Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0957

 

 

 

 

 

   2023         12           11                                   128/ШШ2023/0957   

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г...

Хариуцагч: Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У..., Д.Б...

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Б...

Нэхэмжлэлийн шаардлага: Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2.. тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байх хугацааны цалин 5,008,674.00 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж, ажилд эргүүлэн тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У..., хариуцагчийн өмгөөлөгч Д.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У...нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байх хугацааны цалин 5,008,674.00 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж, ажилд эргүүлэн тогтоолгох” тухай шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1.Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Б.Г.... ажилд түр томилох тухай” Б/01 дүгээр тушаалаар Б....Г... тус яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн даргаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр түр томилжээ.  

2.2. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 649 дүгээр тогтоолоор “... уг тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 12 албан хаагчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.О.../-д үүрэг болгожээ.  

2.3 Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Б.Г... албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаал гарсан байна.

2.4.Тус шүүх Б.Г.... гаргасан “Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байх хугацааны цалин 3,495,474 төгрөгийн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж, ажилд эргүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 тоот тушаалаар Б.Г....ажлаас чөлөөлсөн. Тухайн үед хөл маань өвчтэй 1 сарын 25-ны өдөр хүртэл эмчилгээний чөлөөтэй байсан тул 01 дүгээр сарын 27-ны өдөр шинээр Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Э..... уулзаж тушаалтай танилцаагүй байгаа талаар мэдэгдэж хүний нөөцийн мэргэжилтэн Б.... дуудан тушаалыг хүлээн авч танилцсан. Би хүүтэйгээ хоёулаа өрх толгойлон амьдардаг. Хүү Монгол Улсын их сургуулийн оюутан, ипотекийн зээл төлөх, амьдрах зардлаа олохын тулд амьдралын шаардлагаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр өөр ажилд орсон бөгөөд тэрхүү байгууллага нь 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойших нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлж байгаа тул ажилгүй байх хугацааны цалинд оруулж тооцоогүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалинг тооцоолсон болно.” гэв. 

            4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би захиргааны хэргийн шүүхээр 2 жил шахуу явж байна. Сахилгын шийтгэл энэ хэргийн үндэс суурь, намайг жинхлэхгүй байх гол нөхцөл болж өнгөрсөн байгаа. Маргаан бүхий акт бодит нөхцөл байдалд тохирсон байна. Энэ шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу би 50%-ийн шаардлага хангаж байсан. Шаардлага хангаж байхад албаар өмнө нь сахилгын шийтгэл оногдуулаад 50%-ийн шаардлагаар жинхлэх боломжийг хязгаарласан. Төрийн албаны зөвлөлөөс хязгаарласан тухай албан бичиг ирсэн боловч авч хэлэлцээгүй. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдалд тохирохгүй байна. Мөн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн. Сахилгын шийтгэл нь зохион байгуулалттай ажил. Тийм учраас нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан хөдөлмөрлөх эрх, ажил мэргэжлээ сонгох эрхүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн захиргааны акт нь хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т захиргааны ерөнхий хууль дээр байхгүй эрх зүйн зохицуулалт байвал түүнийг Хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэнэ гээд зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас чөлөөлөх үндэслэлд тухайн хүн өвчтэй байгаа нөхцөлд ажлын байрыг хэвээр хадгалах гэсэн ийм заалт байгаа. Тэгэхлээр хуульд үндэслээгүй шийдвэр байна гэж үзэж байна.” гэв.     

5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Г.... Короновируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Б.Г.... ажилд түр томилох тухай” Б/01 дүгээр тушаалаар тус яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн даргаар түр томилсон.

Төрийн албаны зөвлөлөөс Короновируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны ерөнхий болон тусгай шалтгалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх асуудлыг мөн хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулах зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 43 дугаар тэмдэглэлээс гарсан шийдвэрийг төрийн байгууллагуудад хүргүүлсэн.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 52 дугаар хуралдаанаар Соёлын яамны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцээд тус яамны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хууль болон бусад хууль, журмын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “хяналт, шалгалтын мөрөөр арга хэмжээний тухай” 649 дүгээр тогтоолоор албажин, Соёлын яаманд ирүүлсэн байдаг.

Тус тогтоолын 2 дугаарт: “Энэхүү тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 12 албан хаагчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргат үүрэг болгосугай. Тогтоолын хавсралтын 3 дугаарт Б.Ганцэцэг, цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн” тогтоолын 6 дугаарт “Энэхүү тогтоолын биелэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төрийн албаны зөвлөлд ирүүлж, уг тогтоолын хэрэгжилтийг танилцуулж, тайлагнахыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус үүрэг болгосон.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт “зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал билүүлнэ” гэж заасан.

Дээрх хуулийн заалт болон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн гаргасан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны “Балжирсүрэнгийн Ганцэцэгийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/20 дугаар тушаал нь хууль ёсны үндэслэл бүхий захиргааны акт юм.

Б.Г.... Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны Б.Г.... холбогдох Б/2.... дугаар тушаалыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Ц.... утсаар мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан байх тул хуульд заасны дагуу дээрх захиргааны шийдвэрийг танилцуулсан гэж үзэх юм.

Иймд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны “Б.Г... албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/20 дугаар тушаал хууль ёсны захиргааны акт болно.” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тухайд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2.... тоот маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулъя, ажилд эргүүлэн томилуулъя, ажилгүй байсан хугацааны цалинд 5,008,674 төгрөг гаргуулъя гэж 10 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдүүлсэн байсан. Нэхэмжлэгч Б.Г.... тухайд Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Б/01 тоот тушаалаар, дараа нь 2022 онд Соёлын яам бүтэц хийсэнтэй холбоотой 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/36 дугаар тоот тушаалаар тус тус Корона вирус халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дугаар зүйлийг үндэслээд албан тушаалтныг сонгон шалгаруулах хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлэх гэснийг үндэслээд Соёлын яамны Мэдээлэл технологи статистикийн хэлтсийн даргаар түр томилсон. Өөрөөр хэлбэл анх албан тушаалд томилох үед сонгон шалгаруулах хугацаа буюу тийм боломж байхгүй байсан учраас Ковидын тухай хуулийг үндэслээд нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд түр томилсон гэдгээр хэн ч маргахгүй байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 06/2287 тоот албан бичгээр Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 43 дугаар хуралдааны тэмдэглэлээс төрийн бүх байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн байдаг. Корона вирус халдвар ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зүйлийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулаад мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны ерөнхий хуульд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх асуудлыг мөн хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулахыг төрийн захиргааны бүх байгууллагуудад хүргүүлсэн. Мөн ТАЗ-ийн 2022 оны 52 дугаар хуралдаанаас Соёлын яамны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах, томилох, үйл ажиллагааг хянан шалгалт хийх ажлын хэсгийн тайлан хэлэлцсэн. Тайланг хэлэлцээд Соёлын яамны зарим удирдлага, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр, төрийн албаны тухай хууль болон бусад хууль журамд холбогдох зүйл заалтыг зөрчсөн гээд ТАЗ-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 649 тоот хянан шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай тогтоолыг мөн хариуцагч тус яаманд хүргүүлсэн байгаа. Энэ тогтоолын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 649 тоот тогтоолын 2 дахь хэсэгт энэ тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 12 албан хаагчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга тухайн үед ажиллаж байсан С.Оюунбилигт үүрэг болгосон. Энэ тогтоолын хавсралтын 3 дахь хэсэгт Б.Ганцэцэг буюу Цахим бодлого мэдээлэл технологийн хэлтсийн дарга гээд төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 27.1, 33 дугаар зүйлийн 33.2 33.3-д заасныг тус тус зөрчсөн болохыг, тогтоолын биелэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор ТАЗ хүргүүлэхийг мэдэгдсэн. Төрийн албаны төрийн захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Үүргийнх нь дагуу 1 дүгээрт Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/20 тоот тушаал гаргасан нь хуульд нийцсэн үндэслэл бүхий болсон.

Нэхэмжлэгч Б.Г.... тухайд Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт заасан төрийн захиргааны албан тушаал буюу төрийн жинхэнэ албан тушаалд буюу Соёлын яамны Мэдээлэл технологи статистикийн хэлтсийн даргаар түр томилогдон ажиллаж байсан. Энэхүү албан тушаал нь төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 болон 18.3 дахь хэсэгт зааснаар эрхэлсэн түшмэлийн албан тушаал буюу тухайн яамны хэлтсийн даргын албан тушаал хамаарч байгаа. Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ерөнхий шаардлага болон төрийн албаны тухай хуульд тусгай шаардлага тавьж өгсөн. Тусгай шаардлага дээр энэ тусгай шаардлага буюу ерөнхий шаардлагыг хангасан тохиолдолд эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллахыг хуулийн хэмжээнд зааж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага гэсэн 23 дугаар зүйлийн 23.2.2, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн тухайд үйлчилгээний албан тушаалд олон жил ажилласан болохоос төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд нэг жил 10 сард буюу түр томилогдон ажиллаж байх хугацаанд ажилласан байгаа. Өөрөөр хэлбэл 8 жил нь ч хангахгүй, ахлах түшмэлийн 4 жил нь ч хангахгүй зүйлүүд байгаа.

Хавтаст хэрэгт авагдсан Соёлын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 51 тоот төрийн албаны салбар зөвлөлийн албан бичиг ирээд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн албан тушаал дээр нь сонгон шалгаруулалт зарлаад, Б.Г....оролцсон. Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолын хуралдааны тэмдэглэл дээр нэхэмжлэгч би сахилгын шийтгэл авчихсан байсан учраас шаардлага хангаагүй гэдэг. Б.Г.... нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн ял шийтгэлгүй зэрэг нийтлэг шаардлага хангаж байна.

Харин төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд байгаа тодорхойлолтод ирүүлээгүй. Б.Г... нь 1997 оноос төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа боловч төрийн захиргааны албан тушаалд нэг жил 10 сар ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан эрхэлсэн түшмэлийн ангид хамаарах албан тушаалд томилогдохдоо төрийн албаны 8-аас доошгүй жил хангасан, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагуудыг хангахгүй байна. Ийм зүйл байгаа. Нэхэмжлэгчийн тухайд үйл баримтыг маргахгүйгээр би 50%-ийн шаардлага хангачихсан байхад гэдэг агуулгаар маргадаг. Тухайн үедээ 50%-ийн шаардлага хангаагүй байсан.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 649 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж зөрчлийг арилгах зорилгоор Соёлын яамны Цахим бодлого мэдээллийн технологийн хэлтсээр түр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар 26.1 дэх хэсэгт заасан захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахаас өмнө хууль ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд захиргааны шийдвэр гарахаас өмнө нөхцөл байдлын талаар тайлбар авах, санал гаргах, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д биечлэн уулзах зэрэг заасны дагуу ТЗУГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчийн хамт хүний нөөцийн мэргэжилтэн нар ТЗУГ төрийн албаны албанаас чөлөөлөх тухай шийдвэрээ гаргах, сонсох ажиллагааны мэдэгдлийг танилцуулж, сонсох ажиллагааг бэлдсэн, уулзах байдлаар танилцуулсан. Харин сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг өгөхөд Б.Г....тухайд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагт хийх хүсэлт гаргаад хойшилсон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл 27.5 дахь хэсэгт заасныг үндэслээд түүний хүсэлтийг хүлээн авч 2023-ын оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болон өөрчилж сонсох ажиллагааны тайлбараа санал гаргах боломжоор нь хангасан. Цахим бодлого мэдээллийн технологийн хэлтсийн дарга түр томилогдон ажиллаж байсан Б.Г.... тухайд сонсох ажиллагааны тайлбар, санал гаргах хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагаас өмнө ямар нэгэн байдлаар тайлбар гаргаагүй, тодорхой шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгч сонсох ажиллагаа явуулахад тайлбар санал гаргаагүй учраас хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шинжлэн судлаад өмгөөлөгчийн тайлбар гаргасан. Санаатайгаар хүрэлцэн ирээгүй, тайлбар гаргаагүй байх тул холбогдох албан тушаалыг хуульд нийцүүлж төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Б.Г..... албан тушаалын шийдвэр хуульд нийцсэн гэж харж байна.

Сахилгын шийтгэлтэй холбоотой асуудал өмнө нь шийдэгдээд дуусчихсан. Хэрэгт хамааралгүй. Бодит байдал нийцсэн байх ёстой гэдэг. Бодит байдал нийцсэн байдлаар ТАЗ-ийн болон Төрийн албаны тухай хуульд нийцүүлсэн байдлаар шийдвэр гаргасан. Шийдвэр нь харин хуульд нийцсэн үү үгүй юү гэдэг дээр би сая гэдэг хуульд нийцжээ гэж. агуулга дараагийн нэг манай нэхэмжлэгчийн гол маргаад байгаа зүйл ийм байна.

Өвчтэй гэдэг байдлаар тайлбар хэлж байна. Шүүгчийн захирамжийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Соёлын яам буюу төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны нэгдсэн системд үзлэг хийсэн байгаа. Үзлэгээр нэхэмжлэгч 2 хүсэлт гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00:17 минутад хүсэлт илгээсэн. Өөрөөр хэлбэл тухайн сарын 11-нд хүсэлт илгээгээгүй. 01 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгийн чөлөө авах тухай гээд дахин 7 хоног байна гээд амбулаторийн бичиг ирүүлсэн. Дээрх үйл баримтаар харахад нэхэмжлэгч 01 дүгээр сарын 10-ны өдөр сонсох ажиллагааны ажиллагааг мэдэгдэхээс өмнө өвчтэй гэдэг талаар баримт илгээгээгүй. Зөвхөн амбулаторийн дэвтэр 01 дүгээр сарын 13гэсэн бичиг байсан. Амбулаторийн дэвтэрт эмнэлэгт үзүүлсэн гэсэн болохоос ажлаас чөлөөлсөн гэдэг зүйлүүд байхгүй.

Ажиллаж болохгүй гэсэн өвчний жагсаалт ч юм уу, тэмдэглэсэн зүйл байхгүй. Бид өвчтэй байгаа үедээ ажлаас чөлөөлөгдөхдөө эмнэлгийн байгууллагын магадалгаагаар чөлөөлөгддөг. Хүчин төгөлдөр эмнэлгийн магадалгаа гэж засваргүй, ойлгомжтой, тодорхой дугаар, огноотой бичигдсэн, магадалгаа гаргасан эмч, эмнэлгийн байгууллагын эх баригч, амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, ерөнхий эмчийн орлогч нарын овог нэр, албан тушаалыг бичиж гарын үсэг зурж байгууллагын тамга, эмчийн тэмдэг дарснаар хүчин төгөлдөр байна. Өнөөдрийг хүртэл ийм бичиг баримт ирээгүй. Нэхэмжлэгчийн бие 2021 онд өвдөж, хөл нь хугарсан гэсэн оноштой байж болно. Гэхдээ нэхэмжлэгч яг ийм байдалтай байгаа учир ажилдаа явах боломжгүй байна гэсэн эмнэлгийн магадалгаа, албан ёсны чөлөө аваагүй байна. Тушаал гарах үед өвчтэй байсан мэдээлэл хариуцагч байгууллагад ирээгүй. Нэхэмжлэгчийн өнөөдрийн байдлаар гаргаж өгсөн баримт хуулийн шаардлага хангахгүй зүйлүүд байна. Тиймээс хариуцагч байгууллагын гаргасан шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж байна.” гэв.

7.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “н.Ц.... нэхэмжлэгч Вайбераар мэдэгдсэн гэдэг тайлбар өгч байна. Нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолт авагдсан байгаа. тодорхойлолтын хамгийн хойд талын хуудас дээр дээд шатных нь шууд харьяалах албан тушаалтан стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/1.... тоот Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан журам байгаа. Журмын 8 дугаар зүйлд амралт, чөлөө, тэтгэмж, тусламж авч байгаа тохиолдолд ямар дарааллаар явах ёстой вэ гэдгийг зааж өгсөн. Нэгжийн дарга буюу хэлтсийн дарга, албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд шууд удирдах даргадаа чөлөө авах талаар урьдчилан мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтод шууд удирдлага нь буюу Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга буюу н.Б.... гэдэг хүнд мэдэгдэх ёстой байсан. Вайбераар төрийн захиргаа удирдлагын газрын түр орлон гүйцэтгэгчид мэдэгдсэн гээд байна. Вайбер чатыг нь өнөөдөр үнэлье гэхээр харьцсан ч уу, үгүй ч уу, үзлэг хийсэн зүйл байхгүй. Үнэлэх ямар ч боломж байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн ярьж байгаа баримт үндэслэлгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

2.Нэхэмжлэгчээс “Миний бие төрийн албаны тухай хуульд заасан тухайн албан тушаал дээр жинхлэн томилогдох болзол, шаардлагыг хангасан байхад маргаан бүхий захиргааны актаар намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж”, хариуцагчаас “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 648 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс маргаан бүхий тушаалыг гаргасан. Маргаан бүхий тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй гэж” тус тус маргажээ.        

3.Нэхэмжлэгч Б.Г.... нь анх Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Б.Г... ажилд түр томилох тухай” Б/01 дүгээр тушаалаар Соёлын яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн даргаар түр томилжээ.

4.Дээрх тушаал нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, Коронавируст халдвар /ковьд-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, “Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээг тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05/14491 дүгээр албан бичиг зэргийг үндэслэл болгожээ.

5.Дээрхээс үзвэл Коронавируст халдвар /ковьд-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Г... нь маргаан бүхий албан тушаал болох Соёлын яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн даргын албан тушаалд түр томилогдсон байна.

6.Коронавируст халдвар /ковьд-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйл.“Хуулийн үйлчлэх хугацаа”, 18.1.“Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.” гэж зааснаас үзвэл ковьдын хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна.

7.Хэргийн оролцогч нараас Коронавируст халдвар /ковьд-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу маргаан бүхий албан тушаал дээр нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон гэх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

8.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ерөнхий, тусгай шалгалт шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг Коронавируст халдвар /ковьд-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

9.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалт, Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2.1.1, 3.1.2.“в”, 4.5 дахь заалтуудыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 649 дүгээр тогтоолыг гаргаж, хариуцагч Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна.

10.Уг тогтоолд “1.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 52 дугаар хуралдаанаар Соёлын яамны төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайланг хэлэлцээд тус яамны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15, 16, 17 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”, “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”, “Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам”, “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын холбогдох заалтыг тус тус зөрчсөнийг тогтоосугай. 2. Энэ тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий 12 албан хаагчийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.О.../-д үүрэг болгосугай” гэжээ.

11.Тогтоолын хавсралтын 3-т Б.Г..., Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэжээ.

12.Нэхэмжлэгчээс дээрх тогтоолын өөрт холбогдох хэсэгтэй маргаагүй байх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр байна.

13.Хариуцагчаас дээрх тогтоолыг үндэслэн маргаан бүхий 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн “Б.Г... албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/20 дугаар тушаалыг гаргажээ.

14.Маргаан бүхий дээрх тушаал нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэг, “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн  649 дүгээр тогтоол Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны А/16 дугаар тушаалаар баталсан “Соёлын яамны хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.10-д заасныг тус тус үндэслэл болгосон байна.

15.Төрийн албаны тухай 30 дугаар зүйл.“Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналт”, 30.2.“Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна.”, 65 дугаар зүйл.“Төрийн албаны төв байгууллага”, 65.6.“Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана.Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.”, 66 дугаар зүйл.“Зөвлөлийн бүрэн эрх”, 66.1.3.“иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;” гэж тус тус заажээ.

16.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар хяналт, шалгалт хийх эрхтэй байх бөгөөд хууль тогтоомж зөрчигдсөн тогтоогдвол хугацаа үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах, холбогдох байгууллага, албан тушаалтан Төрийн албаны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байна.

17.Дээрхээс үзвэл Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 649 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж гаргасан маргаан бүхий Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн Б/20 дугаар тушаал үндэслэл байна.

18.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г.... Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байх хугацааны цалин 5,008,674.00 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж, ажилд эргүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

19.Нэхэмжлэгчийн “Төрийн нарийн бичгийн дарга С.О.... нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа маргаан бүхий захиргааны актыг гаргасан тул захиргааны акт өөрөө хүчин төгөлдөр бус” гэх тайлбарын тухайд;

20.Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан Д.Б.... шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... Даргалагч: Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/20 тоот албан тушаал Б.Г... албан тушаалаас чөлөөлөх тушаалд тус яамны төрийн нарийн бичгийн дарга байсан төрийн нарийн бичгийн дарга байсан С.О... гарын үсэг зурсан уу? Зурсан бол хэзээ, хэдэн цагт гарын үсэг зурж баталгаажуулсан бэ?, Гэрч: Гарын үсэг зурсан. Үдээс өмнө 11-12 цагийн хооронд зурсан.” гэжээ.  

21.Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1015 дугаар албан бичгийн хавсралтаас үзвэл Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.О.... ажлаас чөлөөлсөн Монгол Улсын Засгийн газрын хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 22 минутад дууссан байх бөгөөд Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Соёлын яаманд хүргүүлсэн байна.

22.Дээрхээс үзвэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.О... нь албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө маргаан бүхий тушаалыг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн “Төрийн нарийн бичгийн дарга С.О... нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа маргаан бүхий захиргааны актыг гаргасан тул захиргааны акт өөрөө хүчин төгөлдөр бус” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. .Коронавируст халдвар /ковьд-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Төрийн албаны тухай 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г... Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/2... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байх хугацааны цалин 5,008,674.00 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтийг хийлгэж, ажилд эргүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ