Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 0332

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр  

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Б.Удвал, Т.Эрдэнэчимэг

Шүүгдэгч М.Мягмаржав нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайртан овгийн Мядагмаагийн Мягмаржавт холбогдох 1725002300114 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Дайртан овгийн Мядагмаагийн Мягмаржав, Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймаг, Жаргалант сум Жаргалант багийн Булагийн 10-7 тоотод оршин суух, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, 2007 оны 08 сарын 21-нд Орхон сум дундын шүүхээс 178-р тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 сарын 24-нд өршөөлөөр суллагдсан гэх, хэрэг хариуцах чадвартай гэх. /ФЖ89080539/

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч М.Мягмаржав нь 2017 оны 09 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Тайгер баарны гадаа Б.Удвал, Т.Эрдэнэчимэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Б.Удвалын ... “2017 оны 09 сарын 09-ний орой найз Лхагвадулам Эрдэнэчимэг нарын хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайгер” баарны гадна хүн хүлээгээд сууж байтал Мягмаржав нь гартаа нэг пиво бариад баарнаас гарч ирсэн. Тэгээд Мягмаржавыг Лхагвадулам сайн уу хэзээ Улаантолгойгоос ирсэн юм бэ гэхэд ойр зуурын юм яриад хашлага дээр сууж байсан. Тэгтэл Мягмаржав гэнэт босч ирээд Эрдэнэчимэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиод, миний мөрнөөс эргүүлээд хамар руу нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24-р хуудас/

 

2. Хохирогч  Т.Эрдэнэчимэгийн ... “2017 оны 09 сарын 09-ний орой найз Лхагвадулам Эрдэнэчимэг нарын хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Тайгер баарны гадна хүн хүлээгээд сууж байтал Мягмаржав нь гартаа нэг пиво бариад баарнаас гарч ирсэн. Мягмаржав гэнэт босч ирээд миний баруун нүд рүү цохиод унагасан. Тэгээд би 3-4 секундын дараа босоод ирсэн чинь найз Удвалыг бас цохисон байсан. Яагаад бид хоёрыг цохих болсныг мэдэхгүй байна. Бид хоёрыг цохих шалтгаан байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/

 

3. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 771 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Т.Эрдэнэчимэгийн биед нүүрний баруун талд, баруун нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 763 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Б.Удвалын биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд 1 тооны шалбархай, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мягмаржав мэдүүлэхдээ “Архи ууж байгаад согтсон байсан. Тэгээд хохирогч нарыг цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Хохирогч Т.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ “Мягмаржавт цохиулж биедээ гэмтэл авсан. Хохирол 150 000 төгрөг нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч санал дүгнэлтдээ “шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөшөөрсөн. Ял шийтгэх үндэстэй байна. Хохирогч нарын нэхэмжлэл тодорхойгүй, нотлох баримтгүй учир иргэний журмаар нэхэмжлэх эрхийг дурьдаж өгнө үү” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч М.Мягмаржав нь 2017 оны 09 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” баарны гадаа Б.Удвал, Т.Эрдэнэчимэг нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч

Т.Эрдэнэчимэг, Б.Удвал нары мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 771, 763 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч М.Мягмаржавын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мягмаржавт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч М.Мягмаржавт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Хохирогч нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжилж байх боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хэмжээ тодорхойгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн бөгөөд хэрэг шийдвэрлэх үед төлсөн хохирол байхгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  М.М-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.М-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, ялыг биелээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС