Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/02719

 

 

 

 

 

 

 

 

2024 07 17

181/ШШ2024/02719

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:................ 713 тоотод байрлах, О ББСБ ХХК /Регистрийн дугаар:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............. тоотод оршин суух, М.Б н /Регистрийн дугаар: ....../-д

Хариуцагч:...... тоотод оршин суух, Б.С нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 17.018.365 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь М.Б Б.С нарт холбогдуулан гэрээний үүрэгт 17.018.365 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч М.Б Б.С нар 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн №ЗГ-202209-231 тоот гэрээ байгуулан сарын 3,1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, авто машины лизингийн зориулалтаар 15.000.000 төгрөгийн зээл авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн ФГ-202209231 тоот гэрээнд Toyota Isis-XM10 маркийн суудлын зориулалттай 27-75 УЕВ улсын дугаартай, Сувдан цагаан өнгийн 2011 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол улсад орж ирсэн, 2СМ100031853 тоот арлын дугаартай авто машиныг үүргийн гүйцэтгэл хангуулахаар бүртгүүлсэн. Ингээд хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг манай О ББСБ ХХК-д шилжүүлж, зээлдэгч нь дээрх тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэйгээр авч явсан. Гэвч зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2.026.037 төгрөг, хүүгийн төлбөрт 4.551.697 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24.824 төгрөг нийт 6.602.559 төгрөг төлсөн боловч 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш төлөлт төлөлгүй 255 хоногийн хугацаа хэтэрсэн.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт ...үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан боловч хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 12.973.962 төгрөг, төлөх ёстой хүү 3.908.176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136.255 төгрөг, нийт 17.018.365 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч М.Б нар шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нэхэмжилсэн 17.018.365 төгрөгийг нэг сарын хугацаатай төлж барагдуулна. Хамтран хариуцагч Б.С аас татгалзаж, хариуцагч М.Б аас төлбөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь М.Б Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.018.365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, нэхэмжлэгч хамтран хариуцагч Б.С аас татгалзаж, хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлага болох 17.018.365 төгрөгийг нэг сарын хугацаанд төлөх, төлүүлэхээр эвлэрчээ.

Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Б Б.С нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч Б.С аас татгалзаж, хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлага болох 17.018.365 /арван долоон сая аван найман мянга гурван зуун жаран таван/ төгрөгийг нэг сарын хугацаанд төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313.241 төгрөгийн тавин хувь болох 156.621 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 156.620 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Б аас тэмдэгтийн хураамжид 121.520 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ