Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2017/ДШМ/29

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн

Тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ц.Сонинмөнх

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхгэрэл

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх Нарийн бичгийн дарга С.Базардорж нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2014 1900 0281 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

            Монгол улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, 22 дугаар хороо, 34 байр 56 тоотод оршин суух, урьд 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жил тэнсэж хянан харгалзсан, 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2002 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д зааснаар 40 000 төгрөгөөр торгох, 2009 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг өршөөн хасч, 2 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлсэн, 2012 онд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай /шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 6 сарын 19-ний өдрийн 542 дугаартай дүгнэлт/ гэх Боржигон овогт Лувсандоржийн Отгонбаатар, /РД:МЖ80032714/.

 

            ******* нь согтуугаар 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 3-17 тоотод *******ийг цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны 148 дугаар шүүхийн тогтоолоор:

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Лувсандоржийн Отгонбаатарт холбогдох эрүүгийн 2014 1900 0281 тоот 3 хавтаст эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Аймгийн прокурорт буцааж,

            Шүүгдэгч *******т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар саарал өнгийн футволк 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, ногоон алаг өнгийн дисант даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн бүс /цэрэг бүс/ 1 ширхэг, хөх өнгийн цагаан судал бүхий дотоож 1 ширхэг, шаргал өнгийн оймс 1 хос, шар оруулгатай хар өнгийн пүүз 1 хос болон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, туршилт хийх ажиллагааны бичлэг бүхий си ди 2 ширхэг, *******ын дахин байцаалтын си ди 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгаж,

            Иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Улсын яллагч давж заалдах шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаартай тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасныг зөрчиж, хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь шинжээчийн 2014 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 40 тоот: “...1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлсээс 6 ширхэг гарын мөр илрүүлж №2, 3, 4, 5, 6 гэсэн дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй харин №1 гэсэн дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн №2 гэсэн дугаартай гарын мөрнүүд папилон санд байгаа дардаснуудтай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байгаа боловч хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 86-88, 94-100, 101-103-рт/ гарсан бөгөөд уг дүгнэлтэд шинжээч хариулбал зохих асуултад хариулт өгсөн, шүүхээс уг хэрэгт 2015 оноос хойш 3 удаа буцаахад уг шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа шүүхээс хэрэгт ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл шүүхэд шилжин ирсний дараа 3 удаагийн шүүх хуралдаан дээр хутгыг шүүгчийн туслахаар бариулан шинжлэн судлуулж байсан зэргээр уг хутганд дахин гарын мөр илрүүлэх шинжилгээ хийлгүүлэхээр заасан нь ойлгомжгүй байна.

            Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт “Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана” гэж заасныг прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн аль хэсэгт юу гэж бичсэнийг хууль зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Улсын яллагчаас яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн *******ын биеийн байцаалтад түүний “овог, эцгийн нэр, нэр”-ийг, “арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана”-ыг бичихдээ *******ыг ялтай байхдаа, согтуугаар 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд *******ийг цээжин тус газарт нь хутгалж, шууд бус санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэж, “арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдах”-даа хэргийг “хутгалах” аргаар, шууд бус санаатай, бусдын амь нас хохирсон талаар болон сэдэлтийг хэрэгт цугларсан шаардлагатай бичгийн нотлох баримтуудыг дурдаж бичсэнээр тодорхойлон өгсөн байхад, тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдахыг тодорхой тусгасан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй, хууль тогтоогчид хуулинд “хэргийн товч агуулгад арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирлын талаар заавал дурдсан байна” гэж хуульчлаагүй байхад шүүх бүрэлдэхүүн уг заалтыг хэт нэг талыг барьж ойлгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл болгосныг хүлээн авах үндэслэлгүй байна.

             Хэрэг ямар байдалд яаж үйлдэгдсэн нь хэрэгт цугларсан болон яллах дүгнэлтэнд иш татсан бичсэн нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа бөгөөд хэргийг энгийнээр өгүүлбэл “******* нь 2014 оны 05 дугаар сарын 24- ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт түлэнхий хочит Сүхээгийн гэрт бусадтай буюу амь хохирогч *******тай архидан согтуурч байхад амь хохирогч нь зүй бус үйлдэл гаргаж *******ын нүүрэн тус газарт цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсны дараа уг гэрээс *******ыг гарахад араас нь удалгүй амь хохирогч гарсан” болох нь хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, “******* нь амь хохирогчийг хутгалах санаа нь анхнаасаа байгаагүй, хохирогч гэрээс гарахад нь араас нь хохирогчийг гарч ирж байгааг эргэж харахад зүүн гартаа хутга барьчихсан далайж байсныг харснаар түүнийг хутгалж алсан гэж үзсэн нь шууд бус санаатай байсан” гэж улсын яллагчаас нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн болно. Уг хэргийн сэдэлт санаа зорилгыг тогтоох талаар уг гэрт байсан гэрчүүдээс 2-3 удаа хууль сануулан /прокурор оролцон/ байцаалт авахад хэрэг үйлдэгдэх үед буюу амь хохирогч, ******* нараас өөр хүн байгаагүй, ямар үйл явдал болсныг хараагүй талаар гэрчлэн мэдүүлсээр байхад сэдэлт, зорилгыг хэрхэн ямар байдлаар тогтоолгохоор зааж буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар амь хохирогч, шүүгдэгч ******* нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн болох нь тодорхой харагдаж байгаа боловч улсын яллагчаас ямар сэдэлтээр уг гэмт хэрэг үйлдэгдэх болсныг хохирогч нас барсан хэргийн хувьд гэмт хэрэгт холбогдсон этгээдээс тодруулахаас өөрөөр ажиллагаа хийгдэх боломжгүй гэдгийг эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоогоогүй гэсэн нь ойлгомжгүй, хэрэгт цугларсан гэрч М.Хорлоогийн: “...Гэр орондоо ажил их хийж, үр хүүхдээ асарч халамжлах тал дээр маш сайн гэр орондоо их буурь суурьтай хариуцлагатай байдаг. Гэр орондоо надтай байх хугацаандаа архи тамхи хэрэглэдэггүй, ойр орчмынхоо хүмүүст их нэр хүндтэй, их халамжтай. Ажил төрлөөр явахдаа яаж явдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 58-59-рт/, гэрч Б.Лхагвасүрэнгийн: “...Ер нь болон бусад хүүхдүүдийн адил хичээл номоо хийдэг илүү дутуу зан ааш байхгүй. Төлөв даруу ямар нэгэн гаж буруу зангүй сургуулиас зохион байгуулсан арга хэмжээнд идэвхитэй оролцдог хүүхэд байсан. Ар гэрийн анхаарал халамж сайн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-рт/, гэрч Б.Мөнх-Эрдэнийн: “...хичээл сурлагандаа идэвхтэй сайн сурдаг байсан. Илүү дутуу зан ааш байхгүй хүнд их тусархуу хүүхэд байсан ба аав ээж нь галуучин хийдэг Отгонбаатар галуу малладаг байсан...Хэрэг төвөгт холбогдож, зодоон цохион хийж байгаагүй. Арван жилийн сурагч байхдаа даруу төлөв хүнтэй их нийтэч, ажилсаг хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 62-63-рт/, гэрч Б.Цолмонгийн: “...Отгонбаатарыг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-67-рт/, гэрч Г.Цоожсүрэнгийн: “...Бага байхдаа их даруухан илүү дутуу зангүй хүүхэд байдаг байсан. Гэр орондоо болон бусад нийгмийн ажилд идэвхтэй оролцдог ажилсаг хүнд их тусархуу хүүхэд байсан. Сургууль төгсөөд би эндээс яваад Улаанбаатар хотол ахлагчийн сургууль төгсөөд тэндээсээ цэргийн ангид ажиллаж байгаад сүүлд нь биеийн тамирын сургуульд орж төгсөөд эргэж Зүүнбүрэн суманд ирсэн арван жилийн сургууль төгсөөд уулзалдаж байгаагүй. Дарханд эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг гэж сонсож байсан...Хэрэг төвөгт холбогдож, зодоон цохион хийж байгаагүй. Арван жилдээ даруухан хүүхэд байдаг байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 64-65-рт/ болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн гэх тогтоол, магадлалын хуулбарууд, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, яллагдагчаар өгсөн *******ын амьдралын түүхчилсэн байцаалт, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тал бүрээс нь хувийн байдыг тогтоосон,

            Прокуророос яллах дүгнэлтийн хавсралтанд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох саналыг давхар тавьсан байхад түүний ямар хувийн байдлыг ямар нотлох баримтаар тогтоолгох шаардлагатай байгааг заалгүйгээр хэт ерөнхий заалт бичиж буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

            Улсын яллагчийн яллах дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж ирүүлсний дараа хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн шүүх бүрэлдэхүүнийг дүгнэлт хуульд нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой болно.

 

            Иймд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаартай тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 35 минутад гардан танилцсан болно гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар шүүхийн тогтоолыг улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзвэл:

            Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 322 тоот магадлалд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахаар заасан шаардлагатай ажиллагааг бүрэн гүйцэт биелүүлээгүй байна /2-р хх-78-82/.

           

            1.Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 8-р сарын 29-ны өдрийн яллах дүгнэлтэд “1.Яллагдагч ******* нь ялтай байхдаа, согтуугаар 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, Өгөөмөрийн 3-17 тоот хашаанд *******ийг цээжин тус газарт нь хутгалж, шууд бус санаатай алсан гэмт үйлдэлдээ Монгол улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллагдах бүрэн үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр тогтоосугай” гэжээ. Гэтэл гэмт хэрэг хэдийд гарсан хугацааны талаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-5/, 2014 оны 5 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, /1-р хх-1/, байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, бусад оролцогч нарын мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас өөрөөр буюу яллах дүгнэлтэд “2014 оны 05 дугаар сарын 24- ний өдөр” гэж гэмт хэрэг гарсан өдрийг зөрүүтэй бичигдсэн байна. Энэ нь хэргийн талаар нотолбол зохих асуудлуудын нэг болох Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэргийг хэдийд гарсан байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно.

           

            2. Магадлалын хянавал хэсгийн 1-д “Мөрдөн байцаалтын шатанд талийгаач *******ийн цээжний баруун дээд хэсгийн шархнаас бусад түүний биед учирсан бусад гэмтэл хэрэг гарах үед, эсхүл хэн хэдийд, хэний үйлдлийн улмаас учруулсныг цаг хугацааны хувьд нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай” гэжээ. Үүнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын шатанд яллагдагч *******, гэрч Т.Алтан-Оргил /3-р хх-48/, гэрч М.Мөнх-Эрдэнэ /3-р хх-46-47/, гэрч Н.Отгонбаяр /3-р хх-45-45/, гэрч Б.Баянмөнх, шинжээч эмч О.Болор нараас тайлбар авсан байх боловч гэрч Ж.Эрдэнэбаатар /хоч нь Маам/, Ч.Эрдэнэбат нараас мэдүүлэг аваагүй байна. 3. Магадлалын хянавал хэсгийн 2-д “... Уг мэдүүлгийн дагуу гэмт хэрэг гарсан байдлыг сэргээн дүрсэлж, төсөөтэй эд зүйл дээр энэ хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтэнг оролцуулж туршилт хийж, талийгаач *******ийн цээжний баруун дээд хэсгийн шархыг үүсгэсэн хутганы ирний байрлал, чиглэл, хэмжээ, хүчний үйлчлэл зэрэг ямар байж болох, ялтан ******* хэрэг гарах үед ямар хувцастай байсан, түүний мэдүүлэгт тусгагдсан майк тухайн үед урагдсан эсэх, талийгаач ямар үйл хөдлөл хийхэд дээрх шархыг санаатай, болгоомжгүй эсвэл аргагүй хамгаалалт, гарцаагүй байдал байсан эсэх талаар харьцуулж тодруулах нь зүйтэй” гэжээ. Мөрдөн байцаалтын шатанд “гэмт хэрэг гарсан үйлдэл байдлыг сэргээн босгож, дүрслэн тодруулж шалгах зорилгоор” 2016 оны 5-р сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн туршилт хийх тогтоолын дагуу ажиллагаа хийгдэж, мөн өдөр туршилт хийсэн тэмдэглэл үйлдэж, гэрэл зургийн үзүүлэлт, туршилтын ажиллагааг явцыг CD хуурцагт бичиж хэрэгт хавсаргажээ /3-р хх-50-57/. Дээрх туршилт хийсэн ажиллагаатай холбогдуулан 2016 оны 5-р сарын 25- ны өдрийн шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоолын дагуу томилогдсон шинжээчийн 2016 оны 6-р сарын 03-ны өдрийн 63 тоот дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй байна /3-р хх-58-59/. Мөн шинжээчид тогтоолгохоор тавигдсан 1 дэх асуултад бүрэн гүйцэт хариулаагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр” тусгана гэсэн заалтыг хангаагүй байна. Шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч И.Ганболор мөрдөн байцаалтын шатанд байцаагдахдаа “...хавтас хэрэгт авагдсан талийгаач Цэнд-Аюушийн биед үүссэн хутганы шархны зураг болон шинжээчийн дүгнэлтийг харахад хутганы ирний үзүүр хэсэг нь 7 цагийн чигт, хутганы мөр нь 1 цагийн чигт байсан ба 06 цаг 30 минутын байрлалд байх боломжгүй харагдсан... харин давхралдаж унахад үүссэн хутганы шарх нь ямар цагийг заадаг, заах ёстой талаар нарийн тайлбарласан тайлбар үндэслэл байхгүй юм” гэсэн нь ойлгомжгүй, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаагүйн дээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийх”, 14.1.2-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах” гэсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасны дагуу шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан гэж үзэх, түүний үнэн зөв эсэхэд эргэлзээ төрөхүйц байх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлд заасны дагуу дахин шинжилгээ болон шаардлагатай тохиолдолд шинжилгээг бүрэлдхүүнтэйгээр хийх нь зүйтэй байна.

            Мөн мөрдөн байцаалтын шатанд Магадлалын “... талийгаач Ц.ЦэндАюушийн цээжний баруун дээд хэсгийн шархыг үүсгэсэн хутганы ирний байрлал, чиглэл, хэмжээ, хүчний үйлчлэл зэрэг ямар байж болох, ялтан ******* хэрэг гарах үед ямар хувцастай байсан, түүний мэдүүлэгт тусгагдсан майк тухайн үед урагдсан эсэх,” гэж заасан ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй байна. 4. Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 5-р сарын 24-ний өдрийн 40 тоот /1-р хх-101-102/ дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ гэсэн хэсэгт “Шинжилгээнд хүрэн өнгийн иштэй хутга, улаанбаатар архины шил, ундааны сав ирүүлсэн байх бөгөөд шинжилгээ хийлгэх тухай тогтоолд дурьдсантай тохирч байна...гарын мөр үзэхэд архины шил болон ундааны саван дээрээс гарын мөр илэрснийг” гэж дурьдаад дүгнэлт хэсэгт “шинжилгээнд ирүүлсэн зүйлсээс 6 ширхэг гарын мөр илрүүлж ...” гэсэн нь ойлгомжгүйн дээр шинжээчид тавигдсан асуултанд бүрэн гүйцэт хариулаагүй, дутуу хариулсан, хутганд дээр гарын мөр илэрсэн эсэх талаар дүгнэлт гаргаагүй талаар дүгнэсэн шүүхийн тогтоолыг буруутгах боломжгүй байна. Иймд *******т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцаасан шүүхийн тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар мэдэх гэрч нарыг хуульд заасан журмын дагуу байцаасан мэдүүлгүүд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжууд, анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолууд, давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбарууд, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Шүүх сэтгэц гэм судлалын 542 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх “... ******* онц хүнд гэмт хэрэгт холбогдсон байхад Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тогтоогоогүй” гэсэн нь тодорхой бус байх ба тухайлбал дээрх нөхцөл байдлуудад тогтооход шаардлагатай шүүгдэгчийн хувийн байдлын талаар юуг тогтоохыг тодорхой зааж өгөөгүй нь буруу болохыг цаашид анхаарвал зохино.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2.Улсын яллагчийн бичсэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай

      3. Шүүгдэгч *******т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4. Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                            ШҮҮГЧИД                                Г.БОЛОРМАА

                                                                                                                                                  Т.ЭНХМАА