Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/57

 

А.*******, Э.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр

 Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор А.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 1814000720049 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Хурц овогт Агваанжанцаны *******, .... оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /*******/

Монгол улсын иргэн, Хурган овогт Энхбаатарын *******, 1995 оны 07 дугаар сарын 17-нд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Бидний жимс ХХК-нд ажилладаг, Баянхонгор аймаг, Заг сум, 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар /ВО95071705/

А.******* нь албан тушаалын байдлаа ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрдэнийн хошуу орд ХХКомпанийн шатахуун түгээх станцад түгээгчээр 2016 оны 09 дүгээр сарын 01- ний өдрөөс 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн хөрөнгө буюу шатахуун, шатах тослох материалын мөнгийг завшиж бусдад 16.038.818 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.******* нь албан тушаалын байдлаа ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрдэнийн хошуу орд ХХКомпанийн шатахуун түгээх станцад түгээгчээр 2018 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн хөрөнгө буюу шатахуун, шатах тослох материалын мөнгийг завшиж бусдад 1.730.308 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.*******, Э.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хурц овогт Агваанжанцангийн *******, Хурган овогт Энхбаатарын ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хурц овогт Агваанжанцангийн *******, Хурган овогт Энхбаатарын ******* нарыг арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.*******, Э.******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.*******, Э.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч А.*******өөс арван зургаан сая гучин найман мянга найман зуун арван найман /16.038.818/ төгрөгийг, шүүгдэгч Э.*******гээс нэг сая долоон зуун гучин мянга гурван зуун найман /1.730.308/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “Эрдэнийн хошуу орд” ХХК-д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч А.*******, Э.******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч А.Өөдсөөс дөрвөн ширхэг дэвтрийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг дэвтрүүдийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэрэгт хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч А.*******ийн эзэмшлийн арван таван тооны ямаа, шүүгдэгч Э.*******гийн эзэмшлийн арван таван тооны ямаа зэргийг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж дээрх ямаануудыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие А.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн 1814000720049 дугаартай хэрэгт прокурорын шатнаас өмгөөлөгчөөр нь оролцсон бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн анхан шатны шүүхийн 150 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: А.*******, Э.******* нарт холбогдох хэрэг нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч нь: Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхийг нь зөрчиж шаардлагад нийцэхгүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг нь эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй байх тул өр төлбөрийг цаг тухайд нь шалган хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох бүрэн боломжтой байхад албадан хөдөлмөр эрхлүүлэн А.*******, Э.******* нарын эрх зүйн байдлыг дордуулж гэмт хэрэгтэн болгожээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж гомдлоо гаргаж байна.

Хэрвээ эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангалттай нотолсон гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж дүгнэж байна. А.*******, Э.******* нар албан тушаалтан биш. Үүнийг ажил олгогч Эрдэнээ манай ажилтан гэж батлан хэлдэг бөгөөд хөрөнгө завших үйлдэлдээ албан тушаалаа ашигласан гэж үзэж ялласан нь хуулийг буруу тайлбарласан. А.*******, Э.******* нар нь ажил олгогч Эрдэнээ, ня-бо Дэжидмаа нарын зөвшөөрлөөр бусдад шатах тослох материалыг өгсөн нь ажилтан хүн ажил олгогчийн зөвшөөрлөөр хийгдсэн үйлдлүүд болохыг шүүхийн хэлэлцүүлэгт Эрдэнээ, Дэжидмаа нар батлан ярьж мэдүүлдэг нь хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй бүрэн бус шалгаж зөвхөн яллах талыг барьсан нотлох баримтаар зүйлчлэн ялласан гэж мэтгэлцэж байхад шүүх дотоод итгэлээ анхаарч үзээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж, ялангуяа Э.******* зөвхөн ажил олгогч Эрдэнээ, ня-бо Дэжидмаа нарын зөвшөөрлөөр үүрэг даалгавараар ажилласан. Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэл болгосон 13 гэрч нарын мэдүүлэг, нэр андуурч мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгүүд нь хуулийг ноцтой зөрчсөн явдал юм.

Иймд А.*******, Э.******* нарт холбогдох хэргийг хянан үзэж анхан шатны 150 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг нь хангаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, хэргийн бодит байдалд тохироогүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа учраас Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтэндээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/150 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл

А.******* нь Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрдэнийн хошуу орд ХХКомпанийн шатахуун түгээх станцад түгээгчээр 2016 оны 09 дүгээр сарын 01- ний өдрөөс 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн хөрөнгө буюу шатахуун, шатах тослох материалын мөнгийг завшиж бусдад 16.038.818 төгрөгийн хохирол учруулсан,

Э.******* нь Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эрдэнийн хошуу орд ХХКомпанийн шатахуун түгээх станцад түгээгчээр 2018 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулан өгсөн хөрөнгө буюу шатахуун, шатах тослох материалын мөнгийг завшиж бусдад 1.730.308 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 1814000720049 дугаар хэрэгт авагдсан хохирогч С.Эрдэнээ, гэрч Л.Цэрэндэжид, С.Отгонбаяр, Ө.Оюунболд, Б.Сайнбилэг, Т.Пүрэвдагва, А.Долгормаа, Л.Наранцэцэг, О.Пүрэвням, С.Дондмаа, М.Нямгэрэл, Б.Рагчаа, М.Ганбаатар, Б.Ганхүү, Л.Батсүрэн, С.Болор-Эрдэнэ, С.Мөнгөншагай, Б.Балдан, У.Эрдэнэбаяр, С.Баяржаргал, М.Дагваням, Ц.Санжаа, Г.Энхбаатар, Б.Байгаль, Т.Эрдэнэбат, Б.Баярмагнай, С.Чинзориг, Б.Дашнамжил, Б.Дагвабазар, С.Мөнхбат, Д.Дэлгэрдалай, Б.Батбаяр, С.Сэмжид, Г.Сувдчимэг, П.Эрдэнэбаатар, Э.Бат-Энх, О.Алтанбаатар, Ц.Батдорж, Г.Энхбаатар, Б.Өнөболд, Б.Даваадалай, Т.Баярсайхан, Ж.Пүрэвдагва, М.Батбаяр, Б.Амгаланбаатар, Б.Гансүх, Б.Нямсамбуу, Б.Хаш-Очир, У.Баярсайхан, З.Жамъянгарав, М.Ариунбаяр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Энх нахиа ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 87-106 дугаар тал/, мөн Энх нахиа ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дүгээр шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 121 дүгээр тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-52 дугаар тал/, тооцооны баримтууд / 1-р хх-ийн 148-250, 2-р хх-ийн 1-43 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

Харин шүүгдэгч А.*******, Э.******* нар нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, С.Эрдэнээд 17.769.126 төгрөгийн хохирол учруулсан байна.

А.*******, Э.******* нар нь Эрдэнийн хошууд орд ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан түгээгчээр ажиллаж байсан байх бөгөөд түгээгчийн ажил нь хуульд заасан албан тушаалтан этгээд биш, харин ажил олгогчоос олгосон ажлыг хийж тохирох цалин хөлсөө авч буй хөлсөөр ажиллаж буй этгээд болно.

Иймд Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.*******, Э.******* нарт Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж хэмээн хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч А.*******, Э.******* нарыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаярын хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгахыг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас А.*******, Э.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын

“...Шүүгдэгч Хурц овогт Агваанжанцангийн *******, Хурган овогт Энхбаатарын ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай…” гэснийг

“...Шүүгдэгч Хурц овогт Агваанжанцангийн *******, Хурган овогт Энхбаатарын ******* нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай…” гэж,

2 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хурц овогт Агваанжанцангийн *******, Хурган овогт Энхбаатарын ******* нарыг арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй…” гэснийг

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хурц овогт Агваанжанцангийн *******ийг гурван мянга таван зуун /3500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая таван зуун мянган /3.500.000/ төгрөгөөр,

Хурган овогт Энхбаатарын *******г хоёр мянга долоон зуун /2700/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун /2.700.000/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.*******, Э.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ