Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/2023/0320/З

 

  

 

 

 

 

 

    2023          09           20                                    128/ШШ2023/0710  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О***” НҮТББ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ц***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Д***

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.С***, А.П***

Гуравдагч этгээд: “Т***” ГХОХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М***

Нэхэмжлэлийн шаардлага: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаал, уг тушаалыг үндэслэн П*** ХХК-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц***, өмгөөлөгч Г.Д***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С***, А.П***, гуравдагч этгээд “Т***” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О***” НҮТББ нь “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-1***8 дугаар тушаал, уг тушаалыг үндэслэн П*** ХХК /Хуучин нэрээр/-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6*** тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  тус тус хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.

2. Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.“Т***” ГХОХХК нь 2011 онд “П***” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2021 онд “П***” ГХОХХК, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Т***” ГХОХХК болж тус тус хуулийн этгээдийн нэрээ өөрчилсөн байна.

2.2.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/1*** дугаар тушаалаар Уламжлалт бус газрын тосны хайгуулын Богд IV, Онги V, T1 талбайд нүүрсний давхаргын метан хийтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан П*** ХХК /РД: 55***/-д уламжлалт бус газрын тос /нүүрсний давхаргын метан хий/ хайх тусгай зөвшөөрлийг уг бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаагаар олгож, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6*** дугаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөр П*** ХХК-д 2030 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл уламжлалт бус газрын тос /нүүрсний давхаргын метан хий/ хайх тусгай зөвшөөрлийг олгосон.

2.3.Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар болон "П***" ХХК хооронд хайгуулын Богд-IV, Онги-V, Т1 талбайнуудад нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан.

2.4.“О***” НҮТББ-аас “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6*** тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5* дугаартай албан бичиг, Монгол Улсын Ерөнхий сайдад 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 81 дугаартай гомдол гаргаж албан бичиг хүргүүлсэн.

Дээрх гомдлыг хүлээж аваад Монгол Улсын Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/498 тоот албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад шилжүүлж шийдвэрлэхийг уламжилжээ.

2.5.Тус шүүх “О***” НҮТББ-ын гаргасан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас “П*** ХХК-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.6.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-1*** дугаар тушаалыг  хүчингүй болгуулах” гэж ихэсгэснийг тус шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1.“О***” ТББ нь 2001 онд байгуулагдсан үеэс эхлэн Онги гол болон түүний сав газрын голуудын тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. "О**** ТББ үүсгэн байгуулах баримт бичиг буюу өөрийн байгууллагын дүрмийн үндсэн зорилгоо хэрэгжүүлэх зорилт хэсэгт “...Бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах..." гэж тусгасан билээ.

"О***" ТББ нь 2001 онд Онги голын урсцыг Улаан нууранд хүргэх эрхэм зорилгын дагуу Өвөрхангай, Дундговь, Өмнөговь зэрэг 3 аймгийн 8 сумын нутгийн иргэдийн үүсгэл санаачлагчаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг иргэний нийгмийн байгууллага юм.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэдээс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн хамтарч ажиллах хүсэлтийн дагуу П*** ХХК-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаалыг үндэслэсэн олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6*** тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар ажиллаж эхэлсэн юм.

Гомдлын хариуг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 01/3302 тоотоор ирүүлсэн. Уг хариуг зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэг. П*** ХХК-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаалыг үндэслэсэн олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6*** тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-1*** дугаар тушаалыг үндэслэсэн олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тоот тусгай зөвшөөрлийг олгосон ажиллагааг хууль бус гэж үзэж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаалыг гаргахдаа болон уг тушаалд үндэслэн олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн эдгээр заалтуудыг огт хэрэгжүүлсэнгүй. Ийм учраас А-168 дугаар тушаал, 679 тоот тусгай зөвшөөрлийг олгосон ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан “...Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно...” гэсэн зохицуулалтын хүрээнд хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Газрын тосны тухай хуулийн 2 дугаар зүйл “Газрын тосны тухай хууль тогтоомж”, 2.1-д “Газрын тосны тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байдаг.

Хоёр. Уул уурхайн сайдын хууль бус шийдвэрийн улмаас байгаль орчны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаарх үндэслэл:

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан.

Гурав. П*** ХХК-д олгогдсон талбайд тусгай хамгаалалттай газар нутаг орсон байна. Жишээлбэл, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт байрлах Төгрөг хайрхан, Харганы шугуй гэх газрууд нь 2019 онд аймгийн тусгай хамгаалалтад “түүхийн дурсгалт газар" гэж бүртгэж авсан. Гэтэл П*** ХХК нутгийн иргэдийн өнө эртнээс шүтэж, тахиж ирсэн Төгрөг хайрхны яг баруун талд 1 км хүрэхгүй газар Метан хийн хайгуулын өрөмдлөгийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны сайдын зөвшөөрлийн дагуу хийсэн.

Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Дурсгалт газар дахь байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлээс 0,1-3,0 км-ийн орчимд сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих, газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийг хөндөх, эвдэх, буулгах, тэдгээрт хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж Уул уурхайн сайд зөвшөөрөл олгосон нь илт хууль бус юм.

Иймд олон хууль тогтоомжуудыг зөрчсөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаал, уг тушаалыг үндэслэсэн П*** ХХК-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “О***” ТББ нь 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд захиргааны хэргийн шүүх болон иргэний хэргийн шүүх нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаад ажилласаар ирсэн. Тухайн бүс нутагт энэ үйл ажиллагааг яагаад явуулахыг эсэргүүцэж байна гэхээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нь халдаж байна. Нөгөө талаараа хууль бус бичиг баримт бүрдүүлээд үйл ажиллагаа явуулсан болон явуулах гэж оролдсон үйлдлүүд удаа дараалан прокурор болон цагдаагийн мөрдөгчийн тогтоолоор батлагдсан.

Монгол Улсын Үндсэн хуулиараа олгогдсон эрхийнхээ хүрээнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд, Монгол Улсын 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 1 дүгээр зүйлийн 2-т заасан аль ч ард түмнийг ямар ч тохиолдол оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно заалтуудыг үндэслэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг гаргасан. Онги голынхон хөдөлгөөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулиудад олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээ гаргасан. гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/1*** дугаар тушаалыг үндэслэж олгогдсон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/6*** тоот аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заагдсанаар эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гаргасан.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д зааснаар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох гэсэн ийм хуулийн үндэслэлтэй хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А/168 дугаар тушаал Газрын тосны тухай хуулиар ерөнхий зохицуулагдсан. Тушаалыг гаргах агуулга процессын ажиллагааг Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйл болон 18 дугаар зүйлүүдэд тусгайлан хуульчлагдсан захиргааны акт. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заагдсан эрх зүйн зөрчилтэй гэж үзэж байгаа 3 үндэслэл байна 1 дүгээрт, Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заагдсанаар эрэлт хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ гэсэн хуулийн хугацаа зөрчигдсөн. 2 дугаарт, 17 дугаар зүйлийн 17.6-д Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. Хэдийгээр 30 хоногийн дотор гэрээ байгуулсан харагдаж байгаа боловч нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн 2019 оны 06 сард нэмэлт өөрчлөлт орсон Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудыг хэрэгжүүлээгүй.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ 2021 онд байгуулагдсан. Сайдын тушаал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй 2021 оны 06 сард өгөгдчихсөн учраас 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагууд анхаарч үзээгүй. 3 дугаарт, Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.2.1, 18.2.2. 18.2.3 дахь  заалтуудыг харгалзаж үзэлгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарч хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон.

Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн хуваах гэрээ Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заагдсаны дагуу 60 хоногийн дотор гэрээ байгуулагдсан эсэх нь хууль бус байна. Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т заагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй. Тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг хавсаргаж өгөөгүй учраас бичиг баримтын бүрдүүлбэр дутуу хүсэлтийг хүлээж авч төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргасан. “О***” ТББ үйл ажиллагааны чиглэл, ажиллаж байсан үйл ажиллагаагаа тайлбарлаж хэлсэн. “О****” ТББ 2001 оны 10 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдах хурлаа хийхдээ Дундговь, Өмнөговь аймгийн 8 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар болон иргэдийн төлөөлөл, тухайн үед зөвлөгөө авч байсан Олон Улсын байгууллагууд цуглаж дүрэм баталсан. Дүрмээ батлахдаа дүрмийн үндсэн зорилгоор О***н урсгалыг Улаанбаатарт хүргэнэ” гэсэн байдлаар томьёолоод 2001 оны 6 дугаар сард батлагдсан. Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолын Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэсэн эрх зүйн актад нийцүүлэн үйл ажиллагааныхаа чиглэлүүдийг тодорхойлж хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн дүрмээ боловсруулсан. Үзэл баримтлалд нийцүүлсний гол үндэслэл О**** ТББ-ын дүрмийн 2.5-д зааснаар бүс нутгийн хэмжээнд нутгийн иргэдийг түшиглэн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж буруутай үйл ажиллагаанаас бий болж байгаль орчинд учраад байгаа хор хөнөөлт зүйлийг зогсоох дээр ажиллана гэдэг байдлаар тодорхойлж өгсөн. Бүс нутгийн хэмжээ гэдэг Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дээр тодорхойлчихсон.

 Тэгэхээр “О****” ТББ нь 2001 оны Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-д заагдсан эрх зүйн актад нийцүүлэн дүрмээ боловсруулж бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж заасан. Дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2.3 дээр бүс нутаг гэдгийг тодорхойлсон байдаг. Бүс нутаг гэж аймаг, сум, нийслэл, дүүрэг, хот, тосгоны хоорондын нийгэм, эдийн засгийн харилцаа холбоо тусгай хамгаалалттай газар нутаг, тэдгээрийн орчны бүс, хүн амын нутагшилт, хөдөө аж ахуйн аялал жуулчлал болон аж ахуйн бусад салбар, салбар хоорондын уялдаа холбооны орон зайн хөгжил байршлын хүрээг хамарсан Монгол Улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэг буюу эдийн засаг нийгмийн цогцолборыг хэлнэ. 4 дүгээр зүйлд учирсан хөгжлийг дэмжих төрийн зохицуулалт гэдэгт 4 бүсэд хуваасан байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал болон аж ахуй үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дээр тусгагдсан талбайнууд нь Т1, Онги5, Богд4 гээд олон аймгийн олон сумын нутаг дэвсгэрийг хамарсан тусгай зөвшөөрлүүд байна.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрт гуравдагч этгээдээр оролцож байгаа П*** компани нутгийн иргэдийн тахилга бүхий Төгөл хайрхны хормойд нь 7 км-ын зайд 2022 оны 11 дүгээр сард хайгуулын өрөм газрын 80 метр гүнд хайгуулын үйл ажиллагааны өрөм зоогоод орхигдсон хэвээрээ байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө хэрэг хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгоно гэдэг заалтыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/168 дугаар тушаалыг гаргахдаа хэрэгжүүлээгүй. Мөн 2021 дугаар оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/6*** тоот аж ахуй үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо хэрэгжүүлээгүй. Энэ үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заагдсан хууль бус захиргааны акт гаргах нөхцөл байдал нь бий болж хууль бус захиргааны акт гарсан гэж ойлгож нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/168 дугаар тушаалыг үндэслэн “П*** ХХК-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8-д заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний төсөл, тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газрын гишүүдээс санал авсны үндсэн дээр Засгийн газрын тогтоолоор баталдаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Энэхүү тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар болон "П****" ХХК-ийн хооронд хайгуулын Богд-IV* Онги-V, Т1 талбайнуудад нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.19 дахь заалтыг тус тус үндэслэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан П**** ХХК-д 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон болно.

Газрын тосны тухай хуульд заасны дагуу Пе**** ХХК-ний 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн "Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх тухай" 34/21 тоот албан бичгийн хүрээнд хуульд заасан хавсаргах шаардлагатай баримт бичигтэй танилцаж, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, үнэлж Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу уламжлалт бус газрын тос хайх тусгай зөвшөөрлийг олгосон болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхээр заасан байдаг бөгөөд Засаг дарга нь Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж заасан. Т****ХХК нь Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1 дэх хэсэгт заасны дагуу эрлийн ажлын үр дүнд бүтээгдэхүүн хуваах гэрээг шууд байгуулсан бөгөөд байгаль орчны ерөнхий нөлөөллийн үнэлгээг хийлгэхдээ холбогдох шатны Засаг даргаас тодорхойлолт авч, мэдэгдсэний үндсэн дээр байгаль орчны ерөнхий нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн байх бөгөөд Газрын тосны тухай хуульд заасны дагуу Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн хүрээнд тусгай зөвшөөрлийг олгосон.

Нэг. Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтын тухайд,

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд "Оролцогчийг сонсох" ажиллагааны талаар зохицуулсан байдаг бөгөөд мөн зүйлийн 26.1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлдээ тус захиргааны акт нь Сайхан-Овоо сумын 1,2,3,4 дүгээр багийн бүс нутгийн байгаль орчны тэнцэл алдагдах, үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх илт зөрчигдөх юм гэж маргадаг боловч маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан хэдий хэмжээний хохирол, хэрхэн яаж учрах талаар нарийвчилсан тайлбар мэдээллийг дурдаагүй, гагцхүү дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, говийн хөрсний онцлогийн талаар ерөнхий дурдсан буюу үүсээгүй байгаа нөхцөл байдал, бодитоор учраагүй байгаа хохирлыг дурдсан байдаг. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-т заасантай нийцэхгүй байна.

Улмаар Бүтээгдэхүүн хуваах гэрээг Ашигт малтмал, газрын тосны газар болон Т*** ХХК нарын хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан.

Тодруулбал, Т*** ХХК нь Газрын тосны тухай хуулийн 15.1-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газартай гэрээ байгуулж эрлийн ажил гүйцэтгэсэн бөгөөд мөн хуулийн 18.3.1-т заасны дагуу эрлийн ажлын үр дүнд бүтээгдэхүүн хуваах гэрээг шууд байгуулсан тул төрийн захиргааны төв байгууллагаас Газрын тосны тухай хуулийн 18.1, 18.2, 18.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тусгай зөвшөөрөл олгосон.

Өөрөөр хэлбэл, Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндсэн суурь баримт бичиг юм.

Ашигт малтмал, газрын тосны газраас дээр дурдсан байгууллагуудад мэдэгдсэнээс хойш жилийн дараа буюу 2021 оны 6 дугаар сард хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргасан байдаг. Тус хугацаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан эрх, ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж дурдсан этгээдүүдээс гомдол гаргах боломжит хугацааг олгосон буюу гомдол гаргах боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Эрлийн ажил, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухайд: Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасны дагуу Т*** ХХК-иас хүргүүлсэн үр дүнгийн тайлан, мэдээ, төрийн захиргааны байгууллагаас гаргасан  дүгнэлтийг гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/5614 тоот албан бичгээр тус яаманд хандсан бөгөөд холбогдох хариуг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 03/1892 тоот албан бичгээр хүргүүлсэн. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох нотлох баримтуудыг хүргүүлсэн бөгөөд тус баримтууд хэргийн материалд авагдсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаад буй эрлийн ажил хийсэн эсэх нь тодорхойгүй гэдэг нь тус нотлох баримтуудаар тодорхойлогдож, эрлийн ажил хийсэн болох нь нотлогдох боломжтой байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2- т заасны дагуу байгаль орчны ерөнхий нөлөөллийн үнэлгээг хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13/6090 тоот албан бичгээр П*** ХХК-д хүргүүлсэн, түүнчлэн ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудасны орон нутгийн болон бусад санал хэсэгт Сайхан-Овоо сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/101 тоот саналыг үндэслэв гэж дурдсан нь хэргийн материалд авагдсан баримт бичгээс тодорхой харагдаж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүгээр үгүйсгэгдэж байна.

Гурав. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/1*** дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд дараах үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байна.

1.Маргаан бүхий захиргааны актаар уламжлалт бус газрын тосны хайгуулын Богд I*, Онги Ѵ, Т-* талбайд буюу 3 өөр талбайд нүүрсний давхаргын метан хийтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан П*** ХХК доогийн нэрээр Т*** ХХК/-д уламжлалт бус газрын тос хайх тусгай зөвшөөрлийг олгосон байтал нэхэмжлэгч талаас нүүрсний давхаргын Т-1 талбайд хамаарах зөвхөн Сайхан-Овоо сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нэхэмжлэлээ гаргасан нь нэхэмжлэлийн үндэслэл хэсгээс тодорхой харагддаг.

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч болон Сайхан-Овоо сумын малчин иргэдийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй буюу бодитоор үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчил байхгүй тул О*** ТББ-аас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтын тухайд ярьдаг, Тухайлбал, сонсох ажиллагаа буюу эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг сонсоогүй гэж байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтын хүрээнд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчдын оролцоог хангах буюу мэдээллээр хангах ажиллагааг зохицуулж буй зохицуулалт гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас мөн Сайхан-Овоо сумын 1, 2, 3 дугаар багийн бүс нутгийн байгаль орчны тэнцэх тэнцэл алдагдах, Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй орчны амьдрах эрх илт зөрчигдөх юм гэж маргадаг боловч бодитой үйл баримт авагдаагүй. Нэхэмжлэгч талаас бүс нутгийн хүрээнд гэж ярьж байгаа боловч нэхэмжлэгч талаас гаргасан 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэлдээ Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэдээс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарч ажиллах хүсэлтийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар ажиллаж эхэлсэн гэж тодорхой дурдсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд гаргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй талаар нэхэмжлэлийн үндэслэл түүний шаардлагад хамааран заасантай нийцэхгүй байна. Тухайлбал нэхэмжлэлдээ Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу ажиллаж байна гэж үздэг боловч тусгай зөвшөөрлөөр зөвхөн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт хамааралгүй биш тухайн сумын Эрдэнэдалай гэх мэт хэд хэдэн сумын нутаг дэвсгэрийг хамаарсан газарт газар олгосон тусгай зөвшөөрлийн талаар маргадаг. Газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь хэд хэдэн процессын дагуу явагддаг. Эрлийн гэрээ байгуулагдаад үүний дараа бүтээгдэхүүн хайх гэрээ байгуулагдаад улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас олгодог эрлийн гэрээтэй холбоотой маргадаг. Төрийн захиргааны төв байгууллага үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн буюу Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэдэг. Төрийн захиргааны төв байгууллага нь хуулиар зөвшөөрсөн буюу эрх олгосон зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал Газрын тосны тухай нарийвчилсан зохицуулалттай хууль болох Газрын тосны тухай хуульд заасны дагуу холбогдох бүрдүүлбэрийг шалгаж үүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Ашигт малтмал газрын тосгоны газраас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3/2167 тоот албан бичгийн Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын Засаг дарга нар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт бүтээгдэхүүн хайх гэрээ байгуулагдсаны аймаг сум дээр нутаг дэвсгэрт метан хийн хайгуулын үйл ажиллагаа явагдах гэж байгаа талаар тодорхой мэдэгдсэн байдаг. Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хайгуулын хугацаанд тооцох зохицуулалттай.                                        

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэхэмжлэгч талаас эхлээд хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэдэг бол сүүлдээ сайдын тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Маргаан бүхий захиргааны акт дээр уламжлалт бус газрын тосны хайгуулын Богд4, онги5, Т1 талбай буюу 3 өөр талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Нэхэмжлэгч талаас нүүрсний давхрын Т1 талбайд хамаарах Сайхан-Овоо сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу гэдгийг нэхэмжлэлдээ хэд хэдэн удаа дурдсан байдаг. Байгалийн нарийвчилсан үнэлгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн талаар дурдсан. Ашиглалт гэсэн тусгай бүлгээс харвал ашиглалтад байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг төрийн захиргааны төв байгууллагад тусгай зөвшөөрөл олгохдоо заавал шаардахаар тусгасан байгаа. Хэргийн материалтай танилцахад эдгээр хэргүүд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон Иргэний хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр прокурор болон мөрдөгчийн саналаар хаагдсан байдаг. Гэм буруутайг нь тогтоосон буюу хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон нотлох баримт байхгүй. гэв.

5.Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  "Т***” ХХК нь 2011 онд "П***” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2015 оны 3 дугаар сарын 30 болон 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд Газрын тосны газартай Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 3 жилийн хугацаанд нийт 3 блок /Т-1, Богд-4, Онги-5/ дээр эрлийн ажлыг гүйцэтгэсэн. Газрын тосны тухай хуульд заасны дагуу Эрлийн ажлыг гүйцэтгэж дууссаны дараа ажлаа дүгнүүлсний үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Засгийн газрын 57 дугаар тогтоолоор тус компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгож, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газартай 3 блок тус бүр дээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан.

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар,

Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дах заалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл авахад "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хавсаргаж ирүүлэхээр заасан байдаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх үе буюу 2020 онд хүчин төгөлдөр мөрдөж байсан Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2.2-т "байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ... газрын тосны хайгуул, ашиглалтын төслийн анхан шатны баримт бичгийг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хүрээнд хийлгэнэ.” гэж заасан байдаг. Үүний дагуу 2020 онд тус компани нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ бүхий “Ж***” ХХК-аар 3 талбайд Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж, “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 3 дах хэсгийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэн хүргүүлж, байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэсэн. Ийнхүү мэргэжлийн байгууллага болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар хийлгэсэн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны ерөнхий үнэлгээг хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхдээ хавсаргаж өгсөн.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах заалтаар Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхэд тухайн сум, дүүргийн Засаг даргын саналыг авсан байхыг шаарддаг бөгөөд тус компаниас төслийн 3 талбайд хамрах сумдад танилцуулгыг хийсэн. Тухайлбал, Т-1 талбайд хамаарч байгаа нутаг дэвсгэр болох Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын болон Эрдэнэдалай сумын Засаг дарга тус тус ерөнхий үнэлгээ хийлгэж, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа эрхлэхийг дэмжсэн байдаг. Богд-4 талбайд хамаарч байгаа нутаг дэвсгэр болох Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Чандмань сум, Баянхонгор аймгийн Баацагаан сум болон Баянцагаан сумдын Засаг дарга тус бүр ерөнхий үнэлгээ хийлгэж, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа эрхлэхийг дэмжсэн, мөн Онги-5 талбайд хамаарч байгаа Өвөрхангай аймгийн Баянгол сум, Хайрхандулаан сум, Төгрөг сум, Тарагт сум, Нарийнтээл сумын Засаг даргаас тус тус дэмжиж тодорхойлолт гаргасан байдаг.

3. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар

“Ж***” ХХК-ийн хийсэн байгаль орчны төлөв байдлын үнэлгээгээр талбай тус бүр дээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл өөр өөр байдлаар дүгнэгдэж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд тусгасан зөвлөмж, эрсдэлийн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлснээр сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээнд арилгах, бууруулах боломжтой тул төсөл хэрэгжүүлэхийг дэмжих саналтай гэж дүгнэсэн байдаг. Үүний дагуу манай компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөрөө сөрөг нөлөөллийг бууруулж ажиллахаар төлөвлөсөн.

Иймд “О***” НҮТББ-аас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

5.1.Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. 1. Төрийн бус байгууллагын зорилгод нийцээгүй нэхэмжлэл гаргасан: “О***" ТББ-ын дүрэмд үндсэн зорилгоо Онги голын урсцыг Улаан нуурт хүргэхэд оршино, зорилтоо гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, үндсэн зорилгоо биелүүлэх үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, онги голын урсцын талаар судалгааны материал цуглуулах, дүгнэлт гаргах, бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах, голын голдирлыг нь эвдэн, урсцыг багасгаж, экологийн тэнцвэрт бус байдал бий болгож буй хүний буруу үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, нөхөн сэргээх ажлыг хийлгэх, нөхөн төлбөр төлүүлэх, үндэсний болон гадаадын, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг тус тус заасан байна. Онги гол нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-улаан, Тарагт сумын нутгаас эх авч, Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын нутагт байрлах Улаан нууранд цутгадаг. Тус компанийн Т-1, Онги-5 хайгуулын талбайн зарим хэсгээр Онги гол урсаж байгаа хэдий ч компани тус голын ойролцоо бүсэд огт үйл ажиллагаагаа явуулаагүй, явуулах хайгуулын төлөвлөгөө ч Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулаагүй байдаг. Уламжлалт бус газрын тосны хайгуулын талбай нь хатуу ашигт малтмалын хайгуулын талбайтай харьцуулахад нүүрсний сав газрын хэмжээнд хайгуулын судалгааг хийх шаардлагатай байдгаараа том хэмжээгээр олгодог хэдий ч хайгуулын үйл ажиллагааг бүтэн талбайдаа хийдэггүй, тэр тусмаа Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашиглахыг хориглох тухай хууль болон тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан хамгаалалтын бүсэд хайгуулын үйл ажиллагаа явуулах хориотой тул голын ойролцоо үйл ажиллагаа огт явуулах боломжгүй юм. Манай компанийн Сайхан- овоо суманд хийгдсэн өрөмдлөгийн талбай /P*** цооног/-аас хамгийн ойрхон зайд урсаж буй Онги голын урсац, түүний Урт нэртэй хуульд заасан энгийн хамгаалалтын бүс /голын эргээс 200м/ хүртэл 40 км-ийн зайтай байна. Эдгээрээс харахад нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл нь Онги голынхон хөдөлгөөн төрийн бус байгууллагын зорилго, зорилгод нийцэхгүй буюу компанийн хэрэгжүүлэх төсөл О*** голдирол, урсцад нөлөөлөх байдлыг огт гаргаагүй, гаргах ч боломжгүй байх тул нэхэмжлэл гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн үндсэн хаяг Дундговь аймгийн Сайхан-овоо суманд хамаарч байгаа. Нэхэмжлэлээс ч Сайхан-овоо сумын иргэдийн эрх ашгийг төлөөлж байгаа нь тодорхой харагдаж байна. Гэтэл тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл нь Онги-5, Богд-4, Т-1 талбайд Сайхан-овоо суманд амьдарч буй зарим иргэдийн буруу ойлголт, эсэргүүцлээс үүссэн асуудлыг үйл буюу гурван талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх олгосон зөвшөөрөл, Т-1 талбайн ажиллагаа хэвийн явагдаж буй Онги-5, Богд-4 талбайг хамаатуулж тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл болон тусгай зөвшөөрөл олгосон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/1*** тоот тушаалыг бүхэлд нь цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Эрлийн ажил хийгдсэн эсэх талаар:

Энэ талаарх нотлох баримтуудыг компаниас болон Ашигт малтмал, газрын тосны газраас хүргүүлсэн хурлын тэмдэглэл мөн 3 талбайн эрлийн гэрээнүүдээс харагдана.

3. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих эсэх талаар:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулах тохиолдолд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх эрхийг нь зөрчинө гэж дурдсан. Харин орон нутгийн иргэдийн амьжиргааны хувьд тус төсөл хэрэгжсэнээрээ ажлын байр нэмэгдэх, дэд бүтэц хөгжих, орон нутгийн төсөв нэмэгдэх, малчдаас малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авснаар өрхийн амьжиргаа нэмэгдэх зэрэг олон эерэг нөлөөллүүд үүснэ. 

4. Хөрсний элэгдэл, цөлжилтийн талаар:

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүгнэлтээр агаарын чанар, газрын гадарга, хөрсөн бүрхэвч, ус, нөмрөгт бага зэргийн сөрөг нөлөөлөл үзүүлнэ, эдгээр сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээнд арилгах, бууруулах боломжтой гэж дүгнэсэн.

2023 онд тус компаниас орчны хяналт шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн ба шинжилгээний дүгнэлтээр Т-1 талбайд өрөмдлөг хайгуулын нөлөө хөрсний ерөнхий шинж чанар, үзүүлсэн нөлөөлөл бага, өрөмдлөгийн түр суурины нөлөөгөөр элэгдэлд өртсөн талбайд техник болон биологийн сэргээлт хийгдсэн гэж дүгнэсэн. Мөн хөрсний бохирдлын үзүүлэлтүүдийг тодорхойлоход хүнд металлын бохирдолгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Компанийн зүгээс орон нутгийн иргэд, Онги голынхон хөдөлгөөн ТББ-ын эсэргүүцлээс шалтгаалан Сайхан-овоо суманд хайгуулын үйл ажиллагаагаа бүрэн хийж чадаагүй, хийсэн хугацаандаа ч нэхэмжлэлд дурдагдсан сөрөг нөлөөллүүдийн алийг нь ч үүсгээгүй болно.

5. Байгалийн тэнцэл алдагдах, гүний усны бохирдлын талаар:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны тэнцлийг алдагдахаас сэргийлж газар, түүний хөрс, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, амьтан, агаар зэрэг объектуудын байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхээс хамгаалахаас сэргийлж зохицуулсан байдаг. Газрын хөрс, ус, ургамал, амьтан, агаар зэрэгт тус компанийн төсөл хэрэгжүүлснээр нөлөөлөх нөлөөллийн талаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр үнэлсэн байдаг.

-Агаарын чанарын тухайд хайгуулын ажлын үед том оврын машин техникийн дизель түлшний дутуу шаталтаас хүлэмжийн ялгаралт үүсэх, тоосжилтоос үүдэн хүн, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийн үр дагаврыг бага гэж,

-Гадаргын болон газрын доорх усанд үзүүлэх сөрөг нөлөөллийн тухайд хэрэв хамгаалалтын бүсийн дэглэм зөрчиж хайгуул хийх тохиолдолд дунд хэмжээний сөрөг нөлөөлөл, өрөмдлөгийн явцад уст давхарга илэрч холилдох, бохирдох эрсдэл бага гэж, Газрын гадарга, хөрсний тухайд үүсэж болох сөрөг нөлөөлөл бага,

-Ургамлын хувьд хун техникийн хөлийн хөдөлгөөнөөр нөмрөг талхлагдах нөлөөлөл дунд зэрэг,

-Амьтны тухайд машин техникийн дуу чимээний улмаас ан амьтан үргэж, дайжих эрсдэл бага сөрөг нөлөөлөл үзүүлнэ гэж тус тус дүгнэлт гаргасан байдаг.

Нөлөөллийн үнэлгээний тайлангаар дээр дурдсан сөрөг нөлөөллүүдийг хэрхэн бууруулж ажиллах талаар зөвлөмж өгсөн байдаг тул тус зөвлөмжүүдийн дагуу компанийн зүгээс сөрөг нөлөөллүүдийг бууруулан хуучин хэвд нь оруулан ажиллах бүрэн боломжтой.

Гүний усны тухайд өрөмдлөгөөс бусад төрлийн хайгуулын ажлын явцад гүний усны давхаргад хүрэх боломж огт байхгүй. Харин өрөмдлөгийн ажлын явцад гүний усыг хамгаалах үүднээс гүний усны давхаргатай таарч болох гүнд стандартад нийцсэн хамгаалалтын яндан хийх байдлаар Хамгаалалтын арга хэмжээг авч ажилладаг. Иймд гүний усыг бохирдуулах эрсдэл үүсдэггүй.

Иймд "О***" ТББ-аас гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

5.2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бүтээгдэхүүн хуваах гэрээг 2020 оны 03 дугаар сард байгуулсан байдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээг дан ганц байгуулснаараа эрх нээгдэхгүй. Хайгуулын ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийдэг. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдчихсан учраас 2020 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв гэж баталсан. Энэ дээр эхний 2 жил суурийн судалгаа, мэдээллийн ажлын судалгаа гээд 3 талбай дээр адил хийгддэг. 2020 оны төлөвлөгөөг яагаад хавсаргаж өгсөн бэ гэвэл тусгай зөвшөөрөлгүй учир хайгуулын ажил хийж болохгүй. Хайгуулын ажил хийх ажлыг 2021 оны 04 дүгээр сард хүсэлтээ гаргаад 2021 оны 06 сард хүсэлт гарсан. Онги гол урсаж байгаа бүх нутаг дэвсгэрээр хайгуулын ажил хийж болохгүй юм уу? Тусгай зөвшөөрөл авч болохгүй юм уу? Манайх хатуу ашигт малтмал буюу уурхайлдаг төрлийн ашигт малтмалтай харьцуулахад нүүрсний метан хий хайдаг ажил өөрөө байгальд ээлтэй. Ашигт малтмал, алт олборлолттой харьцуулшгүй өөр төрлийн хайгуулын ажил. Худгаас нь түлш илэрсэн гэдэг. Т1 талбай дээр манайх нөхөн сэргээлтийн ажлаа хийсэн. Хүлээж авах ажил нь хийгдээгүй байгаа. Өвс ургамал нь ургачихсан хэвийн байгаа. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс “маргаан бүхий тохиолдолд Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.“Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ.” гэж заасан хуулийн хугацаа зөрчигдсөн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6.“Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. гэж заасан хуулийн заалт хэрэгжээгүй, хариуцагч нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2. 18.2.3 дахь заалтуудыг харгалзаж үзэлгүйгээр маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлгүй, мөн гуравдагч этгээд маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг авахдаа мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй, бичиг баримтын бүрдүүлбэр дутуу хүсэлтийг хүлээж авч төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргасан.” гэж, хариуцагчаас “маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/168 дугаар тушаал түүнийг үндэслэн олгогдсон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүд нь холбогдох хууль, журмын дагуу олгогдсон. Тус маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч төрийн бус байгууллагын болон Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин иргэдийн бодитоор зөрчигдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй” гэж, гуравдагч этгээдээс “манай компани нь нэхэмжлэгч “Онги голынхон хөдөлгөөн” НҮТББ-ын зорилго, зорилгод нийцээгүй буюу Онги голын голдирол, урсцад нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй цаашид ч явуулахгүй. Иймд нэхэмжлэгч нь уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “О****” НҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/1** дугаар тушаал, уг тушаалыг үндэслэн “П***” ХХК /хуучин нэрээр/-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Уламжлалт бус газрын тос хайх тусгай зөвшөөрлийг олгох тухай” А/168 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 18 дугаар зүйлийн 18.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.19 дахь заалтыг тус тус үндэслэн бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаагаар гуравдагч этгээд “Т***” ХХК буюу “Петровис ресурс” ХХК-д  уламжлалт бус газрын тосны хайгуулын Богд IV, Онги V, Т1 талбайнуудад уламжлалт бус газрын тос /нүүрсний давхаргын метан хий/ хайх тусгай зөвшөөрлийг олгожээ.

5.Дээрх тушаалыг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий 679 дүгээр “Уламжлалт бус газрын тос /нүүрсний давхаргын метан хий/ хайх” Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг “П***” ХХК-д буюу одоогийн гуравдагч этгээд “Т***” ХХК-д олгожээ.

6.Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйл.“Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сунгах”,18.1.“Энэ хуулийн 17.6-д заасан гэрээлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргана.”,18.2.“Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:”,18.2.1.“бүтээгдэхүүн хуваах гэрээний хуулбар;”,18.2.2.“байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;”,18.2.3.“тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;”,18.2.4.“энэ хуулийн 11.2.9-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт.”,18.3.“Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 18.1, 18.2-т заасан баримт бичгийг хянан үзэж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хайгуулын хугацаагаар дараах этгээдэд олгож, сунгана:”,18.3.1.“эрлийн ажлын үр дүнд бүтээгдэхүүн хуваах гэрээ шууд байгуулсан;” гэж тус тус заажээ.

7.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, эрлийн ажлын үр дүнд бүтээгдэхүүн хуваах гэрээ шууд байгуулсан тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрлийг хайгуулын хугацаагаар олгож болохоор зохицуулсан байна.

8.Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэгч нь хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргахаар байх бөгөөд хүсэлтдээ бүтээгдэхүүн хуваах гэрээний хуулбар, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, тухайн жилд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт зэргийг хавсаргахаар байна.

9.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай” 57 дугаар тогтоолоор Газрын тосны тухай хуулийн 7.1.8-д заасныг үндэслэн Газрын тосны хайгуулын “Богд-IY”, “Онги-Y”, “Т-1” талбайд уламжлалт бус газрын тосны (нүүрсний давхаргын метан хий) үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг “П**** ХХК-тай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгож шийдвэрлэжээ.

10.“П****” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хүсэх тухай” 34/21 дүгээр албан бичгээр “... Газрын тосны тухай хуулийн 18.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ холбогдох бичиг баримтуудын хамт хүргүүлж байна. Иймд та бүхэн бидний хүсэлтийг хүлээн авч, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгнө үү.” гэх агуулга бүхий хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гаргасан байна.

11.Уг хүсэлтдээ “Онги-*”, “Т-*”, “Богд-* талбайнуудын нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар ашигт малтмал, газрын тосны газар болон “П***” ХХК-ийн хооронд байгуулах “Бүтээгдэхүүн хуваах” гэрээнүүд, “Онги-V”, “Т-1”, “Богд-***” талбайнуудын 2020 оны хайгуулын ажлын төсөв, төлөвлөгөө, Байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13/6086, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 13/***, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13/6810 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн “Онги-V”, “Т-1”, “Богд-IV” талбайнуудын байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу хийгдсэн ерөнхий үнэлгээний дүгнэлтүүд, эскроу дансанд 51,373,363.24 төгрөг төвлөрүүлсэн талаарх төлбөрийн мэдэгдэл зэргийг хавсаргажээ.

12.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйл.“Нөлөөллийн үнэлгээ”,7.1.“Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ:”, 7.1.1.“байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;”,7.2.“Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.”, 7.3.“Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.” гэж тус тус зажээ.

13.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгч нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхээр байна.

14.Маргаан  бүхий тохиолдолд, гуравдагч этгээд “Т***” ХХК буюу  хуучин нэрээр “П***” ХХК нь маргаан бүхий тусгай зөвшөөрлийг авахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль, орчин аялал жуулчлалын яамаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэсэн нь Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2.“байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэхээр байна.

15.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Монгол Улсын Засгийн газраас эрх олгосны дагуу байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, тухайн жилд гүйцэтгэх ажлын төсөв болон төлөвлөгөө, мөнгөн хөрөнгийг байршуулсан баримт зэргийг үндэслэн Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3,18.3.1-д заасны дагуу гаргасан хариуцагчийн шийдвэрүүд үндэслэлтэй байна.

16.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “О***” НҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/168 дугаар тушаал, уг тушаалыг үндэслэн П*** ХХК /хуучин нэрээр/-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тосны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.3, 18.2.4, 18.3, 18.3.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар 7.2, 7.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О***” НҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/168 дугаар тушаал, уг тушаалыг үндэслэн Петровис ресурс ХХК /хуучин нэрээр/-д олгосон 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж  төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ГАНБАТ