Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/58

 

Г.Нармандахад

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүгдэгч Г.Нармандах

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;                      

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/530 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлээр Г.Нармандахад холбогдох эрүүгийн 1914005930069 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Найман овогт Ганхуягийн Нармандах,  ... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2008 оны 10 дугаар сарын 29-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2011 оны 08 дугаар сарын 03-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж , мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан  харгалзаж байсан,

2012 оны 05 дугаар сарын 21-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №113 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим ял болох 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан,

2012 оны 11 дүгээр сарын 20-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил, 2 сарын  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугаацаагаар хорих ялаар, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх  тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан,

2015 оны 11 дүгээр сарын 06-нд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын зарим нь болох 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэтрүүлж байсан, регистрийн дугаар /ВЮ88063031/

Г.Нармандах нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн 20-19 тоотод оршин суух иргэн С.Долгормаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний буюу 54.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Нармандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Г.Нармандахад холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.

Үүнд:

1/ Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №439 дугаартай шинжээчийн ...иргэн С.Долгормаагийн эзэмшлийн хулгайд алдагдсан гэх үнэт зүйл нийт 54.100.000 төгрөгийн үнэлгээтэй... ногоон дарь эх бурхан /ойролцоогоор 5 лан алт орсон, шүдэнзний хайрцагны хэмжээтэй, 1980-д онд аав ээжээс өгсөн маш гоё хийцтэй бурхан байсан/  48.000.000 төгрөгөөр үнэлсэн ...гэх  дүгнэлт / хх-ийн 123-124/

Шүүгдэгч Г.Нармандахын ... ногоон дарь эх бурхан үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 5 лан алт орсон, алтан бурхан байсан эсэхийг тогтоолгох, уг бурханыг хэзээ хэнээс яаж авсан талаар нарийн шалгаж, холбогдох хүмүүсээс тодруулж мэдүүлэг авахуулах...гэх мэдүүлэг болон хүсэлт /хх-ийн 143-144/ зэргээс үзэхэд шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж / хх-ийн 144-145/ шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 5-т зааснаар...яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй...гэж хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  27.7 дугаар зүйлийн 2-т...оролцогчид шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно...гэж хуульчилсан ба шүүгдэгчийн нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

2/ Шүүгдэгч Г.Нармандахын гэрчээр өгсөн... шар жижиг бурхан 1 ширхэгийг авдар дээрээс авсан,... авдар дээр бурхан тахилгын нь тэнд жижиг хайрцаг жижиг бурхан байгаа авсан, ...хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 109-110, 111-113/

Хохирогч С.Долгормаагийн... ногоон дарь эх бурхан нь шүдэнзний хайрцагны хэмжээтэй манай нөхрийн эцэг, эхээс 1980-аад нөхөр бид хоёрт өвлөгдөж ирсэн 5 лан хэмжээтэй алт орсон алтан бурхан байсан,... манай нөхөр айлын том хүүхэд, эцэг эхээс 10 –уулаа, дүү нар нь мэднэ, манай гэрт ирж бурхандаа мөргөж байдаг, ...тус бурханыг хадам аав өгч байсан болохоор тэр хүн манайд байдаг талаар болон дүү нар нь гэрчлэх байх, бурханы зураг байхгүй...  / хх-ийн 65-68, 69-70 /

Гэрч  Г.Буяндэлгэрийн  ....авдар дээр байсан бурхны гүнгэрвааны таг онгойчихсон, дотор нь байсан жижиг бурхан алга болчихсон байсан... гэх мэдүүлгүүдээс  / хх-ийн 75-77/ үзэхэд  шүүгдэгч, хохирогч нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлдэг  боловч нотлох бусад хөндлөнгийн нотлох баримтууд байхгүй тул энэ дагуу зохих ажиллагаа хийх, тухайн тодорхойгүй асуудлыг шалган тогтоохоос гадна, энэ талаар боломжтой хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авах

3/ Монголын мэргэшсэн үнэлгээчийн 15060087 дугаартай шинжээчийн /Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №439 дугаар/  үнэлгээний тайлан тусгай зөвшөөрөлтэй этгээд гаргаснаас гадна уг тайлан нь тухайн хөрөнгийн үнэлгээний үнийг тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий, тодорхой байдлаар зах зээлийн үнэ ханшаар тооцож гаргасан үнэлгээг үндэслэл болгож шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь Хөрөнгийн үнэлгээ / ногоон дарь эх бурхан/  нь  хууль зүйн үндэслэл, нотлох баримтын эх сурвалжгүйгээр зөвхөн / хохирогчийн мэдүүлгээр / хэлбэрийн төдий, таамагласан шинжтэй хийж буй нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т... Нийтийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл тодорхойлно...гэж хуульчилсан.

Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар...Хувийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг өмчлөгчийн хүсэлтээр энэ хуулийн 9.3-т заасны дагуу тодорхойлж болно... гэх заасан бөгөөд хуулийн дагуу үнэлгээ хийхэд шаардагдах нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж бэхжүүлэх, мөн хохирогчийн хулгайд алдсан / ногоон дарь эх бурхан/ -ыг эд зүйлийг дахин үнэлүүлэх нь  шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгох буюу хохирогч, шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэнээс гадна тусгай мэдлэг шаардсан шинжээчээр дүгнэлт гаргуулах, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн бодитойгоор тогтоох нь  эрүүгийн хуулийг хэрэглэхэд зөрчил гаргахгүй тулд хэрэгт дээр дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүгдэгч Г.Нармандахад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаагийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар эсэргүүцэлд:

Яллагдагч Г.Нармандахын зүгээс мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлттэй танилцаад дахин болон нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасныг мөрдөгчөөс хангахаас татгалзаж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт заасны дагуу хуулийн хүрээнд, хуулийн хугацаанд хариуг өгсөн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянаж дүгнээд хангах хууль зүйн үндэслэлгүй гэж хариуг өгч хуульд зааснаар хүсэлтийг хэзээ хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан байхад хуульд заасан эрхийг нь хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хулгайд алдагдсан гэх ногоон дарь эх бурхныг үнэлсэн үнэлгээ нь тухайн бурхны зах зээлийн үнийн судалгаа, хохирогчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн зах зээлийн ханшаар үнэлсэн нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үндэслэлгүй. Учир нь хохирогч С.Долгормаагийн зүгээс тухайн бурхнаа соёлын үнэт өвд бүртгүүлж байгаагүй, эцэг, эхээс өв уламжилж ирсэн учраас тахиж шүтэж ирсэн гэж мэдүүлдэг тул Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар...Түүх, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар тодорхойлуулах шаардлагагүй учир нь тухайн алдагдсан бурхан нь түүх соёлын өвд бүртгэгдээгүй байдаг.

Алдагдсан бурхныг хохирогч С.Долгормаа, гэрч Г.Буяндэлгэр нарын мэдүүлэгт үндэслэн алдагдсаныг тогтоосон гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Тухайн хулгай орсон гэх дуудлага мэдээлэл ирсэн цаг хугацаанд цагдаагийн эрх бүхий албан тушаалтан нь хэргийн газрын үзлэг хийсэн, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлэн авсан байдаг, мөн хохирогч С.Долгормаа, гэрч Г.Буяндэлгэр нараас гадна хөндлөнгийн гэрчийг асууж, тухайн бурхны талаар тодруулсан байдаг тул дахин өөр хүмүүсийг гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй.

Иймд яллагдагч Г.Нармандахын гэм буруутай эсэхийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул эрүүгийн 1914005930069 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/530 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/530 шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/530 шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/530 шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Прокуророос Г.Нармандахыг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн 20-19 тоотод оршин суух иргэн С.Долгормаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад их хэмжээний буюу 54.136.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Г.Нармандахад холбогдох хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоогоогүй байх бөгөөд хохирогч С.Долгормаагийн хадам аав, ээжээс өвлөгдөн ирсэн, 5 лан алт орсон гэх алтан бурханы талаарх хөндлөнгийн нотлох баримтыг бүрдүүлж, холбогдох гэрч нарыг асууж тодруулах

Мөн тухайн алтан бурхан нь соёлын өв эсэхийг тогтоож, хэрвээ соёлын өв мөн бол Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу Соёлын биет өвийн үнэлгээг журамд заасны дагуу хийлгүүлж, нарийн мэргэжлийн шинжээч нараар дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр болгон гүйцэд  шалган хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/530 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 39.1.1-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                   ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/530 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол Г.Нармандахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                   Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД                                                       Л.НЯМДОРЖ

                                                                                   Б.БОЛОР-ЭРДЭНЭ