Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/00315

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/00315

 

 

Н.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02604 дугаар шийдвэртэй, Н.Э-ийн нэхэмжлэлтэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн этгээдэд олгох нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов. 

Хүсэлт гаргагч Н.Э-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Эцэг Д.Намдаг нь 1932 оны 05 дугаар сард улс төрийн хэрэгт баривчлагдан мөрдөгдөөд, улмаар 1941 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ахин баривчлагдаж, 1943 оны 12 дугаар сард 7 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Шоронгоос 1947 онд суллагдан, 1958 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44 тоот тогтоолоор цагаатгагдсан. Аав минь 5 хүүхэдтэй бөгөөд би амьд сэрүүн байгаа ганц охин нь болно. Иймд хуульд заасан нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа : Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангахад татгалзах зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээд Прокуророос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Э нь Д.Намдагийн охин мөн байх тул нөхөн олговор олгох үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэжээ.

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч Н.Э-ийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан этгээдийн нөхөн олговор гаргуулахыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Н.Э-ийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэснээс гаргасан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна. Н.Э миний өмчлөлд ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй бөгөөд урьд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 7 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003586 дугаартай орон сууцыг өмчилж байсан хэдий тус байр нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасан орон сууцад хамааралгүй юм. Анхан шатны шүүх ч гэсэн уг орон сууцыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар олгосон орон сууцанд хамаарахгүй байна гэж зөв дүгнэсэн атлаа мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан нөхөн олговорыг олгох үндэслэлгүй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай, дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Хэлмэгдүүлэлтийн үед эд хөрөнгө хураасан эсэх талаар мэдэх ямар ч боломжгүй байсан. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, мэдүүлэг өгч байсан боловч анхан шатны шүүх "... тухайн үед эд хөрөнгө хураасан зүйп байхгүй..." гэж тайлбарлан дүгнэсэнд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хүсэлт гаргагч Н.Э нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн этгээдэд олгох нөхөн олговор гаргуулахаар шаарджээ.

Хэлмэгдэгч Донровын Намдагийг 1941 оны 10 дугаар сарын 09-ний өдөр баривчилж, 1943 оны 12 дугаар сард 7 жилийн хорих ялаар шийтгэсэн байх ба БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1957 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор түүнд холбогдох хэргийг хүчингүй болгож цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллежийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 176 дугаар магадлал, БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1957 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр тогтоол зэргээр тогтоогджээ. /хх 8, 11-12, 14-15/

Өмнө нь 1998 оны 6 дугаар сарын 5-нд шүүхийн шийдвэрээр 1 000 000 төгрөгийн нөхөн олговрыг Д.Намдагийн охин Н.Дарьсүрэнд олгосон үйл баримт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ. /хх 9-10/

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно гээд мөн хуулийн 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд дээрх хуулийн заалтын дагуу 40 000 000 төгрөг шаардаж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан. Энэ заалт нь хэлмэгдэгч Д.Намдаг эсхүл түүний эхнэрт уг үндэслэлээр гэр, орон сууц олгох тухай агуулгатай бөгөөд хэлмэгдэгч, түүний эхнэр зэрэг хүмүүст орон сууц олгогдож байсан эсэх үйл баримтыг тогтоох нь чухал юм.

Хэргийн 46 дугаар талд нэхэмжлэгч Н.Э-гийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө байхгүй тухай баримт авагджээ. Д.Намдаг эсхүл түүний эхнэр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр орон сууц, гэр авч байсан эсэх үйл баримтыг тогтоохгүйгээр мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Мөн тухайн хэрэгт Д.Намдагийн шийтгүүлсэн баривчлагдсан баримтууд авагдаагүй байгааг анхаарах, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам буюу сонинд зарлуулах өөр өв залгамжлагч байгаа эсэхийг магадлах зэрэг ажиллагаанууд хийгдсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/02604 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ш.ОЮУНХАНД