Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 0330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч О.Жамсранхүү нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Жамсранхүүд холбогдох эрүүгийн 1725002260131 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Хиад овгийн О.Ж, Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, ган хайлагч мэргэжилтэй, “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, , урьд нь 1999 оны 07 сарын 02-нд Орхон аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай /РД: /

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Ж нь 2017 оны 09 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ны хашаанд Д.Буянцогтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Д.Буянцогтын ... “2017 оны 09 сарын 10-ны өдөр гэртээ байж байтал найз Жамсранхүү өөрийн утсаар залгаад “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-нд хүрч ирээд гэр барилцаад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрч гэрт нь очтол Жамсранхүү нь Ганбаа гэх найзын хамт байж байсан. Тэгээд гэрээ барих гэж байтал Жамсранхүү мөнгө өгч Ганбаа бид хоёр дэлгүүрээс 2 шил 0.75 литр монгол стандарт архи, хоолны амтлагч, скоч зэрэг эд зүйл аваад гэрт очин гэр барьж байх хугацаандаа авсан хоёр шил архиа бид гурав хуваагаад ууж дуусгасан. Тэгтэл Жамсранхүү Ноте-1 загварын гар утас маань алга болчихлоо гэж хэлээд надаас утсаа нэхээд байхаар нь би аваагүй гэж хэлсэн. Гэрийн гадаа байсан сандал дээр сууж байтал Жамсранхүү миний нүүр рүү өшиглөтөл би нүүрээ дараа доошоо унасан. Жамсранхүү миний дээрээс өшиглөөд байхаар нь би босоод зугтах гэтэл Ганбаа ах араас татан унагахаар нь би толгойгоо дараад доошоо харан хэвттэл дээрээс өшиглөөд байсан. Яг хэн нь өшиглөснийг мэдэхгүй байна. Би хэсэг хэвтэж байгаад бостол Ганбаа явчихсан, Жамсранхүү гэртээ унтаж байхаар нь би гар нүүрээ угаачихаад гэр рүүгээ явсан. Жамсранхүү эмчилгээний мөнгө өгсөн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-7-р хуудас/

 

2. Гэрч Д.Ганбатын ... “Энэ хэрэг болсон өдөр надтай хамт ажил хийж байсан Жамсранхүү гэж залуу над руу утсаар яриад манайд хүрээд ирээч би гэрээ засч барих гэсэн юм гэхээр нь би Жамсранхүүгийн гэрт ирсэн. Намайг тэдний гэрт ирээд Жамсранхүү бид хоёр гэрийг нь буулгаад засч бариад дуусгах гэж байхад Жамсранхүүгийн найз гэх залуу ирсэн. Жамсранхүү дэлгүүрээс 2 шил архи авч ирээд бид хоёр хувааж уусан. Архи уугаад ажлаа хийж байсан. Би харанхуй болохоос өмнө гэрийн хөшиг татаад зогсож байсан чинь гадаа Жамсранхүү нөгөө залуутайгаа хэрүүл маргаан хийгээд зодолдоод цохиод авсан. Жамсранхүү алд хэрийн мод бариад хохирогчийг цохиод нөгөөдөх нь зугтаагаад гэрт орж ирсэн. Би юу болж байна гээд салгах гэсэн чинь Жамсранхүү ямар ч шалтгаангүйгээр намайг цохиод авахаар нь алуулах юм байна гээд зугтаагаад явсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

3. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 15-ны өдрийн 769 дугаартай дүгнэлтийн “Д.Буянцогтын биед нүүр цээж зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд шарх, хоёр шүдний ганхалт үүсчээ. Эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-р хуудас/ болон О.Жамсранхүүгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 24-25-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 21-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Ж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

Хохирогч Д.Буянцогт нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн  байна.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ж нь 2017 оны 09 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ны хашаанд Д.Буянцогтыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Буянцогтын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 769 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч О.Ж-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиадхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ж-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ж-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС