Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00784

 

 Т.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 196 дугаар шийдвэр,         

Баян-өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаар магадлалтай,

Т.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй

Б.Дамдинсүрэнд холбогдох,

Байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Лхамсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Д.Төмөр-Өлзийтэй “Орон сууц худалдах худалдан авах” гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, 000136985 дугаартай гэрчилгээ авч хуулийн дагуу Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар багийн 1-64 айлын 9 тоотод 2 өрөө орон сууцны өмчлөгч нь болж, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 4 жил гаруй хугацаанд амьдарсан. Тухайн үед орон сууцыг худалдан авах бэлэн мөнгө байхгүй тул банктай зээлийн гэрээ байгуулж худалдан авсан бөгөөд төлбөрөө зээлийн гэрээний төлөлтийн графикийн дагуу төлснөөр ирсэн бөгөөд одоо ч төлж байгаа. Гэтэл 2015 оны 9 дүгээр сараас Б.Дамдинсүрэн гэх хүн уг орон сууцыг “миний байр, та нар байрыг маань хурдан суллаж өг” хэмээн өдөр бүр утасдаж улмаар гэрт байнга ирэх болсон. Эхнэр маань өвчний улмаас нас барсан, би бага насны 4 хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 10-нд намайг гэртээ байхгүй үеэр Б.Дамдинсүрэн гэгч орон байранд маань нэвтрэн орж үүд хаалгыг нь эвдэн 2015 оны 12 дугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл амьдарсаар байна. Б.Дамдинсүрэн гэгчийг уг байрны өмчлөгч гэсэн аль ч шатны шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын орон сууцны 09 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь надаас өөр хүн байхгүй байхад Б.Дамдинсүрэн гэгч миний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, миний 2 өрөө байранд амьдарч байна. Иймд Б.Дамдинсүрэнг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын 9 тоот миний өмчлөлийн 2 өрөө байрнаас албадан гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Дамдинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын орон сууцны 9 тоот, 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигчийг шүүх тогтоосон. 2011 оны Захиргааны хэргийн анхан шатны шүүх 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон. Увс аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтын 30-д заасныг хүчингүй болгож, Төрийн өмчийн хорооны 499 тоот тогтоолоор 9 тоот 2 өрөө орон сууцыг Б.Дамдинсүрэн надад хувьчлахыг орон нутгийн өмчийн албанд үүрэг болгосон. Үүний талаар би Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээр хандсан бөгөөд одоогоор шийдвэр гараагүй байна. Т.Лхамсүрэнгийн эрх ашгийг хөндөөгүй бөгөөд хэрэв түүнд хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэгчээс шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэйг шүүх заасан байхад надтай холбогдож, нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би хууль ёсны өмчлөгчийн хувьд тухайн орон сууцандаа амьдарч байна. Д.Төмөр-Өлзий Т.Лхамсүрэнг хульхидаж, миний эзэмшлийн орон сууцыг 40.000.000 төгрөгөөр хуурамч бичиг баримт бүрдүүлэн худалдсан болохыг 3-н шатны шүүх тогтоосон. Миний гэм буруутай үйл ажиллагаа байхгүй. Энэ тухай Увс аймгийн Цагдаагийн газрын ажилтан Энхтөр, Сайнжаргал нар шалгасан. Хүн өөрийг нь хохироосон хүнтэй заргалдаж, хохирлоо барагдуулах байтал шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, надтай заргалдаж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын орон сууцны 09 тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-1520000695 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Дамдинсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Лхамсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дамдинсүрэнгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Лхамсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Баян-өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Лхамсүрэнгийн “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын орон сууцны 09 тоот, 30 м.кв талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-1520000695 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Дамдинсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Лхамсүрэнгийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Лхамсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 63 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул нэхэмжлэгч Т.Лхамсүрэн миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2016 оны 63 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Лхамсүрэн миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Дамдинсүрэнгийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Маргаан бүхий байрны шударга өмчлөгч нь би бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй. Төрийн өмчийн хорооны 2012 оны 499 дүгээр тогтоолоор иргэн Б.Мягмарсүрэнд хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч Б.Дамдинсүрэнд хувьчлахыг эрх бүхий байгууллагад даалгасан, мөн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 тоот шийдвэрээр Б.Дамдинсүрэнд дээрх маргаан бүхий орон сууцыг хувьчлах шийдвэр гаргахыг Увс аймгийн Орон сууц хувьчлах товчоонд даалгаж шийдвэрлэсэн боловч уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл уг маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч нь Т.Лхамсүрэн миний бие хэвээр байгаа.

Давж заалдах шатны шүүх Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 09 тоот шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад хүчин төгөлдөр болсон мэтээр дүгнэж, Т.Лхамсүрэн намайг өмчлөх эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө нэхэмжлэх, уг байрнаас Б.Дамдинсүрэнг албадан гаргуулахыг шаардах эрх байхгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.1-д ”Энэ хуулийн 81.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” бол захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоор заасан ба мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 -д “Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй" гэж тус тус заажээ. Хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг биелүүлэх, уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн мэтээр үнэлж, дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдон” гэж заажээ. Өмчлөх эрхтэй холбоотой өмчлөгчийн аливаа эрх нь улсын бүртгэлээр хүчин төгөлдөр болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлснээр албан ёсоор өмчлөгч нь болно. Иймд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т.Лхамсүрэн нь хариуцагч Б.Дамдинсүрэнд холбогдуулан “...орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай шаардлага гаргахдаа эрхийн улсын бүртгэлийн Y-1520000695 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэл болгожээ.

Хэрэгт дараах байдал тогтоогджээ. Үүнд:

1.Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр Б.Дамдинсүрэнгийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-64 айлын 1 дүгээр орцны 9 тоотын 2 өрөө орон сууцыг  эзэмших эрхийн бичиг, гэрээг хүчингүй болгосон Увс аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 1997 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгожээ.

2.Увс аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 145 дугаар шийдвэрээр Б.Дамдинсүрэнг маргааны зүйл болох 1-64 айлын орон сууцны 9 тоотын 2 өрөө орон сууцыг 1993-1998 он хүртэл хугацаанд эзэмшиж байсныг тогтоосон байна.

3.Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 499 дүгээр тогтоолоор Увс аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 15 дугаар тогтоолын хавсралтын 30-д заасныг хүчингүй болгож, үүнтэй холбогдуулан иргэн Б.Мягмарсүрэнгийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1-64 айлын орон сууцны 09 тоот орон сууц өмчлөх 0082076 дугаар гэрчилгээ, улсын бүртгэлийн 1520000695 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, тус орон сууцыг эзэмшигч Б.Дамдинсүрэнд хувьчлах ажлыг зохион байгуулахыг аймгийн Орон нутгийн өмчийн албанд үүрэг болгож шийдвэрлэжээ.

Д.Төмөр-Өлзий дээрх тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 125 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 215 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 182 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх “...Б.Дамдинсүрэн нь анхны эзэмшигчийн хувьд хуульд зааснаар тухайн орон сууцыг нэг удаа үнэгүй хувьчлан авах эрх үүссэн...” гэж дүгнэжээ.

4. Увс аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр дээрх орон сууцыг эзэмшигч Б.Дамдинсүрэнд хувьчлах шийдвэр гаргахыг аймгийн Орон сууц хувьчлах товчоонд даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч гэж маргаж буй боловч ТӨХ-ны тогтоолоор дээрх уг орон сууцны өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгожээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, бүртгэл нэгдсэн байх зарчимд үндэслэгдэнэ.

Анхан шатны шүүх “Т.Лхамсүрэн нь ... орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн” гэж үзсэн нь хуульд заасантай нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Лхамсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ