Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 8

 

             Т банкны нэхэмжлэлтэй иргэний

                          хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00010 дугаар шийдвэртэй 

Т банкны  нэхэмжлэлтэй 

А.Б, Б.О нарт холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 10 988 291 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

хариуцагч А.Б, Б.О нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “Хариуцагч А.Б, Б.О нар нь Т банкны Архангай салбараас 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 550 тоот гэрээгээр 20 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээнд зээлдэгч А.Б болон хамтран зээлдэгч Б.О нар нь гарын үсгээ зурсан байдаг. Зээлдэгч А.Б, хамтран зээлдэгч Б.О нар нь дээрх 550 тоот зээлийн гэрээний 6.2.1-д заасан ноцтой зөрчил гаргаж зээлийн гэрээний хугацааг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул 2019.09.24-ний өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд: 

- үндсэн зээл 10 701 930,59 төгрөг 

- үндсэн хүү 265 281,61 төгрөг 

- нэмэгдүүлсэн хүү 2 079,25 төгрөг

- нотариатын зардал 19 000 төгрөг 

- нийт 10 988 291,45  төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан банкийг хохиролгүй болгож өгнө үү. Т банкнаас А.Б, Б.О нарын авсан зээл нь эргэлтийн хөрөнгийн зээл юм. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 17-ны өдөр төлөхөөр Т банктай харилцан тохиролцсон. А.Б, Б.О нар Төрийн банкнаас зээлсэн мөнгөөрөө ааруул цагаан идээ хийгээд бизнесийнхээ орлогоор зээлээ төлнө гэж зээлийн гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн. Гэвч хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлээ хугацаандаа төлөх үүргээ биелүүлэхгүй үүргийн зөрчил гаргаж одоогийн байдлаар нийт 472 хоног хугацаа хэтрүүлсэн байна. А.Б, Б.О нар нь зээлийн гэрээний дагуу сар бүрийн 17-ны дотор зээлээ төлдөггүй бөгөөд зээлээ төлөхдөө 200 000, 300 000 төгрөгөөр зээлийн хүүг төлж, үндсэн зээлээ төлж барагдуулдаггүй. Сар сард нь зээлээ төлж барагдуулбал нэхэмжлэгч талаас хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг заавал цуцлах шаардлага байхгүй. Гэтэл хариуцагч нар зээл төлөх хугацааг байнга хэтрүүлж байгаа учир зээлийн гэрээг цуцалж, зээлээ нэхэмжилж байна.” гэжээ. 

 

Хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Банк 10 988 291,45 төгрөгийг нэхэмжлэхдээ хариуцагч нарыг 550 тоот зээлийн гэрээний 6.2.1-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж буй хэдий ч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ одоо ч биелүүлсээр байна. Ноцтой зөрчил гаргасан гэж гэрээг дуусгавар болгож буй нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.Б, Б.О нар нь Т банктай 40 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээл төлж дуусах 40 сарын хугацаа дуусаагүй, зээлээ төлж байгаа учраас банкийг хохироогоогүй гэж үзэхээр байна. Т банкны зүгээс А.Б, Б.О нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээ төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа боловч А.Б, Б.О нар нь Т банк шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойших хугацаанд банкнаас зээлсэн мөнгөө тодорхой хэмжээгээр төлж байсан учраас зээл төлөх үүргээ зөрчөөгүй гэж үзэж болохоор байна. Мөн хэргийн материалтай танилцахад Т банкнаас хариуцагч нарт зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн гэдэг боловч А.Б, Б.О нар мэдэгдлийг гардаж авсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь мэдэгдэл дээр гарын үсэг зураагүй, 2 өөр өнгийн балаар бичсэн байгаа учраас энэ үйл явдлыг тухайн цаг үед болсон үйл явдал гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч нар өнөөдрийг хүртэл графикийн дагуу зээлээ төлж байгаа. Зээлээ төлөхдөө хоног хугацаа алддаг байж болох ч энэ нь хэлбэрийн төдий зөрчил юм. Хариуцагч нар Т банкинд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө зарж үрсэн, эсхүл зээлдэгч нар зээлээ эргэн төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэдэг үндэслэлээр зээлийн гэрээг Т банкны зүгээс цуцлах боломжтой. Гэтэл А.Б, Б.О нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлж байгаа бөгөөд хариуцагч нар эрхэлсэн тодорхой ажилтай болж зээлээ төлж барагдуулах орлогын эх үүсвэртэй болсон. Цагаан идээ боловсруулах ажил нь улирлын чанартай ажил учраас өвлийн улиралд эргэлтийн хөрөнгөгүй болох асуудал үүсдэг. А.Б, Б.О нарын зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ төлөх орлогын эх үүсвэртэй байхын тулд аль аль нь тодорхой ажил эрхэлж зээлээ төлж байгаагаас үзвэл банкны эрх ашгийг хохироосон, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00010 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Б, Б.О нараас 10 988 291,45 /арван сая есөн зуун наян найман мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож; хариуцагч нар 10 988 291,45  төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйл болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1-р гудамж 50 тоотод байршилтай 30 м.кв талбайтай барилга, 457 га газрыг албадан худалдаж, мөн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 550 дугаар барьцааны гэрээ, фидуцийн гэрээнд заасан хөрөнгүүдийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 923 төгрөгөөс 190 762 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч А.Б, Б.О нараас 190 762 төгрөг, орон нутгийн орлогоос 161 төгрөг тус тус гаргуулж Т банк  ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч А.Б, Б.О нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.30-ны өдрийн шүүх хуралдаанаар Т банкны нэхэмжлэлтэй А.Б, Б.О бидэнд хариуцагдах 10 988 291 төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Т банктай хариуцагч бид 40 сарын хугацаатай зээлийн гэрээтэй. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлсээр ирсэн. Огт биелүүлээгүй сар байхгүй. 

2. Т банк зээл төлүүлэхээр мэдэгдэл хүргүүлж байсан нь нотлох баримтаар нотлогдоогүй. 

3. Зээл төлөхдөө ганц нэг хоногийн хугацаа хэтрүүлж байдаг ч энэ нь банкинд ноцтой хохирол учруулж, гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Учир нь хэтэрсэн хоногтоо банк хүүгээ тооцоод авчихдаг учир энэ нь банкинд ямар ч хохирол алдагдал байдаггүй. 

4. Мөн банкны хохирол тооцож байгаа тооцооны аргачлал нь ойлгомжгүй байна. Иймээс банктай байгуулсан гэрээг ноцтой зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байгаа тул 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 тоот шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Т банк А.Б, Б.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 988 291 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. 

Зээлдэгч А.Б, Б.О нар 2017.09.21-ний өдөр Т банкнаас 20 000 000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, эргэлтийн бараагаа татах зориулалтаар авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны болон фидуцийн гэрээ байгуулсан байна. 

Зээлдэгч нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ц.Н нь банкны шаардлагыг хангуулахаар өөрийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 3 дугаар багийн Цогт-Уулын 01-50 тоот, 457 м2 газар болон мөн хаягт байршилтай 30 м2 талбайтай барилгыг, зээлдэгч А.Б, Б.О нар нь өөрийн өмчлөлийн зурагт, хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин, 5 ханатай гэр, бараа материалын үлдэгдэл, зуурагч, аарц сүүний тогоо, аарц дарагчийг тус тус барьцаалуулж, зохигч мөн өдөр барьцааны гэрээ, зээлдүүлэгч А.Б нь өөрийн өмчлөлийн Nissan Elgrand маркийн 48-37 АРХ улсын дугаартай суудлын автомашиныг зээлдэгч Т банкны өмчлөлд шилжүүлж, зохигч мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ тус тус байгуулжээ. 

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй. 

Зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй үндэслэлээр банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болохыг дүгнэн, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа талууд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцсныг үндэслэн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10 988 291 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулан, барьцааны хөрөнгийг албадан худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 153, 156, 174, 175, 235, 451-453 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 129/ШШ2020/00010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч А.Б, Б.О нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч А.Б, Б.О нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 762 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ДАВААСҮРЭН

                                                                    ШҮҮГЧИД                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                                  Д.БЯМБАСҮРЭН