Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/56

 

Б.*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч П.Бат-Амгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр /цахимаар/

Шүүгдэгч Б.*******

Нарийн бичгийн даргаар Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлээр Б.*******т холбогдох эрүүгийн 1914008310038 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Батжаргалын *******,  .... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Б.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар баг. Гандангийн хашааны үүднээс Д.Найдандоржийн эзэмшлийн Мустанг-5 мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 348 тоотод байх П.Бат-Амгалангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06- нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 348 тоотод байх П.Бат-Амгалангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 8 690 000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ худалдааны захад эртний эдлэл зардаг Э.Энхбатын лангуунаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөөрөг хулгайлж бусдад 3500000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 354 тоотод байх Х.Осорын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 310000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.Амгалангийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл хулгайлж бусдад 660 000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.Амгалангийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 11 410 000 төгрөгийн хохирол учруулсан нийт 12 070 000 төгрөгийн хохирол учруулсан

 Б.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 350 тоотод /хуучнаар 3-11-12 тоотод/ байх Г.Амгалангийн байшингаас 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т тус тус зааснаар  зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын *******ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг  хууль бусаар устгаж гэмтээсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.*******ыг   6  жил 5 сарын   хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 720  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Б.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т  зааснаар оногдуулсан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг  6 жил  8 сарын  хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон нийт 151 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шүүгдэгч Б.*******аас нийт 150000 төгрөг гаргуулж, хохирогч П.Бат-Амгаланд 100000 төгрөг, Э.Энхбатад 50000 төгрөг  тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.*******аас нийт 20.160.000 төгрөгийн нэхэмжилснээс хохирогч П.Бат-Амгалангийн нэхэмжилсэн 2100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Бат-Амгаланд 5 990 000 төгрөг, хохирогч Г.Амгаланд 12 070 000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ундааны шатсан сав нэг ширхэг, хар өнгийн үдээстэй хос гутал нэг ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч П.Бат-Амгалан нь цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч ******* нь хохирогч Найдандорж, Энхбат, Осор нарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүхэд гаргасан 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй буюу шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд бус Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д... шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч Б.*******ын  гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Ц.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилснаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг олон хүний эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу санаатайгаар галдан шатаах хэлбэрээр үйлдсэн байхад ямар учраас Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ үүссэн болохыг тодорхой тайлбарлан дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн  нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Учир нь хохирогч Г.Амгалангийн амьдрах орон байр болох байшин нь доторх эд хөрөнгийнхөө хамт бүхэлдээ шатсан, харин хохирогч П.Бат-Амгалангийн гэр нь доторх эд хогшлын хамт шатсан үйлдэл нь шүүгдэгчийн хүсэж үйлдсэн гэм буруугийн санаа зорилгод түүний хүчин зүйлээс бус бусад нөхцөл байдпаас болж туйлдаа хүрээгүй хэдий ч эд хөрөнгүүд нь бүхэлдээ ахуйн болон амьдрал ахуйдаа хэрэглэхгүйгээр болсон, цаашид ашиглах ямар ч боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдаж байхад эргэлзээтэй гэж үзсэн үндэслэлгүй юм.

Нөгөөтээгүүр хэрэгт эд хөрөнгөөр хохирсон этгээдүүд болох хохирогч Г.Амгалан, П.Бат-Амгалан нар нь хууль эрх, ашиг сонирхлоо хамгаалуулан хохирогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хэдий ч тэдгээр хүмүүсийн ард гэр бүлийн гишүүд болох олон хүний өмчлөх эрх зөрчигдөж байгааг анхаарах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолд хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлгүй гарсан, хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаана уу гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: …  Олон хүний эд хөрөнгийг галдан шатаасан гэж үзэж байгаа бол хохирсон хүн бүрийг хохирогчоор тогтоох байсан. Анхан шатны шүүх хуулийн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор  В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг   прокурорын тус  шүүхэд  бичсэн  эсэргүүцлийн үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад:

Б.*******ыг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар баг. Гандангийн хашааны үүднээс Д.Найдандоржийн эзэмшлийн мустанг-5 мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 348 тоотод байх П.Бат-Амгалангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06- нд шилжих Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 348 тоотод байх П.Бат-Амгалангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 8 690 000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ худалдааны захад эртний эдлэл зардаг Э.Энхбатын лангуунаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөөрөг хулгайлж бусдад 3500000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 354 тоотод байх Х.Осорын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч 310000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.Амгалангийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд зүйл хулгайлж бусдад 660 000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг 3-11-12 тоот хашаанд байх иргэн Г.Амгалангийн хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон байр болох гэрийг, эд хогшлыг хамт санаатайгаар галдан шатаан устгаж, гэмтээсний улмаас бусдад 11 410 000 төгрөгийн хохирол учруулсан нийт 12 070 000 төгрөгийн хохирол учруулсан

 Б.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 10-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 350 тоотод /хуучнаар 3-11-12 тоотод/ байх Г.Амгалангийн байшингаас 1 ширхэг мөнгөн аягыг хулгайлж бусдад 120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т тус тус зааснаар  зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ “...Б.*******ын үйлдэлд олон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдал бий болгоогүй, хохирогч нарын гэрийг шатаах үед хүн байхгүй байсныг тэрээр мэдэж байсан нь ...тогтоогдсоноос гадна  ...Б.*******ын мэдүүлэг нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан үйлдлийг олон хүний амь  бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй...” гэж хууль зүйн үндэслэлгүй  дүгнэлт  хийжээ.

2 дугаар хавтаст хэргийн 42, 82 дугаар талд авагдсан ”.. гэрийн тооноор нь бензин асгаж шатаасан...”, байшингийн дээвэр дээр нь сууж байгаад байшингийн дээврийн завсараар бензин асгаж байгаад шатаачихсан” гэх  шүүгдэгч Б.*******ын хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь нас, эрүүл мэнд,эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн хүндрүүлэх шинжийг үгийн шууд утгаар нь ойлгох бөгөөд  галдан шатаах арга нь гэмт  этгээдийн  өөрийн ул мөрөө  арилгаж бусдын эд хөрөнгийг санаатай устгах  гэмт  санааны  зорилго сэдэлтээс хамаарахгүйгээр   хүрээлэн буй орчныг хамарсан гал түймэр гарах аюулыг дагуулдагаараа  нийгэмд аюултай байдлаар тайлбарлагдана.

Өөрөөр хэлбэл хүн ам нийтээрээ төвлөрөн амьдарч байгаа төв суурин газрын айл өрхүүд  түүнд амьдарч буй олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинж болжээ.

Энэ талаар  Прокурорын  “...шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг олон хүний эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу санаатайгаар галдан шатаах хэлбэрээр үйлдсэн..., ...  хохирогч хүмүүсийн ард гэр бүлийн гишүүд болох олон хүний өмчлөх эрх зөрчигдөж байгааг анхаараагүй...” гэж бичсэн эсэргүүцэл нь  хуулийн үндэслэлтэй байх тул  прокурорын эсэргүүцлийг  бүхэлд нь хүлээн авч анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШТ/145 дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Б.*******т анхан шатны шүүхээс хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хугацаагаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн  1.3-т  тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Прокурорын  бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т хэрэглэсэн  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан  шатны шүүхэд очтол   хугацаагаар  үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ                                                    Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД                                                       Л.НЯМДОРЖ

                                                                                   Б.БОЛОР-ЭРДЭНЭ