Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/64

 

Л.Шаравдоржид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч Ц.Өлзиймаа

Хохирогчийн өмгөөлөгч Д.Мэндээ

Шүүгдэгч Л.Шаравдорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

 Нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлоор Л.Шаравдоржид холбогдох эрүүгийн 1914000000366 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Боржигон овогт Лувсандоржийн Шаравдорж, ...... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВД90120713/

Л.Шаравдорж нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Ухаагийн ам” гэх газарт Ц.Цэрэнг модоор црхиж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Шаравдорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: шүүгдэгч Зана овогт Лувсандоржийн Шаравдоржийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Зана овогт Лувсандоржийн Шаравдоржийг арван / 10 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Л.Шаравдоржид арван / 10 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Шаравдоржийн энэ хэргийн учир 254 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Л.Шаравдоржоос дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянган /4.416.000/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Өлзиймаад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Ц.Өлзиймаагийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх цэнхэр өнгийн дээл нэг ширхэг, 22 см урттай банзны тал хэсэг нэг ширхэг, 20 см урттай хөх чулуу нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шороо зэрэг зүйлсийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Энэ хэргийн учир шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Шаравдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.              

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс Л.Шаравдоржийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гомдлын талаар: Хавтаст хэрэгт авагдсанаар гэрч нар нь талийгаачийг ухаан алдсаны дараагаар гэрт өргөж оруулсан, ингээд тус тусын ажилдаа гарсан гэрч Өлзийсайхан айл руу явсан, мөн Өлзийбуян Мөнхцэцэг нар нь ямаагаа саасан гэж мэдүүлдэг.

Шинжээчийн дүгнэлтэд авагдсанаар талийгаачийн үхлийн шалтгааныг цочмог цус алдалт гэх бөгөөд гэрч нар үйл баримтын талаар хэлэхдээ тапийгаачаас цус годгодоод, цацраад маш их хэмжээтэй гарч байсан гэдэг.

Эдгээр мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт нь хоорондоо эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгодог. Өөрөөр хэлбэл өөрийн хайртай дотны хүн нь буюу аав нь хань нь маш их хэмжээгээр цус алдаж байхад гэртээ оруулж орхичихоод хэн нь ч эмнэлгийн анхны тусламж үзүүлэхгүйгээр ямаа саах, адуунд явах гэх мэтээр өөрсдийн өдөр тутмын амьдралын хэв маягаа үргэлжлүүлж байсан нь мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Мөн түүнчлэн ямар учраас цагдаагийн байгууллагад огт мэдэгдэлгүйгээр 35 хоногийн дараа хүргэн Л.Шаравдоржтойгоо маргалдсаны дараа цагдаад мэдэгдсэн нь ямар санаа зорилго агуулж байгаа нь сонин.

Цогцост задлан шинжилгээ хийх үед ил тавьсан цогцос тул хатаж хорчийсон судас шөрмөс харагдах нь битгий хэл дотор эрхтнүүд муудсан байдалтай байхад судас тасарч цус алдсан гэдэг шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өмгөөлөгч болон Л.Шаравдоржийн зүгээс байнга илэрхийлж өөр бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэхээр удаа дараалан хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.

Талийгаач Цэрэнгийн хувьд нас барахаасаа 10 аад хоногийн өмнө зүрх өвдөж нэг тал мэдээгүй болох зэргээр бусад өвчний шинж тэмдэг илэрч байсан гэдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй гэсэн дүгнэлтээ ямар шалгуурыг баримтлан гаргаснаа тайлбарлаагүй. Энэ талаар тодруулахаар удаа дараалан хүсэлт гаргасан боловч тодорхой хариулт өгөөгүй юм. Үхэлд хүргэх архаг хууч өвчин байгаа эсэхийг тогтоох ганц шалгуур шинж нь эд эсийн шинжилгээ байх бөгөөд талийгаачаас эд эсийн шинжилгээ огт аваагүй, эд эрхтэнд ийм шинжилгээ хийгдээгүй байна.

Гэрчүүдийн мэдүүлгээр талийгаачийн өмсөж явсан гэх хувцас болох дээл нь цус болсон тул угаасан гэх бөгөөд эд мөрийн баримт шинжлэн судлахад дээл угаагдаагүй, хиртэй цусны толбогүй байсан болно.

Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны тов тогтоохдоо шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүгчийн захирамжийг гаргасан боловч захирамжийн биелэлтийг хангахгүйгээр шинжээчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн тул өмгөөлөгч миний хувьд шинжээчийн дүгнэлттэй холбоотой олон эргэлзээтэй асуултынхаа хариултыг бүрэн авч чадаагүй юм.

Иймд дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор дээрхи шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ;Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа; Гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа; Гаргасан гомдлоо дэмжин оролцож байгаа. Амь хохирогчийн биед архаг хууч өвчинтэй байсан болохыг эд эсийн шинжилгээгээр тогтоогоогүйгээс эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Шаравдорж нь 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 7 цагийн орчим Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутаг “Ухаагийн ам” гэх газарт хадам аав Ц.Цэрэнтэй зүй бусаар харьцаж улмаар чулуугаар баруун хавиргад, банзан модоор хүзүүний зүүн хэсэгт тус тус шидсэнээс гүрээний зүүн дотор салаа тараагуур судасны бүрэн бус таслагдсан, хатгагдсан шарх гэмтлийн улмаас Ц.Цэрэн нь цочмог цус алдаж, нас барсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр талд авагдсан “...аав Шаравдорж ухна, хуцаа хариулахгүй юу пизда минь гэж хэлтэл, өвөө мотоциклоосоо буугаад аав руу чулуу шидээд тохой руу нь оносон. ..Тэгтэл аав мод аваад шидсэн чинь өвөөгийн хүзүүн дээр оносон, өвөө урагшаа тонгойгоод унахаар нь очиход хүзүүнээс нь цус годгодоод гараад байхаар нь би эмээ О.Мөнхцэцэгт очиж хэлэхэд...ирсэн...” гэх насанд хүрээгүй гэрч Ө.Доржбадамын мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 102-105 дугаар талд авагдсан “...талийгаач 07 цагийн үед боссон...талийгаач гэрээс гараад Ц.Баянмөнхийн мотоциклийн араар суутал хүргэн Л.Шаравдорж талийгаачийг мотоциклоосоо буу, ухна хуцаа хариул, ухна , хуцаа аваад зайл гэж хэлсэн..., ... талийгаач малын хашаа руу алхаад Л.Шаравдоржийг чи яахаараа намайг явуулдагггүй юм гэж хэлээд газарт хэвтэж байсан банзыг аваад....,.... Л.Шаравдорж руу шидэхэд хашаанд цохиж унасан....талийгаач газраас чулуу аваад Л.Шаравдорж руу шидэхэд гаран дээр нь цохиод ...., унасан, газарт унасан чулууг Л.Шаравдорж эргүүлж шидээд баруун талын хавирга хэсэгт цохисон, тэгтэл Л.Шаравдорж газарт хугарч унасан 2 банзны нэгийг аваад талийгаачийн зүүн талын хавирга хэсэгт цохисон.Талийгаач цаашаа эргэтэл араас нь Л.Шаравдорж банзаа далайж байгаад шидсэн...талийгаачийн хүзүүний зүүн талын хэсэгт оноод түрүүлгээ хараад ойчсон....гүйгээд очиход зүүн талын чихний доод хэсгээс цус годогдоод, хамар амнаас нь цус гараад байхаар нь хүзүүний цусыг гараараа дарахад тогтохгүй байсан... цус нь гоожихоо болихоор нь гарсан....ямаа сааж дуусаад охин орж ,,, аав сонин болсон байна гэхээр нь орж үзээд... өнгөрсөн байна...гэж хэлсэн ..., ...талийгаачийг гэрт оруулж ирээд футболкийг тайлахад...зүүн талын хавирга хэсэгт хөхөрсөн...,...хамар бага зэрэг

шалбарсан, баруун талын хөмсөгний дээд талд зүссэн...зүүн чихний доод талд цус байсан газрыг гараараа дарахад долоовор хурууны хэмжээтэй нүх шиг зүйл байсан, гараараа дарахад хажуугаар нь цус гараад байсан...,...Л.Шаравдоржид цохиулаад унаснаас хойш хэн нэгэнтэй ямар нэгэн зүйл яриагүй...” гэх гэрч Б.Мөнхцэцэгийн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 95-101 дүгээр талд авагдсан “...аав хажуугаар нь гараад газар байсан хугархай банзыг аваад шидтэл хүргэн Л.Шаравдоржийг оноогүй ,,,аав чулуу авч шидтэл хүргэн Л.Шаравдоржийн гар дээр цохисон, Л.Шаравдорж газарт унасан 2 банзны нэгийг аваад зүүн талын хавирга хэсэг рүү цохиход аав цаашаа харахад банзыг далайгаад шидэх үед би тонгойж хувингаа авсан болохоор би сайн харж чадаагүй...далайж байгаад шидэх шиг болсон...,аав газарт унасан...ээж бид 2 гүйж очоод ээж аавыг эргүүлэхэд хүзүүний зүүн талаас цус годгодоод гоожоод байсан, бид нар даавуу тавихад цус нь тогтохгүй байсан.газар хааш, хаашаа 40 см хэртэй газар цус болсон....мөн гэрийн зүүн талын орны гудас, бүтээлэг цус болсон байсан.

Ц.Баянмөнх ах мотоцикль дээрээ мордоод хүлээж байсан, талийгаач аав очоод араар нь мордоход хүргэн ах Л.Шаравдорж мотоциклоосоо буу, ухна хуцаа аваад зайл гэж хэлэхэд....хүргэн Л.Шаравдоржийг яахаараа чи намайг айл руу явуулдаггүй юм гээд замдаа байсан банзыг аваад... Л.Шаравдорж руу шидтэл банз нь малын хашааг очиж цохиод хугарсан...Л.Шаравдорж талийгаач аав руу чулуу аваад шидтэл зүүн талын хавирга хэсэгт цохиод чулуу нь газар унасан, газар унасан чулууг талийгаач аав аваад Л.Шаравдорж руу шидэхэд зүүн талын гар хэсэгт цохисон.Тэгтэл Л.Шаравдорж газарт хугарч унасан банзны нэгийг аваад талийгаач аавын зүүн талын хавирга хэсэг рүү цохиод аав цаашаа эргэтэл, цохисон банзаа араас нь шидтэл талийгаач аав шууд түрүүлгээ хараад газар унахаар нь ээж очоод өндийлгөхөд хүзүүний зүүн талын хэсгээс цус годгодоод гараад байхаар нь гэр лүү явж даавуу авчраад дарахад цус нь тогтохгүй, даавууг нэвтрээд байсан.мөн ам хамраас нь цус гараад байсан

...би ээжийг дуудсан....хүргэн Л.Шаравдорж ирээд аавыг өнгөрсөн байна... гэсэн...” гэх насанд хүрээгүй гэрч Ц.Өлзийбуяны мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 106-107 дугаар талд авагдсан”... талийгаачийн хувьд архаг хууч өвчингүй...,ямар нэг юм хэлдэггүй хүн байсан гэх сумын эмч Д.Нарантуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр талд авагдсан”...талийгаач архаг хүнд, хууч өвчин гэх зүйл байдаггүй...өвчтэй бол...хяналтад авдаг юм...” гэх эмч С.Урангоогийн гэрчээр өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 175-177 дугаар талд авагдсан “...тухайн гэмтлийг авсан даруйд цус алдалтын шокоор нас барсан...хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 145-146 талд авагдсан “...талийгаачийн биед хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний доогуур гүрээний зүүн дотор салаа тараагуур судсыг бүрэн бус таслагдсан, хатгагдсан шарх, цээжний зүүн талын 5,6,7 дугаар хавирганы ясны хальсан доорх цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний доогуур гүрээний зүүн дотор салаа тараагуур судсыг бүрэн бус таслагдсан, хатгагдсан шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

Талийгаач нь гүрээний зүүн дотор салаа тараагуур судасны бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокын улмаас нас барсан байна.

Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй,эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн талийгаачийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийж гаргасан 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 44 дүгээр дүгнэлт

 2 дугаар хавтаст хэргийн 93-96 талд авагдсан “...талийгаачийн хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний доогуур гүрээний зүүн дотор салаа тараагуур судсыг бүрэн бус таслагдсан, хатгагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний зүүн талын 5,6,7 дугаар хавирганы ясны хальсан доорхи цус хуралт бүхий гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

 Талийгаачид шинжилгээгээр зүүн хэсэг,зүүн чихний дэлбэнгээс доош 1 см зайд 1,2X2,2 см хэмжээтэй зах ирмэг тэгш,хүрэнтэж хатсан,шархтай,энэ хэсгийн ойролцоох арьс хүрэнтэж харалсан байсан.

Цочмог цус алдалт гэдэг нь хүний биеийн эргэлдэх цусны эзэлхүүний 30-с дээш хувийг 2 цагийн дотор алдахыг хэлдэг ба гүрээний тараагуур судасны тасрал гэмтлийн үед хэдхэн минутыг тодор эргэлдэх цусны бүх эзэлхүүн алддаг.Талийгаач нь зүүн талын гүрээний зүүн дотор салааны тараагуур судасны бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокын улмаас нас барсан байна.

Талийгаач архаг хууч өвчний улмаас нас бараагүй байна “ гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 543 дугаар дүгнэлт

            1дүгээр хавтаст хэргийн 151-152 дугаар талд авагдсан “Шинжилгээнд ирүүлсэн Цэрэнгийн булчингийн хэсэг гэх 5x2 см хэмжээтэй шаргал өнгийн хатсан зүйл, Цэрэнгийн хүзүү хэсгээс гарч ирсэн мод мэт зүйл, цагаан өнгийн хадган дээр хүний цус илэрсэн...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 5823 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Шаравдоржийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Л.Шаравдорж нь өөрийгээ удирдан жолоодож, үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан хүний амь нас хохирох хор уршгийг шууд хүсээгүй боловч амь насыг нь хохироосон, амь хохирогчтой тодорхой хугацаанд маргаж, хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд нь уурлан дургүйцэж амь хохирогчийн хүзүүний зүүн хэсэг, зүүн чихний доогуур хашааны банз шидэж, гүрээний зүүн дотор салаа тараагуур судасны бүрэн бус таслагдсан, хатгагдсан шарх гэмтлийг үүсгэж, талийгаач Ц.Цэрэн нь цочмог цус алдаж нас барсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Шаравдоржийн хадам эцгийнхээ амь насыг хохироосон хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 “... талийгаачийн биед архаг, хууч өвчинтэй байсан эсэхийг түүний биеэс эд эсийн шинжилгээгээр тогтоох, зүүн талын гүрээний зүүн дотор салааны тараагуур судасны бүрэн бус таслагдсан хатгагдсан шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокын улмаас нас барсан гэдэгт эргэлзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...”-ыг хүссэн агуулгаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гомдол, санал нь “... талийгаач архаг, хууч өвчингүй, өвчтэй бол эмчийн хяналтад авдаг...” талаар мэдүүлсэн сумын эмч Д.Нарантуяа, С.Урангоо нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн харин шүүгдэгч Л.Шаравдоржийн гэмт үйлдэл нь тухайн үед болсон үйл баримтыг харсан гэрчийн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний дүгнэлтүүд үнэн зөв, эргэлээгүй төдийгүй хохирогчийн хүзүү хэсгээс гарч ирсэн мод мэт зүйлээр хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Л.Шаравдорж нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 266 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх цагдан хоригдсон хугацааг нь 12 хоногоор дутуу тооцсон байх тул зөвтгөн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.Шаравдоржийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...254 хоног... “ гэснийг “...266 хоног...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. 10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Шаравдоржийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ Г. УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Б. БОЛОР-ЭРДЭНЭ