Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 97

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав,

       Шүүгдэгч: Г.З,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Г-ын З-т холбогдох эрүүгийн 201720000181 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 15-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 1-64 айл 29 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОЭ78031575, Х овгийн Г-ын З.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.З нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Хархираа” амралтын газарт’ хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

                1. Хохирогч Б.Б-ын 2017-06-25-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбоо”-ны 20 жилийн ойн арга хэмжээ болж Увс аймгийн “Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбоо”-ны тэргүүн М.М тус үйл ажиллагааг ерөнхийд нь удирдан зохион байгуулсан. Ойн арга хэмжээ аймгийн Улаангом сумын 2 дугаар багт байрлах “Хархираа” амралтын газарт зохион байгуулагдсан бөгөөд тэр өдөр уралдаан тэмцээн, хүлээн авалтын арга хэмжээ болж тарсны дараа хүмүүс амарцгаасан. Миний хувьд амралтын газрын доод талд майхан бариад тэндээ амарч байгаад өглөө нь буюу 2017 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 05-06 цагийн үед сэрээд майхныхаа дэргэд зогсож байтал дээд хэсэгт хүмүүс шуугиад байхаар нь манай найзууд байгаа юм байх гэж бодоод яваад очиход аймгийн ЗДТГ-ын дарга Б, Өлгий сумын засаг дарга Ш нар хоорондоо хэрэлдэж маргалдаад зодолдох дээрээ тулчихсан байсан. Тэгээд тэр хоёр бие биетэйгээ барьцалдаад авахаар нь би салгах зорилгоор дундуур нь ороход тухайн үед тэнд байсан З хүрч ирээд намайг татаад миний зүүн талын шанаан тус газар цохиод авсан. Тэгэхээр нь би түүнийг түлхээд цааш нь холдуулаад З-тай маргалдсан. Тэгээд эргээд харахад М гүйж ирээд миний нуруу хэсэг рүү өшиглөөд унагаасан. Намайг газарт унасан байхад М, З нар миний хөл болон цээжрүү өшиглөж дэвссэн. Тэгтэл цаанаас Г ирээд “Болиоч, юу болж байна” гээд биднийг салгасан. Тэгж байтал Б ирээд бид нарыг салгаад намайг “Бос” гэхэд би хөл дээрээ гишгэж чадахгүй байсан. Тэгээд доор үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарыг дуудаж машинд хүргүүлээд тэндээсээ аймгийн төв рүү эмнэлэгт хүргэгдэж ирсэн. З тухайн үед буюу Б, Ш нарыг хоорондоо хэрэлдэж маргалдаж байхад “Чамд ямар хамаа байна. Наад хоёр хүнээ зодолдуул” гэсэн аястай зүйл яриад намайг “Чи муу бацаан” гээд миний зүүн шанаан тус газар цохисон. М тухайн үед “Бацаанууд даврах болоогүй шүү” гэж хэлж ирээд намайг мөн цохисон. З, М нар хоорондоо найз нөхдийн холбоотой тул бие биенээ өмгөөлж тэр хоёр намайг цохисон. Миний хувьд З, М нарт ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Зодуулсны улмаас миний хөлөнд шилбэний тахилзуур ясны битүү хугарал, баруун шагайн үений бүрэн мултрал гэмтэл учирсан бөгөөд уг гэмэл нь М, З хоёр аль алин намайг дэвсэж байх үед үүссэн. Тэр хоёроос өөр хэн нэгэн надад огт гар хүрээгүй. З, М хоёр миний хөл, нуруу, цээж хэсэгрүү, ялангуяа баруун хөлний шилбэ хавьд хоёулаа зэрэг дэвссэн. Тийм болохоор хэнийх нь дэвссэн дэвсэлтээс болж миний хөл хугарсан гэдгийг ялгах боломжгүй, аль аль нь л дэвссэн. З, М нар намайг цохиж дэвсэж байхад бидний хажууд Г, Б, Б, Ш нар байсныг би харсан. Би Улаанбаатар хотод очиж томограф, MRI-д орсон бөгөөд тэр үед М, З хоёр надад тус тусдаа 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг өгсөн. Тэгээд эмчилгээндээ явж ирчихээд гэртээ хэвтэж байтал мөн тэр хоёр орж ирчихээд 2.000.000 төгрөг ширээн дээр тавьчихаад “Эмчилгээний зардал шүү” гэж хэлчихээд гарсан. Дээрх хүмүүс өөрсдийн хийсэн буруутай үйлдлээ ухамсарлахгүй, надаас чин сэтгэлээсээ уучлал гуйсан удаа байхгүй. Мөн надад “5.000.000 төгрөг өгье, чимээгүй салья” гэж хэлж байсан. Иймд би сэтгэл санаа болон бие махбодийн хувьд хохирол хүлээсэн тул гомдолтой байна. Бид нар урьд өдөр нь бүгд л архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн бөгөөд өглөө нь босоод маргалдаж байсан хүмүүс дээр очиход тэнд байсан Б, Ш, М, З нар бүгд л тодорхой хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй байсан. З миний шанаан тус газарт цохих үед би түүний цээжрүү нь гараараа түлхсэнээс өөрөөр би түүнийг зодож, цохисон зүйл байхгүй. Тухайн үед намайг зодсон газар нь тэгш, шулуун зүлэг бүхий газар байсан. Газарт унахад миний хөл хугарах боломжгүй бөгөөд би тэгш газар дээр унасан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16-р тал/,

               2.Хохирогч Б.Б-ын 2017-07-25-ны өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Миний хөл бүрэн гүйцэт эдгэрээгүй байгаа. З надад учирсан эмчилгээ, эм тарианы зардлыг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Миний биед учирсан гэмтлийг З учруулсан. Урьд байцаалт өгөхөд З өөрийгөө гэм буруугүй, намайг буруутай гэсэн аястай зүйл яриад, мөн тухайн үед буюу зодоон болох үед З бид хоёр маргалдахад М ирж салгаад намайг чичиж түлхээд байсан болохоор тэр хоёрыг намайг цохисон гэж хэлсэн. Миний биед учирсан гэмтлийг З учруулсан бөгөөд М-ийн хувьд намайг цохьсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэр үед М биднийг салгаад намайг татаж түлхээд байсан. Газар унасан байхад З л намайг өшиглөсөн ба хажууд нь М зогсож байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

 

               3. Хохирогч Б.Б-ын 2017-08-31-ний өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Би 2017 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тэнд байсан хүмүүс бүгд л архи уучихсан байсан. Миний хөл хугарах үед миний архи гараагүй байсан. М нь З бид хоёрыг зодолдож байх үед бид хоёрыг салгасан. Гэхдээ тэр үедээ намайг цохисон зүйл байгаа бөгөөд “Бацаанууд даварч болохгүй шүү, та нар одоо яах гээд байгаа юм бэ” гэх мэтээр хэлж байсан. Намайг татаж, чангааж, түлхэж, чичиж миний нуруу хэсэг рүү өшиглөсөн зүйл байгаа. Миний хөлийг З хугалсан. М миний нуруу руу өшиглөж З бид хоёрыг салгаад намайг “Одоо болно,  салцгаа, больцгоо” гээд татаж түлхээд байсан. Би газарт унасан бөгөөд тэр үед яг юу болоод байгааг одоо сайн санахгүй байна. Нэг эргээд харахад З, М нар миний ард зогсож байсан. Тухайн үед би архи уучихсан согтуу байсан бөгөөд намайг газар унахад миний хөл хугарсан. Тэгээд эргээд харахад миний дэргэд М, З нар надад хамгийн ойрхон зогсож байсан. Тэгээд ч М миний нуруу руу цохиж “ Та хоёр боль” гэж намайг татаж, чангааж байсан болохоор би М-г миний хөл рүү өшиглөж, дэвссэн гэж хэлсэн. Мөн тухайн үед миний хөл рүү яаж дэвссэнийг хараагүй, харах боломжгүй байсан. Учир нь би нүүр лүүгээ цохиулчих байх гэж бодоод нүүрээ гараараа  дарчихсан байсан. Анх байцаалт өгөхөд та надаас “Тэр хоёр таны хөлийг хугалсан юм бишүү” гэж асуухад би яг болсон явдлыг бүгдийг нь хараагүй, тэр хоёр хамгийн ойр байсан тул тэр хоёрын цохилтноос үүссэн гэж ойлгож тэр хоёр дэвсэж хугалсан байж магадгүй гэж хэлсэн юм. Яг үнэндээ би согтуу байсан болохоор тэр үедээ М, З нарын аль аль нь цохисон гэж ойлгосон. Учир нь намайг босох гэхэд миний дэргэд тэр хоёр хүн л байсан. Газар унаснаас гэмтэл үүсэх боломж байхгүй, газрын хувьд бага зэрэг налуу боловч тэгш шулуун зүлэгтэй газар байсан. Би хөлөө хөшиж унаагүй. Би тухайн үед болсон асуудлыг зориудаар худал мэдүүлж гуйвуулсан зүйл байхгүй. Намайг М, З нар аль аль нь цохисон. Гэхдээ М биднийг салгах зорилготой миний нуруу руу өшиглөж, татаж, чангааж түлхсэн. З бид хоёр зодолдсон, З намайг цохисон. Би З-тай зодолдсоны улмаас газарт унаад босох гэтэл миний хөл хугарсан байсан. Тэр үед З, М нар л миний дэргэд байсан. Хүн зодуулж байхдаа тэр нь миний яг тэнд дэвсээд тэр нь миний яг энд дэвссэн гэдгийг харах боломжгүй. Тэгээд ч хамгийн ойрхон л тэр хоёр байсан, мөн миний хөл хугарсан байсан тул би тэр хоёрыг аль аль нь дэвссэн байх гэж ойлгож өмнө нь тэгэж мэдүүлсэн. Сүүлд би тэнд байсан хүмүүс болон З, М нараас асуухад тэнд байсан хүмүүс хөл хугарсны дараа над дээр ирсэн, З та хоёр зодолдсон, харин  М та 2-ыг салгасан ” гэж хэлсэн. Г.З миний хөлийг дэвсэж хугалсаныг би сүүлд мэдэж дахин мэдүүлэг өгсөн. Би шууд санаатайгаар тухайн болсон асуудлыг худлаа мэдүүлсэн зүйл огт байхгүй, тухайн үед зодсон байж магадгүй гэж бодоод тийм байцаалт өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р тал/,

 

                4. Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийгмийн ардчилсан Монголын Залуучуудын холбоо”-ны 20 жилийн ойн арга хэмжээ Увс аймгийн Улаангом сумын 2-р багт байрлах “Хархираа” амралтын газарт зохион байгуулагдсан. Уг арга хэмжээг Увс аймгийн “Нийгмийн ардчилсан Монголын Залуучуудын холбоо”-ны тэргүүн М гэдэг хүн хариуцаж зохион байгуулсан. “Хархираа” амралтын газарт тэмцээн уралдаан хүлээн авалт болж орой хүмүүс амарсан. Миний хувьд дээд талд гэрт амарч байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 05-06 цагийн үед босоод гэрээс гараад зогсож байтал Өлгий сумын засаг дарга Ш ирж “Та төрийн албаны шалгалтанд хүн тэнцүүлээгүй” гээд над руу дайрч давшилж бид хоёр маргаж байсан. Тэгтэл Б, М, З, Г нар бид хоёрыг салгаад намайг О гэдэг залуу мод руу дагуулаад орсон. Тэгээд би модон дотор Отай цуг зогсож байтал гэрийн ойролцоо хүмүүс шуугилдаад зодоон болж байх шиг болохоор нь явж очиход Б газарт уначихсан байхаар би татаад босгох гэхэд “Хөл өвдөж байна, би босож чадахгүй байна” гэхээр нь машин дуудаж аймаг руу явуулсан. Б-ын хөлийг яг хэн хугалсныг би хэлж мэдэхгүй байна. Намайг очиход З, М, Г, Б нар Б-тай хамгийн ойрхон зогсож байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс бүгд тодорхой түвшинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэднээс Б, Г нар эрүүл байсан. Зодоон болох үед тухайн газарт цагдаагийн хоёр алба хаагч байсан тул тэдэнд болсон асуудлын талаар мэдэгдсэн. 1 жилийн өмнө Б, М, З нар “Нийгмийн ардчилсан Монголын Залуучуудын холбоо”-ны тэргүүнийг солих асуудлаар хоорондоо маргалдаж байсан. Тэр явдлаас болж тэд хоорондоо жаахан маргаантай байсан байхыг үгүйсгэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

                5. Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “....дээр шавар гэрийн дэргэд хүмүүс маргалдаж байх шиг болохоор нь яваад очиход Б дарга, Өлгий сумын засаг дарга Ш нар хоорондоо маргалдаад, хэрэлдэж байсан. Тэгтэл надтай хамт явсан Б тэдэн дээр очоод “Одоо хэрүүл маргаанаар яах гэж байгаа юм бэ” гээд Шыг салгасан. Тэгээд намайг Ш, Б нарын хажууд очиход Б эргээд шавар гэрлүү чиглээд алхахад З өөдөөс нь ирээд шанаан тус газар нь цохиход Б газар унасан бөгөөд тэр үед З Б-ын хөлнөөс нь чирээд эргүүлээд хөлөн дээр нь 2-3 удаа дэвссэн. Тэгтэл Б дарга гүйж ирээд бид хоёр тэднийг салгаад Быг босгоход Б хөл дээрээ гишгэж чадахгүй байсан тул доор байсан цагдаа нарыг дуудаж үүрүүлээд аймаг руу эмнэлэгт авч ирсэн. Миний харснаар бол Б-ыг газар унахад З өшиглөөд хөлөн дээр нь дэвсэж байсан. Хугарсан хөлөн дээр нь З л дэвссэн. З, Б нарын дунд хэрүүл болоогүй. Харин Ш, Б нар маргалдаад зодолдох гэж байхад нь салгахад З “Бацаанууд томрох болоогүй шүү” гэж хэлээд Бын шанаан тус газар нь цохиж унагаад хөл дээр нь дэвссэн. Тэдний дунд урьд нь өш хонзон байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед байсан хүмүүс урьд өдөр нь бүгд л архи уусан байсан бөгөөд өглөө нь архи уусан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

                 6. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийгмийн ардчилсан Залуучуудын холбоо”-ны 20 жилийн ойн арга хэмжээ Улаангом сумын 2-р багт байрлах амралтын газарт зохион байгуулагдаж би урилгаар оролцсон. Баярын арга хэмжээ дуусаад орой болж хүмүүс амарсан. Би тэр шөнө унталгүй сумын залуучуудтай юм ярилцаад хоносон. Тэгээд өглөө үүрээр нар гарч байхад би амарч байсан байр луугаа явж байтал шавар гэрийн дэргэд хүмүүс цуглачихсан бужигнаж байхаар нь яваад очиход аймгийн Тамгын дарга Б болон, М, З нар юм яриад сууж байтал Өлгий сумын засаг дарга Ш нэлээн согтсон байдалтай ирээд Бтай маргалдаж хэрүүл болоод зодолдох дээрээ тулсан. Тэгэхээр нь би Ш-ыг салгаж аваад Өлгий сумын залуучуудын байрлаж байсан байранд хүргэчихээд ирэхэд Г надад хандаж “Б З-т зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид З дээр очоод “Та нар яаж байгаа юм бэ” гээд З-ыг аваад гэрийн ард гараад тайвшруулаад буцаад ирэхэд Бын хөл нь хугарчихсан байсан. Тэр үед тэнд Г үлдсэн тул Г тэнд болсон асуудлыг хамгийн сайн харсан байх боломжтой хүн юм. Намайг очиход Б газар сууж байсан бөгөөд ерөнхийдөө зодоон дууссан, нэг нэгэн лүүгээ дайрч давшилсан шинжтэй байхаар нь би З-ыг аваад гэрийн хойд талд аваачаад тайвшруулсан. Би Б-ыг яг хэн цохисныг хараагүй. Намайг очиход л З Б-ыг цохисон гэж байсан. Тухайн үед тэнд Б, М, З, Г нар байсан бөгөөд зодоон дуусах үед нилээн олон хүмүүс цугларсан байсан. Хүмүүс цугларахаас өмнө тэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

                 7. Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Залуучуудын холбооны 20 жилийн ойн арга хэмжээ болсон. Залуучуудын холбооны тэргүүнээр М, би нарийн бичгийн даргаар ажилладаг юм. Бид нар тухайн арга хэмжээг Увс аймгийн Улаангом сумын 2-р багт байрлах “Хархираа” амралтын газарт зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд тэмцээн уралдаан, хүлээн авалтын үйл ажиллагаа болж, 2017 оны 06 дугаар сарын 03-ны орой тэндээ амарцгаасан. Маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 04-ний өглөө үүрээр нар мандсан байхад дээд талын гэр дээр хүмүүс бужигналдаад, хоорондоо том том дуугараад хүмүүс бөөгнөрсөн байсан тул би тэнд очсон. Тухайн үед З, Б нар хоорондоо барьцалдаад авчихсан байсныг нь тэнд байсан хүмүүс тал тал тийшээ салгаж байсан. Намайг очиход Б газар уначихсан, З дээр нь дараад энгэр хэсгээс нь барьчихсан байсан. Тэр үед Б-ын хөл хугарсан эсэхийг анзаарч хараагүй бөгөөд Б-ын хөл хугарсныг Улаангом суманд ирээд мэдсэн. Би яг З нь Бын хөл рүү өшиглөж байхыг хараагүй. Мөн З, Б нарын хажууд М зогсож байсан ба би М-г хүн цохиж байхыг нь хараагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

                 8. Гэрч Х.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр орой би сумын залуучуудтай хамт амраад өглөө нь босоод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б-тай уулзаж бид хоёр хоорондоо ойр зуурын юм ярьж байгаад би Бд хандаж “Төрийн алба хаагчийн шалгалтанд хүн тэнцүүлсэнгүй” гэж муудалцаж, хэрэлдээд барьцалдах дээрээ тулж байтал Б, Г, Б нар бид хоёрын дундуур орж салгасан. Тэр үед Б нь Б даргыг салгаад цааш нь дагуулаад, Г, Б хоёр намайг дагуулаад хоёр тийшээ эргэсэн ба Б намайг өрөөнд хүргэхээр явж, Г замаасаа буцаад Б, Б нар луу явсан. Би өрөөндөө очоод нэг тамхи татаад буцаад гараад ирэхэд Б газарт уначихсан орилж байхаар нь яваад очиход Б-ын хөл нь хугарчихсан байсан. Тэгээд эмнэлэг рүү хүргэх шаардлагатай гээд аймгийн төврүү явуулсан. Бын хөлийг хэн хэрхэн яаж хугалсныг мэдэхгүй. Намайг очиход Б-ын дэргэд М, З, Гөнтөмөр, Б нар байсан. Өөр хэн хэн байсныг сайн мэдээгүй, сүүлд хүмүүс олноор цугласан. Б намайг очиход “Хөл өвдөж байна” гээд суучихсан байсан ба тухайн үедээ М, З нар луу дайрч давшлаад “Хөл хугалчихлаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,                  

                 9. Гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Гадна хүмүүс шуугилдаад байхаар нь гараад ирэхэд Б, З, аймгийн ЗДТГ-ын дарга Б, Өлгий сумын Засаг дарга Ш, болон М нар бөөгнөрчихсөн хэрүүл болж байсан. Намайг харахад Б нь З-ыг гараараа толгой хэсэг рүү нь цохиход З газар унасан. Тэр үед байсан хүмүүс /яг хэн болохыг мэдэхгүй байна, тухайн үед байсан хүмүүсээс/ Б-ыг бариад авсан. Тэр үед З босоод Б луу зүтгээд цохих гэж байгаад дахин бүдэрч унасан. Б дээлтэй байсан тул дээлээ тайлаад З луу очоод дахин цохисон. Тэр үед М гүйж ирээд Б, З хоёрыг салгасан. Тэгтэл цаад талд нь ЗДТГ-ын дарга Б, Өлгий сумын засаг дарга Ш нар хоорондоо хэрэлдээд зодолдох дээрээ тулсан. Б тэр хоёр луу гүйж очиход З араас нь гүйж очоод Быг татаад толгой руу нь цохисон. Тэр үед Б зүгээр хөл дээрээ гишгээд явж байсан бөгөөд нэг мэдэхэд Б “Хөл хугарлаа” гэж хэлсэн. Удалгүй тэнд  цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүс бүгд нам жим болсон. Тэгээд би Улаангомруу явах гээд машин дээрээ ирэхэд Б нэг хүнд үүрэгдчихсэн шатаар бууж байсан. Би З-ыг Эрчимд ажилладаг гэдгээр нь танина. М-г сайн танихгүй бөгөөд зүс танина. Б-тай драм дээр үйл ажиллагаа болох үед танилцсан. М нь Быг цохисон зүйл байхгүй. Харин М тэднийг салгаж байсан. Анх З, Б нарыг хоорондоо хэрэлдэж маргалдаж байхад М цаана нь хараад зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

                 10. Гэрч М.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн “Нийгмийн ардчилсан Залуучуудын холбоо”-ны тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо”-ны 20 жилийн ой болж тус арга хэмжээг манай холбооноос Улаангом сумын 2-р багт байрлах “Хархираа” амралтын газарт зохион байгуулсан. Арга хэмжээний хүрээнд тэмцээн уралдаан, үдэшлэгийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Үдэшлэгийн арга хэмжээ дуусаад хүмүүс байр байрандаа очиж амарсан. Тэр шөнө би гэрт амраад өглөө нь буюу 06 дугаар сарын 04-ний өглөө нар мандаж байхад 06 цагийн үед гэрээс гарахад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б, Өлгий сумын засаг дарга Ш нар хоорондоо маргалдаад барьцалдаж зодолдох дээрээ хүрсэн. Тэгтэл нэг мэдэхэд Б гарч ирээд З, Б хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Энэ зодооны шалтгаан нь Ш, Б нарын хоорондох маргааныг таслан зогсоох гэснээс болж маргалдаж хоорондоо зодолдсон. Анх Б ирээд тэнд байж байтал З Б-ыг нэг удаа шанаан тус газар нь цохисон. Түүнээс болж тэр хоёр хоорондоо зодолдоход нь би очиж салгасан. Тэр хоёр барьцалдаад салахгүй, бие биенээ цохиод байхаар нь би салгасан бөгөөд тэр хоёр зодолдож байгаад Б газар унахаар нь би З-ыг татаж салгаад Б-ыг босгох гэхэд Бын хөл хугарсан байсан. Би яг Б-ын хөл хугарсан үйлдлийг бол хараагүй. Б нь З-тай зодолдож байх хугацаанд л түүний хөл хугарсан гэж бодож байна. Өөр ямар нэгэн байдлаар хугарах үндэслэл байхгүй. Б бид нарын дунд өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй. Би Быг зодож, цохиогүй бөгөөд салгах явцад татах, түлхэх, боль гэх мэтээр чаргууцалдаж, зууралдсан зүйл бол байгаа. Би тэр хоёрыг салгахдаа “Больцгоо, салцгаа” гэж хэлж л салгасан. Түүнээс өөрөөр элдэв янзаар доромжилсон зүйл бол байхгүй. Тухайн арга хэмжээг би өөрөө зохион байгуулсан учраас ямар нэгэн асуудал гаргачихвий гэж эмээж байсан.  Тухайн үед Б, З нарыг зодолдож байхад салгаад тэр асуудлыг таслан зогсооё гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан тул тэр даруйдаа тухайн газарт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарыг дуудсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,  

                11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №366 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Б.Б-ын биед гэмтэл учирсан байна. Баруун шилбэний тахилзуур ясны битүү хугарал, баруун шагайн үений бүрэн мултрал гэмтэл учирсан байна.  Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан  хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 36-р тал/,

            12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №353 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ Г.З-ын биед гэмтэл тогтоогдоогүй” гэжээ /хх-ийн 41-р тал/,

            13. Шинжээч Н.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 366 дугаартай дүгнэлтийг гаргасан. Б-ын биед учирсан баруун шилбэний тахилзуур ясны битүү хугарал, баруун шагайн үений бүрэн мултрал гэмтэл нь цөм нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь газарт унаснаас шууд үүсэх боломжгүй. Гэхдээ унах үед баруун хөл хөшигдөж унах үед үүсэж болно. Мөн уг гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр ч үүсэх боломжтой. Хэд хэдэн удаагийн үйлчлэлээр ч үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/,

            14. Шүүгдэгч Г.З-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р тал/,

            15. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн засаг дарга Т.Болдбаатарын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 1418 тоот тодорхойлолт /хх-ийн 66-р тал/,

            16. Хохирогч Б.Б-ын эмчилгээний зардал, хохирол төлүүлж авсан, гаргуулах хохирол, гомдолгүй талаархи Тодорхойлолт /хх-ийн 89, 96-р тал/,             

            17. Гэрч М.М-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Тухайн үед Б архи уучихсан согтуу байсан бөгөөд өөрөө хэлэхдээ “3 өдөр дараалан архи уусан. Төрсөн өдрөө тэмдэглээд найз нартайгаа цуг уусан” гэж хэлж байсан. Тэр болсон асуудлыг бүрэн гүйцэд санах ухаантай байсан эсэхийг мэдэхгүй байна. Нилээн согтолттой байсан учраас санахгүй байхыг үгүйсгэхгүй байна. Миний хувьд Б-ыг цохисон зүйл байхгүй. Гэхдээ З, Б хоёрыг салгах үед Б-ыг түлхэж холдуулах зорилгоор “Боль, орхи” гэх мэтээр түлхсэн, ганц хоёр чичсэн зүйл байгаа. Би Б-ын хөлөн дээр нь өшиглөж, дэвсээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 109-р тал/,

            18. Шүүгдэгч Г.З-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие тус аймгийн Улаангом сумын 3-р багт эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Өмнө нь төрийн байгууллагад тасралтгүй 12 жил ажиллаж байсан. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо”-ны 20 жилийн ой Улаангом сумын 2-р багт байрлах “Хархираа” амралтын болж, арга хэмжээний хүрээнд тэмцээн уралдаан, үдэшлэгийн үйл ажиллагаа болсон. Тэгээд тэр орой хүмүүс байр байрандаа амарсан. Намайг өглөө байрандаа амарч байтал гадаа хүмүүс маргалдаж хэрэлдэхээр нь би байрнаас гарч харахад аймгийн ЗДТГ-ын дарга Б, Өлгий сумын засаг дарга Ш нар хоорондоо маргалдаад зогсож байсан. Би тэр хоёрын маргааныг таслан зогсоож салгах зорилгоор тэдний хажууд очсон. Тэгтэл Б хүрч ирээд “Энд юу болж байгаа юм бэ” гэхэд нь би урдаас нь “Чамд хамаагүй, цаашаа бай” гэж хэлснээс болж бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд Б намайг түлхэхэд би түүний толгойн тус газар нь гараараа нэг удаа цохиход Б надруу дайрч бид хоёр зодолдсон. Б надруу дайрч намайг заамдаад авах үед бид хоёр газар унасан бөгөөд унахдаа би Б-ын доор нь унасан. Тэгээд босож ирээд салаад зогсож байгаад дахин бид хоёр бие бие рүүгээ дайрсан бөгөөд тухайн үед би Б-ыг цохиж газар унагаасан. Тэр үед Б “Миний хөл эвгүй болчихлоо” гэж байсан. Тэгээд удалгүй Б “Хөл дээрээ гишгэж чадахгүй байна, хөл хугарчихлаа” гэж хэлээд аймаг руу явсан. Б-ын хөлийг би хугалсан, түүнийг цохиод газарт унагаахад “Хөл эвгүй болчихлоо” гэж байсан ба тэр үед л хөл нь хугарсан. Мгийн хувьд Быг цохиогүй бөгөөд бид нарыг маргалдаж, зодолдож байхад салгасан юм. Б-ын хөл хугарсан асуудал нь миний буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Бид нар шөнө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хохирогч Б-т учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа ойлгож уучлалт хүссэн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Г.З нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Хархираа” амралтын газарт хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б, гэрч Ц.Г, О.Б, Б.Х, М.М, шинжээч эмч Н.Одбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №366 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгч Г.З-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг судалж дүгнэхэд: Шүүгдэгч Г.З, хохирогч Б.Б нар согтуугаар маргалдаж байсан хүмүүсийг салгах, маргааныг таслан зогсоох явцдаа үл ойлголцлын улмаас хоорондоо маргалдаж, улмаар зодолдсон, зодооны улмаас хохирогч Б.Б-ын биед хүндэвтэр хохирол учирсан нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байх тул Г.З-ыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан нь үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Г.З-ын гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч Б.Б-ын биед баруун хөлний шилбэний тахилзуур ясны битүү хугарал, баруун шагайн үений бүрэн мултрал гэх хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь нотлогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.            

            Шүүгдэгч Г.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан буюу хохирогч Б.Б нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэж мэдүүлсэн, мөн хохирол төлбөргүй талаар шүүхэд тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

            Шүүгдэгч Г.З-т ял шийтгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруй хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Шүүгдэгч Г.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч Х овгийн Г-ын З-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Г.З-аас гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.З энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.З-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ,

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН