Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ДМШ/23

 

Б.У, Л.Д, Ш.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ж.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд; Прокурор Д.Ариунжаргал, Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Б, Д.А-Э, Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Б.Б, Шүүгдэгч Ш.Т-н өмгөөлөгч Ж.М, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан ГовьАлтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б, Д.А-Э, Ж.М, Б.Б нарын давж заалдах гомдолоор Б.У, Л.Д, Ш.Т нарт холбогдох 1716001140012 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, халх, 1966 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах сувилагч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлэгт онош зүйн тасагт шил угаагч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-9 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ДЮ66032006 регистрийн дугаартай, Урианхай овогт Лхагвын Должинсүрэн.

Монгол Улсын иргэн, халх, 1972 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нэгдсэн эмнэлгийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 5-18 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ДБ72050616 регистрийн дугаартай, Тугтан овогт Батзоригийн Ундрах.

Монгол Улсын иргэн, халх, 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, сүрьеэгийн тасгийн эмийн сувилагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Говь-Алтай аймгийн Жинст баг, хөгжил хороолол 1-10 тоотод түр оршин суудаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баянхайрхан баг 6-13 тоотод хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ДИ80072006 регистрийн дугаартай Хайтал овогт Шархүүгийн Төртуяа.

Шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Г.Б-н ээж Л.Д-ээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр авсан, Л.Д нь өөрийн охин Г.Б-г ажилд томилуулж түүнд давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр өгсөн, Мөн Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т-с 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн хахуулийг 2017 он 02 дугаар сард бэлнээр авсан, Ш.Т нь ажилд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-н албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахуулийг 2017 оны 02 дугаар сард бэлнээр өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Б.У-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авах гэмт хэргийг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор, Ш.Т-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.У-г Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Ш.Т нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-д Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.У-н нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 16000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч Б.У-д оногдуулсан 16000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 дэх жилд 6.000.000 төгрөгийг, 2, 3 дахь жилд тус бүр 5.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Л.Д, Ш.Т нарт тус бүрд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийг жил бүр 900.000 төгрөгөөр 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг танилцуулж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-н нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан эрх хасах ял, шүүгдэгч Л.Д, Ш.Т нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялуудыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.У-с гэмт хэрэг үйлдэж олсон орлого 800.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.У-н өмчлөлийн ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн Нарлаг хороолол 5-1-8 тоотод байрлах 50.39 м.кв талбай бүхий 0518001899 дугаартай орон сууц, шүүгдэгч Л.Д-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-9 тоотод байрлах 0518002710 бүртгэлийн дугаартай хувийн орон сууцыг тус тус битүүмжлэлээс чөлөөлөхөөр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн AC7980739, AZ5817613, AC8081632, AZ8533675, AG0269182, AD68600440, AC5128406, AA3700893, AD9677416, AD7966340, AA6965049, AC3945375, AH7267714, AH6061927, AB3216375, AD9324929, AE0204662, AC3802709, AZ6455405, AH8980104, AD5635777, AD1552055, AZ2991009, AD9450064, AE4072661 серийн дугаар бүхий 500.000 төгрөгийг улсын төсөвт олгож, хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.У-н 100900033401 дугаартай төрийн сангийн дансанд тушаасан 2.143.000 төгрөгийн асуудлыг тус хэрэгт хамааралгүй учир шүүх шийдвэрлээгүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.У, Л.Д, Ш.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Ш.Т-н өмгөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч Ш.Т-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Т-г гэм буруутайд тооцсон уг үйлдлийг нь өөрийнх нь нөхөр Б.Б-н мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүхээс үзсэн. Гэрч Б.Б-с мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль ёсны байх зарчим алдагдсан. Уг хэрэгт хяналт тавьж байгаа прокурор гэрчийг мэдүүлэг өгөхөд нөлөөлж, зааж өгч мэдүүлэг өгүүлсэн. Энэ талаараа прокурор өөрөө шүүх хуралдаан дээр маш дэлгэрэнгүй тодорхой хэлсэн байгаа. Мөн миний үйлчлүүлэгчийг амралтын өдөр дуудаж уулзаж зөвлөгөө өгсөн талаараа прокурор шүүх хуралдаанд маш тодорхой тайлбарлаж хэлсэн байгаа. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Л.Д-н өмгөөлөгч Б.Болормаа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 11-р сарын 05-ны өдөр миний үйлчлүүлэгчээс гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдюэрлэх тухай хуулийн 9.6-р зүйлийг зөрчсөн өөрөөр хэлбэл өмгөөлөгч авч болох, мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй мэдүүлэг авсан байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн миний үйлчлүүлэгчээс шөнийн цагаар мэдүүлэг авч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2-р зүйлийг зөрчсөн, түүнчлэн хүнлэг бус харьцаж эрүү шүүлт тулгасан байцаалт авч мөн хуулийн 1.9-р зүйлийг зөрчсөн гэдэг нь хавтаст хэргээс тодорхой байхад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.4-т зааснаар гэж тайлбарлан дүгнэлт хийж өмгөөлөгч миний гаргаж өгсөн нотлох баримтыг 2.7-д зааснаар эргэлзээтэй байна гэж үзэн үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанаас гадна хуулийн зүйл заалтанд байхгүй зүйлийг тайлбарлан бичсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2.4 болон 2.7-р зүйл байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг дахин хянаж үзнэ үү гэв.

 Б.У-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шаны шүүхийн 2018 оны 05-р сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/51 дугаартай Шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Аймгийн прокурорын газраас Б.У-г 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4-р зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-р зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж 39.8-р зүйлийн 1.6-д зааснаар мөн хуулийн 36.7-р зүйлд заасан шаардлагыг буюу өмгөөлөгч нарын санал дүгнэлтэд хуулийн үндэслэл бүхий няцаалтыг хийгээгүй. Тухайлбал: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг тогтоогоогүй. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтойгоор зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох нь анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсоор байхад хууль зүйн дүгнэлт огт хийлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар тогтоогдсон хууль зөрчсөн үйлдлүүдэд дүгнэлт хийгээгүй нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7-р зүйлийн 2.4-т заасан шаардлагыг хангаагүй. 2.Өмгөөлөгч нарын гаргасан санал, хүсэлт, дүгнэлтийн үндэслэл болгосон тайлбар баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7-р зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлд заасан анхан шатны пгүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 39.9-р зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Б.У-н өмгөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Давж заалдах гомдлыг илтгэгч шүүгч дэлгэрэнгүй танилцуулсан учир давхардуулах шаардлагагүй гэж бодож байна. Хуучин эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө тодорхой ажиллагаа явуулж болдог байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар заалт нь өмнөх хуулийн агуулгыг бүрэн илэрхийлэхгүй байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр заалтад хэрэг бүртгэлтийн ажиллагаа хэзээ эхлээд хэзээ дуусах талаар тодорхой заасан. Хоёрдугаарт мөн хуулийн 22.1 дэх хэсэгт мөрдөгч ажиллагааг ямар хугацаанд явуулах талаар зааж өгсөн. Хэрэг бүртгэлтийн болон мөрдөн шалгах ажиллагаанд тухайн ажиллагааг явуулахаар заасан байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй байхад ажиллагаа хийгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээн дээр гаргасан өмгөөлөгчийн саналыг шүүх юу гэж үзэж байгаа талаар тайлбарлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөд байна. Маш олон баримтууд дээр бүгд дээр нь няцааж байгаа үндэслэл болон шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаа баримтуудыг шүүх тайлбарлаж өгөөгүй. Л.Д, Ш.Т нарын мэдүүлэг дээр гэр бүлийн гишүүдээс мэдүүлэг авахдаа гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар тайлбарлаж өгөөгүй энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6 дугаар зүйлийг зөрчсөн. Тайлбарлаж өгнө гэдгийг эрх үүрэг танилцуулсантай хольж хутгаад байна. Эрх үүрэг танилцуулсан байна гэдэг дүгнэлтийг шүүх хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6 дугаар зүйлд зааснаар эрх үүргийг заавал тайлбарлаж өгөх ёстой. Хэргийн зарим оролцогч нар дээр зарим ажиллагааг хийсэн боловч бусад дээр нь эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй. Би шүүгдэгч Ш.Тө-н нэргийг андуураад Т гэж бичсэн байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн тодорхой тайлбараас харахад мэдүүлэг яаж өгөх талаар зааж өгсөн нь харагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэрэг шүүх дээр ирсэний дараа мөрдөгч нь яагаад шүүгдэгч рүү залгаад байдаг юм бэ? зэрэг ноцтой асуудлууд байгааг анхаарч үзнэ үү. Шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргаж өгөөд шүүх хүлээж авсан асуудал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэг дээр шүүхийн хэлэлцүүлэг болсон бол шинээр нотлох баримт авахгүй. Шинэ баримт авах талаар зохицуулалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад тухайн ажиллагаа явах ёстой байсан. Гэтэл энэ талаар талуудаас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар ямар нэгэн санал гаргаагүй, шүүх ч мөн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй гэж үзээд хэргийг шилжүүлсэн. Хэрэг шүүхэд шилжиж ирсэний дараа нотлох баримт гаргаж өгөөд тухайн нотлох баримтыг шүүх хүлээж авч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байгаа. Миний бичсэн гомдол дээр 16 дугаар зүйл гэсэн байсан. 16.1, 16.9, 16.14, 16.15 дугаар хэсгүүд 33.6 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, 35.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Ш.Т-ай холбоотой Б.У-д 800.000 төгрөг өгсөн нь яаж тогтоогдоод байгаа юм бэ? гэхээр Ш.Т-с мэдүүлэг авахдаа мөрдөгчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн гэдэг нь улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байгаа. Шүүгдэгч мөнгө өгөөгүй гэж мэдүүлж байгаа нь шүүх прокурор сэжигтэн яллагдагчаас гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардах эрхгүй учир шүүгдэгч нар мэдүүлгээ хэрхэн өгөх, мэдүүлгээ өгөхөөс татгалзах талаар хуульд заасан эрхийн асуудал гэж тайлбарласан. Гэтэл тухайн хүний мэдүүлгийг хуульд заасан үндэслэлээр харьцуулж үзэх ёстой. Яллагдагч тухайн үед өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нь өөр нотлох баримтуудаар нотлогдсон байх ёстой. Мөрдөн байцаалтын шатанд өөрийн мэдүүлгээс өөр баримтаар тогтоогдоогүй. Ш.Т нь хэлэхдээ манай нөхөр мэдэж байгаа бид хоёр ярьж байгаад өгсөн юм гэж хэлсэн байдаг. Гэтэл нөхөр болох Б нь 2017 оны 12 дугаар сард өгсөн мэдүүлэгтээ би мэдээгүй гэдэг зүйлийг ярьдаг. Тэгээд нөхөр эхнэр хоёрын мэдүүлэг зөрсөн байдал дээр шүүх эргэлзээтэй дүгнэлт хийсэн. Дээр дурдсан нотлох баримтуудын хүрээнд улсын яллагч болон мөрдөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүрэг хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл бодит байдлыг тогтоох үүрэг хуульд зааснаар мөрдөгч прокурор хоёрт байгаа. Тэгэхээр бодит байдлыг тогтоох зүйл рүү шүүх өөрөө ороод ирсэн харагдаж байгаа. Мөрдөгч, прокурор бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох зарчмыг хуульд суулгаж өгсөн. Шүүх бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Гэтэл шүүх бид нарын гаргасан үндэслэл дээр ямар ч хууль зүйн үндэслэл заагаагүй, шүүх нотлох баримтын хүрээнд бодит байдлыг тогтоох ажиллагаанд оролцоод байна. Мөн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Л.Д гэдэг хүнээс 500.000 төгрөгийг хэзээ яаж авсан нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байгаа. Яг энэ асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдоогүй. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар тогтоогоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Нэгэнт ийм байдлууд тогтоогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай байна. Гомдолд дурдсан хүсэлтээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон, Б.У-г цагаатгаж өгнө үү гэв.

Улсын яллагч Д.Ариунжаргал: Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын өмгөөллийн үгийг сонслоо. Бүгд хууль зөрчиж мэдүүлэг авсан гэдэг зүйл ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гэрч Б-с мэдүүлэг авахдаа гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж хууль сануулж мэдүүлэг авсан байна. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авахдаа хууль сануулж мэдүүлэг авсан. Мөн шүүгдэгч Ш.Т-с гэрчээр мэдүүлэг авахдаа 22 цаг өнгөрөөж мэдүүлэг авсан гэж байна. Хавтаст хэргийн 202 дугаар хуудсанд гэрчээс мэдүүлэг авсан цаг хугацаа нь харагдаж байна. Шөнийн цагаар мэдүүлэг авсан гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс өөр нотолж байгаа баримт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд нийцсэн хуулийн дагуу авагдсан мэдүүлгүүд байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ зөвхөн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Б.У нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг ажилд томилох гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Г.Б-н ээж Л.Д-с 500000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр авсан, Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, сонгон шалгаруулалтад орж тэнцсэн хүнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т-с 800000 төгрөгийн хахуулийг 2017 оны 02 дугаар сарын сүүлч 3 дугаар сарын эхээр бэлнээр авсан, Шүүгдэгч Л.Д нь өөрийн охин Г.Б-г ажилд томилутүүнд давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ундрахад албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 500000 төгрөгийн хахуулийг 2017 оны 1-3 дугаар сарын үед бэлнээр өгснөөр түүний охин Г.Б-т нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн менежерээр ажилд томилогдсон, Шүүгдэгч Ш.Т нь ажилд томилогдож өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-н албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 800000 төгрөгийн хахуулийг 2017 оны 2 дугаар сарын сүүлч 3 дугаар сарын эхээр бэлнээр өгч 2017 оны 09 дүгээр сарын 13- ны өдрөөс халдварт, сүрьеэгийн тасагт диспансерийн сувилагчаар томилогдсон байна.

Эдгээр үйл баримтууд нь шүүгдэгч Л.Д-н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Эмнэлгийн дарга Ундрахад хүүхдийг нь ажилд оруулж өгсөнд баярлаад 2017 оны 1-3 дугаар сарын үед охин Г.Б-г сургалтад явсан байхад 500000 төгрөг бэлнээр цаасанд боогоод өгөхөд “мөнгө төгрөгөөр яах нь вэ дээ, авахгүй” гэж хэлж байсан боловч ширээн дээр нь тавиад гарахад нь авсан бөгөөд хожим 2017 оны 11 дүгээр сард энэ асуудал шалгагдаж эхлэхэд мөнгөө буцааж авсан ба уг мөнгийг хахууль гэж өгөөгүй, ажилд оруулж өгсөнд баярлалаа гэж өгсөн” тухай мэдүүлэг, Шүүгдэгч Л.Д-с 500000 төгрөгийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, Г.Б-г 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн менежерээр томилсон тухай Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-н Б/3 дугаар тушаал, “Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн үйлчлэгчээр ажилладаг, удирдлагын зөвлөлийн гишүүн Должинсүрэн нь өөрийн охин Б-г тус эмнэлгийн хүний нөөцийн албаны даргын ажилд томилуулахаар 500000 төгрөгийг Б.У-д өглөө гэж хэлснийг мэс заслын тасгийн сувилагч О.Г-с сонссон бөгөөд Т.Б-т нь Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албаны даргаар томилогдсон” талаарх гэрч Ё.Н-н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, “Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулалтад ороогүй бөгөөд өөрийгөө хүний нөөцийн менежерийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа гэж бодож байгаа” тухай гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, “Б-г ажилд оруулахын тулд эмнэлгийн захиралд мөнгө өгсөн гэж эхнэр Д нь түүнд хэлж байсан” талаарх гэрч Н.Г-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, “Түр тушаалаар удаан хугацаанд ажиллаж байхдаа жинхлэх тушаал гаргаж өгөөч гэж У даргаас удаа дараа гуйж, шийдэж өгөхгүй болохоор нь Халдварт сүрьеэгийн тасагт диспансерийн сувилагчийн албан тушаалд томилогдохын тулд Нэгдсэн эмнэлгийн дарга Б.У-д 800000 төгрөг бэлнээр 2017 оны 02 дугаар сард аваачиж өгсөн. У захиралд зээлж өгөөгүй, буцааж аваагүй, ажилд томилж өгөөч гэж өгсөн. Үүний дараа халдварт сүрьеэгийн тасагт сувилагчаар томилогдсон тухай” Ш.Т-н мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, “Эхнэр Ш.Т-тайгаа ярилцаад 2017 оны 02-03 дугаар сарын үед өөрийн 5336023883 дугаар данснаас 800000 төгрөг авч Ш.Т нь нэгдсэн эмнэлгийн дарга Б.У-д өгсөн бөгөөд мөнгө өгсний дараахан эхнэрийг нь түргэн тусламжийн тасгаас халдварт сүрьеэгийн тасагт шилжүүлж 6 сар ажиллуулаад жинхлүүлсэн” талаарх гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Ш.Т-г 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Халдварт сүрьеэгийн тасагт диспансерийн сувилагчаар туршилтын хугацаагаар ажиллуулах тухай Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-н Б/13 дугаар тушаал, Ш.Т-г 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Халдварт сүрьеэгийн тасагт диспансерийн сувилагчаар томилж ажиллуулах тухай Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-н Б/50 дугаар тушаал зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байна.

Мөн шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би хүн ажлын байраар хангана гэж хэлж 500000 төгрөг аваагүй. Л.Д гуай баярлалаа гэж хэлээд 500000 төгрөг ширээн дээр тавьсан. Та энэ мөнгөө ав гэхэд авалгүй гараад явсан. Тэр юмаа аваарай гэж хэлж байсан. 11 дүгээр сард Авилгатай тэмцэх газрынхан ярихад тэр мөнгийг нь буцааж өгсөн” гэж мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдож байгаагаас гадна 2017 оны 1-3 дугаар сарын үед Л.Д-н өгсөн 500000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сард уг хэргийг шалгаж эхлэхэд буцаан өгсөн байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотлож байна гэж үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.У нь Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж нийтийн албан тушаал эрхэлж байхдаа Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албаны даргын ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангаагүй Г.Б-г уг албан тушаалд томилж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд түүний ээж Г.Д-с 500000 төгрөг авсан нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдварт сүрьеэгийн тасгийн диспансерийн сувилагчийн ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан Ш.Т-г тухайн ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Т-с 800000 төгрөгийг авсан нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Харин шүүгдэгч Л.Д нь өөрийн охин Г.Б-г ажилд томилуулах зорилгоор 500000 төгрөгийг, шүүгдэгч Ш.Т нь өөрөө ажилд томилогдох зорилгоор 800000 төгрөгийг Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.У-д өгсөн нь тус тус Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг цуглуулахдаа тухайлбал гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй, шөнийн цагаар, эрүү шүүлт тулгаж, хуурч мэхэлж мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байхад эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцэж байгаа боловч нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бие даан явуулах ажиллагааны хүрээнд гэрч нараас мэдүүлэг авсныг болон гэрч нараас мэдүүлэг авахдаа бусад нотлох баримтыг мэдүүлэг өгч байгаа хүнд үзүүлж, бусад мэдүүлгийн тэмдэглэлийг танилцуулсан зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх улсын яллагчаас шүүх хуралдааны үед гаргаж өгсөн 25 хуудас нотлох баримтыг хэрэгт хамааралтай байна гэж дүгнэж хэрэгт хавсаргасан нь буруу боловч уг нотлох баримт нь хэргийн ямар байдлыг нотлож байгаа талаар үнэлж дүгнээгүй, өөрөөр хэлбэл уг нотлох баримт нь хэргийн байдлын талаарх шүүхийн дүгнэлтэд нөлөөлөөгүй байна. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвээрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлүүдэд заасан хэмжээний дотор зохих ял шийтгэлийг тус тус оногдуулсныг хуульд нийцсэн байна.

Мөн 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуульд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох торгох ялын доод хэмжээг өмнөх 2002 оны эрүүгийн хуульд заасан торгох ялын хэмжээнээс багаар тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байна. Тиймээс шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Д.Батсүх, шүүгдэгч Л.Д-н өмгөөлөгч Б.Болормаа, шүүгдэгч Ш.Т-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Д.Батсүх, шүүгдэгч Ш.Т-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүгдэгч Л.Д-н өмгөөлөгч Б.Болормаа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, Эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Ч.ЭНХТӨР