Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

 

 

Б.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “НХСО” ХХК-д холбогдох, 17 478 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүх, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: “НХСО” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй “Амар амгалан” 3 орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны, 710 тоот орон сууцны зориулалттай 40.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалгын гэрээг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулж урьдчилгаа 17 478 300 төгрөг төлсөн боловч одоог болтол байшин ашиглалтад ороогүй, байшин баригдахгүй нь тодорхой болсон тул урьдчилгаагаар өгсөн 17 478 300 төгрөгийг “НХСО” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “НХСО” ХХК нь барьж буй Амар амгалан 1,2,3 гэсэн хотхонуудыг 2017 оноос барьж төслүүдээ эхэлсэн. Гэтэл Чингис хаан банкнаас 1.9 тэрбум төгрөгийг манай зөвшөөрөлгүй татсан. Энэ асуудлыг Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж, одоогоор шийдвэр гараагүй байна. Мөн Амар амгалан 3 төслийг нүүдэлчин группээс худалдан авч, 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд суурийн ажлаа хийж байтал ... маргаан үүсэж, тухайн барилга байгуулах боломжгүй болоод өгсөн авсан зүйлээ буцаан өгөхөөр тохирсон боловч буцааж чадахгүй байдалд хүрээд байгаа юм. Уг төсөл хэрэгжихгүй болсонтой холбоотойгоор одоо баригдаад явж байгаа барилгууд руу шилжүүлж байгаа. Шууд мөнгийг буцаах боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НХСО” ХХК-аас 17 478 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 341 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “НХСО” ХХК-аас 245 341 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн байр баригдахгүй нөхцөл байдал үүсч хариуцагч компанид их хэмжээний хохирол учирсан. Гэвч хариуцагч компани орон сууц захиалагч буюу нэхэмжлэгчид бэлэн мөнгө гаргаж өгөх боломжгүй ч оронд нь баригдаж буй барилгаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу олгохыг санал болгосон. Гэсэн ч шүүх үйл баримтыг бодитоор үнэлэн авч үзэлгүй шууд мөнгийг олго гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн бол нэхэмжлэгчтэй хийсэн гэрээний үр дагаврыг тооцолгүй шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй бөгөөд тухайн гэрээг хүчин төгөлдөр байхад мөнгийг нь буцаан олгох боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн байр захиалсан мөнгийг яг тухайн орон сууцны суурийн ажил, газрын үнэд оруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “НХСО” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 17 478 300 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Г нь “НХСО” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй “Амар амгалан” 3 орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 2 дугаар орцны, 710 тоот 40.18 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 17 478 300 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан орон сууцны захиалгын гэрээ, мөнгө тушаасан орлогын ордер, кассын орлогын баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна./хх-4,5,6-8/

Талуудын хооронд захиалагчийн хөрөнгөөр гүйцэтгэгч орон сууц барин хүлээлгэн өгөх, захиалагч төлбөрийг төлөх үүрэг бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний 3.6-д зааснаар гүйцэтгэгч 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тухайн барилга баригдаагүй, ажлын үр дүн огт бий болоогүй тул захиалагч  гэрээнээс татгалзаж, өгсөн зүйлээ буцаан шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар үүсчээ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой. Гэвч хэргийн баримтаас хариуцагч 2 өрөө орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгч чадаагүй, орон сууцны үнийн урьдчилгаа 17 478 300 төгрөгийг нэхэмжлэгч хугацаандаа төлсөн үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагчийн “... суурийн ажлаа хийж байхад ... маргаан үүсэж, тухайн барилга байгуулах боломжгүй болсон ...” гэх тайлбараас үзэхэд ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон, захиалагчийн хувьд гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн 17 478 300 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй гэж үзнэ. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.  Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан гаргуулахаар шаардах эрхтэй тул 17 478 300 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсаныг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч хохирол шаардаагүй байхад Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримталсан байгаа нь оновчгүй байгаа хэдий ч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Хариуцагч нь гэрээний үр дагаврыг тооцсонгүй, гэрээ хүчин төгөлдөр байхад мөнгийг нь буцаан олгох боломжгүй гэх гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна гэсэн шаардлага нь гэрээнээс татгалзсан агуулгатай ба гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

          

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                

                               ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Б.НАРМАНДАХ