Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0685/З/ |
Дугаар | 290 |
Огноо | 2018-06-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 290
К.О, И.Х, Б.Г нарын нэр бүхий 26 иргэний
нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0097 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0249 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0097 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус баримтлан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын задаргаа батлах тухай” А/137 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0249 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль бус болжээ. Учир нь анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзвэл “нийслэлийн Засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамж нь захиргааны байгууллагын дотоодод үйлчлэх эрх зүйн актын шинжийг агуулсан байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “нийслэлийн Засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамжийг дотогшоо чиглэсэн акт гэж үзсэн байна. Гэсэн атлаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бус харин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй болжээ” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан нэхэмжлэлийг буцаах үндэслэл байхгүй байхад “нэхэмжлэлийг буцаах ёстой байсан” гэж үзсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.
4. Давж заалдах шатны шүүх “маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.6, мөн хуулийн 4.2.6, 26, 27, 74 дүгээр зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа болон 76 дугаар зүйлд заасан хэлэлцүүлгийн ажиллагаануудыг хийх ёстой байсан ч аль алиныг нь огт хийгээгүй нь уг актыг анхнаасаа хууль зөрчиж гаргасан болохыг нотолно гэсэн үндэслэлийг гол болгож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад энэ талаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй байна” гэж үзсэн нь мөн үндэслэлгүй болжээ. Учир нь нийслэлийн Засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамж нь захиргааны байгууллагын дотоодод үйлчлэх эрх зүйн актын шинжийг агуулсан, нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй тул энэ талаар нотлох баримт цуглуулах, шаардлагагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад маргааныг шийдвэрлэсэн, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасанд нийцсэн байна.
6. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, И.Х, Б.Г нараас 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд “нийслэлийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан, К.О, И.Х нар нь 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлээ “...захирамжийн холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.С нь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй зам ашиглалтад орсон учраас ...захирамжийн нэгдүгээр хавсралтын 5 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор өөрчилсөн гэж хэлсэн, шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өөрчилж “...захирамжийн нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор тодорхойлсон гэж бичжээ.
7. Гэтэл, хэргийн нэгдүгээр хавтсын 244 дүгээр хуудаст байгаа “нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” бичигт “нийслэлийн Засаг даргын 2017 оны А/137 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэсэн ба шүүхийн шийдвэрт бичигдсэн байдлаар “...хавсралтын 5 дахь хэсгийг...” гэж тодорхойлоогүй, үүнээс үзвэл шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн шийдвэрлэсэн гэж үзэхээр, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа “...захирамжийн холбогдох хэсэг” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, тодорхой бус шаардлага гаргасан байхад үүнийг тодруулаагүй, “нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” бичигт нэхэмжлэгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-гийн гарын үсэг байхгүй зэргээс үзвэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
8. Учир нь маргаан бүхий уг акт 2 заалттай, 1 дүгээр заалтаар “нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох ажлын 4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталсан, 2 дугаар заалтаар “...төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгасан, уг захирамжийн үйлчлэлд нэхэмжлэгч нарын маргаж буй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто замын ажил багтсан, иймээс “холбогдох хэсэг” гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсаны үндсэн дээр уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шаардлагатай.
9. Иймд, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт өгөөгүй, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, анхан шатны шүүхийн уг алдаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн... шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болох тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн “...захирамж дотоодод үйлчлэх актын шинжийг агуулсан, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, энэ талаар нотлох баримт цуглуулах шаардлагагүй, ...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
10. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “...,нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн бүрэн эрхийн дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0249 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ