Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 0331

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

            Улсын яллагч Б.Бүжинлхам

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

            Шүүгдэгч О.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чойрд овгийн Отгоннасангийн Амарсайханд холбогдох 1725000000092 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           

Чойрд овгийн О.А, Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, “Хөх билэгт” ХХК-нд менежир ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. РД:

            .

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Амарсайхан нь 2017 оны 09 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах төв авто замын аймгийн шүүх рүү салдаг уулзвар дээр 97-68 ОРХ улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 15.1 дэх заалтыг тус тус зөрчин зорчигч Н.Нэмэхбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Н.Нэмэхбаярын  “2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр такси бариад тосгон руу явсан. Аймгийн шүүх рүү салдаг уулзвар дээр очоод буусан. Батгэрэл ахыг явсны дараа гэртээ харих гээд хэд хэдэн машинд гар өгсөн чинь зогсоогүй. Тэр үед миний шээс хүрээд замын хойд талд шээх гэсэн чинь гэрэлтэй байгаад байхаар нь замын урд тал руу гарч шээх гээд зам хөндлөн гарсан. Зам хөндлөн гарахдаа эхлээд харсан чинь нэг машин ирж байсан. Тэр машины урдуур гарч амжих юм байна гэж бодоод замын дунд талын цагаан шугаман дээр ирээд баруун тийш харсан чинь гэрэл гялс гээд тасхийх чимээ гарсан. Сэрсэн чинь эмнэлэгт байсан. Батгэрэл ахтай уулзаад 0.5 литрийн Ерөөл архи тал шилийг 1.5 литр монгол архи хувааж уусан. Би халамцуу байсан. Би замын гол хэсэгт мөргүүлсэн. Зам руу орохдоо эхлээд замын зүүн гар талруугаа харсан чинь нэг машин ирж байсан. Тэр машины урдуур гарч замын голд очоод баруун гар тийш харсан чинь гэрэл гялс хийгээд юу болсныг мэдэхгүй байна. Би 9 хоног аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлээд гарсан. Миний биеийн байдал гайгүй сайн байна. Бүрэн эдгэрсэн гэж ойлгож болно. О.Амарсайхан надад эмчилгээний мөнгө төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо энэ хүнд гаргах гомдол санал байхгүй. Би өөрөө шүүх хуралд оролцох боломжгүй учир энэ хүүхдийн хэргийг шийдэхдээ хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэх байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-21-р хуудас/

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг. /хх-ийн 10-15-р хуудас/

3. Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтэд: 97-68 ОРХ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Амарсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна 15.1 Хэрэв жолоочийн нүд нь гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээд хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 33-р хуудас/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 754 дугаартай дүгнэлтийн “Н.Нэмэхбаярын биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн баруун тал бөмбөлөгийн цусархаг няцрал, баруун дээд эрүүний хацар ясны сэртэнгийн хугарал, баруун дээд эрүүний хацар ясны сэртэнгийн хугарал, баруун болон зүүн нүдний ухархай дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, язарсан шарх, баруун гарын 5 дугаар хурууны 3 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл, 2 өвдөгт зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Тархины эдийн цусархаг няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.3-д заасны дагуу хүнд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 29-р хуудас/

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57-59-р хуудас/

6. Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-ийн 62-р хуудас/

7. Шүүгдэгч О.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 22 цагийн орчим ажлаа тараад гэртээ харихаар өөрийн эзэмшлийн 97-68 ОРХ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгсэлтэй гэр рүүгээ ганцаараа явсан. Зэст багийн барилгачдын талбайгаас уруудаад явж байхад миний урдаас ирж байсан суудлын машиныг дуут дохио дуугарсан цагдаагийн машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Би цагдаагийн машинд зам чөлөөлж замын хажуу тал руу шахаж хурдаа багасгаад цааш 200-300 орчим метр буюу аймгийн шүүх рүү салдаг уулзвар руу дөхөж явсан. Тэр үед миний эсрэг урсгалд буюу миний урдаас гэрлээ хол дээр тавьсан цэнхэр өнгийн их хурц гэрэлтэй машин ирж байсан. Би өөрийнхөө машины гэрлийг шилжүүлээд явж байсан чинь миний машины зүүн урд тал руу замын хойд талаас нэг хүн мөргөөд унасан. Би ойролцоогоор 30-40 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Би хохирогчийг зам дээр явж байхыг хараагүй. Миний урдаас хурц гэрэл гялбасан учраас хараагүй. Урдаас гэрэл гялбаж байсан. Машин өнгөрөөд л хажуугаар мөргүүлсэн. Машинтай зөрөх үед хүн ирээд тольны орчим мөргөөд унасан. Хүн байгаа эсэхийг хараагүй учраас тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй. Гэрэл гялбасан машины марк дугаарыг мэдээгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 3-4-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч О.Амарсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 97-68 ОРХ улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 15.1 дэх заалтыг зөрчин явган зорчигч Н.Нэмэхбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч О.Амарсайханд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч О.Амарсайханд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн согтуурал шалгасан хуудсыг хэрэгт хавсарган үлдээж, тээврийн хэрэгсэлийн 01160947 дугаартай гэрчилгээг О.Амарсайханд буцаан олгож, 540482 дугаартай жолоочийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялаас чөлөөлөх боломжтой гэж үзлээ.

            Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.А-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч О.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 6 арын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн согтуурал шалгасан хуудсыг хэрэгт хавсарган үлдээж, тээврийн хэрэгсэлийн 01160947 дугаартай гэрчилгээг О.А-нд буцаан олгож, 540482 дугаартай жолоочийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаас чөлөөлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС