Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00181

 

МАГАДЛАЛ

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр

хэлтсийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00073 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч БГД, ЦГНХ,

Д.Г-ыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 76 дугаар байрны 00 тоотод оршин суух Д.Г нь байнгын архидан согтуурч 2019 онд 4 удаа тус хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан, олон жил архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа, эмнэлгийн дүгнэлтээр согтуурах донтой өвчтэй нь тогтоогдсон, ар гэр болон 18 дугаар хорооноос архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү. Тэрээр 2016 оноос хойш 30-40 удаа эрүүлжүүлэгдсэн, өмнө нь архины албадан эмчилгээнд явж байсан, эмнэлгийн дүгнэлт гарсан болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архи уудаг, олон удаа эрүүлжүүлэгдсэн, намайг согтуу ирэхээр аав цагдаа дуудсан, би архины эмчилгээнд явна гэжээ.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан Дархан овогт Дашнямын Ганбатыг архины албадан эмчилгээнд хамруулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Д.Гыг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Г давж заалдах гомдолдоо: Миний бие 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эмнэлэгт  ирсэн. Би Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 76 дугаар байрны 00 тоотод аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Аав, ээж хоёр өндөр насны тэтгэвэрт байдаг, дүү ажилгүй. Би Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод 100 тонны ачааны машинаар хувиараа нүүрс зөөж амьдралаа залгуулдаг. Уг автомашинаа лизингийн зээлээр авсан тул сар болгон 720 000 төгрөг банкинд төлдөг. Мөн сар болгон хүүхдийн мөнгөнд 120 000 төгрөг төлдөг. Иймд миний аж амьдрал, зээлийн эргэн төлөлтийн хэцүү байдлыг харгалзан үзэж, намайг эмнэлгээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заажээ.

Д.Г нь согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэж, ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, зөрчлийн шийтгэл хүлээж байсан болох нь БГД, ЦГНХ хүсэлт, Д.Гын тайлбар, эцэг С.Дашням, эх Д.Тунгалаг нарын өргөдөл, мэдүүлэг, Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн АСАП сангийн бүртгэл зөрчлийн лавлагаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 12-ны өдрийн 479 дугаар шийтгэвэр зэрэг баримтуудаар нотлогдож  байна. /хэргийн 5-7,11-12, 19-43, 46-47/

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Д.Г архинд донтох өвчний ll дугаар зэрэгтэй болохыг тогтоожээ. /хэргийн 44 дүгээр тал/

Иймд Д.Гыг архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн цагдаагийн байгууллагын хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Д.Г давж заалдах гомдолд дурдсан сар бүр банкны зээл болон хүүхдийн тэтгэлэг төлдөг гэх нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, түүнийг албадан эмчилгээнд явуулахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээд Д.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА         

                                        ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

                                                                                              Б.НАРМАНДАХ