Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0387

 

 

 

 
2017 оны 06 сарын 02 өдөр     Дугаар 221/МА2017/0387             Улаанбаатар хот


“А.с” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Ч.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0274 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “А.с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн татварын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0274 дүгээр шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаартай хяналт шалгалтын актаар тогтоосон нөхөн татварт “А.с” ХХК-иас төлсөн 26.875.150.5 төгрөгийг суутган тооцсон шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн татварын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дүгээр актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийн хариуцлагаас “А.с” ХХК-ийг чөлөөлөх /өршөөн хэлтрүүлэх/-ийг даалгах, Нийслэлийн татварын газрын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаартай хяналт шалгалтын актаар тогтоогдсон нөхөн татварт “А.с” ХХК-иас төлсөн 44.124.849.5 /нийт төлсөн 71.000.000 төгрөгөөс нөхөн татварт тооцогдож, хангасан 26.875.150.5 төгрөгийг хассан дүн/ төгрөгийг төлснөөр тооцуулах буюу бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “А.с” ХХК-ийн захирал давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс “...Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн дагуу “А.с” ХХК-ийг өршөөлд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Нийслэлийн татварын газрын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 тоот актаар ногдуулсан торгууль, хүү, алданги 44,124,849.5 төгрөгийн хариуцлагаас “А.с” ХХК-ийг чөлөөлүүлэх /өршөөн хэлтрүүлэх/ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Өршөөл үзүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлсэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө хүү, торгууль, алданги төлөгдөж, татвар төлөгчийн алданги, торгууль, хүү төлөх үүрэг дуусгавар болсон байх тул өршөөлд хамруулах боломжгүй гэж дүгнэсэн.
Уг дүгнэлт нь дараах байдлаар үндэслэлгүй юм: “...Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” 10.1-д “...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас ... захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна”, 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан. “А.с” ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль, хүү, алданги 44,124,849.5 төгрөгийн шийтгэл нь тус хууль үйлчлэх хугацаанд хамаарч байх тул уг захиргааны шийтгэлээс “А.с” ХХК-ийг өршөөх үндэслэлтэй байна.
“...Өршөөл үзүүлэх тухай хууль” нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс буюу батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болохоор тус хуулийн 11.1-д заасан. Ийнхүү хууль хүчин төгөлдөр болж эхлэх хугацаанаас өмнө хүү, торгууль, алдангийг төлж барагдуулсан эсэх нь өршөөлд хамрагдах, хамрагдахгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
“Нийслэлийн татварын газрын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 тоот хяналт шалгалтын актаар тогтоогдсон төлбөрт “А.с” ХХК-иас төлсөн 71.000.000 төгрөгийг уг актаар тогтоогдсон нөхөн татварт төлснөөр тооцох буюу бүртгэхийг даалгах” шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан татварын өр барагдуулах дарааллын дагуу хүү, торгууль, алдангийн төлбөрийг түрүүлж суутгасан нь зөв гэж дүгнэсэн. Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд “Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна: 56.1.1 Тухайн татварт ногдох алданги, 56.1.2 торгууль, 56.1.3 татварын үндсэн өр” гэж заасан. Гэвч уг заалт нь татварын өрийг татварын алба, татварын улсын байцаагчаас албадан барагдуулах харилцаанд үйлчлэх буюу татварын албанаас өр барагдуулахад баримтлах ерөнхий дарааллыг тогтоосон хэм хэмжээ болох нь уг зүйлийн 56.2 дахь хэсгээр тайлбарлагдаж байна. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 56.2 дахь хэсэгт “Хэрэв татвар төлөгч тухайн татварын төлбөрийг аль хугацааны, ямар татварт хамаарахыг заагаагүй бол татварын өр төлөх дарааллыг татварын алба тусгайлан тогтооно” гэж заасан. Уг хэсгийн “Хэрэв татвар төлөгч тухайн татварын төлбөрийг аль хугацааны, ямар татварт хамаарахыг заагаагүй...” гэх хэсэг нь татвар төлөгч тайлангаар тодорхойлогдсон татварын өр, хяналт шалгалтын актаар тогтоогдсон татварын өр зэрэг төлбөрөө төлөхдөө зориулалтыг заах буюу өөрийн хүсэл зоригоор сонгож төлөх боломжтой болохыг илэрхийлсэн хэм хэмжээ байна. Мөн уг хуулийн 56.2 дахь хэсгийн “... заагаагүй бол татварын өр төлөх дарааллыг татварын алба тусгайлан тогтооно” гэх хэсэг нь татвар төлөгч тодорхой хугацааны болон тодорхой төрлийн татварыг төлж байгаагаа дурдаагүй бол татварын алба Татварын ерөнхий хуулийн 56.1 дэх хэсэгт заасан дарааллыг баримтлах, эсхүл 56.1-д заасан дарааллаас өөр байдлаар тусгайлан дараалал тогтоох гэдэг эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Харин Нийслэлийн татварын газрын дарга асан Х.Т “А.с” ХХК-ийн хүсэлтэд өгсөн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/502 тоот хариу бичигтээ 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөгдсөн 20.000.000 төгрөгийг торгууль, алданги, хүүгийн төлбөрт төлснөөр тооцож болох юм гэсэн хариу өгсөн нь “А.с” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлсөн төлбөрийн талаар татварын алба тусгайлан дараалал тогтоож байгаа үйлдлийн бодит хэлбэр мөн гэж үзэж байна. Иймд нэгдүгээрт “А.с” ХХК нь үндсэн өр төлбөрөө барагдуулахаар “хяналт шалгалтын актын төлбөр” гэж тухайлан утгыг зааж, нөхөн татварыг хэсэгчлэн төлсөн. Хоёрдугаарт Татварын ерөнхий хуулийн 14.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж заасан тул “...Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн үйлчлэлд хамрагдах татвар төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан “А.с” ХХК-ийн төлсөн 71.000.000 төгрөгийг Нийслэлийн татварын газрын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 тоот хяналт шалгалтын актаар тогтоогдсон 70.367.635.4 төгрөгийн нөхөн татварт тооцон бүртгэх боломжтой болох нь Татварын ерөнхий хуулийн 56.2 дахь хэсэгт заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх ... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг анхан шатны шүүх дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна:
Хариуцагчийн хувьд “...Өршөөл үзүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлсэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөгдсөн 20.000.000 төгрөгийг хүү, торгууль, алдангийн төлбөрт төлсөн гэж үзээд уг 20.000.000 төгрөгийн төлөлтийг нөхөн татварт тооцон суутгаж болно гэсэн хариуг өгсөн байдаг. Энэхүү тайлбарын үр дагавар нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлөгдсөн 51.000.000 төгрөгийн 24.124.849.5 төгрөгийг хүү, алданги, торгуулийн төлбөрт, 26.875.150.5 төгрөгийг нөхөн татварт хуваарилснаар хүү, торгууль, алдангийн төлөгдөөгүй үлдэгдэл 20.000.000 төгрөг болох тул уг хэмжээний захиргааны шийтгэлээс шууд өршөөгдөх боломжтой байтал анхан шатны шүүх маргахгүй байгаа асуудлыг дүгнэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0274 тоот шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
“Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийн хариуцлагаас “А.с” ХХК-ийг чөлөөлөх /өршөөн хэлтрүүлэх/-ийг даалгах, “А.с” ХХК-ийн төлсөн 71.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар 10-ны өдрийн 220017201 дугаар актаар тогтоогдсон нөхөн татварт төлсөнд тооцох буюу бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Ану сервис” ХХК нь Нийслэлийн татварын газар, Нийслэлийн татварын газрын даргад холбогдуулан гаргасан байна.
Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Алтантуяа, Ц.Түвшинбаяр нар 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “А.с” ХХК-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт явуулж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг үндэслэн 70.367.635.4 төгрөгийн нөхөн татвар, 23.403.250.1 төгрөгийн торгууль, 20.687.205 төгрөгийн алданги, 34.394.4 төгрөгийн хүү, нийт 114.492.484.9 төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоов” гэсэн Татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгах” тухай 220017201 дугаар актыг гаргасан.
Дээрх татварын байцаагчийн актаар 23.403.250.1 төгрөгийн торгууль, 20.687.205 төгрөгийн алданги, 34.394.4 төгрөгийн хүү, нийт 44.124.849.5 төгрөгийн төлбөрийг “А.с” ХХК-д ногдуулжээ.
Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна”, 56.1.1-д “тухайн татварт ногдох алданги”, 56.1.2-т “торгууль”, 56.1.3-д “татварын үндсэн өр” гэж заасан.
Татварын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс нэхэмжлэгч “А.с” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 51.000.000 төгрөгийг төлсөн нь Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2-д заасан дарааллаар 23.403.250.1 төгрөгийн торгууль, 20.687.205 төгрөгийн алданги, 34.394.4 төгрөгийн хүү болох нийт 44.124.849.5 төгрөгийг төлж барагдуулсанд тооцогдох бөгөөд үлдсэн 6.875.150.5 төгрөгийг нөхөн татварт төлсөн гэж үзнэ.
Тиймээс Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги болох нийт 44.124.849.5 төгрөгийг татвар төлөгч “А.с” ХХК нь хуульд заасан үүргийн дагуу нэгэнт төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй юм.
Учир нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад ... үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ”, 4.2-т “Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ”, 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаас үзэхэд шийтгэл хүлээлгэсэн этгээдийн шийтгэл нь биелэгдээгүй тохиолдолд өршөөн хэлтрүүлэхээр зохицуулжээ.
Иймд нэгэнт биелэгдсэн захиргааны зөрчил буюу Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги болох нийт 44.124.849.5 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч хуулийн этгээдээс нөхөн татварт төлсөн 26.875.150.5 төгрөгийг татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 70.367.635.4 төгрөгийн нөхөн татварт суутган тооцохгүй байгаа, уг татварт төлсөн 26.875.150.5 төгрөгийг нөхөн татварт суутгахаас татгалзсан эс үйлдэхүй болон хууль бус үйлдлийг хариуцагч гаргаагүй байхад анхан шатны шүүх дээрх үйлдлийг хийхийг хариуцагч даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Эдгээр дүгнэлтээс үзэхэд Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль хамруулахгүй байгаа хариуцагч Нийслэлийн татварын газар, Нийслэлийн татварын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан 70.367.635.4 төгрөгийн нөхөн татвар, 23.403.250.1 төгрөгийн торгууль, 20.687.205 төгрөгийн алданги, 34.394.4 төгрөгийн хүү, нийт 114.492.484.9 төгрөгийн төлбөрийн өрийг нэхэмжлэгч “А.с” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2-т заасан дарааллаар төлж байгаа, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн, хөндсөн шийдвэр, үйл ажиллагааг хариуцагч нар гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор байна.
Анхан шатны шүүх эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зөв гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0274 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А.с” ХХК-ийн “Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 220017201 дугаар актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, актаар ногдуулсан торгууль, хүү, алданги нийт 44.124.849.5 төгрөгийн хариуцлагаас “А.с” ХХК-ийг чөлөөлөх /өршөөн хэлтрүүлэх/-ийг даалгах, “А.с” ХХК-ийн төлсөн 71.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар 10-ны өдрийн 220017201 дугаар актаар тогтоогдсон нөхөн татварт төлсөнд тооцох буюу бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                            О.НОМУУЛИН
                    ШҮҮГЧ                         Г.БИЛГҮҮН
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР