Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 13

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Ардын Хувьсгалт Намын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

“Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Монгол Ардын Хувьсгалт Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нэр бүхий 23 нэр дэвшигчдийг Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авахыг Архангай аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Монгол Ардын Хувьсгалт Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантөмөр, хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Монгол Ардын Хувьсгалт Намын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Монгол Ардын Хувьсгалт Намаас Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны орон нутгийн сонгуульд нийт 23 нэр дэвшигчийг дэвшүүлж, Сонгуулийн тухай хуульд заасан журмын дагуу, мөн Архангай аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 20 дугаартай /нэр дэвшүүлэхэд ирүүлэх материалын тухай/ гэсэн албан бичгийн дагуу нэр дэвшихэд шаардлагатай, холбогдох материалуудыг бүрдүүлж, Архангай аймгийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд хүргүүлсэн. Гэтэл Архангай аймгийн Сонгуулийн хорооноос манай намаас дэвшүүлсэн нийт 23 нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 05 дугаар тогтоолыг гардуулж өгсөн.

            Тус тогтоолд “...нэр дэвшигчид нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.3, 157.2.5 дахь хэсэгт заасан баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд ирүүлээгүй тул Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн бүртгэхээс татгалзсугай” гэжээ.

            Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.3 дахь хэсэгт “...нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл” гэж заасан байна. Тус заалтыг хэрэгжүүлэхдээ Архангай аймгийн Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчид бичгээр Монгол Ардын Хувьсгалт Намаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг хавсрагасан нь Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшүүлэхийг зөвшөөрснийг илтгэж байгаа билээ.

            Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь хэсэгт “...энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” гэж заажээ. Тус намаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж буй бүх нэр дэвшигчдийн өр төлбөргүй гэдгийг нотолсон тодорхойлолтыг аймгийн Татварын хэлтэс болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулан авч аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минутанд хүлээлгэж өгсөн.

            Дээрх 2 байгууллагаас гаргаж өгсөн тодорхойлолтод тус намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдээс хэн нь ч өр төлбөргүй болохыг тодорхойлсон бөгөөд дээрх албан ёсны тодорхойлолтоор нэр дэвшигчид нь өөрсдийгөө өр төлбөргүй гэдгийг аймгийн Сонгуулийн хороонд мэдүүлсэн баримт бичгийг хүргүүлсэн гэж үзэж байна. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд: Монгол улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Үүнд: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт “...шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан.  

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь хэсэгт заасан баримт бичгийг ирүүлээгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасан “...баримт бичиг дутуу...” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй. Аймгийн Сонгуулийн хорооноос манай намд 10 ширхэг гарын авлага өгсөн. Тухайн гарын авлагатай танилцаад маягтаар бөглөнө гэдгийг хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх юм байна гэж ойлгож бөглөсөн. Бид Сонгуулийн хорооноос гаргасан тогтоол, хавсралтуудтай танилцаж амжаагүй. Сонгуулийн хороо шинээр гаргасан тогтоол, хавсралтуудаа сурталчлах, заавар, журам өгөөгүй. Жирийн иргэд хүртэл хангалттай сайн мэдээлэл аваагүй байсан. Тийм учраас Сонгуулийн хорооноос гарын авлагаар дамжуулан зааварчилгаа өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Аймгийн Сонгуулийн хорооноос бидэнд 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэр дэвшүүлэхэд ирүүлэх материалын тухай гэсэн албан бичгийг явуулсан. Энэ албан бичигт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн намууд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасан буюу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал нэр дэвшүүлэх, нэр дэвшигчид хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар дараах материалуудыг нэр дэвшүүлсэн материалд хавсарган ирүүлэхийг анхааруулж байна гэсэн. Бидний зүгээс тухайн албан бичигт заасан нэр дэвшигчийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа батлан даалтын өргүй талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллийн сангаас гаргасан лавлагаа, өөрийн болон 51-ээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг компанийн татварын өргүй талаархи Татварын байгууллагын нэгдсэн цахим сангаас авсан лавлагаа, ял шийтгүүлж байгаагүй, ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон тухай Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас гаргуулсан лавлагаа, цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн цэргийн алба хаах үүргээ биелүүлснийг нотлох цэргийн штабын тодорхойлолт, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг болно. Мөн дээрх материалаас гадна хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан Төрийн жинхэнэ албан хаагч, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, Төрийн болон орон нутгийн өмчит, Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд дарга нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө байгууллагууддаа ажил албан тушаалаас чөлөөлөгдөхөөр өгсөн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, нэр дэвшихээс өмнө ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай томилох эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр, ажил үүргээ хүлээлгэн өгснийг нотлох баримт заавал хавсарган ирүүлэхийг үүгээр мэдэгдье гэсэн албан бичгийг хүлээж аваад энэ албан бичгийн дагуу материалаа бүрдүүлж өгөх юм байна гэж ойлгоод хуулийн дагуу нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа явуулсан. Сонгуулийн хорооноос явуулсан гарын авлагыг мөн удирдлага болгосон.

Сонгуулийн тухай хуульд маягтын дагуу бөглөж өг гэсэн заалт байхгүй. Бидний зүгээс хуулийн хугацаанд материалаа өгсөн. Сонгуулийн хорооноос материал дутуу байна гэсэн учраас нөхөж өгч байна. Гэхдээ Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэсэн ойлголт биш. Иймд Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь Монгол Ардын Хувьсгалт Намын нэр бүхий 23 нэр дэвшигчдийг Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Лхагвасүрэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т “Сонгуулийн төв байгууллага нь нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, бичиг баримтын загварыг батална” гэж хуульчилсан бөгөөд Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар “Маяг батлах тухай” тогтоолоор нэр дэвшигчийн бүртгүүлэх бичиг баримтын загвар маягтыг баталсан, нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт бичиг баримтын талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос бэлтгэж ирүүлсэн гарын авлагыг Монгол Ардын Хувьсгалт Намд хүргүүлсэн байдаг.

Архангай аймгийн Монгол Ардын Хувьсгалт Нам нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасан хугацаанд аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн. Ийнхүү ирүүлэхдээ тус хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.3-т заасан “нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл”, 157.2-д заасан “өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” гэсэн 2 бичиг баримтыг огт ирүүлээгүй. Нэр дэвшигчийн намтарыг гараар бичиж ирүүлсэн. 

Нэр дэвшигчид нь Монгол Ардын Хувьсгалт Намаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлснийг зөвшөөрч, сонгуульд оролцохдоо холбогдох хууль тогоомжийг чанд мөрдөн ажиллах талаар зөвшөөрөл бичгээр гаргах хуулийн зохицуулалт байгаа боловч Сонгуулийн хороонд ирүүлсэн нэр дэвшигч 23 хүний бичиг баримтад нэр дэвшигч этгээд Сонгуулийн байгууллагад биш Монгол Ардын Хувьсгалт Намын хороонд нэр дэвшихээр гаргасан хүсэлт байгаа болно. Үүнийг нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл гэж үзэх боломжгүй. 23 хүний материал дотор Ч.Төгсбилгүүн гэдэг хүний материалд намд нэр дэвшихийг хүссэн материал байдаггүй. Бусад материалууд дотор тойрог заалгүйгээр энэ намаас нэр дэвшүүлж өгнө үү гэсэн хүсэлтүүд байдаг. Энэ үндэслэлээр намд гаргасан хүсэлтүүдийг зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн.

Монгол Ардын Хувьсгалт Нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус намаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж буй бүх нэр дэвшигчдийн өр төлбөргүй гэдгийг нотолсон тодорхойлолтыг аймгийн Татварын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авч өгсөн ба дээрхи албан ёсны тодорхойлолтоор нэр дэвшигчид өөрсдийгөө өр төлбөргүй гэдгийг Сонгуулийн хороонд мэдүүлсэн баримт бичгийг хүргүүлсэн гэж үзэж байна гэжээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь заалтын агуулга нь нэр дэвшигч өөрөө ар төлбөргүй гэдгээ бичгээр Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу мэдүүлсэн мэдүүлгийг гаргаж аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх ба дээрх 2 байгууллагын тодорхойлолт нь түүний дээрх өр төлбөргүй гэсэн бичгээр гаргасан мэдүүлгийн хавсралт, нотлох баримт нь учраас тухайн 2 байгууллагын тодорхойлолтыг өр төлбөргүй болох талаар нэр дэвшигчийн мэдүүлэг гэж үзэх боломжгүй.

Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсны дараа Монгол Ардын Хувьсгалт Намаас дахин нэр бүхий 21 хүний бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу гаргаж ирүүлсэн ба аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшүүлэх ажиллагааны хуульд заасан хугацаа дууссанаас хойш ирүүлсэн материалыг хүлээн авах нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болох тул тухайн шинээр ирүүлсэн 21 хүний бичиг баримтыг хүлээн аваагүй, буцаан хүргүүлсэн. Гэхдээ тухайн намын эрх ашгийг хүндэтгэж, нэр дэвшигчдийн урьд хуулийн хугацаанд ирүүлсэн материалыг дахин нэг бүрчлэн авч үзсэн. Гэсэн хэдий ч нэр дэвшигчээр бүртгэх хуулийн шаардлага хангасан, бичиг баримтын бүрдэл хангагдсан материал байгаагүй.

Аймгийн Сонгуулийн хороо нь Монгол Ардын Хувьсгалт Намын эрх ашиг, иргэний сонгох сонгогдох эрхийг дээдэлж тус намаас нэр дэвшигчдийн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу гаргаж ирүүлээгүй хэдий ч нэр дэвшигч нэг бүрийн гараар бичсэн “нэр дэвшигчийн намтар” гэсэн бичиг баримтыг хүлээн авсан.

Архангай аймгийн Сонгуулийн хороонд материал өгөх эцсийн хугацаа нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1700 цаг байсан. Монгол Ардын Хувьсгалт Намын материал тухайн өдрийн 1700 цагаас өмнө орж ирсэн боловч материалаа маягтын дагуу бөглөөгүй байсан. Энэ талаар мэдэгдэж, материалаа гарын авлагын дагуу бөглөхгүй яасан юм бэ гэхэд ар талыг нь хараагүй юм байна гэж хэлж байсан. Түүний дараагаар нөгөө жагсаалтаа харсан байж магадгүй, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дахин материалаа засаад ирсэн. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт сонгуульд оролцох нам, нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхэлж, 5 хоногийн хугацаанд дуусгана гэсэн байгаа. 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт нэр дэвшигдсэн нам, нэр дэвшүүлэх ажиллагааны талаар хуульд заасан хугацаа дууссанаас хойш 3 хоногт багтааж дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны Сонгуулийн хороонд биечлэн өгнө гэсэн байгаа. Иймд хугацааг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1700 цагаас өмнө гэж тогтоосон.

Монгол Ардын Хувьсгалт Намаас ирүүлсэн нэр дэвшигч 23 хүний бичиг баримтыг аймгийн Сонгуулийн хорооны хурлаар хүн нэг бүрээр хэлэлцэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан ба аймгийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоол хуульд нийцэж, үнэн зөв гарсан шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Архангай аймгийн Сонгуулийн хорооны 05 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Монгол Ардын  Хувьсгалт Нам /цаашид МАХН гэх/ нь “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Монгол Ардын Хувьсгалт Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нэр бүхий 23 нэр дэвшигчдийг Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авахыг Архангай аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд аймгийн МАХН-аас нэр дэвшүүлж ирүүлсэн нэр бүхий 23 хүний баримт бичигт Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.3-т заасан нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг гэсэн баримт бичгүүд дутуу гэсэн үндэслэлээр МАХН-аас нэр дэвшсэн 23 хүнийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

            Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд нэр дэвшигчийг бүртгэх талаарх зохицуулалтыг тусгасан байх бөгөөд 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт нэр дэвшигчээс аймгийн сонгуулийн хороонд бүрдүүлж өгөх баримт бичгийн жагсаалтыг заан өгчээ.

            Нэхэмжлэгч МАХН-аас дараах үндэслэлээр аймгийн сонгуулийн хорооны 5 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.         Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсгийн 157.2.3-т “нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл” гэж заасны дагуу тус нам МАХН-д хандан бичгээр гаргасан нэр дэвшигч бүрийн зөвшөөрөлийг материалд хавсарган өгсөн. Энэ нь дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж, нэр дэвшигч бүр бичгээр зөвшөөрлөө өгсөн гэж үзэж байна.  Аймгийн Сонгуулийн хороонд хандсан зөвшөөрөл байх шаардлагагүй гэж МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд нэр дэвшүүлэх нийтлэг журмыг заасан байх бөгөөд аймгийн сонгуулийн хороонд ирүүлсэн материалаас үзэхэд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалт “Нам намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно” гэж заасны дагуу  намаас сонгуульд нэр дэвшүүлэхээс өмнө  22 нэр дэвшигчээс  гаргасан хүсэлт байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.3 дахь заалтад заасан “нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл” гэдэг нь МАХН-д хандаж биш, аймгийн сонгуулийн хороонд хандан маягтын дагуу бичгээр гаргасан нэр дэвшигчийн зөвшөөрлийг ойлгохоор байна.

            Учир нь мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т “Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, бичиг баримтын загварыг батална” гэж заасан байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 5 дугаар тогтоолоор “Аймаг /нийслэл/-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэх зөвшөөрөл”-ийн маягтыг  баталжээ.

            Иймд МАХН-д хандан нэр дэвшигч бүрийн гаргасан хүсэлтийг аймгийн сонгуулийн хороонд хандан гаргасан нэр дэвшигч бүрийн бичгээр гаргасан зөвшөөрөл гэж үзэхээргүй байна.

2.         МАХН-аас аймгийн сонгуулийн хороонд аймгийн Татварын алба болон Шийдвэр гүйцэтгэх газраас нэр дэвшигч бүрээр гаргаж өгсөн лавлагаа нь нэр дэвшигч бүрийн өр төлбөргүй болохыг баталж байгаа бөгөөд эдгээр лавлагаа нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан баримтыг гаргаж өгсөн гэж үзнэ гэжээ.

            Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5 дахь хэсэгт  “энэ хуульд заасан нэр дэвшигчийн өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг” гэж заасан заалт, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаас  үзвэл нэр дэвшигчээс өр төлбөргүй талаарх мэдүүлгээ аймгийн сонгуулийн хороонд маягтын дагуу гаргаж өгөхөөр байна.

3.         МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэр дэвшигчийн бүрдүүлэх материалын хөрөнгө орлогын мэдүүлгээс бусад материалыг маягтын дагуу бөглөнө гэсэн хуулийн заалт байхгүй гэж тайлбарлаж байна.

            Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т “Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, бичиг баримтын загварыг батална” гэж зааснаас үзвэл Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу нэр дэвшигчид материалаа бүрдүүлж өгөх ёстой байжээ.

            Хэрэгт авагдсан 23 нэр дэвшигчдийн материалаас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.6-д заасан “нэр дэвшигчийн намтар”-ыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу бөглөөгүй, гараар бөглөсөнөөс зарим мэдээлэл дутуу, нэр дэвшигч Б.Өлзийсайханы иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссан , нэр дэвшигч Д.Лхагвасүрэн, Г.Буянхишиг, Б.Өлзийбаатар нар нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гарын үсэг зураагүй , нэр дэвшигч С.Дамбийгийн нэр дэвшүүлэх зөвшөөрөл, нэр дэвшигчийн намтар, иргэний үнэмлэхний хуулбар, хөрөнгө орлогын мэдүүлэг, өр төлбөргүй талаарх мэдүүлэг байхгүй  зэрэг шаардлага хангахгүй, дутуу материалуудыг МАХН-аас аймгийн сонгуулийн хороонд гаргаж өгчээ.

            Мөн МАХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маягтын дагуу бөглөсөн 21 хүний материалыг  шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээр материалыг  аймгийн Сонгуулийн хорооны 5 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо хавсаргаж, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр  өгсөн байна.

            Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар нам нэр дэвшигчдийн материалыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагаас өмнө аймгийн сонгуулийн хороонд гаргаж өгөх ёстой бөгөөд дээрх хугацаа өнгөрсөнөөс хойш гаргаж өгсөн материалыг хүлээж аваагүй аймгийн Сонгуулийн хорооны шийдвэр  үндэслэлтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ  талаар маргаагүй .

            Архангай аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолоо Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтын дагуу гаргажээ. 

            Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр Монгол Ардын Хувьсгалт Намаас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Монгол Ардын Хувьсгалт Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нэр бүхий 23 нэр дэвшигчдийг Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авахыг Архангай аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь хэсгийн 70.2.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.3, 157.2.5, 157.4, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.3 дахь заалтуудыг тус тус баримтлан Монгол Ардын Хувьсгалт Намаас Архангай аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Монгол Ардын Хувьсгалт Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нэр бүхий 23 нэр дэвшигчдийг Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авахыг Архангай аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ