Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00252

 

 

 

Б.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02674 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.М-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХУД, ЗДТГ т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 15 952 980 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би ХУД, ЗДТГ т 2013 оноос 2017 онд 4 жил ажиллаж байгаад тус газрын даргын 2017 оны 02 дугаар 15-ны өдрийн Б/117 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгож, намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгасан. Энэ өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хэрэгжих хууль эрх зүйн үндэс бүрдсэн ч хариуцагчаас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээс зайлсхийсээр байсан тул албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ГХ2018/0276 дугаар гүйцэтгэх хуудас, 128/Ш32018/6857 дугаар болон 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/Ш32019/0887 дугаар шүүгчийн захирамж гарсан. Харин би одоо 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 25 сарын хугацаанд миний хууль ёсны эрх ашиг хохирсон гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг тус тус үндэслэн дээрх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилж байна. Миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 01 сараас 2017 оны 3 сар хүртэл сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцоход 1 сарын дундаж цалин 590 029 төгрөг байгаа бөгөөд ажлын 1 өдөрт 29 652 төгрөг болох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 544 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 15 952 980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Б.М нь шүүхийн шийдвэр гарсны дараа өөрийн биеэр Засаг даргын Тамгын газрын байранд хүрэлцэн ирж дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны намын бүлэг хариуцсан ажилтнаар 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар ТЗ-4-З ангиллаар томилогдон ажиллаж байгаа тул шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа буцан орохгүй, харин шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгөний асуудлыг шийдэж өгөөч хэмээн удаа дараа амаар хүсэлтээ илэрхийлсэн. Ийнхүү хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрийг үндэслэн тус газрын даргын 2017 оны 11 дүгээр 24-ний өдрийн Б/588 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрт заасан тооцооллын дагуу 775 783 олговрыг 2017 оны 12 дугаар 06-ны өдөр ХААН банкны 5026822845 дугаар дансанд шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Б.М нь 2017 оны 05 дугаар 29-ний өдрөөс одоог хүртэл тасралтгүй ажиллаж, тогтмол цалин авч нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлөгдөхийн зэрэгцээ буцалтгүй тусламж болон 2017 оны ажлын үр дүн, 2018 оны хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээний биелэлтээ дүгнүүлж мөнгөн урамшууллыг удаа дараа авч байсан учраас ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Б.М нь намын бүлэг хариуцсан ажилтнаар одоог хүртэл ажиллаж байгаа, шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгөн олговор авахыг хүсч удаа дараа аман хүсэлт гаргаж байсан нь ажилдаа эргэн томилогдохдоо гол нь бус ажил эрхэлж байх хугацаандаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14 402 705 төгрөг гаргуулан, Өөлд Дагдан бэйс овогтой Бямбацэрэнгийн Мэндсайханд /РД:ЧЛ75091019/ олгож, шаардлагаас үлдэх 1 550 275 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 237 715 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 229 963 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн зүгээс Б.Мтай тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажилд оруулсан талаар тайлбар хийн шүүхийн шийдвэр гаргах хүртэлх цалингийн зөрүүг нийгмийн даатгалын лавлагааг гаргуулан хасаж, үлдэгдлийг тооцох боломжтой гэснийг шүүх авч хэлэлцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан. Б.М нь намын бүлэг хариуцсан ажилтнаар одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгөн олговор авахыг хүсч удаа дараагийн аман хүсэлт гаргаж байсан шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн томилогдохдоо бус ажил эрхэлж байх хугацаандаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах санаа зорилгын үүднээс нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02674 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч ХУД, ЗДТГ т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 952 980 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Б.М нь 2013 оны 2 сараас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн  Б/117 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, даргын тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1хх-ийн 1-3, 16, 25-26-р тал/

 

            Ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.М нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч Б.Мыг урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн Төсөл хөтөлбөр, индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 2 503 294 төгрөг, нэг удаагийн тэтгэлэг болох 705 583  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэрэг баримтуудаар тус тус тогтоогджээ. /хх-ийн 7-13-р тал/

 

              Хариуцагч ХУД, ЗДТГ  нь нэхэмжлэгч Б.Мыг Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны намын бүлэг хариуцсан ажилтнаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гэх боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Мыг шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалд томилоогүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас 14 402 705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0547 дугаар хүчин төгөлдөр шийдвэрт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 1 сарын 2 503 294 төгрөгөөр, 1 өдрийн олговроо 22 753 төгрөгөөр тус тус  тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

            Хариуцагч байгууллага “нэхэмжлэгчийг өөр ажил эрхэлж байгаа” гэх үндэслэлээр татгалзаж байгаа нь үндэслэлгүй, ажилтан өөр ажил, хөдөлмөр эрхэлж байгаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.  Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

   

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02674 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 963 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

                                                                                             Б.НАРМАНДАХ