| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0031/и |
| Дугаар | 141/ШШ2024/0094 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 141/ШШ2024/0094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, Ш.Одонзул нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Иргэдийн төлөөлөгч Л.Бямбаа,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баасанжав,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Хариуцагч Б.О,
Гэрч Д.Б /онлайнаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.О холбогдох төрд учруулсан хохирол 13,345,273 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Б.О нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр моторыг өөрийн хамаарал бүхий харилцаатай ******* өгч, өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас Завханмандал сумын засаг даргын тамгын газарт 13,345,273 төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн 172300092 дугаартай хэрэгт авагдсан мэдүүлгүүд, эрх бүхий комиссын үнэлгээ, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад баримт бичгүүдээр хангалттай тогтоогджээ. Дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх болсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмын дагуу хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байх ба уг тогтоол хүчин төгөлдөр байна. Гэвч Б.О нь төрд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна. ******* нь Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэсэн албан тушаалын байдлаа ашиглан Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүрийг ямар нэгэн байдлаар устгах, актлах шийдвэр гараагүй байхад 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дур мэдэн бусдад өгсөн ба үүнээс хойш тухайн цахилгааны үүсгүүрийг устгах, актлах, үнэлгээг бууруулах, зах зээлийн үнэлгээ гаргах зэргээр үнэ өртгийг бууруулсан шийдвэр гараагүй байна. Шинжээч тухайн эд зүйлийг үзэлгүйгээр үнэлгээ гаргасан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж тухайн эд хөрөнгийг бусдад шилжүүлээгүй байх үеийн хамгийн сүүлийн үнэлгээ буюу Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын Өмч хамгаалах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Дизель моторын үнэлгээ тогтоосон” үнэлгээгээр нэхэмжлэх нь зүйд нийцэхээр байна. Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг өөрийн хамаарал бүхий харилцаатай ******* өгч, өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдлийн улмаас тус аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газарт 13,345,273 төгрөгийн хохирол учирсан тул *******аас гаргуулж Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газарт олгож өгнө үү ...” гэжээ.
Хариуцагч Б.О нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 онд Завхан аймгийн Иргэдийн хурлын даргын ажил албан үүргийг хүлээж аваад Улиастай суманд нэгдсэн эрчим хүчний системд холбогдсонтой холбоотой Завхан аймаг дахь бүх суманд ажиллаж байгаа дизель 46 ширхэг моторыг өмчлөлд нь үлдээсэн. Тухайн үед өмчийн алба гэж байгаагүй. Би хурлын даргын ажил авснаас хойш өмчийн албыг байгуулж төрийн өмчид ашиглагдаж байгаа болон ашиглагдаагүй хөрөнгийг цахимжуулсан. Тухайн моторыг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр худалдан борлуулах, актлах шийдвэр гарсан. Учир нь аймгийн төсвийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхийн тулд тухайн 46 моторын үнэлгээг 1 ширхгийг 5,000,000 төгрөгөөр үнэлж 230 сая төгрөгөөр борлуулж байсан. Энэ шийдвэр гаргахаас өмнө моторыг худалдсан шалтгаан нь Ариунзориг гэх дүү над руу яриад танай Завхан аймагт мотор зардаг юм байна надад гайгүй ажиллагаатай мотор олоод өгөөч гэхээр нь Бямбацогттой утсаар яриулж өөрсдөө хоорондоо ярилцаж худалдаж авсан. Би ******* ямар нэгэн албан тушаалаа ашиглан дарамталж, шахсан зүйл байхгүй. Тэр мотор нь 2010 онд Завхан аймгийн Түдэвтэй сумаас авч ирж сольсон 60 ваттын хүчин чадалтай мотор байсан. 60 ваттын хүчин чадалтай моторыг Завханмандал суманд авчирч өгөөд оронд нь ажилладаг 100 ваттын моторыг сольж аваад явсан. Миний худалдсан гэх мотор нь 60 ваттын хүчин чадалтай мотор байсан. Шинжээчийн дүгнэлтээр ДС 60 ваттын мотор нь 1,800,000 төгрөг, ДС 100 квт мотор нь 3,800,000 төгрөг гэж үнэлэгдсэн тул нэхэмжлэгч тал тухайн хэргийн материал, шинжээчийн дүгнэлтийг сайн хянаж үзэх хэрэгтэй...” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сумын өмч хамгаалах зөвлөлийн 11 дүгээр сарын 5-ны өдрийн тэмдэглэлд 100 ваттын хүчин чадалтай цахилгаан станцыг үнэлсэн дүгнэлт байдаг. Гэтэл 2010 онд мотор солигдсон байна. Солигдохдоо 60 ваттын хүчин чадал багатай мотор ирсэн байна. Энэ талаар өмч хамгаалах зөвлөлөөс дүгнэлт гараагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр 60 ваттын хүчин чадалтай моторыг 1,800,000 төгрөгөөр тогтоосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөх боломжтой гэж үзэж байна. Хэрэг бүртгэлийн хэрэг хаасан тогтоол дээр мөн 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн байдаг. *******ын хувьд моторыг шилжүүлж аваад өөрөө зарж борлуулсан зүйл байхгүй байна. Өөрийн хамаарал бүхий буюу төрөл садны хамааралтай хүнд түрээслүүлнэ гэж ойлгож шилжүүлсэн. Буцааж өгөөгүй байдлаас тухайн нөхцөл байдал үүсэж байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэж өгөөч. Хэдийгээр төрийн өмч хөрөнгө гэж байгаа боловч бодит үнээр тогтоогдох ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэх боломжтой байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч Л.Б нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Дизель моторыг албан тушаалаа ашиглан, утсаар ярьж өөр хүнд өгсөн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг гаргуулах нь зүйтэй...” гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд: Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, гэрч *******, Б.О, Д.Б, Т.А, Б.П, П.М, Б.Бн, Р.Д, Т.Д нарын мэдүүлгийн хуулбар, Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн117 дугаартай албан бичгийн хуулбар, мотор хүлээлцсэн актын хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Засаг даргын тамгын газрын өмч хамгаалах зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03/162 дугаартай албан бичгийн хуулбар, Завхан аймгийн Завханмандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дугаартай албан бичгийн хуулбар, Эд хөрөнгийн тооллогын бүртгэлийн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний хуулбар, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай “Хөрөнгө актлах тухай” тогтоолын хуулбар, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Х-491 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, Моторын программын бүртгэлийн хуулбар, Завхан аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/73 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоолын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Хариуцагч талын хүсэлтээр гэрч *******, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч *******, ******* нараас мэдүүлэг авч, хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
1. Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******аас төрд учирсан хохирол 13,345,273 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж,
Үндэслэлийг “...Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн цахилгаан үүсгүүр болох моторыг өөрийн хамаарал бүхий харилцаатай ******* өгч, өөртөө болон бусдад давуу байдал олгосон үйлдлийн улмаас Завханмандал сумын Засаг даргын тамгын газарт 13,345,273 төгрөгийн хохирол учирсан. Энэ байдал нь эрүүгийн 172300092 дугаартай хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, эрх бүхий комиссын үнэлгээ, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад баримт бичгүүдээр хангалттай тогтоогдсон. Эрүүгийн 172300092 дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх ба уг тогтоол хүчин төгөлдөр байна. Иймд ******* нь төрд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тул 13,345,273 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгохоор прокурор нэхэмжилж байна...” гэжээ.
2. Хариуцагч нь шүүх хуралдаанд “...Шинжээчийн дүгнэлтээр ДС 60 ваттын мотор нь 1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул 13,345,273 төгрөгийг төлөх боломжгүй...” гэж маргаж,
Үндэслэлийг “...2013 онд Завхан аймгийн Иргэдийн хурлын даргын ажил албан үүргийг хүлээж аваад Улиастай суманд нэгдсэн эрчим хүчний системд холбогдсонтой холбоотой Завхан аймаг дахь бүх суманд ажиллаж байгаа дизель 46 ширхэг моторыг өмчлөлд нь үлдээсэн. Тухайн үед өмчийн алба гэж байгаагүй. Би хурлын даргын ажил авснаас хойш өмчийн албыг байгуулж төрийн өмчид ашиглагдаж байгаа болон ашиглагдаагүй хөрөнгийг цахимжуулсан. Тухайн моторыг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр худалдан борлуулах, актлах шийдвэр гарсан. Учир нь аймгийн төсвийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхийн тулд тухайн 46 моторын үнэлгээг 1 ширхгийг 5,000,000 төгрөгөөр үнэлж 230 сая төгрөгөөр борлуулж байсан. Энэ шийдвэр гаргахаас өмнө моторыг худалдсан шалтгаан нь Ариунзориг гэх дүү над руу яриад танай Завхан аймагт мотор зардаг юм байна надад гайгүй ажиллагаатай мотор олоод өгөөч гэхээр нь Бямбацогттой утсаар яриулж өөрсдөө хоорондоо ярилцаж худалдаж авсан. Тэр мотор нь 2010 онд Завхан аймгийн Түдэвтэй сумаас авч ирж сольсон 60 ваттын хүчин чадалтай мотор байсан. 60 ваттын хүчин чадалтай моторыг Завханмандал суманд авчирч өгөөд оронд нь ажилладаг 100 ваттын моторыг сольж аваад явсан. Миний худалдсан гэх мотор нь 60 ваттын хүчин чадалтай мотор байсан. Шинжээчийн дүгнэлтээр 60 ваттын мотор нь 1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн...” гэж маргажээ.
3. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...Прокурор төрийн ...ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцож болно гэж заасан бөгөөд дурдагдаж буй хуулийн 25, 26 дугаар зүйл нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн бүхий л эрх, үүргийг зохицуулсан хэм хэмжээ юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 31.1 дэх заалтын “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх” үндэслэлд ...төрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, ...зэрэг асуудлаар Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газар нь тухайн байгууллагын эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд байгууллагыг төлөөлж аливаа эрх бүхий байгууллагад хандах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тохиолдолд төрд учирсан хохирлыг гаргуулахаар прокурор санаачилгаараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах нь хууль зөрчихгүй.
Иймд прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Завхан аймгийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/447 дугаартай прокурор томилох албан тоотоор прокурор Н.Баасанжав нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд
4.1. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын өмч хамгаалах зөвлөлийн тогтоол зэрэг бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 172300092 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт цуглуулсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудад Завхан аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архив №22 хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан бөгөөд уг нотлох баримтад агуулагдсан мэдээллийн талаар буюу маргаанд хамааралтай үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангасан, үнэн зөв баримт бичиг гэж үнэллээ.
4.2. Завхан аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/73 дугаартай прокурорын тогтоолоор Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан *******ыг албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Завханмандал сумын засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадал бүхий ДС-100 маркийн моторыг өөрийн хамаарал бүхий харилцаатай ******* өгч өөртөө давуу байдал бий болгосны улмаас Завханмандал сумын засаг даргын тамгын газарт 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ******* нарт холбогдох эрүүгийн 172300092 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Энэ талаар талууд маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
4.3. Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газарт 100 ваттын хүчин чадал бүхий DС-100 маркийн цахилгаан мотор байсан, Уг 100 ваттын хүчин чадал бүхий моторыг Түдэвтэй сумын 60 ваттын хүчин чадал бүхий дизель мотороор сольсон үйл баримт нь
гэрч *******ын “...Би 1990 онд Завханмандал сумын Засаг даргын тамгын газарт байцаагчаар ажилд орсон. Намайг ажиллаж байхад 1999 онд 100 киловаттын хүчин чадалтай 3 ширхэг цахилгаан үүсгүүр DC-100 загварын дизель мотор Японы буцалтгүй тусламжаар сум орон нутагт өгч байсан. ...1 моторыг нь 60 ваттын хүчин чадалтай мотороор Завхан аймгийн Түдэвтэй сумтай сольж байсан...” гэсэн,
-Гэрч *******ын “...Би 2008-2016 онд Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргаар ажиллаж байсан. Манай суманд 3 ширхэг дизель мотор байдаг байсан бөгөөд 2012 он хүртэл ашиглаж байсан. 2010 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр 1 ширхэг 100 ваттын хүчин чадал бүхий моторыг Түдэвтэй сумын 60 ваттын хүчин чадал бүхий дизель мотороор солих тогтоол гарсны дагуу сольсон байдаг...” гэсэн,
-Гэрч Р.Даваажанцангийн: “...1999 онд манай суманд 100 кв хүчин чадалтай 3 ширхэг цахилгаан үүсгүүрийн дизель мотор Япон улсын буцалтгүй тусламжаар ирсэн. 2014 оноос эрчим хүчний төвлөрсөн системд холбогдоод дизель моторыг ашиглахаа больсон. Түүнээс хойш тухайн үед засаг даргаар ажиллаж байсан ******* ашиглахгүй байгаа 3 мотороос 1-ийг нь худалдаж тодорхой хэмжээний мөнгийг орон нутгийн төсөвт оруулъя, холбогдох баримтуудыг бүрдүүлээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлэх үүрэг даалгаврыг нягтлан Н.Мядагмаад өгсөн. ...2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дугаартай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Завхан аймгийн Түдэвтэй сумтай бланснаас блансад шилжүүлэх журмаар 60 ваттын хүчин чадалтай мотороор сольсон. Тухайн үед 100 ваттын хүчин чадалтай мотор дизель их зарцуулж байна гээд бага дизель зарцуулдаг мотороор сольж байсан...” гэсэн,
-Гэрч *******ы: “...Намайг Завханмандал сумын засаг даргаар ажиллаж байх үед 3 ширхэг цоо шинэ 100 вт хүчин чадалтай дизель моторууд манай суманд ирж байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн хариуцагчийн “...2010 онд Завхан аймгийн Түдэвтэй сумаас 60 ваттын хүчин чадалтай моторыг Завханмандал суманд авчирч өгөөд оронд нь ажилладаг 100 ваттын моторыг сольж аваад явсан. Миний худалдсан гэх мотор нь ДС 60 ваттын мотор байсан...” гэсэн тайлбар нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал Завхан аймгийн Түдэвтэй сумаас 60 ваттын хүчин чадалтай мотороор Завханмандал сумын 100 ваттын хүчин чадалтай мотороор сольсон үйл баримтын талаар маргаагүй байна.
5. Хариуцагч ******* нь 2012-2016 онд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан талаар талууд маргаагүй тул маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
6. Хариуцагч ******* нь 2012-2016 онд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа садан төрлийн холбоотой гэх ******* Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газрын өмчлөлийн 60 ваттын хүчин чадалтай 1 ширхэг моторыг шилжүүлсэн гэх үйл баримт нь
гэрч *******ын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр тус суманд хэрэглэгдэж байсан 60 ваттын хүчин чадал бүхий ДС-100 моторыг ачуулмаар байна гээд тухайн үеийн Завханмандал сумын засаг дарга ******* хэлээд би өөрөө тус моторыг хариуцан ажиллуулж байсан учраас маяти машинд ачуулаад явуулсан. Засаг дарга *******ын шийдвэрээр ачуулсан...” гэсэн,
гэрч *******ын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн “...2015 оны үед ******* дарга моторыг ачуул гэж удаа дараа хэлсэн. Аймгийн иргэдийн хурлын шийдвэргүй бол явуулах боломжгүй гэхэд ******* нь ачуул гэхээр нь аман шийдвэрийг үндэслээд сумын моторчин Дашнямаар гар бичвэр бичүүлээд хүлээлцэж ачуулсан. 2010 оны 12 сарын үед аймгийн засаг дарга М.Санжмятаваас ирүүлсэн албан тоотод Түдэвтэй сумын 60 ваттын моторыг Завханмандал сум руу шилжүүл, зөрүүлээд Завханмандалын 100 ваттын моторыг Түдэвтэй сум руу шилжүүл гэсний дагуу 2 сумаас комисс гарган моторуудыг солилцож байсан. Түдэвтэй сум ирсэн 60 ваттын мотор нь элэгдэл хорогдолд орсон, тухайн үедээ асааж хүлээлгэж өгөх гэсэн боловч асаагүй гэсэн ч аваад явсан. Шаардлага хангахгүй муу мотор байгаа шүү гэж *******т хэлсэн. Сэлэнгэ аймгаас Ариунзоригт гэдэг хүн ирж авсан. Өнгө үзэмж муутай, ашиглахад бэрх болсон мотор байсан....” гэсэн,
Гэрч Т.Ариунзоригийн “...Миний авга ах ******* 2012-2016 онд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Тэгээд би ******* ахтай утсаар холбогдоод танай аймагт дизель мотор байдаг юм байна, зарагддаг уу гэж асуусан. ...Завхан аймгийн Завханмандал сумын засаг дарга *******ын гар утасны дугаарыг өгөөд Завханмандалд мотор байдаг гэнээ устаар нь холбогдоод өөрөө асуучих гэсэн. ...Ингээд 2016.05.14-ний өдөр ачуулаад Улаанбаатарт авчруулсан. Би ойлгохдоо 150 кв-ын хүчин чадалтай гэж ойлгож байсан. Гэтэл Улаанбаатарт ирсэн хойно нь 60 кв-ын хүчин чадалтай болохыг нь мэдсэн...” гэсэн,
-Гэрч Б.Пүрэвбаярын “...Завханмандал суманд 2016.05.13-ны орой очиж хоноод маргааш нь Отгонбаатарын өгсөн дугаараар нь холбогдоод моторыг ачаад шууд Улаанбаатар руу хөдөлсөн. Мотор ачсаны дараа намайг мотор хүлээн авсан гээд цаасан дээр гарын үсэг зуруулсан... ” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн хариуцагч ******* нь 2012-2016 онд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа садан төрлийн холбоотой гэх ******* Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газрын өмчлөлийн 1 ширхэг моторыг өгсөн талаар маргаагүй байна.
Иймд шүүх талуудын маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
8. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газрын хөрөнгийн үнэлгээний комиссын “...Дизель мотор, 1999.01.01 ашиглалтад орсон, Япон улс DC-100, 100кв, балансын өртөг 20,000,000, элэгдэл 16,303,151, үлдэгдэл өртөг 3,696,849, капитал засварын 5,200,000, зах зээлийн үнийг өсөлт 50%, комиссоос тогтоосон үнэ 13,345,273...” гэсэн дүгнэлтээр хариуцагч *******аас Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газарт 13,345,273 төгрөгийн хохирол учирсан гэж гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч уг комиссын үнэлгээгээр 100 ваттын хүчин чадалтай моторын үнэлгээг тогтоосон байна.
Иймд хариуцагч *******аас 100 ваттын хүчин чадалтай моторын үнэлгээг тогтоосон комиссын дүгнэлтээр 60 ваттын хүчин чадал бүхий дизель моторын үнийг гаргуулах үндэслэлгүй байна.
9. Хариуцагч тал хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолд *******ын үйлдлийн улмаас 1,800,000 төгрөгийн хохирол учирсан мөн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шинжээчийн дүгнэлтээр 60 ваттын хүчин чадалтай моторыг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн учраас 1,800,000 төгрөгийг төлөх боломжтой гэж маргажээ.
Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан шинжээчийн дүгнэлтээр уг моторыг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч уг дүгнэлт нь зарагдсан моторын үнэлгээ буюу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй, эргэлзээтэй, хэрэгт авагдсан бусад баримтуудтай тохирохгүй байна.
10. Хариуцагч *******ын Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа садан төрлийн холбоотой ******* өгсөн Завхан аймгийн Завханмандал сумын засаг даргын тамгын газрын өмчлөлийн 1 ширхэг 60 ваттын хүчин чадалтай мотор нь 13,345,273 төгрөгийн үнэтэй болох нь нотлогдож тогтоогдохгүй байх бөгөөд уг моторыг ******* нь 5,000,000 төгрөгөөр худалдсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2017 оны 04 дүгээр сард би зар сонин, лавлах утаснуудаас дизель мотор авна гэсэн хүмүүсийн утасны дугаарыг олж асуугаад 5,000,000 төгрөгөөр худалдчихсан. Моторын мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна, боломж бололцоо байхгүй байна...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
11. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2-т ...заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаар Завхан аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******ын хууль бус үйлдлийн улмаас Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
12. Иймд нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газрын 13,345,273 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 8,345,273 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм хор учруулагч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч *******аас 5,000,000 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газарт нь олгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
13. Иргэдийн төлөөлөгчийн “...албан тушаалаа ашигласан нь нотлогдож байна...” гэсэн дүгнэлтийг шүүх харгалзан үзсэн болно.
14. Нэхэмжлэгч прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан 5,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газрын хариуцагч Т.Отгонбаатараас 13,345,273 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 8,345,273 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х овогт Б.О 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ
ШҮҮГЧИД Б.УРТНАСАН
Ш.ОДОНЗУЛ