Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2024/03045

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17 182/ШШ2024/03045

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, ... ХХК ...-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... хаягт байрлах, ... ХХК ...-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Наранмандах оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

... ХХК нь ... ХХК -тай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Цонх нийлүүлэх болон угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний зорилго нь гүйцэтгэгч ... ХХК нь захиалагч ... ХХК-ийн зураг төсөл, гэрээнд заасан бусад бичиг баримт болон Барилгын хууль тогтоомж, захирамжийн дагуу Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, эрүүл мэндийн амбулатори №1 барилгын цонх нийлүүлэх болон угсрах ажлыг бүрнээр нь хийж гүйцэтгэх, тус гэрээний 2.1.1-т цонхыг зургийн дагуу өөрийн үйлдвэрийн талбайд бэлдэж нийлүүлэх, 2.1.2-т цонхыг барилгын талбайд угсарч суулгах юм.

 

Дээрх ажлыг хийж гүйцэтгэх хугацааг талууд гэрээний 3.1.1-т ажлын 30 хоног байхаар харилцан тохиролцсон. Мөн гэрээний 4.1-д ажлын нэгж м.кв-ийн үнэ НӨЭТ-тай 230,000 төгрөг буюу нийт гэрээт ажлын 100 м.кв-ийн үнэ 23,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож захиалагчийн зүгээс гэрээний 4.2-т заасны дагуу урьдчилгаа 15,000,000 төгрөгийг гүйцэтгэгч ... ХХК-ийн захирал ...ын нэр дээрх дансанд шилжүүлсэн.

 

Гэтэл ... ХХК нь дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн хийж гүйцэтгээгүйгээр барилгын ажлыг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс орхиж явсан. Өөрөөр хэлбэл ... ХХК нь гэрээний 6.6-д заасан ... гэрээнд заагдсан ажлыг баталсан зураг төслийн дагуу Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу, одоо мөрдөгдөж байгаа холбогдох норм дүрмийн дагуу стандартад нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгнө үү... гэх үүргийг зөрчсөн болно.

 

... ХХК нь Цонх нийлүүлэх болон угсрах ажлыг гүйцэтгэх гэрээнд заасны дагуу 100 хувь хийж гүйцэтгэж ажил олгогчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргийг зөрчиж ажлыг орхиж явсан нь ... ХХК-ийн Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо эрүүл мэндийн салбар амбулаторийн барилгын ажлыг Эрүүл мэндийн яаманд бүрэн хүлээлгэж өгөхөд саад учруулж байгаа болно.

 

Цонх нийлүүлэх болон угсрах ажил гүйцэтгэх гэрээний 6.16-д"... гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх графикийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн торгуулийг гүйцэтгэгчид төлнө ..." гэж заасан.

 

Иймд ... ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажил болох 8,000,000 төгрөгийн ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэх үүргийг өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй байх тул гэрээний 6.16-д гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх графикийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 05-ний өдрийг хүртэлх хугацааны 712 өдрийн алданги 28,480,000 төгрөг бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "... Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй ..." гэж заасныг баримтлан ... ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8,000,000 төгрөгийн 50 хувь болох 4,000,000 төгрөгийг ... ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ... ХХК-тай Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Эрүүл мэндийн амбулатори №1 барилгын цонхыг нийлүүлэхээр харилцан тохиролцон гэрээ хийсэн.

 

Уг гэрээний дагуу бэлтгэн нийлүүлсэн ажлын 85% буюу шилийг хийж гүйцэтгэхээр санал тавихад ... ХХК захирал М.Нямсүрэн, инженер Б.Өсөхбаяр нар түр хойшлуулах санал тавьсан. Энэ хугацаанд ковидтой холбоотой хил гааль ачаа бараа тээвэрлэхэд хүндрэлтэй, барилгын материалын үнэ огцом өссөн, үйл ажиллагаа явуулахад хүнд байсан ч манай компанийн зүгээс эрсдэл дааж үлдэгдэл төлбөрийг шийдээд өгвөл ажлаа дуусгая гэж захирал М.Нямсүрэнд хэлсэн. Иймээс нэхэмжлэгч талаас манайд гэрээний 3.4, 3.6-3.7 заалтуудыг ирүүлээгүй дан аман яриагаар ажил гүйцэтгүүлсэн байгаа.

Мөн нэхэмжлэгч байгууллагын гэрээнд заасан 6.16 заалт буюу 0.5% алданги, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Уг барилгын ажил 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 100% зогссон байсан, мөн одоо ч ашиглалтад ороогүй. Манай компанийн зүгээс, үлдэгдэл болох 8,000,000 төгрөг буюу 40%-ийн төлбөрийг шийдэж өгвөл татгалзах зүйлгүй ажлаа дуусгахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 Ажил гүйцэтгэх гэрээний мөнгө шилжүүлсэн баримт /хх-5/

3.2 Цонх нийлүүлэх болон угсрах ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-7-8/

3.4 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-11/

4.2 Нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-16/

 

5. Шүүгчийн захирамжийн дагуу дансны хуулга зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний алдангид 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч талаас гэрээнд заасан ажлыг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлыг орхиж явсан. Өөрөөр хэлбэл ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй үүргийн зөрчил үүсгэсэн учир гэрээнд заасны дагуу алданги шаардах эрх үүссэн гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд Талууд барилгын цонхыг нийлүүлэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу бэлтгэн нийлүүлсэн ажлын 85% буюу шилийг хийж гүйцэтгэхээр санал тавихад нэхэмжлэгч талаас хойшлуулах санал тавьсан. Гэрээнд заасан 8,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд ажлыг дуусгах боломжтой, алданги шаардсан нь үндэслэлгүй гэх тайлбар гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

... ХХК, ... ХХК-ийн хооронд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Цонх нийлүүлэх болон угсрах ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Эрүүл мэндийн амбулатори №1 барилгын цонхыг зургийн дагуу өөрийн үйлдвэрийн талбайд бэлдэж нийлүүлэх, цонхыг барилгын талбайд угсарч суулгах ажлыг 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх графикийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн торгууль төлөх, захиалагч нь ажлын бүрэлдэхүүний нэгж м.кв-ийн үнэ, НӨЭТ-тэй 230,000 төгрөг, урьдчилгаа 15,000,000 төгрөг үлдэгдэл мөнгийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор шилжүүлэх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь өөрийн эсхүл захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх тухай зохицуулжээ.

 

Иймд талуудын хооронд дээрх хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

5. Зохигч талууд тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу гүйцэтгэх ажил болон ажлын хөлсний үлдэгдлийг 8,000,000 төгрөг байх талаар маргаагүй, харин гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх, хууль зүйн үндэслэлийн талаар маргажээ.

 

6. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т ажлыг гүйцэтгэх хугацааг ....30 хоног, 3.3-т Ажил эхлэх хугацааг тооцохдоо урьдчилгаа өгсөн өдрөөс хойш тооцно... гэж тохиролцсон байна.

 

7. Нэхэмжлэгч ... ХХК нь гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч ... ХХК-д урьдчилгаа хөлс 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тооцохоор байна.

Хариуцагч ... ХХК нь дээрх үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч ... ХХК-ийн хүсэлтийн дагуу ажил гүйцэтгэх хугацааг хойшлуулсан, үлдэгдэл 8,000,000 төгрөгийн хөлсийг төлөөгүй, уг хөлснөөс төлсөн тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэх боломжтой гэж тайлбарлан, татгалзсан.

Гэрээний 3.6-д ажлыг гүйцэтгэх хугацааг талуудын хамтарч баталсан ажил гүйцэтгэх графикийг баримтална 3.7-д гэрээний хугацаа талуудаас хамаарч хойшилсон тохиолдолд ямар шалтгаанаар хойшилсон тухайгаа цаг хугацаатай нь хамт бичгээр акт үйлдэж баталгаажуулснаар графикт хугацааг хойшлуулах үндэслэл болно. Бичгээр акт үйлдээгүй тохиолдолд буюу амаар хэлсэн аливаа шалтгааныг гэрээний хугацаа хойшлох үндэслэл гэж үзэхгүй гэж тохиролцжээ.

 

Талууд дээрх тохиролцооны дагуу ажил гүйцэтгэх график батлаагүй талаар тайлбарлаж байхаас гадна гэрээний хугацаа талуудаас хамаарч хойшилсон бичгийн баримт үлдээгүй, ажил бүрэн хийгдээгүй учир акт үйлдэж, ажил дүгнээгүй талаар тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх хугацааг шаврын ажил хаттал 7 хоног хүртэл хугацаагаар хойшлуулах талаар ярилцаж байсан гэх бөгөөд хариуцагч нь тус тайлбарыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж, нотолж чадаагүй.

 

Түүнчлэн талууд гэрээний хугацааг хойшлуулах талаар бичгээр акт үйлдээгүй тул хариуцагч талыг гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлээ.

 

8. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбар зэргийг харьцуулан үзвэл нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байснаас гадна нэхэмжлэгч нь ... ХХК-тай гэрээ байгуулж дээрх гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, төлбөрийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг харилцан буцаах хүсэл зориггүй, гэрээний үүргийг шаардаж байсан, бусад этгээдтэй гэрээ байгуулсан зэрэг нь талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан гэж үзэх үндэслэлтэй.

 

9. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.16-д Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх графикийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-н торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж алдангийн тохиролцоог хийсэн байна.

Дээрх талуудын тохиролцоонд ...0.5%-н торгуулийг... гэсэн байх боловч уг тохиролцоог шүүх хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ...0.5% алданги шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх тайлбар, гэрээний бусад нөхцөлтэй Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үзвэл талууд гэрээний 6.6-д алдангийн талаарх тохиролцоог хийсэн гэж дүгнэв.

 

Энэхүү талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийг ажлын хөлсний үлдэгдэл 8,000,000 төгрөгийн хэмжээнд тооцон 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчаас үүрэг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Гэрээний хугацаанд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарган гэрээг цуцалсан байх тул нэхэмжлэгчийн алданги шаардсаныг буруутгахгүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 4,000,000 төгрөг шаардсаныг хангаж шийдвэрлэлээ.

 

10.Нэхэмжлэгч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 50 төгрөг болон хариуцагч ... ХХК-аас 78,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний алдангид 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 50 төгрөг болон хариуцагч ... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ