392 төгрөгийг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” XXK-иac 11 дүгээр сард 64.152.418 төгрөгийг тус тус хасаж суутгасан. Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд автобус тус бүрд мөнгөний хайрцаг байршуулсан боловч мөнгөний хайрцагийг ашиглах журам, хөрөнгө хүлээлцсэн xoёp талын акт баримт байхгүй боловч мөнгөний хайрцаг эвдэрсэн гэх үндэслэлгүй шалтгаанаар “Тэнүүн огoo” XXK-иac 10 дугаар сард 67.690.738 төгрөг, 11 дүгээр сард 31.270.497 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” XXK-иac 10 дугаар сард 26.636.874 төгрөгийг тус тус хасч суутгасан. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгагч түр гэрээгээр ажиллуулах журам 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн тээврийн газрын даргын А/112 тоот тушаал гарсан боловч шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд гэх үндэслэлгүй шалтгаанаар “Тэнүүн огоо” XXK-иac 8 дугаар сард 40.883.170 төгрөг, 9 дүгээр сард 42.936.749 төгрөг, 10 дугаар сард 62.283.090 төгрөг, 11 дүгээр сард 48.592.068 төгрөг, “Тэнүүн огoo гуравдугаар бааз” XXK-иac 8 дугаар сард 13.933.718 төгрөг, 9 дүгээр сард 14.422.438 төгрөг, 10 дугаар сард 16.787.818 төгрөг, 11 дүгээр сард 16.096.618 төгрөгийг тус тус хасч суутгасан. “Тэнүүн огоо” XXK, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иуд нь Нийслэлийн тээврийн газартай “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-г байгуулсан байдаг хэдий ч 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/22 тоот тогтоолын З.З-т “... Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-иас ирүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн өмнөх сарын ажлын гүйцэтгэлийн тайланг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс хянан үзэж Нийслэлийн тухайн жилийн төсөвт батлагдсан нийтийн тээврийн үйлчилгээний орлого, зарлагын зөрүүг санхүүжүүлэх зардлаас Нийслэлийн тээврийн газрын дансаар дамжуулан дараа сарын 10-ны өдрийн дотор санхүүжүүлнэ ..." гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. “Тэнүүн огoo” XXK, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иуд нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг гэрээнд заагдсаны дагуу гүйцэтгэсэн тул суутган тооцож хассан дээрхи дүнгүүдийг үндэслэлгүй суутгасан гэж дүгнэж байна. Иймд хариуцагч Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс үндэслэлгүй суутган тооцсон 343.789.694 төгрөгийг “Тэнүүн огoo” ХХК-д, 142.027.884 төгрөгийг “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгт, Э.Энхтөр нарын шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаартай тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам” болон “Нийтийн тээврийн үйлчилгээнд ажилласан машин цагийн зардлын” тарифыг тус тус баталсан. Tyc журмын 3 дах хэсэгт энэхүү журам, тариф батлагдсантай холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг шийдвэрлэн ажиллахыг заасан бөгөөд энэ тогтоолын дагуу 2015 оны 8,9,10,11,12 дугаар саруудад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын орлого, зарлагын зөрүүнд олгох санхүүжилтийн тооцоог гарган Нийслэлийн 3acar даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулж, санхүүжүүлтийг олгосон болно. 2015 оны 8-11 саруудад “Тэнүүн огоо” XXK, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д олгосон зардлын санхүүжилтээс шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд 184.695.067 төгрөг, 61.239.592 төгрөг тус тус хасч тооцсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан 1 машин цагийн зардлын тооцоонд шалгагчийн 1 цалин хөлсийг 8 цагаар ажиллахаар тооцож оруулсан байдаг. Нийслэлийн тээврийн газраас “Тэнүүн огoo” XXK, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн 2015 оны 8-11 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үзэж, дээрх хугацаанд шалгагч нартаа өгсөн цалинг нь зардлын санхүүжилтээр олгосон тул тус компанийн шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд “Тэнүүн огоо” ХХК-ийн хасч тооцсон 184.695.067 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн 61.239.592 төгрөгийг буцаан олгох нь тус тус үндэслэлгүй гэж үзэж байна. Орлогын доод хязгаараар “Тэнүүн огоо” XXK-иac 60.133.392 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 54.015.412 төгрөгийг хасч тооцсон. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг чиглэл тус бүрийнхээ орлогын мэдээг “Улаанбаатар смарт карт” ХХК-д хүргүүлж байхыг мэдэгдсэн албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн /1809 тоот албан бичгээр Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн. Гэвч “Тэнүүн огоо” XXK, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК нь өөрийн үйлчилдэг чиглэлүүдийн орлогын мэдээллийг ирүүлээгүй тул 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Тээврийн газар чиглэлүүдийн зорчигч урсгалын судалгаанд үндэслэн орлогын доод хязгаарыг тогтоосон болно. Энэ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 6/22 дугаар тогтоолоор батлагдсан нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмын 2.3 дах заалтыг хэрэгжүүлэхээр тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй гэж үзэж тус төвлөрүүлсэн орлогын дүнг Нийслэлийн тээврийн газраас “Тэнүүн огоо” ХХК-ийн үйлчилдэг чиглэлүүдэд тогтоосон орлогын доод хязгаартай жишиж дутуу төвлөрүүлсэн орлогыг үйл ажиллагааны зардлын санхүүжилтээс хасч тооцсон. Иймд “Тэнүүн огоо” ХХК-ийн 60.133.392 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн 54.152.418 төгрөгийг буцаан олгох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Автобусны бэлэн мөнгөний хайрцаг эвдэрсэн шалтгаанаар “Тэнүүн огоо” ХХК-иас 98.961.235 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иас 26.635.874 төгрөгийг хасаж тооцсон. Энэ нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Тэнүүн огоо” XXK, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХK-ийн Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах 06/03-020 дугаар, 06/03-019 дугаар гурван талт гэрээ тус тус байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Улаанбаатар смарт карт” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлсэн тайлангаар “Тэнүүн огоо” ХХК-ийн автобуснуудад суурилуулсан бэлэн мөнгөний нийт 274 хайрцагаас 69 хайрцаг эвдсэн тул компанид олгох 2015 оны 10 дугаар сарын санхүүжилтийн дүнгээс 67.690.738 төгрөг, мөн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Улаанбаатар смарт карт” ХХК-иас ирүүлсэн тайлангаар 54 хайрцаг эвдсэнийг дээрхи гэрээний 5.6.3, 6.1-д заасны дагуу 31.270.497 төгрөг буюу нийт 98.961.235 төгрөгийн үйл ажиллагааны зардлын санхүүжилтээс хасч тооцсон болно. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний хайрцагуудыг санаатайгаар эвдсэн нь нийтийн тээврийн үйлчилгээний орлого тодорхой хувиар буурч, тус гэрээний 5.6.3. 6.1 дэх заалтыг үндэслэн бэлэн мөнгөний хайрцаг эвдсэн шалтгаанаар “Тэнүүн огоо” XXK-иас хасч тооцсон 98.961.235 төгрөг, “Тэнүүн огoo гуравдугаар бааз” XXK-иac хасч тооцсон 26.635.874 төгрөгийг буцаан олгох нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлд дурдсан 2015 оны 8-11 дүгээр саруудад “Тэнүүн огоо” XXK, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилт нь тус тус үндэслэлтэй байгаа тул 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан “Тэнүүн огоо” ХХК-ийн 343.789.694 төгрөг гаргуулах, мөн “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн 142.027.884 төгрөг нийт 485.817.578 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иудын 2015 оны 8-11 дүгээр саруудад шалгагч нарын ажилласан байдал, 11 дүгээр сарын шугамын орлогын доод хязгаарын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж ажилласан байдал, 2015 оны 10-11 дүгээр саруудын тээврийн үйлчилгээний автобусанд байрлуулсан мөнгөний хайрцгийг эвдэлсэн байдалд хяналт тавьсан. Энэхүү хяналт тавих эрх нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтад “Төрийн сан төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих”, мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “журам батлах тухай” 6/22 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.6 дах заалтад “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь энэ журмын дагуу хийгдэх төлбөр тооцоо, мэдээлэл, судалгаанд хяналт тавьж ажиллана” гэж холбогдох хууль тогтоомж, журмаар олгосон байдаг. Үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг суутгасан гэх тухайд бол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны журам батлах тухай 6/22 дугаар тогтоолоор тээврийн автобусны нэг цагийн зардалд жолооч, шалгагч, бусад тээврийн байгууллагын ажиллагсдын цалин, Нийгмийн даатгалын шимтгэл, шатахуун, сэлбэг хэрэгсэл болон бусад зардлыг бүрэн тооцож тусгасан. Журамд шалгагч кондукторын цалингийн нэг цагийн зардлыг 2.018 төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 243 төгрөгөөр тус тус тооцож тээврийн үйлчилгээний автобусны нэг цагийн зардлыг баталсан. Санхүү, төрийн сангийн хэлтэс нь журмын 4.6 дах хэсэгт ...”журмын дагуу хийгдэх төлбөр тооцоо, мэдээлэл, судалгаанд хяналт тавьж ажиллана” гэж заасан бүрэн эрхийн дагуу Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн “Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иудын 2015 оны 8-11 сарын нийгмийн даатгалын тайланг хянан шалгасан. Тайлан мэдээнд хяналт тавьж үзэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, ажиллагсдын нийгмийн даатгалын дэвтэртэй тулгаж үзэхэд 2015 оны 8-11 дүгээр саруудад ажилласан шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал төсөвлөснөөс 184.695.067 төгрөгөөр зөрүүтэй буюу дутуу гүйцэтгэлтэй байсан. “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-иудын 2015 оны 8-11 дүгээр саруудад ажилласан шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал төсөвлөснөөс 61.239.592 төгрөгөөр зөрүүтэй буюу дутуу гүйцэтгэлтэй байсан. Энэ тохиолдолд дээрх компаниудын ажиллаагүй шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зардлыг тооцож олгох нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх” гэсэн заалтууд болон бусад санхүү, төсвийн хууль, журмуудтай зөрчилдөж байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “журам батлах тухай” 6/22 дугаар 2.3 дах хэсэгт “Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүд нь энэ журмын 4.2 дах хэсэгт заасан орлогын доод хязгаарыг төвлөрүүлж ажиллана. 4.2 дах хэсэгт “Нийслэлийн тээврийн газар нь “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлага мэдээллийн төвийн цахим системийн бүртгэл, тайланг үндэслэн чиглэл тус бүрийн орлогын доод хязгаарыг улирал тутам тогтоож өгнө” гэж тус тус заасан байгаа. Дээрх тогтоолын хүрээнд Нийслэлийн Тээврийн газрын дарга нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн 2015 оны 11 дүгээр сарын орлогын доод түвшинг тогтоосон нь хэрэгт өгсөн баримтууд дээр байгаа. Батлагдсан орлогын доод түвшин, тухайн аж ахуйн нэгжийн 2015 оны  11 дүгээр сарын шугамын орлогын зөрүүг тооцож, “Тэнүүн огоо” ХХК-иас 60.133.392 төгрөг, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” XXK-иас 54.152.418 төгрөгийг тус тус суутган тооцож, үлдэгдэл санхүүжилтийг олгосон. “Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” XXK-иудын 2015 оны 10-11 дүгээр саруудын тээврийн үйлчилгээний автобусанд байрлуулсан мөнгөний хайрцгийг эвдэлсэн байдалд хяналт тавьж ажилласан. Нийтийн тээврийн үйлчилгээний бэлэн мөнгөний хайрцгийг санаатайгаар эвдэж байгаа нь шугамын орлогын хэмжээг бууруулж байгаа үндсэн шалтгааны нэг болж байгаа тухай Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-иас удаа дараа мэдүүлж байсан. Дээрх бэлэн мөнгөний хайрцгийн эвдрэлийн тоог тээвэрлэгч аж ахуйн нэгж тус бүрээр гарган “Улаанбаатар смарт карт” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн …2015-12015 дугаар албан бичгээр ирүүлсэн. Энэхүү албан бичгийн хавсралтанд “бэлэн мөнгөний нэмэлт хаалтыг 3 мм-ийн зузаантай акрилкыг халааж нугалан, бэлэн мөнгөний хайрцагт тавлагч хадаасаар болон өндөр чанарын нэвчилтэй цавуугаар нааж бэхэлсэн, санаатайгаар хөших, хурц үзүүртэй эсүүл хатуу биетээр хүчтэй цохисон тохиолдолд хагарч цуурна. Эвдрээгүй хайрцагтай аж ахуйн нэгж байгаа нь тухайн хаалтыг санаатайгаар гэмтээснийг нотолж байна" гэж дурдсан байдаг. Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст “Улаанбаатар смарт карт” ХХК-иас “Тэнүүн огоо” ХХК-д холбогдуулан гомдол гаргаж, тус хэрэг шалгагдаж байгаа. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02567 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 189 дүгээр зүйлийн 189.5-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн тээврийн газар, хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нараас 485.817.578 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Тэнүүн огоо” ХХК-д 343.789.694 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д 142.027.884 төгрөг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.745.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нараас 2.745.000 гаргуулж, нэхэмжлэгч “Тэнүүн огоо” ХХК-д 1.876.898 төгрөг, нэхэмжлэгч “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-д 868.089 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 880 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 189 дүгээр зүйлийн 189.5 ...” гэснийг “Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9” гэж, "... хариуцагч Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс нараас ...” гэснийг “хариуцагч Нийслэлийн тээврийн газраас” гэж, “... олгосугай.” гэснийг “олгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, дахь заалтын “...хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэс нараас ...” гэснийг хасч тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч Нийслэлийн тээврийн газрын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нарын гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02567 дугаар шүүхийн шийдвэр, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 880 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. “Тэнүүн Огоо” ХХК, “Тэнүүн Огоо гуравдугаар бааз” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Үүнд:

1. Шийдвэрийн Үндэслэх хэсэг болон магадлалын хяналтын хэсэгт “... 2015 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудад орлогын доод түвшингийн зөрүү 114.285.810 төгрөгийг суутгасан нь эрх зүйн актыг буцаан хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгтэй заасантай нийцэж байна” гэсэн нь үндэслэлгүй юм.

Нийтийн тээврийн салбарт эрс шинэчлэлт хийх зорилгоор нийслэлийн удирдлага болон нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нарын зөвхөн 11 дүгээр сарын шугамын орлогын зөрүүг тооцож, санхүүжилтийг хийсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн шиг 8-11 дүгээр сарын шугамын орлогын зөрүүг тооцоогүй болно. Үүнээс үзвэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн дээрх заалтууд болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд илт хохирол учруулахаар заалтыг буцаан хэрэглэж байгаа нь хууль тогтоомжийг буцаан хэрэглэх зарчимд нийцэхгүй байна” гэж Үндэслэх хэсэгт дүгнэсэн нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь харагдаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хууль тогтоомжийг буцаан хэрэглэсэн асуудал байхгүй болно.

2. Талууд харилцан тохиролцож нийтийн тээврийн үйлчилгээг үйл ажиллагааны зардлаар нь санхүүжүүлдэг тогтолцоонд 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс шилжиж энэ харилцан тохиролцоо нь 2015 оны 06 дугаар сарын 03-нд байгуулсан гурван талт гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 13-нд байгуулсан Нэмэлт, өөрчлөлтийн гэрээ болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолоор баталсан журамд тусгагдсан.

Үйл ажиллагааны зардлаар санхүүжүүлэх тогтолцоо нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн уг үйлчилгээ эрхлэхэд хэдий хэмжээний зардал гаргана, түүний гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тогтолцоо юм.

Талуудын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх 1-06/15 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний 3.1.13-т “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг нөхөн олгохдоо шугам замд ажилласан машин цагийн зардлыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс тооцож олгоно” гэж заасан. Энэ дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6/22 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Машин цагийн зардлын тарифыг баталсан бөгөөд автобусны хувьд 1 машин цагийн зардал нь 32933 төгрөг байхаар тогтоосон. Үүнд шалгагч /кондуктор/-ын цалингийн нэг цагийн зардлыг 2018 төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 243 төгрөгөөр тооцож тусгасан.

Гэтэл нэхэмжлэгч нар нь 2015 оны 08-11 дүгээр сард шалгагч /кондуктор/ ажиллуулаагүй нь нийслэлийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын тайланд тусгагдсан байсан. Энэ дагуу хариуцагч нь гаргасан зардлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлсэн болохоос ямар нэг байдлаар гэрээ болон журамд заасан суутгал хийгээгүй болно.

Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйл болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэглэж уг хэргийг шийдвэрлэх ёстой байсан.

Нөгөө талаас нэхэмжлэгч нарт 2015 оны 08-11 сарын санхүүжилт дээр дурдсан журам, гэрээний дагуу хийгдсэн болно. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсний дагуу уг асуудлуудыг гэрээгээр тохиролцоогүй гэж үзвэл энэ саруудад хийгдсэн бусад санхүүжилт 2,526,823,060 төгрөгийг мөн гэрээний дагуу хийгдээгүй болох болно гэдгийг авч үзээгүй.

3. “Улаанбаатар смарт карт” ХХК нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст нийтийн тээврийн үйлчилгээний бэлэн мөнгөний хайрцгийг санаатайгаар эвдэж байгаа нь шугамын орлогын хэмжээг бууруулж байгаа үндсэн шалтгааны нэг болж байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан тухай “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн изсс2015-12015 албан бичиг болон мөнгөний хайрцгийг эвдсэн фото зураг болон нэхэмжлэгч “Тэнүүн Огоо” ХХК-ийг холбогдуулан шалгаж буй Эрүүгийн 201626020715 дугаар хэрэг үүсгэсэн тогтоол, нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 8е'3/1585 дугаар албан бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Ийм байтал шүүх Үндэслэх хэсэгтээ “...мөнгөний хэдэн хайрцаг хэний буруутай үйлдлийн улмаас эвдэрч гэмтсэнийг тогтоосон баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй” гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, бодит нөхцөлтэй огтхон ч нийцэхгүй байна.

Мөн нийтийн тээврийн автобус, троллейбусанд суурилуулсан тоног төхөөрөмж нь талуудын хооронд байгуулсан гурван талт гэрээний дагуу “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн өмч тул уг иргэний хэрэгт гэрчээр дуудан оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангаагүйг дурдах нь зүйтэй. Бэлэн мөнгөний хайрцаг эвдсэн асуудлын цаана зорчигчийн төлсөн бэлэн мөнгө хулгайлагдаж, шугамын орлого буурч, энэ хэрээр нийслэлийн төсөвт алдагдал бий болж байгааг хайхрахгүй орхиж болохгүй юм.

Хоёр. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл гаргасан:

1. Хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 06/783 дугаар албан бичгээр шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрхийг зөрчсөн явдал юм. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулж, хууль зөрчсөн юм.

2. “Улаанбаатар смарт карт” ХХК-наас “Тэнүүн огоо” ХХК-ийн автобуснуудад удирдлага мэдээллийн цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулсан ба 2015 оны 10, 11 дүгээр саруудад “Тэнүүн огоо” ХХК-ийн үйлчилгээнд явж буй автобусанд шалгалт хийхэд нийт 123 ширхэг мөнгөний хайрцагны тагийг санаатай эвдсэн нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1- д зааснаар эрүүгийн 201626020715 дугаартай хэрэг үүсгэх үндэслэл болсон байна.

Иймд эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө “Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой. Эсвэл уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр уг хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу “Тэнүүн огоо” ХХК, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Гэтэл хуульд заасан үндэслэл байсаар байтал шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох болон түдгэлзүүлэх хүсэлтийг хангаагүй нь өөрөө хууль хэрэглэх ноцтой алдаа болсон гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам дээрх байдлаар зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх уг асуудлыг шийдвэрлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасны дагуу гомдол гаргаж байгаа болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Автотээврийн тухай хуульд тусгагдаж, уг хуулиар зохицуулагдаж байдаг, гэрээний нэг тал нийслэлийн Тээврийн газар нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах чиг үүрэгтэй захиргааны байгууллага, хариуцагчдын үйл ажиллагаа нь Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдаж байдаг зэргийг огт харгалзан үзэлгүйгээр, уг хуулиудыг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гарсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билэгт, Э.Энхтөр, З.Цэвээндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг буруу тайлбарлаж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн тус шүүхэд гомдол гаргаж байна.

Үүнд:

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй: Монгол улсын Автотээврийн тухай хуулийг хэрэглээгүй: тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгийг Монгол улсын дээд шүүхээс тайлбарласан нь тус шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэргийн харьяаллыг тодорхойлж буй юм.

Магадлалд “нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр талууд нийтийн тээврийн үйлчилгээг зорчигчдод хүргэх, үйлчилгээний аюулгүй байдал, хэвийн тасралтгүй ажиллагааг хангах, түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний соёлч байдал, чанар, сахилга хариуцлагыг сайжруулахыг зорьжээ”, “...шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь буруу болжээ” гэжээ.

Мөн Магадлалд “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт ...” гээд уг гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үзсэн нь анхан шатны шүүх дээрх гэрээг буруу тодорхойлсныг нотолж байна. Гэвч Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолын 4 дэх хэсэгт “... аж ахуйн нэгж байгууллага иргэнтэй гэрээ байгуулна гэсний гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3-д заасан эрх олгох болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан нийтийн эрх зүйн гэрээ тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээнд хамааралгүй гэж ойлгоно. Харин хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заагдсан эрх бүхий этгээд нь нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулж зохион байгуулах арга хэмжээнүүдийг энэхүү гэрээний гол нөхцөл болгон тусгасан байвал зохино.” гэснийг үндэслэн нийтийн эрх зүйн хүрээнд уг гэрээ байгуулагдсан болохыг давж заалдах шатны шүүхийн шүүгч нар ойлгоогүй нь харагдаж байна.

Нэхэмжлэгч компаниуд 3 төрлийн тооцоололтой холбоотой гомдол гаргасан:

Шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд олгох санхүүжилтийн тооцоолол. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс НИТХ- ын 6/22 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн шалгагч нарын цалин, нийгмийн даатгалд олгох санхүүжилтийг тус компаниудын 8-11 дүгээр саруудын НДШ-ийн тайланг үндэслэн тооцоолол хийж, санхүүжүүлэх шийдвэр өгсөн. Энэ нь тэдгээр компаниудтай байгуулсан гэрээнд хамааралгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу НИТХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан явдал юм. Тус газраас анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ч энэхүү тооцоолол нь гэрээнд хамааралгүй бөгөөд НИТХ-ын тогтоолтой холбоотой үүссэн маргаан гэдгийг тайлбарласан.

Орлогын доод хязгаарт хүргээгүй тооцоолол: НИТХ-ын 6/22 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь орлогын доод хязгаарыг төвлөрүүлэн ажиллах үүрэг хүлээсэн байдаг. Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1809 тоот албан бичгээр шугамын орлогын мэдээгээ ирүүлж байхыг мэдэгдсэн боловч 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ирүүлээгүй тул тус газраас сүүлийн 3 жилийн судалгаагаа үндэслэн орлогын доод хязгаарыг тодорхойлсон. Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж бүртэй Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах гэрээг байгуулсан. Тус гэрээний 5.6.3, 6.1-д заасны дагуу тэдгээр компаниудад олгох санхүүжилтээс хасаж тооцоолол хийсэн. Уг тооцооллыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу хийсэн. Нийслэлийн засаг дарга, Дата карт консорциумын хооронд байгуулсан гэрээг үндэслэн Улаанбаатар смарт карт компанийг байгуулсан бөгөөд энэ компанийн 24 хувийг Нийслэл эзэмшдэг. Тэгэхээр Нийслэл өөрийн өмчөө хамгаалж, учирсан хохирлыг журмын дагуу шийдвэрлэсэн.

Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн: Талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээний маргаан биш харин НИТХ-ын 6/22 тогтоолтой холбоотой маргаан юм. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ тул нийтийн эрх зүйн хүрээнд гэрээ байгуулагдсан захиргааны гэрээ гэж үзэх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан гэрээ тул захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх ёстой байсан гэтэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн: Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв хэрэглэсэн гэж үзэж, тус хуулийн 5.3 дахь заалтыг буруу тайлбарласан. Магадлалд “... эрх зүйн актыг буцаан хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна” гэжээ. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан. НИТХ-ын 6/22 дугаар тогтоол 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарахаас өмнө буюу хариуцагч Нийслэлийн тээврийн газраас нэхэмжлэгч “Тэнүүн огоо”, “Тэнүүн огоо гуравдугаар бааз” компаниудтай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнүүдэд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг нэмэлт өөрчлөлтийн гэрээний 4 дэх заалтад “...аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг нөхөн олгохдоо шугам замд ажилласан машин цагийн зардлыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс тооцож олгоно” гэж гэрээнд оролцогч 2 тал харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь НИТХ-ын 6/22 дугаар тогтоол нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасантай нийцэж байна.

Магадлалд “Талууд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба нэмэлт гэрээний 4 дэх заалтыг нэхэмжлэгч нарт олгох санхүүжилтээс 2015 оны 8-11 дүгээр саруудад олгох үйлчилгээний санхүүжилтийг бууруулах тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ. Нийслэлийн тээврийн газрын зүгээс санхүүжилтийг бууруулах тохиролцоо хийсэн гэж тайлбарлаагүй. Гэтэл шүүх хаанаас ч юм өөрөө ийм ойлголтыг гаргаж ирээд магадлалд дурдсан байна. Магадлалд “.. журмыг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан атлаа журмын үйлчлэлийг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэхээр заасан ..” гэжээ. Энэ нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс журмыг хэрэгжүүлэх тухай НИТХ-ын тогтоол дээр нь дурдсан байгаа бөгөөд Нийслэлийн тээврийн газар нь өөрөө дур мэдэн буцаан хэрэглэсэн биш буюу зөвхөн тогтоолын хэрэгжилтийг ханган ажилласан болох нь харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгч компани гомдолтой байгаа бол уг тогтоолд, тогтоол гаргасан байгууллага албан тушаалтанд, тогтоолын хэрэгжилтийг хангах тухай шийдвэрт гомдол гаргах учиртай байсан.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Магадлалд "... 6/22 тогтоолд гомдол гаргаж маргаагүй, харин хамтран ажиллах гэрээтэй холбогдуулж нэхэмжлэл гаргасан тул энэхүү хэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д нийцнэ” гэжээ. Нийслэлийн тээврийн газраас журамд заасны дагуу тооцоолол хийсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд гэрээний заалт барьж тайлбарласан зүйл байхгүй.

Магадлалд “... уг гэрээний 6 дугаар зүйлд заасан гэрээний хариуцлага хүлээхээр зөрчлийг нэхэмжлэгч нар гаргасан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй” гэжээ. Нийслэлийн тээврийн газар анхнаасаа л НИТХ-ын 6/22 тогтоолоор батлагдсан журамд заасны дагуу тооцоолол хийсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд гэрээний үүрэг зөрчсөн гэсэн тайлбар гаргаагүй байтал шүүх ийм тайлбар гаргаад тэр нь нотлогдоогүй мэтээр бичсэн байна.

Мөн магадлалд “Нийслэлийн тээврийн газар нь өмчлөгч этгээдийн өмнөөс бэлэн мөнгөний хайрцаг эвдэрсэн гэх хохирлын мөнгийг суутгаж авах эрхтэй эсэхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй” гэжээ. Магадлал дээр суутгал, суутган тооцсон гэсэн үг ихээхэн дурдсан байна. Гэвч суутгал гэдэг ойлголтыг буруу ойлгож хэрэглээд байна. Тэгэхээр Нийслэлийн тээврийн газар тус компаниудын бодит гүйцэтгэл буюу нийгмийн даатгалын тайланг үндэслэж олгосон нь тухайн компанид олгох санхүүжилтээс суутгасан гэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 06/783 дугаар албан бичгээр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг анхан шатны шүүгч хянан хэлэлцээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай давж заалдах шатны шүүхэд гомдолд дурдсан. Гэвч давж заалдах шатны шүүх дахиад л энэ тухай огт хэлэлцээгүй нь шүүх өөрийн байгууллагын шүүгчдийн буруутай үйл ажиллагааг хаацайлсан, нуун дарагдуулах гэсэн оролдлого мэт харагдаж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Тус шүүхээр хэлэлцэгдэж байгаа хэрэгт шууд холбогдох асуудлаар нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тул хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсээс ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг үндэслэн хэргийг түдгэлзүүлэх, 117 дугаар зүйлийн 117.4-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөх тухай хүсэлт тавьсан ч шүүгч бодит бус, үндэслэлгүйгээр захирамж гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн. Иймд иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн 880 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Тэнүүн огоо” ХХК болон “Тэнүүн Огоо Гуравдугаар бааз” ХХК нь хариуцагч Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ санхүүжилтээс үндэслэлгүйгээр суутгасан 485.817.578 төгрөг гаргуулахыг хүсчээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч талтай 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж үйл ажиллагааны зардлыг нөхөн олгохдоо шугам замд ажилласан машин цагийн зардлыг үндэслэн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс тооцож олгохоор тохиролцсон...” талаар дурджээ.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон 2015 оны 8 дугаар сарын 13-ны гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, нотариатаар гэрчлэгдээгүй хуулбар /хэргийн 2 дугаар хавтасны 13-14, 23-24 дүгээр тал/ хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийг зөрчжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т нийцээгүй байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот тогтоолоор баталсан “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ын 4.3-т нийтийн тээврийн үйлчилгээний зардалд Нийслэлийн төсвөөс зарцуулах хэмжээг тооцохдоо тухайн жилийн даалгаварт цагийг нэг машин цагийн зардлаар үржүүлж, шугамын орлогын дүнг хасаж тооцно гэжээ. 

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан, өөрөөр хэлбэл дээрх журам нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд хохирол учруулж байна гэж үзвэл гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байхыг ойлгоно.

Иймд талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээ нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд уг баримтыг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, улмаар талууд үйл ажиллагааны зардлыг хэрхэн яаж олгохоор тохиролцсон байсан, мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасан зохицуулалтын талаар шүүх дүгнэлт хийх нөхцөл бүрдэх учиртай.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02567 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 880 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ