Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДМШ/24

 

Г.Г, Э.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргал ж, шүүгч Т.Жаргалсайхан, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус  шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Гүнжидмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Г.Г, Э.Д нарт холбогдох 1716000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ж овогт Г-н Г.

Монгол Улсын иргэн, Г овогт Э-н Д.

 Шүүгдэгч Г.Г, Э.Д нар нь бүлэглэн шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор тус аймгийн Тайшир сумын Хуримт багийн Сүйхтийн нуруу гэх газраас 2015 оны 12 дугаар сарын 13-ны үед хохирогч О.Н-н 6 адууг хулгайлж 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан, тус аймгийн Шарга сумын Дундын овоо гэх газраас 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны хооронд хохирогч Ө.О-н 2 тооны үхэр хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Г, Э.Д нарт холбогдох эрүүгийн 1716000000008 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн 1716000000008 дугаартай хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.Үүнд:

1.Г.Г, Э.Д нар нь бүлэглэн Шарга сумын Дундын овоо гэх газраас Ө.О-н 2 тооны үхэр хулгайлсан үйлдэлд Г.Г-н эхнэр Б.Э гэгч хүн тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэх, Г.Г, Э.Д, Б.Э нарын үүрэг оролцоо ямар байсан зэргийг тодруулах талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй гэж үзсэн байна. Хэргийн тухайд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн, Г.Г-н автомашины дугуй нь хэргийн газрын бэхжүүлсэн дугуйн мөртэй шинжээчийн дүгнэлтээр тохирсон. Яллагдагч нар хэдийгээр Баарангийн даваа явж М-н мотоциклийг авч ирэхэд Э хамт явсан гэж байгаа боловч яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн Б.Э гэгчийг хэрэгт холбогдуулж шалгах үндэслэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн хангалттай үндэслэл байгаа бол холбогдуулж шалгахаар заасан байдаг. Мөн яллагдагч нар нь хулгай хийхдээ Б.Э хамт явсан талаар мэдүүлээгүй, харин хүний мотоцикл ачиж ирэхэд үед хамт явсан гэсэн мэдүүлгээр Б.Э-г холбогдуулж шалгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Дээрх хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийг прокурорт буцаасан шийдвэрлэснийг улсын яллагчаас захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, Здахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлаагүй бүхэлд хянасан талаар дурьдсан байдаг. Ө.О-н 2 үхэр хулгайд алдсан хэргийн тухайд шүүхээс буцаасан шүүгчийн захирамжид Б.Э-г холбогдуулж шалгах талаар дурьдсан бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ заалтыг биелүүлэх ёстой гэж үзээгүй, прокурорын эсэргүүцлийг шууд хүлээн авсан болно.

2. Э.Д нь Ч.Б-н 13 тооны бярууг хулгайлсан гэх хэрэгт хохирогч Ч.Б-н таньж олж ирсэн 3 тооны үхэрт шинжээч томилж насыг тогтоох, мөн 2014, 2015 оны хохирогч Ч.Б-н малын тоо толгойн хөдөлгөөн, түүний эх сурвалжийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь анхан шатны шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн малын А дансыг шүүх үнэлж хэргийг прокурорт буцаасан байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй хэрэгт авагдсан нотлох баримтыг иш татаж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, нөгөөтэйгүүр шүүх өөрийн санаачлагаар хохирогчийн малын А дансыг холбогдох байгууллагаас гаргуулж хэрэгт хавсаргаж, харин түүний эх сурвалжийн талаар хохирогчоос асууж тодруулан дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад яллагдагчийн худал гүтгэж өгсөн мэдүүлгийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн хохирогч Ч.Б нь өөрийн үхрүүдийг таньж олоод ирсэн үхрийг өөрийн биш гэж байна гэж ямар нотлох баримтыг үндэслэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна.

З.Хохирогч О.Н-н 6 адуу хулгайд алдагдсан гэх хэрэгт адууны үнэлгээг угшил сайтай хурдан удам гэж тодорхойлон үнэлгээ гаргасан бөгөөд хэрэгт удам угшлийн талаар ямар ч нотлох баримт авагдаагүй байна гэж үзэж нотлох баримтыг бүрдүүлж дахин үнэлгээ гаргуулах талаар шүүгчийн захирамжид дурьдсан байна.Хохирогч О.Н нь хурдан удмын, угшил сайтай гэж мэдүүлсэн боловч анхан шатны шүүх хуралдаан дээр алдагдсан адуунууд нь аймаг, сумын аль ч наадамд хурдалж байгаагүй, харин удам нь бол хурдан удамтай, эцэг мал нь хурдалж байсан талаар мэдүүлдэг. Нөгөөтэйгүүр дээрх адууны үнэлгээг гаргахдаа хурданудамтай, угшил сайтай гэдгээр үнэлгээ гаргаагүй, харин гэмт хэрэг үйлдэгдэх үеийн зах зээлийн ханшаар үнэлгээ гаргуулсан болно.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл мөн илт үндэслэлгүйгээр, нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэргийг прокурорт буцаасан, нөгөөтэйгүүр шүүхийн өөрийн санаачлагаар шинжээч томилж, аливаа үнэлгээ гаргах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Г.Г, Э.Д нарт холбогдох Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 125 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

1.Г.Г, Э.Д нар нь бүлэглэн Шарга сумын Дундын овоо гэх газраас Ө.О-н 2 тооны үхэр хулгайлсан үйлдэлд Г.Г-н эхнэр Б.Э гэгч хүн тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэх, Г.Г, Э.Д, Б.Э нарын үүрэг оролцоо ямар байсан зэргийг тодруулах талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй гэж үзсэн байна.

Яллагдагч Г.Г-н мөрдөн байцаалтад шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримтад “...М гэх залуугийн мотоцикл авах гэж Баарангийн давааны ам орж ирсэн. Д, манай эхнэр Э бид гурав явсан...”/2-р ХХ180/,

мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “...Би Хавчигийн даваа өөд явж хүний эвдэрсэн мотоцикл л ачиж ирсэн. Тэгэхдээ өөрийн хам Д-той хамт явсан. Мөн манай эхнэр хамт явсан...”/2-р ХХ185-187/,

сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэгтээ “...М-н мотоцикл эвдрээд Хавчигийн давааны урагшаа гардаг замны хажуу талд байсан ганганд орхисон талаар Д надад утсаар хэлээд тэгээд Д намайг гуйгаад Оргиогийн мотоцикл эвдэрсэн байна хоёулаа очоод ирье гэхээр нь би өөрийн эхнэр Э, Д нарыг аваад Хавчигийн давааны амны тэрүүхэн ганганаас очиж авч ирсэн...”/2-р ХХ188/,

яллагдагч Э.Д мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “...хээр ганганд М мотоциклио үлдээсэн очоод аваадах гэсний дагуу очиж авсан. Ганбаатар эхнэртэйгээ бид 3 явсан...”/2-р ХХ191/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн дүгнэж үзвэл яллагдагч Г.Г-н эхнэр Б.Э гэгч хүн тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэх, Г.Г, Э.Д, Э нарын үүрэг оролцоо ямар байсан зэргийг тодруулах талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй гэжээ.

Г.Г, Э.Д нар нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны хооронд Шарга сумын Дундын овоо гэх газраас Ө.О-н 2 тооны үхэр хулгайлсан үйлдэлд Г.Г-н эхнэр Б.Э тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон эсэхийг шалгах ажиллагаа явуулах шаардлагүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтад уг хулгайн гэмт хэргийг үйлдэхэд Г.Г-н эхнэр Б.Э оролцсон гэх хангалттай баримт үгүй, цаг хугацааны хувьд хэрэг удааширч 2 жил шалгагдсан, гэр бүлийн гишүүдийн хувьд эрх зүйн байдлыг дордуулсан мэдүүлэг авах хууль зүйн боломжгүй, тухайн хэрэгт улсын яллагч яллах хангалттай нотлох баримтгүй гэж үзэж буй тохиолдолд уг үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна.

2. Э.Д нь 2015 оны 02 дугаар сарын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутгаас хохирогч Ч.Б-н 13 тооны бярууг хулгайлж 4.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д “...Б гэдэг хүний 13 бярууг хулгайлсан байна энэ талаар ярь гэхээр нь би энэ талаар мэдэхгүй гэж хэлсэн. Тэгвэл чамайг гэмт хэрэг нуун далдлах нь бас нэг гэмт хэрэг учир 4 бяруу авсан гээд мэдүүлэг өгчих гэж хэлсэн. Би 13 бярууг хулгайлах боломж байхгүй. Тухайн үхрийг цагдаа очиж авахаас өмнө 3 удаа очиж үзсэн гэсэн Б аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч учир хүмүүс юм хэлэхгүй, очоод үхрийг нь ачиж аваад ирсэн байсан. Тэгэхдээ өөр нэг хүний үнээ бас аваад ирсэн.

Ба шүүх хуралдаан дээр хэлж байсан хүнээс дээрэмдээд аваад ирсэн гэдэг. Цусны шинжилгээ хийлгэе гэж хэлэхэд 2014 онд нийт 15 тугал тоолуулсан. 2015 онд тоо нь хасагдаагүй хэвээрээ байсан. Энэ хүн Баян-Уулын 6 үхрийг тэмдэг хийгээд аваад ирсэн байгаа...” гэжээ.

Шүүгдэгч Э.Д-н өмгөөлөгч Б.Болормаа “...2015 онд 85 үхэр тоологдоод 32 үхэрний зөрүү гараад байна. Тэгэхээр Ховд аймгаас 20 үхэр авчирсан тэгээд цаана нь 12 үхэрний зөрүү гарч байна. Тэгэхээр 13 бяруу алдагдаагүй гэж үзэж байна...” гэж

Шүүгдэгч Г.Г-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ “...Б-н 13 бяруун дээр тайлбар хийе. Буцаж ирсэн 3, буцсан 1 үхэртэй нийлээд 4 үхэр нь хохирогч хэлэхдээ бүгд нэг насны үхэр гэж хэлдэг гэтэл хавтаст хэргээс харахад дөрвүүлээ өөр шүдтэй өөр насны үхэр байдаг. Тэрийг шинжээч томилж байгаа гэж хэлээд таньж олуулах ажиллагаа явуулах ажиллагааг хөдөө аж ахуйн мэргэжилтнээр нас тоолуулсан. Энэ хэрэгт байгаа Л-н үхэрний нас бас зөрдөг. Үхрийн шүд насаараа байдаг гэдэг нь Т-н үхэр дээр хийсэн шинжилгээгээр харагдаж байна. Гэтэл тухайн үхрүүд нь бүгд өөр насны үхэр байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэж байна. Т-н тухайд тугалтай үнээ алдсан гэдэг боловч анхан шатны шүүх хуралдаанд тугаландаа хээл авах хэмжээний болж яригддаг. Ийм эргэлзээтэй байдал үүсч байсан. Энэ хавтаст хэрэгт хөтөлбөргүй тогтоогдсон зүйл байхгүй...” гэж тус тус тайлбарлаж байгаа бөгөөд Хавтаст хэрэгт хохирогч Ч.Б-н малын тооны А данс авагдсан байгаа боловч хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдээгүй, хохирогч Ч.Б нь Баянхонгор аймгаас 4 үхэр таньж авч ирсэн боловч 1 үхрийг нь буруу таньж авч ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /3-р ХХ42/-ээр тогтоогдсон.

Хохирогч Ч.Б-н таньж олсон гэх 3 үхрийн насыг тогтоохдоо тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлд заасан “..... гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаар таньж олуулж болно” гэсэн журмыг зөрчиж аймгийн “Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн” С.Э-г оролцуулан хийсэн байна.

Иймд дээрх 3 үхэрний насыг шинжээч томилж шинжилгээгээр тогтоолгох, мөн 2014, 2015 оны хохирогч Ч.Б-н малын тоо толгойн хөдөлгөөн, түүний эх сурвалжийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мөрдөгч хууль бусаар дарамталж мэдүүлэг авсан, бяруу хулгайлсан хэрэг хүлээлгэсэн талаар мэдүүлжээ. Шүүхээс энэ талаар дүгнэх боломжгүй бөгөөд энэ талаар холбогдох албан тушаалтанд хандах боломжтой байна.

Хохирогч Ч.Б /5-р ХХ 198/ мал тооллого жил бүр нарийн тоо гаргадаггүй, таамаглаад тоог тавичихдаг гэж өөрийн малаа бүртгүүлж тоолсон байдлаа мэдүүлсэн. Хохирогч Ч.Б өөрийн алдсан үхэрээ таниад аваад ирсэн байдал түүний мэдүүлгийг шүүх үнэлэх боломжтой байна.

3. Хохирогч О.Н-н 6 тооны адууг үнэлсэн эд зүйлийн үнэлгээнд /2-р ХХ102/ адуунуудын чанар байдлыг угшил сайтай, хурдан удам гэж тодорхойлж үнэлгээ гаргасан байна.

Гэвч хэрэгт тухайн алдагдсан адуунуудын удам угшлын талаар ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул тухайн адуунуудын угшил, удмын талаарх нотлох баримтыг бүрдүүлж, үнэлгээг дахин тогтоолгох нь зүйтэй гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч О.Н-н 6 тооны адууг үнэлсэн эд зүйлийн үнэлгээнд хохирогч өөрийн адууг удам угшил сайтай байдлыг тодорхойлж мэдүүлсэн, өмчлөгчийн өмчөө үнэлсэн үнэлгээг /2 хх 085/, зах зээлийн үнэлгээтэй харьцуулж гаргасан үнэлгээг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй гэж үзлээ. Өмчлөгч өөрийн адууг үнэлэх, үнэ ханшийг тогтоох явдал өмчлөгчийн эрх байх бөгөөд тус аймагт Хэнтий, Сүхбаатар зүгийн болон орон нутгийн угшилтай адууны зах зээлд зарагдаж буй үнэ ханштай харьцуулан тогтоох боломжтой байна.

Дээрхи үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Г.Г, Э.Д нарт холбогдох 1716000000008 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл Г.Г, Э.Д нарт хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч.ЭНХТӨР

                   ШҮҮГЧИД                    Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                        Ш.БАТТОГТОХ