Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/00253

 

 

“У” ХХК-ийн дампуурсанд

тооцож, татан буулгах тухай хүсэлттэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02986 дугаар шийдвэртэй “У” ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй дампуурлын хэргийг нэхэмжлэгч Ж.Б давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.М, Ж.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, “ГВ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Хүсэлт гаргагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК нь 2003 онд байгуулагдаж Япон улсаас автомашиныг оруулж худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байсан. 2011 оноос үйл ажиллагаагаа өргөтгөх зорилготойгоор БНСУлсын иргэн Ким Ёон Жүн, иргэн н.Оюунгэрэл нартай хамтарч мод тарих, ойжуулах төслийг хэрэгжүүлэхээр компанийн болон өөрт байгаа эд хөрөнгүүдээ худалдаж 650 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Харамсалтай нь оруулсан хөрөнгийг эдгээр хүмүүс хууран мэхэлж захиран зарцуулсны улмаас “У” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болгох эх үүсвэрийг тавьсан. “У” ХХК нь 2012 оноос хэвийн үйл ажиллагаа нь доголдож иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авсан зээл, шүүхийн шийдвэр, захирамжтай 881 375 525.74 төгрөгийн өр төлбөрийг төлж чадахгүй болсон тул дампуурсанд тооцож татан буулгахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Эдгээр хүмүүсээс зээл авч ажиллагаагаа тогтворжуулах гэсэн боловч зах зээлийн хямралаас болоод хэрэглэгчдийн худалдан авах чадвар муудсанаар авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Иймд “У” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “ГВ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямзул шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани автомашин тээвэрлэдэг. “У” ХХК-аас 24 000 ам.долларын авлагатай байснаас 4000 ам.долларыг төлж, автомашинаа барьцаанд тавьсан. Иймд тээврийн хөлсөнд 37 360 204 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Эм Эн Эф Эс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “У” ХХК-тай 2012 оны 6-р сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлээ төлөөгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар захирамжаар 39 150 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ төлбөрөө барагдуулаагүй тул 39 150 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд “У” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөг зээлүүлсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3433 дугаар шийдвэрээр 21 895 950 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иймд “У” ХХК-аас 21 895 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “ХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК болон Ц.Уртнасантай 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаат зээлийн 17800000211 тоот гэрээ байгуулж, 214 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор олгосон. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Ц.Уртнасангийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205020907 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31-38 тоот, 95,2 м.кв 4 өрөө орон сууц, “У” ХХК-ийн өмчлөлийн эргэлтийн хөрөнгөнд байгаа автомашинууд, Ж.Б өмчлөлийн Ү-2204034138 дугаартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 13 дугаар хороолол, 24А-36 тоот, 112,7 м.кв 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн 36 тоот 5 м.кв автомашины зогсоол, Ү-2202003366 дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 17-57 тоот 44 м.кв 4 өрөө орон сууц тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд зээлдэгч нар төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байсан учраас шүүхэд хандсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3621 дүгээр шүүгчийн захирамжаар 308 848 719,74 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр гүйцэтгэлийн үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ захирамж гарснаас хойш 30 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Б өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шүүхийн шийдвэрийг хангуулах эрхтэй. Өмнө гарсан шүүгчийн захирамжийн дагуу 308 848 719,74 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, харин Ц.Уртнасан гэх хүний хоорондын тооцоо яригддаг. ХБны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар 308 848 719,74 төгрөгийг “У” ХХК авсан, Ж.Б өмчлөлийн 3 хөрөнгийг барьцаалсан байсан. Тус шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “У” ХХК-ийн зээлийн өр төлбөрөөс барьцаа хөрөнгийг суллуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Алтан сор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК болон Ц.Уртнасан нар нь “Алтан сор” ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 3492 тоот зээлийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 19 300 000 төгрөгийг тус тус зээлсэн. Үүнээс өмнө 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлсэн байсан. “У” ХХК-ийн Капитрон банкинд дахь 473000928 тоот төгрөгийн данс руу шилжүүлсэн. Ингээд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 1 800 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, компанийн олох ёстой байсан орлого 28 880 000 төгрөг нийт 75 680 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3739 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1226 дугаар магадлал гарч хариуцагч “У” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 36 366 480 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 724 төгрөг, нийт 36 706 204 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингээд энэ зээлийг барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад дампуурлын хэрэг үүсгэсэн гэх үндэслэлээр ажиллагаа хийгдээгүй. Иймд хариуцагчаас 36 706 204 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У” ХХК-тай 2012 онд тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. 2013 оны 11-р сарын хөлсөө төлөөгүй автомашины бичиг баримт тавьсан, 12 дугаар сарын төлбөрөө төлж чадахгүй, 2 байрыг зараад төлбөрөө өгнө гэсэн. Төлбөрөө хугацаандаа төлөөгүй болохоор шүүхэд хандаж, эвлэрлийн гэрээгээр тээврийн хөлс 54 969 410 төгрөгийг төлж барагдуулахаар шүүгчийн захирамж гарсан. Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх явцад барьцаанд тавьсан автомашиныг бичиг баримт нь эх хувиараа байхад хуурамч баримт бичиг үйлдэж, зарсан байсан. Эрүүгийн хэргээр шалгуулахаар хүсэлт өгсөн боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ хооронд “У” ХХК төлбөрийн чадваргүй болж, дампуурсанд тооцуулахаар шүүхэд хандсан. Гаалийн Ерөнхий газраас тухайн үед манай компаниар ачаа тээвэрлүүлсэн автомашинтай холбоотой лавлагааг гаргуулсан. Хэрэгт авагдсан санхүүгийн баримт дотроос харахад автомашины орлого, зарлагын баримт олсонгүй. Адилхан бизнесийн үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн хараат орчин, компанийн менежментийн буруу үйл ажиллагаанаас болж, мэдээжийн зүйл дээр алдаа гаргаж, төлбөрийн чадваргүй болсон гэж үзсэн байна. Хэрэг гүйцэтгэгчийн хувьд өөрсдийнх нь гаргаж өгсөн бичиг баримтаар дүгнэлт гаргаж төлбөрийн чадваргүй гэж үзсэнийг буруутгах юм байхгүй. Хэрэгт авагдаагүй баримтын хувьд яах вэ, өмнө нь шүүхийн шийдвэрээр гарчихсан баримт нь хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудад дурдагдаагүй. Энэ жишээгээр маш олон нуугдмал хөрөнгө байх боломжтой гэж үзэж байна. Хэрэв тухайн баримтаар төлбөрийн чадваргүйд тооцож байгаа бол санаатайгаар дампууруулсан гэж үзэж байгаа. Хэрэв санаатайгаар төлбөрийн чадваргүй болгосон, дампуурсан бол Эрүүгийн хуулийн 164 дүгээр зүйлд зааснаар явах ёстой байх. Иймд санаатайгаар төлбөрийн чадваргүй болгож, дампууруулж байгаа тул нэхэмжлэлийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Энхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Би “У” ХХК-тай харьцаж байгаагүй, харин Ц.Уртнасантай харьцдаг байсан. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Уртнасан нэг машины зураг үзүүлж, 58 сая төгрөгөөр худалдаж авах уу гэж санал болгосон. Тэгээд 49 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 9 сая төгрөгийг 5 сард машин ирэхээр төлж барагдуулахаар тохиролцсон. Ингээд 5 дугаар сарын 01-ний өдөр мөнгө хэрэгтэй байна 2 сая төгрөг нэмж өгөөч гэхээр нь би машинаа авахдаа 2 сая төгрөг нэмж өгье гэсэн. Хэд хоногийн дараа над руу утастаад 1 сая төгрөгөөр буулгая гээд /тухайн үеийн ханшаар 1 юань 2860 төгрөг/ 10,000 юань өгсөн. Дахин 5 дугаар сарын 05-ны өдөр утастаж 2 500 000 төгрөг өгөөч гэхээр нь нягтлангийнх нь 5094203233 тоот данс руу шилжүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гааль дээр машин чинь ирсэн, би төрөх гээд эмнэлэгт хэвтэж байна, 10 сая төгрөг өгөөч гэхээр нь Л ХХК-ийн ХХБанкны дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Машины үнэ 58 сая төгрөг байсныг 56 сая төгрөг болгон тохиролцож, бэлнээр 63 500 000 төгрөг авсан. Үүнээс илүү төлөлт 7 500 000 төгрөгийг буцааж өгөөгүй. Би өөрөө гааль дээр очиж автомашинаа авсан. Ингээд 2014 оны 12 сард Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар эвлэрлийн гэрээ байгуулан 12 дугаар сарын 17-ны өдрийн 6198 дугаар шүүгчийн захирамж гарсан. Захирамжаар мөнгийг 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч 7 500 000 төгрөгөө өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэгжүүлэх хугацаанд шүүхэд дампуурлын хэрэг үүссэн байсан. Шүүхээс У ХХК гэж гарсан боловч   шүүгчийн захирамжаар гарсан 7 567 470 төгрөгийг   Ц.Уртнасангаас энэ мөнгөө нэхэмжилж байна. Компанийг санаатайгаар дампууруулж байна гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Материал импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхагвачулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанитай холбоотой шүүхийн шийдвэр байхгүй. 2001 оноос хойш У ХХК-тай Япон улсаас автомашин Монгол Улсад оруулж ирэхэд тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлдэг байсан. 2011 оны 3 сараас төлбөр үүссэн. 2013 оны 12 сар хүртэл нийт 306 255.5 ам.долларын тээврийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс дотоод үйлчилгээний зардал нь 3 323 500 төгрөг болсон. Энэ хугацаанд 284 456.5 ам.долларыг хэсэгчлэн төлсөн. Үлдэгдэл тээврийн хөлс 22 300 ам.доллар, дотоод үйлчилгээний зардал 3 323 500 төгрөгөөс 270 000 төгрөгийг төлж, 3 053 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “У” ХХК-ийн захирлын гарын үсэг, тамга бүхий албан бичигт 2013 оны 12 дугаар сарын 30-ны дотор тээврийн хөлс 27 794 ам.доллар, дотоод үйлчилгээний зардал 2 784 500 төгрөг, хадгалалтын хөлс 269 000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн. Үүнээс хойш 2 удаа төлбөр хийгдсэн, үүнийг оруулан тооцсон. 2015 оны 9 сард тус шүүхэд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Жем интернэшнл компанид үйл ажиллагаа явуулж байсан “У” ХХК-ийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. “У” ХХК-ийн төлөөлөгч улсын бүртгэлд хаяг хэвээрээ гэж байгаа боловч шүүгчийн захирамжаар бүртгэлгүй байгаа гэсэн. Хэрвээ хаягаа өөрчилсөн бол Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу мэдээллийн санд оруулсан байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь төлбөр төлөхөөс зайлсхийх арга хайж байсан нь харагдаж байна. 22 300 ам.долларыг одоогийн Монгол банкны долларын ханшаар 1 ам.доллар 2 702.87 төгрөг тооцоход 60 274 001 төгрөг, дотоод үйлчилгээний зардал 3 053 500 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11341 дугаар шүүгчийн захирамжаар “У” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ гаргалаа. Дүгнэлтийг шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт танилцуулсан. “У” ХХК нь улсын бүртгэлийн 9011196061 тоот гэрчилгээтэй, 2781239 тоот регистртэй, УБ хот Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, ЖМ группийн байранд байрлаж ажиллахаар 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1 гишүүнтэйгээр, автомашины засвар үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 33 900 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлд оруулсан 2009 оны 6 дугаар сарын 03-ны нэмэлт өөрчлөлтөөр гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Цэвэг-Очирын Уртнасан байна. Дүрмийн санг 33 900 000 төгрөг, эзлэх хувь 100%. “У” ХХК нь төлбөрийн чадварын, санхүүгийн тогтвортой байдлын, дампуурлын зэрэг үзүүлэлтээр дүгнэлт гаргасан. Тус шүүхэд ирүүлсэн “У” ХХК-ийн санхүүгийн тайланд бусдад төлөх 1 366 593 200 төгрөгийн өрийг бүхэлд нь тусгаагүй байх ба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд “У” ХХК нь 548 839 401.74 төгрөгийн өртэй гэж дурдсан байна. Улсын дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1 дэх хэсэгт хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан бүхэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино гэж заасны дагуу санхүүгийн шинжээчээр ажилласан “Юникапитал аудит” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ШД-01 дүгнэлтэд тусгагдсан өр төлбөрийн дүнг өөрийн хөрөнгөтэй нь харьцуулж үзвэл “У” ХХК нь өөрийн хөрөнгийн -673.89 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй гарлаа. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Шүүхэд ирүүлсэн санхүүгийн тайлангуудад нь төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд “У” ХХК нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болсон байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 32029 дугаар захирамжаар “У” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаанаа “У” ХХК-ийн удирдлага “Чогсулфловер” ХХК-д 650 000 000 төгрөгийг хуурч мэхлэгдэн хөрөнгө оруулалт хийснээс санхүүгийн эрсдэлд орох үндсэн шалтгаан болсон гэж тайлбарладаг. Тус компанийг төлбөрийн чадваргүй болоход хүргэсэн шалтгааныг хэрэг гүйцэтгэгч миний зүгээс дараах нөхцөл байдлаас шалтгаалсан гэж дүгнэлээ.

1. “У” ХХК нь гадаад худалдаа, худалдаа зуучлал, автомашины засвар үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа Япон улсаас хуучин автомашин импортоор оруулж ирэх, худалдах чиглэлээс өөр үйл ажиллагаа явуулаагүй байна. Бусдаас их хэмжээний зээл болон ажил үйлчилгээг зээлээр авдаг, зээлийг зээлээр төлдөг, зээлийн төлбөрийг цаг тухайд гүйцэтгэхгүй, зориулалтын дагуу ашигладаггүй зэрэг санхүүгийн бодлого, санхүүгийн сахилга бат дутагдсанаас их хэмжээний зээлийн өр төлбөрт орж үйл ажиллагаа нь доголдсон байна.

2. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчиж үйл ажиллагааны зарлага, орлогыг дутуу бүртгэдэг, санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрдүүлдэггүйгээс бусдаас авах авлагаа бүрэн авч чаддаггүй санхүүгийн сахилга батгүй байсан, өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож, санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөл алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ. Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтэд “У” ХХК-ийн удирдлага нь аж ахуйн харилцан авч явах удирдлагын ур чадвар дутсан, санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөлд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна гэж үзлээ.

Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах хөрөнгийн талаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 19013 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 21865 дугаар захирамжаар шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар У ХХК-д дараахь хуваарилагдах эд хөрөнгө тогтоогдсон болно. Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 12 тоот болон 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот албан бичгүүдээр УБЛ76-82, УБИ80-43, УБС30-77, УБС 30-79, УБС30-96, УБЦ12-56, УНБ37-58, УБН89-03, УБО49-22 дугаартай нийт 9ш автомашин, Арилжааны банкнуудаас ирсэн лавлагааны баримтаар “У” ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах дансны үлдэгдэл Голомт банкны 1102785781 тоот валютын дансанд 23,96, 1901015584 тоот төгрөгийн дансанд 14 410.71 төгрөг, Капитрон банкны 473000928 тоот төгрөгийн дансанд 175 460.71 төгрөг, ХААН банкны 5003497570 тоот төгрөгийн дансанд 15 577 төгрөг, Төрийн банкны 100000185255 тоот төгрөгийн дансанд 20 754.01 төгрөг, ХБны 5000225703 тоот төгрөгийн дансанд 15 231.88 төгрөг, бусад арилжааны банкин дахь харилцах дансанд үлдэгдэл 0 төгрөг байна. Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, эдгээр данснуудыг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байгаа.

“У” ХХК нь ХБтай 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр №1780000218 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 215 000 ам.долларыг 24 сарын хугацаатайгаар зээлсэн байна. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр “У” ХХК-ийн эргэлтийн хөрөнгөнд байгаа 7ш автомашин, Ц.Уртнасангийн өмчлөлд байгаа орон сууц, Ж.Б өмчлөлийн 2 орон сууц болон автомашины зогсоол зэргийг тус тус барьцаалжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6017 дугаар захирамжаар шинжээчээр томилогдсон “Юникапитал аудит” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр “У” ХХК нь дансны авлагаар 1 462 331 700 төгрөг, бусад авлагаар 60 691 000 төгрөг, нийт 1 523 022 700 төгрөгийн авлагатай байна гэж бүртгэжээ. Уг авлагыг задалж үзвэл дансны авлагаар “Уфловер” ХХК-аас 172 227 300 төгрөг, “Сод монгол групп” ХХК-аас 7 000 000 төгрөг, “Эс эм аудит” ХХК-аас 38 600 000 төгрөг, “Индустр” ХХК-аас 18 000 000 төгрөг, “Молор трейд” ХХК-аас 15 000 000 төгрөг, Төрийн банкнаас 11 500 000 төгрөг, “Энх-Улз” ХХК-аас 15 000 000 төгрөг, хувь хүн иргэдээс 1 185 004 400 төгрөг, нийт 1 462 331 700 төгрөг, бусад авлагаар 60 691 000 төгрөг тус тус байна. Гэвч уг авлагуудыг санхүүгийн анхан шатны бүртгэлд тусгаагүй, байгууллага, хувь иргэдэд борлуулсан барааны авлага, өр төлбөрийг огт бүртгээгүй, борлуулсан барааны нэхэмжлэх, зарлагын баримт огт байхгүй, орлогын баримт дутуу, төлбөр тооцооны баримт үйлдээгүй, гэрээ хэлцэл байхгүй байсан байна. “У” ХХК-д хуваарилагдах эд хөрөнгө нь 9ш тээврийн хэрэгсэл, банкны харилцан дансны үлдэгдэл 241 434.31 төгрөг, 23.96 ам.доллар болох нь шүүхэд ирүүлсэн лавлагааны баримтуудаар нотлогдож байна. ХБтай байгуулсан 1780000218 тоот барьцааны гэрээний барьцааны зүйл болох 3 ширхэг орон сууц, 1 ширхэг авто зогсоол нь “У” ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөнд үл хамаарах хөрөнгө байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөнд хамруулна гэж заасан байдаг ба дээрх 5 бусдын өмчлөлийн орон сууц нь хуваарилагдах хөрөнгөнд хамаарахгүй байна. Мөн “У” ХХК-ийн авлагад бүртгэгдсэн 1 523 022 700 төгрөгийн авлагууд нь шаардах эрх нь 2012-2013 онд үүссэн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэгт 3 жил байхаар заасан, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж тус тус заажээ. Мөн Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт хариуцагчид өр төлбөртэй этгээд нь гэрээ хэлцлийн дагуу төлбөр тооцоогоо хийнэ гэж заасан. Хэрэв шүүхээс “У” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд 9ш тээврийн хэрэгслийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйл, 35 дугаар зүйлд тус тус заасны дагуу худалдан борлуулж, нэхэмжлэгчид хуваарилан өгөх ба мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар түүний нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагаас чөлөөлөгдөж нэхэмжлэгчдийн хүлээсэн үүрэг дуусгавар болно.

Нэхэмжлэлийн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 32029 дүгээр захирамжаар “У” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу өдрийн сонины 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 295 дугаарт нийтлэлд нийтэд мэдээлсэн ба нийт 9 байгууллага болон иргэдээс нэхэмжлэл гаргаж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувиар тооцвол ГВ ХХК 37 360204 төгрөгийн нийт нэхэмжлэлд эзлэх 6.81%, Эм эн эф эс ХХК 39 503 700 төгрөг 7.20%, Б.Ууганбаяр 21 895 950 төгрөг 3.99%, “ХБ” ХХК 308 848 719.74 төгрөг 56.27%, “Алтан сор” ХХК 36 706 204 төгрөг 6.69%, “Л” ХХК 54 969 410 төгрөг 10.02%, Ө.Энхсайхан 7 567 475 төгрөг 1.38%, “Материал импекс” ХХК 41 987 739 төгрөг 7.56%, нийт 548 839 401.74 төгрөг 100% байна. Миний бие хэрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын үнийн дүнгийн 87.82%-ийн ирцтэйгээр хуралдаж Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаас мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100%-ийн саналаар шийдвэрлэлээ. Дампуурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчдийн зөвлөлийг байгуулах шаардлагагүй гэж хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100%-ийн саналаар шийдвэрлэлээ. Дээрхи шийдвэрүүд нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон.

“У” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар саналд Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “У” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж байна. Мөн хуулийн хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийг аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг. Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэжээ.     

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар “У” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Иргэний хуулийн 380-р зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У” ХХК-аас 41 987 739 төгрөг гаргуулж “Материал импекс” ХК-д олгож, Иргэний хуулийн 168-р зүйлийн 168.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2204034138 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 24А байрны 36 тоот 4 өрөө сууц, улсын бүртгэлийн Ү-2204034138 дугаарт бүртгэгдсэн автомашины зогсоол, улсын бүртгэлийн Ү-2202003363 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол, 17-р байрны 57 тоот 3 өрөө сууцыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн Ж.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Л” ХХК, “ХБ” ХХК, “Эм Эн Эф Эс” ХХК, “Алтан сор” ХХК, “ГВ” ХХК болон нэхэмжлэгч Б.Ууганбаяр, Ө.Энхсайхан нарын нэхэмжлэлтэй “У” ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 58-р зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Материал импекс ХК-иас 367 808 төгрөг, Ж.Бумдариас 70 200 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож, Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод хариуцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 120-р зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд У ХХК-ний 8 хавтас санхүүгийн баримтыг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр шийдвэрлэжээ

Нэхэмжлэгч Ж.Бумдарь давж заалдах гомдолдоо: “У” ХХК-ийн хүсэлттэй дампуурсанд тооцох, татан буулгах тухай хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2019 оны 11-р сарын 07-ний өдөр 102/ШШ2019/02986 дугаартай шийдвэрийг гаргасан ба нэхэмжлэгч Ж.Бумдарь миний бие нь энэхүү шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, түүнийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. “У” ХХК-ийн хүсэлттэй дампуурсанд тооцох, татан буулгах тухай хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Монгол улсын ИХШХШХууль болон Дампуурлын тухай хуульд заасан нөхцөл журмыг зөрчсөн, улмаар шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг шүүхийн хяналт, оролцоогүйгээр явуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй ба энэ талаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02986 дугаартай шийдвэрт тодорхой дурдаагүй хууль зөрчсөн.

2. Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д дурдсанаар “дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, энэ хуулийн 19, 20, Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах” гэсэн үүргээ биелүүлээгүй, энэ талаар ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг ноцтой зөрчигдсөн байхад энэ талаар шүүх анхаарч хуулийг баримтлан, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй.

3. Хэрэг гүйцэтгэгчийн зардлын хэмжээг тодорхой тогтоогоогүй байтал энэ тодорхой бус зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, хууль бус шийдвэр болсон. 

Ийнхүү Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02986 дугаартай шийдвэр нь хууль зөрчсөн, буруу шийдвэр болсон байх тул түүнийг хүчингүй болгож алдаа зөрчлийг зөвтгүүлэх, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

“У” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төлбөрийн чадваргүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2015/13703 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, захирамжийн 2 дахь заалтаар Р.Энхжаргалыг түр хэрэг гүйцэтгэгчээр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШЗ2016/13257 дугаар захирамжаар Ш.Буянжаргалыг хэрэг гүйцэтгэгчээр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2019/11341 дүгээр захирамжаар А.Энхболдыг хэрэг гүйцэтгэгчээр томилжээ./1хх-74, 9хх-83, 10хх-119 дугаар тал/

Түүнчлэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2015/32029 дүгээр захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, төлбөрийн чадваргүйд тооцож, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхээр заажээ. Мөн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ  төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу нэхэмжлэгчдийн нэхэмжлэл гаргах хугацаа нь 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна. /7хх-ийн 219-220 дугаар тал/

Анхан шатны шүүхийн дээрх хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаа нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2, 5.3 дахь хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгчдийн хурал зарласан боловч хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх санал ирээгүй  байх тул анхан шатны шүүх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн “У” ХХК-ийн гаргасан  дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч  “Эм Эн Эф Эс” ХХК нь нэхэмжлэлээ 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан, ГВ ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан, “Материалимпекс” ХК нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан, нэхэмжлэгч Ө.Энхсайхан 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан,  нэхэмжлэгч Ж.Бумдарь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд тус тус нэхэмжлэлээ гаргасан. Шүүх уг нэхэмжлэлийг хэзээ хүлээн авсан болохоо дардас дээр бичээгүй ч нэхэмжлэгчдийн анхны хуралдааны тэмдэглэлд дурдсанаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нар  Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно. /7-хх-223-224, 241-242, 9хх-21, 43, 55,  дугаар тал/

 Нэхэмжлэгч “ГВ” ХХК нь “У” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 175 дугаар захирамжаар, нэхэмжлэгч “Эм Эн Эф Эс” ХХК нь У ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2227 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Б.Ууганбаяр нь “У” ХХК-д  холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3433 дугаар захирамжаар, нэхэмжлэгч “ХБ” ХХК нь “У” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3621 дугаар захирамжаар, нэхэмжлэгч “Алтан сор” ХХК нь “У” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3739 дугаар захирамжаар, нэхэмжлэгч “Л” ХХК нь “У” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2281 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Ө.Энхсайхан нь “У” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6198 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдтэй байна. Эдгээр нэхэмжлэлүүдийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

Дампуурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “дампуурлын хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулна” гэж заажээ.

Нэхэмжлэгч “Материал импекс”-ийн ХК “У” ХХК-д, Ж.Б “У” ХХК болон ХБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувьд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчаас 41 987 739 төгрөгийг гаргуулж “Материал импекс”-ийн ХК-д олгож, ХБ ХХК, “У” ХХК-ийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх Ж.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

У ХХК-ийн хуваарилагдах хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэхээс гадна У ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах нь барьцааны зүйлийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Үүрэг гүйцэтгүүлэгч ипотек болон шаардлагаасаа татгалзаагүй, ипотекоор хангагдах үүрэг дуусгавар болоогүй байхад ипотек өмчлөгчид шилжих буюу үүргийг дуусгавар болгох боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт нийцжээ. Иймд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны  гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3621 дугаар захирамж, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон. /1хх-64-65/ .

Зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул зээлдэгч  “У” ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд түүнтэй салшгүй холбоотой зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээ дуусгавар болох үндэслэлгүй. Энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                          ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                               Б.НАРМАНДАХ