Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 98

 

          Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

            Шүүгдэгч: С.Б,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн С-гийн Б-т холбогдох, 1735000140023 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт :

             Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 06-17 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЮ91122310, Х овгийн С-гийн Б. 

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Б нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 66-84 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашин жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас насанд хүрээгүй Ц.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

        1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, /хх-ийн 7-12-р тал/,

       2. Жолооч С.Б-ийн 2017-07-09-ны өдрийн согтуурал шалгасан магадлагаа / 66-84 УНУ улсын дугаартай, Тоёото приус маркийн автомашины жолооч С.Б-ийг Цагдаагийн Газрын жижүүр дээр авчирж согтуурал шалгах багажаар үлээлгэж шалгахад 0.00 хувь  гарсан болно/ /хх-ийн 13-14-р тал/,

           3. Хохирогч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Увс аймагт байх Г гэх авга ахын гэрт байсан юм. Тухайн үед гэрт урд айлын Тооёоо ах, манай нөхөр, Г ах, эхнэрийн хамт байсан ба гадаа Б ах эхнэрийн хамт, мөн жаахан хүүхдүүд тоглож байсан. Тухайн үед би өөрийн хүү Э-ыг  хаана, хэнтэй тоглож байгааг мэдээгүй ба гэрийн гадаа л тоглож байсан. Тэгээд гэрт байж байтал гэнэт гэрийн гадаа “Хүүхэд дайрчихлаа” гээд орилолдоод байхаар нь гэрээс гарахад нөхөр Ц хүүхдээ тэвэрчихээд уйлаад зогсож байсан. Тэгээд би нөхөр, ахын хамт хүүгээ аваад Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нар анхан шатны эмчилгээ хийгээд, духан дээр нь оёдол тавьсан. Тэнд эмнэлэгт 1 хоночихоод маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр онгоцоор Улаанбаатар хотруу нөхөр маань хүүхдээ авч яваад Гэмтэл согог судлалын Үндэсний төвд очиж хэвтүүлсэн. Би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод очиход хүү маань тус эмнэлгийн Хүүхдийн гэмтэл согог судлалын 1 дүгээр тасагт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Миний хүүгийн гавлын яс нь цуурсан байсан тул 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тархины хагалгаанд орсон ба  үргэлжлүүлэн эмнэлэгт эмчлүүлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэгээс гарсан. Эмнэлгээс гарсны дараа Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны салбар амбулаторид очиж боолтоо хийлгэж байгаа. Цаашид нүд болон мэдрэл талаас нь үзүүл гэсэн учир маргааш “Эх нялхас”-д үзүүлэхээр цаг авсан байгаа. Тухайн өдөр буюу манай охиныг машинаар дайрах үедээ Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Одоо Э-ын биеийн байдал хэвийн байгаа ба эмч нар гам сайн барих юм бол зүгээр болно гэж хэлсэн. Б машинд суугаад хашаанаас гарах гээд ухрах хөдөлгөөн хийх үед нь Б орилсон гэсэн. Манай хүүхэд машины ойролцоо, машины доор ч юмуу ар талд нь тоглож байгаад унаад данхрат, машин хоёрын хооронд толгойгоо хавсарсан байх гэж бодож байна. Миний ах Б нь санамсаргүйгээр хүү Э-ыг машин доор байгааг харалгүйгээр машиныг асаагаад урагш явж дайрсан бөгөөд миний зүгээс Б ахад ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

        4. Шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож байсан автомашиныг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 25-26-р тал/,

         5. Гэрч М.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 06-р сарын 29-ний үеэр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом суманд өөрийн эхнэр О, хүргэн ах Б, өөрийн 3 настай хүү Б, 9 сартай Э нарын хамт өөрийнхөө эзэмшлийн 66-84 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар ирсэн юм. Тэгээд манай хадам ах Б, бэр эгч Б нар 2017 оны 07-р сарын 03-ны өдөр хадам талын ах болох Г-гийн хашаанд гэр бүрж хурим найраа хийсэн. Тэгээд би өнөөдөр буюу 2017 оны 07-р сарын 09-ний өдөр Г ахын гэрт байхдаа 0,5 литрийн лаазтай “Сэнгүр” нэртэй пиво 1 лаазыг уусан. Мөн Г ахын гэрт байсан ундааны савтай шимийн архийг уугаад сууж байгаад 14 цаг 40 орчим минутын үед хадам ах Б, бэргэн эгч Б хоёрт “Дэлгүүр яваад тамхи, ундаа аваад ирээч” гэж хэлээд өөрийнхөө 66-84 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашиныхаа түлхүүрийг өгсөн ба миний машин Г ахын хашааны гол хэсэгт, машины толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай зогсож байсан. Б машины жолооч талын суудалд, Б жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр суугаад Б машинаа асаагаад урагшаа 1 метр орчим явтал гэнэт хүүхэд уйлах шиг болсон гэсэн. Тэгтэл Б машинаа зогсоогоод буусан ба би Г ахын гэрээс гарч ирэхэд машины хаалганы дунд харалдаа машины доод талд манай хүү Э /Энхүүлэй/ уйлаад хэвтэж байсан. Тэгээд Б бид хоёр Э-ыг машины доороос татаж гаргахад Э-ын толгойноос нь цус гарч байсан тул би Э-ыг тэврээд машины урд талын суудалд суусан. Харин Б миний машиныг жолоодож,  ар талын суудалд манай эхнэр О суугаад бид гурав шууд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт авч ирж хүүгээ үзүүлсэн юм. Тэгээд эмч нар Э-ын биеийн байдлыг үзээд “Гавлын яс цууралттай, цус алдалт ихтэй, хамрын яс нь хугарсан байдалтай байна” гэсэн бөгөөд Э одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Б, Б нар миний машинд суугаад хөдлөхөд манай хүү Э  машины урд талд хэвтэж байсан байх. Тэгээд Б хүү Э-ыг харалгүйгээр машинаа асаагаад хөдөлчихсөн байх гэж би бодож байна. Би Э-ыг машины доод талаас татаж гаргахад Э машины гол хэсэгт хоёр дугуйны дунд хэвтэж байсан. Тухайн үед би Г ахын гэрт Г ах болон Буянтогтох нарын хамт байсан. Харин хашаан дотор манай эхнэрийн дүү Б байсан юм. Б машин асаагаад 1 метр орчим явж байтал манай хүү Б гэнэт орилсон гэсэн бөгөөд тэр үед хашаан дотор байсан манай эхнэр О-ний дүү Б “Э-г дайрчихлаа” гэж орилоход Б шууд зогссон юм. Манай хүү Э одоо 3 нас өнгөрч байгаа ба 2013 оны 10 сарын 08-нд төрсөн юм. Тухайн үед Б нь эрүүл байсан бөгөөд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай хүргэн ах Б нь санамсаргүйгээр миний хүү Э-ыг машин доор байгааг харалгүйгээр дайрсан бөгөөд миний зүгээс Б-т ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

         6. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 06 дугаар сарын 05-ны үеэр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом суманд ирсэн бөгөөд манай нөхөр Б нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү О, түүний нөхөр Ц нарын хамт Ц-ний эзэмшлийн 66-84 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар ирсэн. Б бид хоёр 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаангом суманд 04-р багийн нутагт байдаг хадам ах Г-гийн хашаанд гэр бүрж хурим найраа хийсэн юм. Өнөөдөр буюу 2017 оны 07-р сарын 09-ний өдөр 14 цаг 40 орчим минутын үед манай хүргэн дүү Ц архи уучихсан халамцуу байдалтай байсан. Тэгээд Ц нь нөхөр Б бид хоёрыг “Дэлгүүр яваад тамхи, ундаа аваад ир” гэж хэлээд өөрийнхөө 66-84 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн машиныхаа түлхүүрийг өгсөн ба уг машин нь Г ахын хашааны гол хэсэгт, машины толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай зогсож байсан. Тэгээд Б уг машины жолооч талын суудалд, би жолоочийн эсрэг талын урд талын суудалд суусан. Тэгээд Б машиныг асаагаад урагш хөдөлсөн бөгөөд урагшаа яваад удаагүй байтал манай нөхрийн төрсөн дүү болох Б  “Э-г дайрчихлаа” гэж орилсон тул Б зогсоод машинаас буугаад хартал манай хүргэн дүүгийн хүүхэд болох 3 настай Э /Э/ машины доод талд байсан. Тэр үед Ц гэрээс гарч ирээд Б-ийн хамт Э-г машинаас татаж гаргахад Э-гийн толгойноос цус гарч байсан тул бид нар эмнэлэг рүү явцгаасан юм. Тухайн үед Б бид хоёр дэлгүүр явах гээд машинд суухдаа машины урд тал болон ар талд ямар нэгэн хүүхэд байсан эсэхийг харахгүйгээр машинд шууд суугаад хөдөлсөн бөгөөд машин хөдлөөд удалгүй машины доод талд Э дайрагдчихсан байсан юм. Машин хөдлөх үед Б бид хоёрт ямар нэгэн хүүхэд харагдаагүй бөгөөд машин хөдөлж байхад Э машины доод талд хэвтэж байсан байх гэж би бодож байна. Машин хөдлөөд удаагүй байхад манай нөхрийн дүү болох Б гэнэт “Э-г дайрчихлаа” гэж орилсон тул зогсоод хартал Э машины урд талд машины гол хэсэгт тэнхлэгийн доод талд байсан юм. Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

            7. Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б-ийн авга ах нь юм. Б 1991 онд төрсөн бөгөөд зан байдлын хувьд төлөв даруу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хүнд тусархаг, элдэв муу зуршилгүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Б нь бага байхаасаа хагас өнчин өссөн бөгөөд одоо Улаанбаатар хот руу шилжиж байгаа. Б нь ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа ба эхнэрийн хамтаар амьдардаг юм. Б нь бие эрүүл мэндийн хувьд эрүүл, сагсан бөмбөгт сонирхолтой. Б-ийн эхнэр нь Улаанбаатар хотод байгаа бөгөөд удахгүй амаржих гэж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

            8. Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б-ийн авга эгч бөгөөд Б Улаангом сумын 4-р багт амьдарч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн юм. Б нь айлын том хүү нь бөгөөд доороо 2 дүүтэй. Б нь 2017 оны 07-р сард Улаанбаатар хотоос Улаангом суманд ирж Б гэх нутгийн хүүхэдтэй хуримаа хийсэн. Эхнэр болох Б нь одоо жирэмсэн бөгөөд амаржих дөхөж байгаа юм. Б нь бага наснаасаа хар бор ажил хийж өссөн. Зан аашийн хувьд даруу төлөв, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хүнд тусламтгай, цайлган цагаан сэтгэлтэй, ямар нэгэн хорт муу зуршилгүй, хөдөлмөрч, хичээнгүй зан араншинтай хүүхэд юм. Б одоогоор ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

            9. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10379 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээнд: “Ц.Э-ын биед гавал ясны зүүн талын чамархай яс заадсаараа бүтэн хамарч чамархай яс урд хэсгээрээ гавлын хөндийрүү цөмөрсөн, ар доод хэсгээрээ зөрүүтэй хугарал, энэ түвшинд цус хуралт, зүүн ухархайн урд доод ирмэгээс гайморын хөндийн урд хана дайрч хацар яс руу үргэлжилсэн хугарал, баруун гойморовын хөндийн урд хана, ар хана, ухархайн гадна хана, хацар ясны нум дайран чамархай яс руу үргэжилсэн хугарал, турк эмээл яс болон суурийн хөндийг дайрсан хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний орчим, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт  /хх-ийн 39-40-р тал/,

            10. Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Буянтогтохын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 15 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Жолооч С.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөнөө эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй. “Тоёота Приус” маркийн 66-48 УНУ улсын дугаартай автомашины жолооч С.Б ЗХД-ийн 7.6 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна” гэжээ /хх-ийн 45-р тал/,  

            11. “Toyota prius-20” маркийн 66-48 УНУ улсын дугаартай автомашин бүрэн ажиллагаатай, эвдрэл гэмтэлгүй талаархи Гэмтлийн акт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 49, 50-р тал/,

            12. Шүүгдэгч С.Б-ийн урьд ял шийтгэлгүй талаархи шалгах хуудас /хх-ийн 76-р тал/,

            13. Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн засаг даргы Л.Даваадоржийн 2017.08.01-ний өдөр гаргасан 748 тоот Тодорхойлолт /хх-ийн 78-р тал/, 

            14. Цагдаагийн Ерөнхий газраас 2017.08.01-ний өдөр гаргасан Жолоочийн лавлагаа / С.Б нь 824310 дугаартай , В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй/ , мэдээлэл,

            15. Хохирогч Ц.Б-ын Өвчний түүх /хх-ийн 80-98-р тал/,

            16. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Би 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү О, түүний нөхөр Ц нарын хамт Ц-ний эзэмшлийн 66-84 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаар Улаангом суманд ирсэн юм. Тэгээд 2017 оны 07-р сарын 03-ны өдөр Улаангом сумын 04-р багийн нутаг 06-17 тоотод байх өөрийн авга ах Г-гийн хашаанд гэрээ бүрж,  эхнэр Б-тэй хуримаа хийсэн юм. Ц, О, Б бид 4 Улаанбаатар хотоос Улаангом суманд ирснээсээ хойш авга ах Г-гийнд байсан юм. 2017 оны 07-р сарын 09-ний өдөр 14 цаг 40 минут орчим манай хүргэн дүү болох Ц архи уучихсан халамцуу байдалтай байсан бөгөөд Ц нь эхнэр Б бид хоёрыг “Дэлгүүр лүү яваад тамхи, ундаа аваад ир” гэж хэлээд өөрийнхөө 66-84 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашиныхаа түлхүүрийг надад өгсөн юм. Уг машин Г ахын хашааны гол хэсэгт машины толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн тийш хашааны хаалга руу харсан байдалтай байсан. Тэгээд би машины жолооч талын хаалгаар суугаад машиныг асаасан. Харин манай эхнэр Б миний хажууд жолоочийн эсрэг талын урд талын суудалд суусан. Тэгээд би машинд суугаад урагш хөдлөөд 1 метр орчим явахад гэнэт хүүхэд уйлах чимээ сонсогдсон тул би машиныг зогсоогоод машинаас буугаад харахад манай дүү О-ийн хүү 3 настай Э машин доод талд байсан. Тэр үед гэрээс Э-ын аав Ц гарч ирсэн бөгөөд Ц бид хоёр машины доод талаас Э-ыг татаж гаргаж ирэхэд баруун нүдний дээд талд толгойн хэсгээс язарсан байдалтай цус гарч байсан. Тэгээд Э-г Ц тэврээд машины урд талын суудал дээр суусан. Мөн Б-ын ээж О машины ар талын суудал дээр сууж, би машин жолоодоод шууд аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хэсэгт очсон юм. Би тухайн үед машинд орж сууж байхдаа эргэн тойрондоо байгаа зүйлийг анзаараагүй ба Э машины доод талд байсныг хараагүй. Би Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 66-84 УНУ улсын дугаартай автомашины эзэмшигч нь манай хүргэн дүү Ц юм. Би тухайн үед буюу машин хөдөлгөхдөө 4-5 км/цагийн хурдтай хөдөлсөн. Би Б-ын гэр бүлээс уучлал гуйж эмчилгээний зардал болон бусад төлбөрт 2.000.000 төгрөг өгсөн юм. Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж өөрийн төрсөн дүү О-ийн хүү Э-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсандаа гэмшиж байна. Миний эхнэр одоо УБ хотод байгаа, удахгүй төрөх дөхсөн байгаа. Миний амьдрал байдлыг харгалзан надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

        Шүүгдэгч С.Б нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 66-84 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашин жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас бага насны буюу 3 настай  Ц.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10379 тоот /хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн /шинжээчийн дүгнэлт, Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч С.О, гэрч М.Ц, Б.Б нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

        Шүүгдэгч С.Б нь  2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн нутаг дэвсгэрт 66-84 УНУ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашин жолоодож зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь хэрэгт авагдсан жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр, түүнчлэн В ангиллын тээврийн хэрэгсэл жолооодох эрхийн  824310 дугаартай үнэмлэхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газраас 2017.08.01-ний өдөр гаргасан Жолоочийн лавлагаа, мэдээлэл гэх баримтаар тус тус нотлогдсон.  

             Монгол улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 7.6-д “Жолооч хөдөлгөөнөө эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг жолооч С.Б зөрчсөнөөс зам тээврийн осол гарч хохирогч Ц.Э-ын биед хүнд гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч С.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

С.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 3 настай Ц.Э-ын биед гавал ясны зүүн талын чамархай яс заадсаараа бүтэн хамарч чамархай яс урд хэсгээрээ гавлын хөндийрүү цөмөрсөн, ар доод хэсгээрээ зөрүүтэй хугарал, энэ түвшинд цус хуралт, зүүн ухархайн урд доод ирмэгээс гайморын хөндийн урд хана дайрч хацар ясруу үргэжилсэн хугарал, баруун гойморовын хөндийн урд хана, ар хана, ухархайн гадна хана, хацар ясны нум дайран чамархай ясруу үргэжилсэн хугарал, турк эмээл яс болон суурийн хөндийг дайрсан хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний орчим, хуйханд шарх гэмтэл зэрэг   хүнд зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд  хохирогч УБ хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2017-07-17-ны өдөр зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарлыг авч, тархи дарагдлыг чөлөөлөх мэс засал хийлгэж, 15 хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, биеийн байдал сайжирсан зэрэг  нь хэрэгт авагдсан 07684 дугаар өвчний түүх-д бичигдсэн байдал болон хохирогч С.О / 3 настай Ц.Э-ын эх/-ийн  мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч С.Б нь хохирогчид эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн байх ба хохирогч С.О нь цаашид нэхэмжлэх хохирол, төлбөргүй талаар мэдүүлсэн байх тул гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.  

            Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хүргэн дүү Н.Ц-нийн эзэмшлийн “Тоёота Приус-20” маркийн 66-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба уг автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй болох нь Гэмтлийн №4 тоот актаар тогтоогдсон, түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд уг автомашиныг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан нь үндэслэлгүй байх тул  “Тоёота Приус-20” маркийн 66-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Н.Ц-д буцаан олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 –д заасан гэмт хэрэг нь  зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.  

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Х овгийн С-гийн Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

       4. Шүүгдэгч С.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

       5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Тоёота Приус-20” маркийн, 66-84 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Н.Ц-д буцаан олгосугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН