Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 101

 

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

       Шүүгдэгч: Ц.Л,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А А овгийн Ц-ийн Л-т холбогдох эрүүгийн 1735000970045 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт, Увс аймгийн Завхан сумын Хармагт багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОГ80061117, А А овгийн Ц-ийн Л.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

                1. Хохирогч П.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Завхан сумын төвд байдаг худаг дээр малаа тууж  ирээд услаад дуусаж байтал Л Хятад мотоцикль уначихсан согтуу \халамцуу\ ирээд надад хандаж “Наад хэдэн малаа гарга. Дараагийн мал ус уух цаг болсон байна” гэж хэлэхээр нь сүүлийн мал ус уугаад дуусах гэж байсан тул малаа бүрэн услаж дуусгаад гаръя гэж бодоод малаа усалж байтал Л миний хажууд ирээд баруун гараараа миний зүүн шанаан дээр 1 удаа цохиод, хоолой боож унагаасан. Мөн намайг худагны амсар дээр дарж унагаад миний гэдэс рүү 2 удаа гараараа цохисон юм. Тэгээд бид хоёр салаад би малаа худаг дээрээс гаргаад явах гэтэл гэнэт Л газар хэвтэж байсан “Ерөөл” нэртэй архины шил аваад миний толгой тус газар нэг удаа цохиход миний нүүрээр цус бүрхээд ирсэн. Түүний дараа миний бие гэнэт муудаад эхнэр миний цамц тайлаад толгой боож байсан, би мотоциклоо бариад хөдөлж байсан санагдаж байна. Түүнээс хойш мэдэж байгаа зүйл алга. Нэг ухаан ороод сэрээд хартал эмнэлэгт хэвтэж байсан. Би согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд тухайн үед ч хэрэглээгүй эрүүл байсан. Харин Л согтууруулах ундаа уучихсан халамцуу байсан юм. Л намайг цохих үед Д, Ч, Б нар бидний хажууд байсан. Зарим нь манай мал усаа уугаад дууссаны дараа малаа услах гээд, зарим нь худаг дээрээс ус авах гээд ирчихсэн байсан юм. 10 жилийн өмнө Л манайд согтуу орж ирчихээд “Данх Б чамайг ална” гээд намайг цохисон юм. Л бид нар хоорондоо садан төрлийн холбоотой хүмүүс тул тухайн үед “Цагдаа, шүүх гээд юу хийх вэ?” гэж бодоод орхисон юм. Гэтэл Л дахиж намайг зодлоо. Л бид хоёрын хооронд өр авлага байхгүй бөгөөд Л нь надад өс хонзон санаад байдаг бололтой санагддаг юм. Би гомдолтой байна. Нэг удаа цохисон бол хамаагүй. Гэтэл хоёр дахь удаагаа болж байгаа учраас гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг / хх-ийн 7-8-р тал/,

                2. Гэрч М.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өчигдөр орой буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-нд Завхан сумын төвд байдаг худаг дээр хүргэнийхээ мал услахаар очиход Б-гийн мал ус уугаад дуусах гэж байсан юм. Манай хүргэний мал ус уухаар ирж байсан ба тэр үед Л мотоцикль барьчихсан согтуу ирээд Бд “Малаа гарга, одоо өөр мал ус уух гэж байна” гэж хэлсэн. Тэгээд Б малаа гаргахаар тууж эхэлж байтал Л шууд очоод Б-г худагны таг дээр дарж аваад хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр үед Б-гийн магнай хэсгээс бага зэргийн цус гарч байсан ба бид нар Л-ыг Б-гоос салгасан. Тэгээд Б малаа худгаас гаргах гэж байтал Л худагны хажууд газарт хэвтэж байсан “Ерөөл” нэртэй архины шил аваад Бгийн толгой тус газар цохиход Б-гийн толгойноос цус гарсан. Удалгүй Б-гийн эхнэр ирээд Б-гийн цамцаар толгойг нь боогоод эмнэлэг аваад явсан юм. Б архи уугаагүй эрүүл, харин Л халамцуу байсан. Л манай суманд амьдардаг бөгөөд ер нь огцом ууртай хүн байгаа юм. Б цохиулсны дараа толгойноос нь цус гарч байсан. Б нь Л-ыг 2 удаа цохисон. Л Хятад мотоцикльтой ирсэн бөгөөд Б-г зодчихоод мотоциклоо өөрөө жолоодоод явсан. Л нь яагаад Б-г цохисныг би сайн мэдэхгүй байна. Уул нь тэр хоёр хоорондоо ах, дүүгийн холбоотой хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

                3. Гэрч Ш.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өчигдөр орой буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-нд Завхан сумын төвд байдаг худагнаас ус авахаар очиход  Л, Б хоёр худаг дээр маргалдаж байсан юм. Удалгүй тэр хоёр зодолдож, “Малаа ямар удаан усалдаг юм бэ” гэх мэтээр хэрэлдэж байсан. Тэгээд Л нь Бг баруун гараараа хэд хэдэн удаа цохиход бид нар салгаад “Та нар малаас болоод ингэж болохгүй” гэж хэлээд удаагүй байж байтал Л газар хэвтэж байсан “Ерөөл” нэртэй архины шил аваад Бгийн зүүн шанаан дээр нэг удаа цохисон. Тэр үед Б-гийн цохиулсан хэсгээс цус гарч эхэлсэн. Тэгээд удалгүй Б-гийн эхнэр нь ирээд цамцаар нь толгойг нь боогоод эмнэлэг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

                4. Гэрч Ц.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өчигдөр орой буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-нд Завхан сумын төвд байдаг худаг дээр мал услах гээд иртэл Б гэдэг хүний мал худаг дээр ус ууж байсан. Худаг дээр манай ээж Д, Б бид хэд юм яриад сууж байтал Л гэдэг хүн ирээд Б ахыг “Наад малаа хурдан гарга. Дараагийн мал ус уух цаг болсон байна” гэж хэлсэн. Тэгээд худгийн хажууд Л нь Б ахыг баруун гараараа хэд хэдэн удаа цохиход нь бид нар салгаад “Та нар малаас болоод ингэж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд Б ах худагны ар талд очоод малаа гаргахаар туух гээд байж байтал Л газар хэвтэж байсан “Ерөөл” нэртэй архины шил аваад Б ахын зүүн шанаан дээр нэг удаа цохисон, цохиулсан хэсгээс нь цус гарч эхэлсэн. Тэр үед Б ахын эхнэр нь ирээд Б ахыг эмнэлэг аваад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

                     5. Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний нөхөр Б 2017 оны 09 дүгээр сарын 10-нд Завхан сумын төвд байх худаг руу малаа услахаар явсан. Би сумын захиргаа орж хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар авах гэхэд тухайн өдөр бүтэн сайн өдөр буюу амралтын өдөр байсан цоожтой байсан. Тэгээд би захиргааны гаднаас мал усалж байсан худаг руу явах гээд хартал худаг дээр хоёр хүн зодолдож байгаа бололтой харагдахаар нь яваад очтол манай нөхөр хүнтэй зодолдсон байдалтай хувцас хунар нь шороо болчихсон, толгойны зүүн шанааны дээд хэсгээс цус гарсан, нүүр нь бүхэлдээ цус болсон байсан. Юу болсон талаар асуухад Л манай нөхөр Б-г зодсон байсан. Би Л-т “Чи яах гэж байгаа юм бэ. Энэ хүн одоо үхвэл чи яах гэж байгаа юм” гэхэд “Яадаг юм, үхвэл үхнэ биз” гэж хэлээд манай нөхрийг дахиж цохих гээд дайраад байсан. Мөн намайг цохих гээд дайрч давшлаад байсан. Л урьд өмнө нь манайд ирж агсам согтуу тавьж байсан бөгөөд энэ үйлдэл нь нэг удаа ч биш олон удаагийн үйлдэл болж байна. Тухайн үед Бгийн толгойноос цус гараад байсан тул би Б-гийн цамцаар толгойг нь боож өгсөн. Тэгээд Б мотоцикль бариад би ар талд нь суугаад явж байтал Б “Миний бие муудаад байна, эмч дуудаарай” гэж хэлээд мотоциклоо барьж чадахгүй унагаасан юм. Тэгэхээр нь би эмнэлэг рүү залгаж дуудлага дуудахад эмнэлгийн машин ирээд Б-г аваад явсан. Тухайн өдөр Б-д ямар гэмтэл учирсан байсан талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хувцас, гар, нүүр нь цус болсон байдалтай байсан. Б архи уусан шинжгүй, Л халамцуу байсан ба тэр хоёрын хажууд Д, Б, Ч нар байсан. Л нь Б-г газар хэвтэж байсан “Ерөөл” нэртэй архины шилээр цохисон гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Б-гийн бие муудаад мотоцикльтойгоо уначихсан, эмнэлэгт дуудлага өгөөд хүлээж байхад Л өөрийнхөө мотоциклийг жолоодоод бид хоёрын хажуугаар зөрөөд гэрлүүгээ явж байгаа байдалтай харагдсан. Би худаг дээр очихдоо их сандарсан байсан тул худагны хажууд архины шил байсан эсэхийг анзаарч хараагүй. Уг худагнаас хүмүүс ундныхаа ус авдаг, мал усалдаг тосгууртай худаг тул хүн ихтэй байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

                6. Гэрч С.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүтэн сайн өдөр байсан юм. Би тэр өдөр сумын эмнэлэг дээр хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнд эмчилгээ хийж байтал “Сумын төвд эмнэлгээс 10-20 м зайтай газар хүний бие муудаад байна” гэх дуудлага ирсэн. Тэгээд би машин дуудаад дуудлага өгсөн газарт очиход бие нь муудсан хүн манай сумын 2-р багийн иргэн Б гэдэг хүн байсан. Бгийн нүүр, гар нь цус болсон байсан ба эмнэлэг дээр авч ирж үзлэг хийхэд Бгийн толгойны зүүн дээд талд 2,5 см язарсан шархтай байсан. Шархыг цэвэрлэж 4 оёдол тавьсан ба эмнэлгийн анхан шатны тусламж болох цус тогтоох, өвчин намдаах, хаван хөөх, зүрх дэмжих, үрэвсэл намдаах, даралт бууруулах зэрэг эмчилгээ хийсэн. Тухайн үед Б-гийн ухаан орж гарсан, толгойны зүүн дээд талд язарсан шархтай, шархнаас цус гарсан, нүүр гар нь цус болсон байдалтай байсан. Тухайн үед манай эмнэлгийн их эмч ээлжийн амралттай байсан тул би дуудлаганд очсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

                7. Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Л бид хоёр ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Би бага байхаасаа л Л ахын гэрээр орж гардаг байсан тул түүнийг сайн танина. Л архи уухаараа дуулж байгаад унтаад өгдөг бөгөөд архи ихээр уугаад байдаггүй 2-3 сард нэг удаа уудаг юм. Л ах даруу төлөв зан ааштай, нутагтаа нэр хүнд сайтай, багтаа болсон үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, хүний хэлсэн үг сайн биелүүлдэг, хүнд их тусархуу хүн байгаа юм. Ар гэрийнхэндээ анхаарал халамжтай, амьжиргааны түвшин сайтай хүн байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

                8. Гэрч Ч.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Л нь миний эмээгийн дүүгийн хүргэн байгаа юм. Л даруу төлөв, дөлгөөн ааштай, нутагтаа нэр хүнд сайтай, сумын бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, хүний өгсөн үүрэг даалгавар сайн биелүүлдэг, хүнд тусархуу хүн байгаа юм. Ар гэрийнхэндээ санаа сайн тавьдаг, хүүхдүүдийнхээ сурлагад анхаардаг, багш нартай байнга очиж уулзаж байдаг, хувь хүний хувьд дуу цөөтэй хүн байгаа юм. Урьд өмнө нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

            9. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн №546 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч П.Б-гийн биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, тархины доргилт, духанд язарсан шарх, дух, баруун хацар, хамрын зүүн угалз, хэвлийд зулгаралт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/,

            10. Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн засаг дарга С.Гантулгын 2017.09.29-ний өдөр гаргасан 380 тоот Тодорхойлолт /хх-ийн 29-р тал/,

            11. Шүүгдэгч Ц.Л-ын хүүхдүүд болох Л.Ө, Л.Ө, Л.Д нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ц.Л, Б.Ц нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 32, 35-р тал/,

            12. Шүүгдэгч Ц.Л-ын “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг”-ийн 2016 оны тооллогын хуулбар /хх-ийн 33-34-р тал/,

            13. Шүүгдэгч Ц.Л-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р тал/,

            14. Хохирогч П.Б-гийн нэхэмжлэх хохирол, гомдолгүй талаархи Тодорхойлолт /хх-ийн 40-р тал/,

            15. Шүүгдэгч Ц.Л-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хашаагаа засах ажилтай байсан бөгөөд тухайн үед ядарсан байсан тул бага зэрэг архи уучихаад унтаж амрана гэж бодоод гэрт авдарт байсан “Ерөөл” нэртэй 0,5 литрийн тал архи байсныг ганцаараа ууж дуусгасан. Тэгээд дахин авдар дотроос 2,5 литрийн хуванцар савлагаатай Орос пиво байсныг нь уусан. Тухайн үед би уг архи, пивыг гэртээ ганцаараа уусан бөгөөд ууж дуусгаад согтож өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. Нэг мэдэхэд би сумын төвд байдаг худаг дээр оччихсон байсан. Дахин сэргэхэд эхнэр маань намайг сэрээсэн бөгөөд би өөрийнхөө хашаанд байх амбаартаа унтаж байсан. Эхнэр маань намайг сэрээгээд гэрт оруулж амраахдаа “Чи архи уугаад согтчихоод Б ахыг зодчихсон байна” гэж хэлэхэд л хүн зодсоноо мэдсэн юм. Өглөө үүрээр 05:00 цаг орчимд Б-г эмнэлэгт байгаа гэж сонсоод Б-той эмнэлэгт очиж уулзахад Б-гийн духны орчимд язарсан бололтой боолт хийсэн байсан. Би Б-г ямар шалтгааны улмаас, хаана, юугаар зодож цохисноо огт санахгүй байна. Би маш их согтож өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. Архи гарч сэрээд хүн зодсноо мэдсэн. Би худаг дээр согтуу очоод Б-гийн дух орчимд архины шилээр цохиж гэмтээсэн байсан. Би тэр талаар хүмүүсээс сүүлд сонсож мэдсэн. Б нь миний аавын дүү бөгөөд бидний хооронд өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би Бд учирсан хохирлыг барагдуулах зорилгоор 1.000.000 төгрөг өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Ц.Л нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Б-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Б, гэрч М.Д, Ш.Б, Ц.Ч, Б.Д нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Л-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дугаар сарын 15-ний өдрийн №546 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Ц.Л-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Б-гийн  эрүүл мэндэд “Хамар ясны хугарал, тархины доргилт, духанд язарсан шарх, дух, баруун хацар, хамрын зүүн угалз, хэвлийд зулгаралт” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Ц.Л-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Б-гийн  эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн болон хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Л нь хохирогч П.Б-д 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохиролд тооцон өгсөн нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн хохирогч нь нэмж нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

                  Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

                   Шүүгдэгч Ц.Л анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг сайн дураараа арилгасан зэргийг ял шийтгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч А А овгийн Ц-ийн Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоо зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Л-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН