Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0933

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.О,

Хариуцагч: Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Ж.Г нарын хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, хариуцагч Б.Б, Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/06561/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн "Үндэслэлгүй олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай" 31/18 дугаар актыг хүчингүй болгуулах, мөн газрын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай 31/04 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс эхлэн нөхөн олгохыг даалгуулах

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөл-ийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3/4 тоот тогтоолоор түүнийг 1995-2000, 2007, 2013-2019 онуудад нийт 14 жил малчнаар ажилласанд тооцсон байна.

2.2. Дээрх тогтоол болон бусад лавлагаа, А дансны лавлагаа зэрэг баримтыг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ын 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр С.Оы өндөр насны тэтгэврийг тогтоожээ.

2.3. Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай" 31/04 дугаар акт, мөн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн "Үндэслэлгүй олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай" 31/18 дугаар акт гарсан.

2.4. Нэхэмжлэгч нь эдгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 06/92 тоот албан бичгээр хариу ирүүлснээр нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч С.О******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж хуульчилсан байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж заасан.

3.2. Иргэн С.О миний бие 2020 онд Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын байцаагч н.Э 1995-2019 онуудад мал маллаж байсныг тогтоолгохоор тухайн үеийн 1995-1996 оны ноос тушаасан орлогын падаан, 1997 оны өвөлжөөний фото зураг, 1998 оны мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ зэрэг бусад холбогдох материалыг бүрдүүлэн эх хувиар нь хүлээлгэн өгч хүсэлтээ гаргаж байсан.

3.3. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны даатгуулагчийн малчнаар ажиллаж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 3/4 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоолоор дээрх онуудад буюу нийт 14 жил малчнаар ажилласнаар тогтоож улмаар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн учраас өндөр насны тэтгэвэр олгосон.

3.4. Гэтэл Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай" 31/04 дугаар акт, мөн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн "Үндэслэлгүй олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай" 31/18 дугаар акт гарсан байна. Улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шатны байгууллагад миний бие 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан болно.

3.5. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 06/92 тоот албан бичгээр "та Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Үндэслэлгүй олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай 31/18 тоот улсын байцаагчийн актын талаарх гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэсэн хариу ирүүлсэн байх тул ийнхүү Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна.

3.6. Уг актыг гаргахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэсэн байна. Актын 1 дүгээр зүйлд үндэслэлгүй баримт бүрдүүлэн, худал мэдээлэх замаар Малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлээр акт гаргаж байгаа нөхцөл байдал нь баримтаар тогтоогдоогүй, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн иргэний эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

3.7. Иймээс Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны даатгуулагчийн малчнаар ажиллаж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 3/4 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд улсын байцаагчийн Үндэслэлгүй олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай" акт нь хууль бус тул хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргаж байгаа тул зөрчигдсөн эрхийг сэргээж өндөр насны тэтгэврээ авах боломжоор хангаж өгнө үү. гэв.

4. Нэхэмжлэгч С.О нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

4.1. Иргэн С.О миний бие 2020 онд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны даатгуулагчийн малчнаар ажиллаж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 3/4 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоолоор 14 жил малчнаар ажилласнаар тогтоолгож улмаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн учраас өндөр насны тэтгэвэр олгосон.

4.2. Гэтэл Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай" 31/04 дугаартай актыг гаргасан байсан.

4.3. Уг актыг гаргахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно. гэж заасныг үндэслэн гаргасан.

4.4. Гэтэл миний хууль болон журмын дагуу бүрдүүлж өгсөн ямар бичиг баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэл болгож Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай" 31/04 дугаар актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.6. иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;" гэж заасны дагуу миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна.

4.5. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд шууд халдах хуульд заасан үндэслэл байхгүй юм.

4.6. Уг актын талаар надад албан ёсоор мэдэгдэлгүй 2022 оны 05 дугаар сараас эхлэн миний өндөр насны тэтгэврийг зогсоож миний хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан бөгөөд малчнаар ажилласан байдлыг тогтоосон зөвлөлийн нь тогтоол хүчин төгөлдөр байгаа юм.

4.7. Иргэн С.О миний өндөр насны тэтгэврийг зогсоосон байцаагч нарын илт хууль бус үйлдлийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно" гэж заасны дагуу миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

4.8. Иймд Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн "С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай " 31/04 дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс эхлэн нөхөн олгохыг даалгаж өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Б.Б, Ж.Г нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. Батлагдсан удирдамжийн дагуу 2022 оны 03 дугаар сард тус газраас дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн "Малчин" нөхцөлөөр тогтоосон өндөр насны тэтгэврийн үндэслэл болон "мал тэжээвэр амьтад, малын хашаа худгийн...оны тооллого"-н жил бүрийн бүртгэл "А" дансны архивын лавлагаа, 1995 оноос хойших хугацаанд мал маллаж байсныг нотлох аймаг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн тогтоол зэрэг холбогдох баримт материалын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл болон анхан шатны баримтад тулгуурлан шалгасан.

5.2. Шалгалтын хүрээнд Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэвэр авагч С******* О (ИЭ*******)-ы 911395 тоот тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 1995-2000, 2007, 2013-2019 онд мал маллаж байсныг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 3/4 тоот тогтоолын үндэслэлийг шалгахад:

5.3. С.Оы цахим үнэмлэхийн хуулбарт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 16 дугаар гудамж, 5 тоотод оршин суугч гэж бичигдсэн боловч Зөвлөлийн тогтоолд "Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн тогтоол", мөн дүүргийн 32 дугаар хороонд оршин суугч С.О гэх мэт зөрүүтэй хаягууд бичигдсэн.

5.4.1995-2000 онд малчин байсныг нотлох баримт материалыг хувийн хэрэгт хавсаргаагүй.

5.5. 2007, 2013-2019 онд Налайх дүүргийн 1, 6 дугаар хороонд мал маллаж байсан "А" дансны лавлагаа байсаар байтал Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 1935- 2000, 2007, 2013-2019 онд мал малласан гэж тогтоолд тэмдэглэгдсэн.

5.6. Зөвлөлийн тогтоолын 1 хувь болон зөвлөлийн хуралдааны тэмдэглэл бусад баримт бичиг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн архивд хадгалагдаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн нь "Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар"-ын 10 дугаар зүйлийн 10.1, "Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм"- ийн 3 дугаар зүйлийн 3.3, 3.7, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 5 дугаар зүйлийн 5.5, "Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 03-ны "Чиглэл хүргүүлэх тухай 1/1424 тоот албан бичгийн 1.2, 4.1, 4.4.5 дах заалтуудыг тус тус зөрчсөн тул 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 31/04 тоот улсын байцаагчийн актаар С.Оы тэтгэврийг түр түдгэлзүүлэн зогсоосон.

5.7. Улмаар иргэн С.Отай 2022 оны 05 дугаар сард утсаар холбогдож Зөвлөлийн тогтоолын үндэслэлийг шалгахад дээрх зөрчлүүд илэрсэн тухай мэдэгдэж, Зөвлөлийн хурлаар орохдоо бүрдүүлж өгсөн 1995-2000 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд малчнаар ажилласныг нотлох баримт, материалуудаа дахин бүрдүүлж өгөхийг хүссэн боловч би ойлгохгүй байна, би тийм хурлаар ороогүй, Зөвлөлийн тогтоол гэж мэдэхгүй, 1995-2000 онд Завхан аймгийн Яруу суманд байсан гэх мэтчилэн хариулж байсан. Утсаар ойлголцохгүй байгаа тул өөрийн биеэр ирж уулзах шаардлагатай тухай мэдэгдсэн.

5.8. Мөн шалгалтын явцад С.Оы нөхөр гэх Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэвэр авагч Я Н (ИЭ64101910)-ийн 2266463 тоот тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 1995-2000, 2007, 2013-2019 онд мал маллаж байсныг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 3/5 тоот тогтоолын үндэслэлийг шалгахад мөн л С.Оы Зөвлөлийн тогтоолд гарсан зөрчлүүд давтан илэрсэн бөгөөд С.О, Я.Н нар нь эхнэр нөхөр гэх боловч 2 өөр дүүрэгт тэтгэврээ тогтоолгосон, оршин суух хаяг нь өөр, өөр байсан.

5.9. Улмаар иргэн Я.Нтой утсаар холбогдож илэрсэн зөрчлийн талаар танилцуулж Зөвлөлийн хурлаар орохдоо бүрдүүлж өгсөн 1995-2000 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд малчнаар ажилласныг нотлох баримт, материалуудаа дахин бүрдүүлж өгөхийг мэдэгдсэн боловч одоог хүртэл ирж уулзаагүй байгаа. Я.Нийн тэтгэврийг түр түдгэлзүүлэн зогсоох гэсэн боловч эхнэр гэх С.Оы тэтгэврийг зогсоосон тул гэр бүлд нь эдийн засгийн хүндрэлтэй байдал үүсэх магадлалтай учир шаардлагатай баримт материалыг бүрдүүлтэл тэтгэврийг зогсоохгүй байхаар шийдвэрлэсэн юм.

5.10. С.О өөрийн биеэр ирж уулзаагүй ба 2022 оны 08 дугаар сард тэдний хамаатны дүү М гэх эрэгтэй 2 удаа ирж уулзсан. Ирэхдээ Завхан аймгийн Яруу сумын Хэц улаан багийн Засаг даргын С.Оы 1995-2000 оны хооронд тус багт мал маллаж байсан тодорхойлолт авчирч өгсөн бөгөөд Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм"-д энэ баримт бичиг тусгагдаагүй учир 1995-2000 онд малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй байсан.

5.11. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 3/4 тоот тогтоолд С.О******* 1995-2000 онд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд мал маллаж байсан гэж дурдсан боловч М авчирч өгсөн тодорхойлолтод дээрх хугацаанд Завхан аймгийн Яруу сумын Хэц улаан багт мал маллаж байсан гэсэн мөн зөрүүтэй мэдээлэл, зөрчил гарч ирсэн.

5.12. Дүү М******* шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг дахин танилцуулж, С.О, Я.Н нарын 1995-2000 онд мал маллаж байсныг нотлох баримт материалуудыг яаралтай авчирч өгөх шаардлагатай, хэрвээ баримт материал авчирч өгөхгүй бол улсын байцаагчийн акт тогтоож, үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай мэдэгдсэн.

5.13. 2022 оны 09 дүгээр сард С.О анх өөрийн биеэр ирж уулзсан бөгөөд шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг дахин танилцуулж, 1995-2000 оны хооронд малчнаар Нотлох баримт, материал дахин бүрдүүлж өгөх, эсвэл 1995 оноос өмнө мал маллаж байсан баримт авчирч өгөх тухай тайлбарлаад явуулсан.

5.14. С.О нь 2022 оны 10 дугаар сард 1990-1994 оны хооронд Завхан аймгийн Яруу сумын Хэц улаан багт малчнаар ажиллаж байсан тухай сумын засаг даргын тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сард Завхан аймгийн архивын тасгаас гаргасан Завхан аймгийн Яруу сумын Хэц улаан багт 1995, 1996 онд нөхөр Я.Нийн нэрээр мал тоолуулсан мал тооллогын бүртгэл, "А" дансны лавлагааг хяналт шалгалтын байцаагч Ж.Г******* хүлээлгэн өгсөн ба баримт материалыг тэтгэврийн хувийн хэрэгт хавсарган Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж, шинээр бүрдүүлж өгсөн баримт материалын он, сар, өдрийг үндэслэн тэтгэврийг шинэчлэн тогтоож, үндэслэлгүй Зөвлөлийн тогтоолыг үндэслэн тэтгэвэр тогтоосон байдалд улсын байцаагчийн акт тогтоож, анх тэтгэвэр тогтоосон 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс тэтгэвэр шинэчлэн тогтоох хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай мэдэгдсэн.

5.15. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Үндэслэлгүй олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай" 31/18 тоот улсын байцаагчийн акт тогтоосон боловч актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

5.16. С.О******* 1990-1994, 1997-2000 оны хооронд Завхан аймгийн Яруу сумын Хэц улаан багт малчнаар ажиллаж байсан тухай сумын засаг даргын тодорхойлолт нь мөн л үндэслэлгүй байх магадлалтай байгаа юм. Учир нь Үндэсний төв архиваас 1989, 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаа авахад С.О 1989 онд Завханы Улиастайд өрхийн тэргүүлэгч Л******* Ц*******нийд амьдардаг, эмнэлэгт асрагчаар ажилладаг, нөхөр Я.Н Завханы Улиастайд өрхийн тэргүүлэгч Найдангийн Энхтайванд амьдардаг, өрмийн мастераар ажилладаг, 2000 онд С.О, Я.Н нар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороонд өрхийн тэргүүлэгч С******* Д******* амьдардаг гэж тус тус бүртгэгдсэн. Мөн Завхан аймгийн архивын тасгаас 1990-1994 онд С.О******* эмнэлэгт ажилласан эсэх лавлагаа авахад Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 10-ны 55 тоот тушаалаар 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс төрхийн өмнөхөд асрагчаар ажиллуулж 275 төгрөгөөр цалинжуулсугай гэсэн тушаалын хуулбар ирүүлсэн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч С.Оы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: ...2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол., Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: ...3.1.9."малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг; гэж тус тус заасан.

3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3 дугаар зүйлийн 3.2-т Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) тодорхойлно., 3.5-д Зөвлөлийн ажиллах дүрмийг нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална., 4 дүгээр зүйлийн 4.1-д Нийгмийн даатгалын байгууллага малчин даатгуулагчид шуурхай үйлчлэх зорилгоор холбогдох бусад байгууллагатай малчдын талаар мэдээлэл солилцож хамтран ажиллана. гэж тус тус журамласан.

4. Нэхэмжлэгч С.О нь 1967 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, тэтгэвэр тогтоолгох үед 53 нас 9 сартай байсан ба Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөл-ийн /цаашид Зөвлөл гэх/ 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 3/4 тоот тогтоолоор /хх-44 тал/ түүнийг 1995-2000, 2007, 2013-2019 онуудад нийт 14 жил малчнаар ажилласанд тооцсон байна.

5. Дээрх тогтоол болон бусад лавлагаа, А дансны лавлагаа зэрэг баримтыг үндэслэн Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэврийг тогтоожээ.

6. Нэхэмжлэгчийн маргаж байгаа Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 31/04 дугаар С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай актаар үндэслэлгүй баримт бүрдүүлэн малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн С.Оы тэтгэврийн олголтыг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэсэн байна.

7. Уг актын үндэслэлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4.7.2, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалаар баталсан даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийн 3.7, 4.1.3, 4.1.5 дахь заалт, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 1/1424 тоот албан бичгийн 4.1 дэх заалтыг тус тус зөрчиж 1995 оноос хойших хугацаанд мал маллаж байсныг нотлох аймаг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн тогтоолыг үндэслэлгүйгээр үйлдсэн гэжээ.

8. Нэхэмжлэгчээс уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ ...миний хууль болон журмын дагуу бүрдүүлж өгсөн ямар бичиг баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй байхад дээрх хуулийн заалтыг үндэслэл болгож Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай" 31/04 дугаар актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: ... 47.1.6. иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;" гэж заасны дагуу миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна. гэж маргасан нь үндэслэлтэй гэж үзлээ.

9. Учир нь, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно. гэж заасан.

10. Хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь даатгуулагч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон болох нь тогтоогдсон тохиолдолд тэтгэвэр олголтыг зогсоох агуулгатай байна.

11. Уг маргааны тохиолдолд хариуцагч нараас даатгуулагч буюу нэхэмжлэгч С.О******* хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзээгүй, харин 1995 оноос хойш малчин байсныг нотлох баримт байхгүй байхад Зөвлөлөөс малчин гэж тогтоосон нь буруу гэж актыг гаргасан байна.

12. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор холбогдох баримтуудыг буюу 1995 оны ноос тушааж байсан тухай орлогын падаан, зураг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг захиргааны байгууллагад буюу Зөвлөлд гарган өгч, тус Зөвлөлөөс 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр С.Оы нөхөр Я.Нийг оролцуулан хуралдаж, гишүүдийн 100 хувь саналаар Ч.Н, С.О нарыг 1995-2000, 2007, 2013-2019 онуудад малчнаар ажилласныг тогтоохоор шийдвэрлэсэн байна. /хх-158-163 тал/

13. Ийнхүү Зөвлөл нь Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3 дугаар зүйлийн 3.2-т Даатгуулагчийн 1995 оноос хойших хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) тодорхойлно. гэж заасан үндсэн чиг үүргийн дагуу А дансны лавлагаа олдохгүй байгаа С.О******* малчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч иргэнийг буруутгах үндэслэлгүй.

14. Маргаж байгаа актад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалаар баталсан Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм ийн 3.7 Зөвлөлийн тогтоолыг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг тухайн малчин даатгуулагчид, нөгөө хувийг зөвлөлийн хуралдааны бусад баримт бичгийн хамт архивын холбогдох заавар журмын дагуу архивт хадгална. 4.1.3. зөвлөлийн гишүүд малчин даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлж малчнаар ажилласан хугацааг тодорхойлохдоо ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, үндэслэлтэй, зарчимч шударгаар хандаж шийдвэрлэх; ийн нэгдсэн санг бүрдүүлэх;, 4.1.5. зөвлөлийн хуралдааны холбогдох баримт бичиг (малчин даатгуулагчийн өргөдөл, хүсэлт, зөвлөлийн хурлын тогтоол,тэмдэглэл,бүртгэл)-ийг цаасан болон цахим хэлбэрээр баримтжуулж, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 1/1424 тоот албан бичгийн 4.1 Зөвлөлийн нарийн бичгийн дарга даатгуулагчийн 1995 оноос хойш хугацаанд мал маллаж байсныг нотлох дараах баримт бичгийг тухайн малчнаар бүрдүүлж авна... гэж заасныг тус тус зөрчсөн гэж үндэслэл болгосон боловч энэхүү зөрчил нь Зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил болохоос даатгуулагч иргэнийг шууд буруутгах боломжгүй үндэслэлүүд байна.

15. Нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн материалыг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй, ийнхүү тогтоох эрх нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллагад олгогдоогүй эрх бөгөөд хуурамч баримт бүрдүүлсэн талаар хариуцагч бүрэн тодруулж, шаардлагатай ажиллагааг хийж, тогтоосны дараагаар маргаан бүхий актыг гаргах шаардлагатай боловч энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасан үүргээ хариуцагч нараас биелүүлээгүй байна.

16. Иймд нэхэмжлэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болохыг шалган тогтоосон баримтгүй буюу тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн зогсоох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн тэтгэврийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс түдгэлзүүлэн зогсоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасанд хамаарах илт хууль бус акт болжээ.

17. Ийнхүү Нийслэлийн нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай" 31/04 дугаар акт нь илт хууль бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн тэтгэврийг нийгмийн даатгалын байгууллага нь 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олгох олгох нь зүйтэй болно.

18. Мөн газрын улсын байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Үндэслэлгүй олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай 31/18 дугаар актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн С.Од үндэслэлгүй олгосон нийт 7,111,666 төгрөгийг үндэслэлгүй баримт бүрдүүлэн, худал мэдээллэх замаар малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон С.Оаар тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

19. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29 дүгээр зүйлийн 1-д Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно: 1/ тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол; гэж заасан.

20. Дээр дүгнэсэнчлэн тэтгэвэр авагчаас хуурамч баримт бичиг бүрдүүлсэн болохыг шалган тогтоосон баримтгүй тул илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр акт гаргасан нь мөн үндэслэлгүй байна.

21. Түүнчлэн хариуцагч нараас уг актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, энэ талаар тайлбар, санал гаргах боломжоор хангах ёстой.

22. Хариуцагч нар нь хяналт шалгалтын хүрээнд тэтгэвэр тогтоосон баримтыг шалгаж, нэхэмжлэгчийг малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон Зөвлөлийг хууль, журам, дүрэм зөрчсөн гэж үзсэн атлаа Зөвлөлийн эрх бүхий албан тушаалтнуудаас тайлбар, баримт гаргуулаагүй, нэхэмжлэгчид энэ талаар тайлбар, санал гаргах боломж олголгүй тэтгэврийг шууд зогсоож, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд иргэний өндөр насны тэтгэвэр авах эрхийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болжээ.

23. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч С.Оы өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг нийгмийн даатгалын байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1-ийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О******* Нийслэлийн нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн С.Оы тэтгэврийн олголт зогсоох тухай 31/04 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоож, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Үндэслэлгүй олгосон тэтгэврийг буцаан төлүүлэх тухай 31/18 дугаар актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Оы өндөр насны тэтгэврийг зогсоосон 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн олгохыг нийгмийн даатгалын байгууллагад даалгасугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод х*******р үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ