Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Асгатсервис ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Б.Ундралмаа нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдорж, С.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанзул, гуравдагч этгээд Б.Ундралмаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 128/2018/401/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Асгатсервис ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.Ундралмаад холбогдох хэсгийн 322,4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар Асгатсервис ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсний дагуу уг хэмжээгээр газрын кадастрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Нийслэлийн өмч хувьчлах комиссын комиссын 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Ус суваг ашиглалтын газрын контор, лабораторийн дуусаагүй барилгыг түрээсийн давуу эрхээр худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ /1хх-113 тал/ авсан байна.

2.2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 221 дүгээр захирамжаар Асгат сервис ХХК-нд өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн орчны газар болох 7000 м.кв газрыг эзэмшүүлсэн /1хх-133-135 тал/байна.

2.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 сарын 29-ний өдрийн Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай А/444 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 10 жилийн хугацаатай сунгасан байна.

2.4. 2015 оны 11 сарын 09-ний өдөр Асгатсервис ХХК-ийн захирал Г.Болор-Эрдэнэ болон Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны дарга Н.Батсүх нар 7000 м.кв газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.

2.5. Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 178 дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өлгийн 31-532а тоот хаягаар Б.Ундралмаад 500 м.кв газрыг олгож, 508693 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг /1хх-58-59 тал/ олгосон байна.

3. Нэхэмжлэгч Асгатсервис ХХК-ийн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Манай компани нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Ус суваг ашиглалтын газрын контор, лабораторийн дуусаагүй барилга, 1000 оюутны байрыг түрээсээр эзэмшиж байх үедээ 739,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бүрэн ашиглалтад оруулан түрээсийн давуу эрхээр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2004 оны 10 сарын 18-ны өдрийн 92 дугаар тогтоолоор 74,158 сая төгрөгөөр хувьчилж авсан юм.

3.2.Тус барилгын гадна талбайн тохижилтод манай компани 2003 онд 25,0 сая төгрөг зарцуулж байсан бөгөөд иргэдэд газар олгож эхэлсэнтэй холбогдон манай барилгын нүүрэн талын гадна төмөр хашааны гортиг дотор орчны гэрэлтүүлэг сайжруулах, хүүхэд, оюутан залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх жижиг хэмжээний талбай хийж, галын болон түргэн тусламжийн автомашин чөлөөтэй өнгөрөх нөхцөлийг бүрдүүлэн 9237,87 м2 талбайг эзэмшихээр дүүргийн газрын албанд 2008, 2015 онуудад удаа дараа хүсэлт гарган хандсан боловч инженерийн байгууламжтай, нийтийн эзэмшлийн талбай гэсэн шалтгаанаар бидэнд олгоогүй билээ.

3.3. Ингээд Баян зүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжийн дагуу тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах 1000 оюутны байрны 7000 м.кв газрын талбайг 5 жилийн хугацаатай оюутны дотуур байр, үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон ба Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 сарын 29-ны өдрийн А/444 шийдвэрээр газар эзэмших 000317001 дугаар бүхий гэрчилгээг олгож, Баян зүрх дүүргийн тухайн үеийн Өмч, газрын харилцааны албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, өнөөдрийг хүртэл 7000 м.кв газрын талбайг эзэмшиж байгаагаар газрын төлбөрөө төлж байгаа болно.

3.4. 2015 оны захирамжийн хүрээнд бид 7000 м.кв талбай эзэмших ёстой боловч тухайн үеийн дүүргийн Газрын албаны удирдлага, байцаагч нар (дүүргийн Өмч газрын харилцааны албаны дарга Н.Батсүх, байцаагч Ш.Мягмарсүрэн нар) манай эзэмшил газрын нүүрэн талын, 700 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан бидэнд 6370 м.кв талбайг эзэмшүүлж байгаа ба бид газрын төлбөрийг 7000 м.кв талбайгаар тооцон барагдуулж ирсэн. Бид анх энэхүү барилыг худалдан авч авч тохижуулж барьж байхад байгууллагын эргэн тойрны хашааны гортиг дотор энэхүү инженерийн байгууламж гэх газрыг анхнаасаа оролцуулан барьсан байсан юм.

3.5. Инженерийн байгууламжтай, нийтийн эзэмшлийн талбай гэсэн атлаа бидний хүсэлтийг 6 жил үл харгалзан Дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамжаар иргэн Б.Ундралмаад манай хашаан дотор 500 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь илт хууль бус, үгсэн хуйвалдсан гэж үзэж байна. Манай байгууллага энэхүү захирамжийг хүчингүй болгох тухай албан бичиг Нийслэлийн болон дүүргийн Засаг даргад хандсан боловч холбогдох зохих шатны байгууллагад нь хандана уу гэсэн хариуг өгсөн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамж хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, уг захирамжийг хүчингүй болгуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

4.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар "Асгатсервис" ХХК-д тус дүүргийн 5 дугаар хороо, 1000 оюутны байр байршилд 7000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, улмаар дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/444 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрхийг сунгасан байна.

4.1.2. Тухайн газрын асуудлыг дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т ". "... 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" гэж заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэсэн байдаг.

4.1.3. "Асгатсервис" ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс ".. дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 дугаар захирамжаар иргэн Б.Ундралмаад 500 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд газрын кадастрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд танай газартай ямар нэгэн давхцалгүй, бохирын шугам байрлаагүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй..." гэсэн хариуг өгсөн.

4.1.4. Түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь "Асгатсервис" ХХК, иргэн Б.Ундралмаа нарыг оролцуулж, Газрын албатай хамтран маргаан бүхий газар дээр очиж хэмжилт хийх, дээрх байгууллага, иргэн хоорондын газар давхцалтай эсэхийг тодруулахаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан. Газрын үзлэгээр маргаан бүхий газрыг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэх шаардлагатай тул шууд шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд маргаан бүхийн газарт Геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хэмжилтийг дахин хийлгэх нь зүйтэй юм.

4.1.5. Дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамжаар иргэн Б.Ундралмаад манай хашаан дотор 500 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон гэх тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжаар иргэн Б.Ундралмаад газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь олгосон.

4.1.6. Газрын мэдээллийн сан дахь газрын кадастрын зургаас харахад иргэн Б.Ундралмаагийн газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Асгат сервис ХХК-ийн газартай давхцуулсан олгосон зүйл байхгүй байна. Иймд маргаан бүхий газрыг давхцуулан олгосон гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн захиргааны акт хууль бус захиргааны акт байх, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор хуульчилсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамж нь газрыг давхцуулан олгосон нөхцөл байдал үүсээгүй тул нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй байна гэжээ.

4.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.2.1. "Асгатсервис" ХХК нь эзэмшил бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн санд 6370 м.кв талбайгаар бүртгэгдсэн болохыг анх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/444 дүгээр захирамжаар нэхэмжлэгч "Асгатсервис" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, холбогдох гэрээг байгуулахад мэдсэн байдаг.

4.2.2. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2015 оны захирамжийн хүрээнд эзэмших ёстой боловч тухайн үеийн дүүргийн Газрын албаны удирдлага, байцаагч нар манай эзэмшил газрын нүүрэн талын 700 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан бидэнд 6370 м.кв талбайг эзэмшүүлж байгаа..." гэж дурдсанаас харагдаж байна.

4.2.3. 2015 онд "Асгатсервис" ХХК нь газрын мэдээллийн санд 6370 м.кв талбайгаар эзэмшиж буй газар нь бүртгэлтэй болохыг мэдсэн хэр нь тухайн үед холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргаж байгаагүй болох нь дүүргийн Газрын албаны болон Тамгын газрын өргөдөл, бүртгэлийн дэвтэрт бүртгэлгүй байдлаар тогтоогддог.

4.2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны үйл ажиллагааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй байдаг ба "Асгатсервис" ХХК нь захиргааны захирамжилсан үйл ажиллагаатай холбоотой зохих байгууллагад гомдол гаргаж байгаагүй, мөн хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна гэжээ.

5. Гуравдагч этгээд Б.Ундралмаагаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

5.1. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс иргэн Б.Ундралмаагийн өөрийн эзэмшлийн газраа эзэмших, ашиглах эрхийг зөрчиж, удаа дараа барьсан гэр, хашаа зэргийг нь буулган нураах, хөөж туух зэргээр дур зоргоороо авирлан Цагдаагийн байгууллага, Газрын алба зэрэг холбогдох газруудаар шийдвэрлэгдэж нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байсан.

5.2. Мөн шүүхээс томилсон Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын дүгнэлтээр нэхэмжлэлд дурдагдсан газрууд хоорондоо ямар нэгэн давхцалгүй болох нь тогтоогджээ.

5.3 Иймд бодит байдал дээр нэхэмжлэгч Асгатсервис" ХХК-ийн эрх ашиг хэрхэн яаж зөрчигдсөн нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэн Б. Ундралмаагийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Асгатсервис ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн н.Ундралмаад холбогдох хэсгээс нэхэмжлэгч "Асгатсервис" ХХК-ийн хүсэлт гаргасан 7788,61 метр квадрат газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар "Асгат сервис" ХХК-д 7000 метр квадрат газар эзэмшүүлсэн хэмжээгээр газрын зургийг кадастрын мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Асгатсервис ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.Ундралмаад холбогдох хэсгийн 322,4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

1.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Асгатсервис ХХК нь Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар тогтоол /1 хх-4-5 тал/-оор Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучнаар Ус суваг ашиглалтын газрын контор, лабораторийн дуусаагүй барилга буюу түрээсээр ашиглаж байсан 1000 оюутны байрыг түрээсийн давуу эрхээр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ /1 хх-6 тал/ авсан байна.

1.2. Тус компани нь 2008 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд ...1000 оюутны байрны гаднах зам талбайн тохижилтод зориулж 850 м.кв талбайг засч тохижуулсан. Иймд зохих журмын дагуу 1000 оюутны байрны гаднах талбайг тохижилтын зориулалтаар зохих журмын дагуу баталгаажуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. /1 хх-11/

1.3. Мөн газрын хувийн хэрэгт тус компанийн Top survey ХХК-иар хийлгэсэн 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн огноотой 9237,87 мкв талбай бүхий кадастрын зураг /1хх-12/, 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн огноотой 7788.61 м.кв талбай бүхий кадастрын зураг /хх1-13/ авагджээ.

1.4. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 221 дүгээр захирамжаар /1 хх-133-135 тал/ Асгатсервис ХХК-д өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг оролцуулан 7000 м.кв газрыг эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай А/444 дүгээр захирамжаар /1хх-136-137 тал/ газар эзэмших эрхийг 10 жилийн хугацаатай сунгаж, газар эзэмших эрхийн 000317001 дугаар гэрчилгээ олгож, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг /1хх-126 тал/ байгуулжээ.

1.5. Эдгээр газар эзэмших эрх олгосон баримтуудад газрын хэмжээг 7000 м.кв гэж заасан боловч газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрыг 18646311848720 дугаар бүхий нэгж талбараар 6175.64 м.кв талбайтайгаар бүртгэсэн байна. /1хх-98 тал/

1.6. Харин гуравдагч этгээд Б.Ундралмаа нь Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт /4хх-193, 194 тал/ гаргаж, хүсэлтдээ хорооны засаг даргын тодорхойлолт, Голден лайн ХХК-ийн үйлдсэн 500.1 квадрат метр хэмжээтэй кадастрын зургийг /1хх-64 тал/ хавсарган гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай А/178 дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 31-523а хаягт иргэний ахуйн зориулалтаар 500 м.кв газар эзэмшүүлж, 000508693 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, уг газар нь мэдээллийн санд 18646311804729 нэгж талбарын дугаараар 500.22 м.кв талбайтайгаар бүртгэгджээ.

1.7. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/1581 /1хх-200 тал/, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2/1553 /2хх-222 тал/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2/2371 /3хх-6 тал/ дугаар албан бичиг, мөн газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2022//54 дугаар шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт олгосон газрууд нь кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар ямар нэгэн давхцалгүй байх боловч нэхэмжлэгчээс газар эзэмших тухай хүсэлт гаргахдаа өгсөн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийлгэсэн 7788,61 м.кв талбай бүхий газартай гуравдагч этгээдийн эзэмшил бүхий газар нь 322,4 м.кв хэмжээгээр давхацсан үйл баримтууд тогтоогдсон.

1.8. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...манай компани 9237,87 м2 талбайг эзэмшихээр дүүргийн газрын албанд 2008, 2015 онуудад удаа дараа хүсэлт гарган хандсан боловч инженерийн байгууламжтай, нийтийн эзэмшлийн талбай гэсэн шалтгаанаар бидэнд олгоогүй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221, 2015 оны 09 сарын 29-ны өдрийн А/444 дүгээр захирамжийн дагуу 7000 м.кв газрыг эзэмших болж, газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, өнөөдрийг хүртэл 7000 м.кв газрын талбайг эзэмшиж байгаагаар газрын төлбөрөө төлж байгаа болно. ...2015 оны захирамжийн хүрээнд бид 7000 м.кв талбай эзэмших ёстой боловч тухайн үеийн дүүргийн Газрын албаны удирдлага, байцаагч нар манай эзэмшил газрын нүүрэн талын, 700 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан бидэнд 6370 м.кв талбайг эзэмшүүлж байгаа ба инженерийн байгууламжтай, нийтийн эзэмшлийн талбай гэсэн атлаа бидний хүсэлтийг 6 жил үл харгалзан дүүргийн Засаг даргын 2014 оны А/178 захирамжаар иргэн Б.Ундралмаад манай хашаан дотор 500 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь хууль бус... гэж маргасан.

1.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар үйлийн 106.3.1-д зааснаар маргаж байгаа захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргах боломжтой, мөн нэхэмжлэгчийн хувьд хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх үр дагаврыг үүсгэх учиртай.

1.10. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай А/178 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Ундралмаад тус дүүргийн 5 дугаар хороо, Өлгий 31-523а хаягт иргэний ахуйн зориулалтаар 500 м.кв газар эзэмшүүлсэн.

1.11. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна., 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасан.

1.12. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа баримтлах журмыг зааж өгсөн байна.

1.13. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Баянзүрх дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5 дугаар хороонд иргэний ахуйн зориулалтаар 8.0 га газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэхээр тогтоосон байх бөгөөд маргаан бүхий газар нь уг төлөвлөсөн нутаг дэвсгэрт хамаарч байна. /5хх-238 тал/

1.14. Мөн газрын кадастрын мэдээллийн сангийн 2010-2015 оны агаарын зургаас /3хх-23-28 тал/ үзэхэд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гарах хүртэл хугацаанд /2014 он/ нэхэмжлэгч нь уг газрыг бодитойгоор эзэмшиж, хашаа татсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн манай хашаан дотор гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

1.15. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/1899 /2 хх-2399 тал/ тоот албан бичигт 7000 м.кв талбайгаар зураглагдсан бүртгэл байхгүй тул ...өөрчилсөн мэдээллийг гаргах боломжгүй гэж дурдсан байх ба нэхэмжлэгч нь 7000 м.кв хэмжээтэйгээр тойм зураг хийлгээгүй, хариуцагч Газрын албанаас 7000 м.кв газрын хил заагийг мэдээллийн санд оруулаагүй энэ тохиолдолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 600 дугаар магадлалд заасны дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжид заасан 7000 м.кв газар нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 500 м.кв газартай хэрхэн давхцалтай болохыг тогтоох бодит нөхцөл, боломж байхгүй байна.

1.16. Иймд дээрх нотлох баримтуудаар хариуцагч дүүргийн Засаг дарга нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр гэрчилгээгээр эзэмшиж буй 7000 м.кв газартай гуравдагч этгээдэд давхцуулан газар эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

1.17. Мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01/1312 /5хх-88 тал/, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3/1928 /5хх-101 тал/, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10/1112 тоот албан бичгүүдээс үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газарт 2008 оноос хойш ашиглалтыг хариуцан ажилладаг дулаан, бохир усны шугам байрлаж байгаа тогтоогдож байх тул зөвхөн гуравдагч этгээдийн газар нь инженерийн шугам сүлжээтэй давхцалтай гэж дүгнэн нэхэмжлэлийг хангах боломжгүй.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар Асгатсервис ХХК-ийн 7000 м.кв газар эзэмших эзэмших эрхийг сунгаж шийдвэрлэсний дагуу уг хэмжээгээр газрын кадастрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заасан.

2.2. Нэхэмжлэгч Асгатсервис ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5 тоот /1хх-191 тал/ албан бичгээр ...манай эзэмшиж байгаа газрын талбай хэмжээ батлагдсан захирамжийн хүрээнд хүрэлцэхгүй байгаа тул ...манай эзэмшил газрын нүүрэн талын, 700 м.кв орчим хэмжээ бүхий газрыг инженерийн байгууламжтай газар гэж шалтаглан кадастрын нэгж талбарын зураглалд оруулахгүйгээр Засаг даргын захирамжаа өөрчлүүл гэсэн хариуг бидэнд өгч 6370 м.кв талбайг эзэмшүүлж байна. Иймд батлагдсан захирамжийн хүрээнд манай байгууллагын барилгын нүүрэн талын талбайг бидэнд олгож асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж, мөн ийм агуулгатай албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргад гаргаж байжээ. /1хх-192/

2.3. Эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмших эрхтэй 7000 м.кв газар нь мэдээллийн санд бага хэмжээгээр бүртгэгдсэн болохыг мэдэж, гомдол гаргаж байсан атлаа захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлээгүй тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд хандах хугацааг хэтрүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гарган маргасан нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.4. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: ...54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн., 109 дүгээр зүйлийн 109.2-т 109.2.Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Иргэдийн төлөөлөгч Ж.Дэмбэрэлсайханд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Асгатсервис ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Б.Ундралмаад холбогдох хэсгийн 322,4 м.кв-аар давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан Асгатсервис ХХК-иас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр захирамжаар Асгатсервис ХХК-д эзэмшүүлсэн 7000 м.кв газрыг уг хэмжээгээр кадастрын зургийг мэдээллийн санд оруулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан шинжээчийн ажлын хөлсний зардал 125,547 /нэг зуун хорин таван мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг нэхэмжлэгч Асгатсервис ХХК-иас нөхөн гаргуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн төрийн сангийн нэмэлт санхүүжилтийн 100900005404 дансанд нөхөн төлөхийг Асгатсервис ХХК-д даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА