| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2023/1032/З |
| Дугаар | 128/ШШ2024/0007 |
| Огноо | 2023-12-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0007
2023 12 25 128/ШШ2024/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Р******* ХХК /РД: *******/,
Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э******* нарын хоорондын шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Ч.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1. Гомдол гаргагч “Р*******” ХХК нь Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э*******т холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоохоор маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э******* нь Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн "Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар иргэн Л.Аод “Б” барааны тэмдгийг эзэмших 40-******* онцгой эрхийг олгосон бөгөөд тус 40-******* дугаар барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх үндэслэлээр гомдол гаргагч “Р*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаар шийтгэлийн хуудсаар 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгож, түүнчлэн 352 боодол шилэн хөвөнг устгалд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Тус “Р*******” ХХК-ийн Оюуны өмчийн газрын даргын тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалаар “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гомдлыг гаргасан байх бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар тогтоолоор “...1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/MA2023/0182 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0816 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 (2015 он)-д заасныг тус тус баримтлан “Р*******” ХХК-иас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн "Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалын хавсралтаар мэдүүлгийн бүртгэлийн 40******* дугаартай, улсын бүртгэлийн 40-******* дугаартай “Б” тэмдгийг Л.Аод эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай." гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчаас Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн тус компанийг торгохдоо үндэслэл болгосон захиргааны актыг Улсын Дээд Шүүхээс илт хууль бус болохыг тогтоосон тул торгуульд төлсөн 3.000.000 төгрөгийг буцаан олгох хүсэлтийг гаргасан бөгөөд Оюуны өмчийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/547 дугаар албан бичгээр “...хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, төлсөн торгуулийг буцаан олгуулах асуудлыг захиргааны хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгч улмаар “Р*******” ХХК-иас тус шүүхэд гомдол гаргажээ.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлдээ: “...Хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1 шийтгэлийн хуудсаар 3,000,000 төгрөгийн торгуул оногдуулсан. Нэхэмжлэгч компаниас шийтгэлийн хуудас гэхээс илүү үндэс сууриас нь эхэлж маргахаар болсон. Иймд Сангийн яамны даргад холбогдуулж 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн барааны, тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох тухай 72 дугаар тушаалын “Б” гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Тус маргааны 3 шатны шүүхээр явж 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тушаалыг үндэслэж “Б” гэх нэрийг ашигласан гэх үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулж байсан. “Б” гэх нэрийг бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус тооцогдсон учир цаашид гаргах үр дагавар буюу 3,000,000 төгрөгийн торгууль хамт илт хууль бус тооцох үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа” гэжээ.
3.2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Эзэмших эрхийн зөвшөөрөл гарсан гэсэн гомдол 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гарсан байдаг. Зөрчлийн хэрэг 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нээж 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж байсан. Хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байх үед “Б” бараа тэмдэгт гэж явж байсан. Гомдол гаргагчийн хэлж байгаагаар 2023 оны 5 дугаар сар хүртэл энэ барааны тэмдэг хүчин төгөлдөр байсан. Шүүхийн шийдвэр гарсан. Яг ямар шийдвэр гарсан талаар би мэдэхгүй байна. Илт хууль бус гэж гарсан юм уу? мэдэхгүй байна. Энэ талаар тодруулж байж хариу хэлэх боломжтой. Улсын байцаагч үүрэгтэй, үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр “Р*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э******* нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1********** дугаар шийтгэлийн хуудсаар “Р*******” ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулж, битүүмжилсэн 352 боодол шилэн хөвөнг устгалд оруулж шийдвэрлэжээ.
3. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
4. Оюуны өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д барааны тэмдэг нь аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарахаар, 7.2. аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж бүртгэлд бүртгүүлснээр үүсэх-ээр, Оюуны өмчийн байгууллага нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1. ...мэдүүлэг хүлээн авах, хянах, хайлт, мөн чанарын шүүлт хийх, бүртгэх, 12.3.2. ...бүртгэл хөтөлж, ... гэрчилгээ олгох, хүчингүй болгох, ...сан бүрдүүлэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэхээр, хариуцагч Оюуны өмчийн газрын улсын байцаагч нь мөн хуулийн 14 дугаар зүйлийн 14.5.хяналт шалгалтыг гүйцэтгэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
5. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар тогтоолд ... “Б” гэх ижил материалаар хийгдсэн, барилгын дулаалгад ашиглагддаг, ижил төрлийн бүтээгдэхүүнийг хэд хэдэн этгээд зах зээлд зэрэгцэн борлуулахыг хуулиар хориглоогүй, гагцхүү хуулиар хамгаалагдсан бусдын барааны тэмдгийг уг тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн бараа бүтээгдэхүүндээ ашиглахыг хуулиар хориглосон, энэ тохиолдолд Оросын Холбооны Улсын Х******* завод Б******* ДВ ХК-ийн “Б” гэсэн нэртэй дулаалгын материалыг зах зээлд борлуулсан нь дугуй хэлбэртэй дүрсний доор “Б” гэсэн бичиглэл бүхий барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, ...
... Барааны тэмдэг гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийлэл-ийг ойлгохоор хуульд заасан, өөрөөр хэлбэл, ноос, ноолуур, зөгийн бал, сүү гэх мэтээр бараа бүтээгдэхүүний өөрийн бусдаас ялгагдах нэр нь барааны тэмдэг биш, харин тэдгээрийг үйлдвэрлэгч, зах зээлд борлуулагчийн бусдаас ялгагдах зорилгоор зохиосон ялгагдах чадвартай илэрхийлэл нь барааны тэмдэг болох тул гуравдагч этгээд Монгол б******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... “Б” гэсэн нэртэй бүтээгдэхүүн зарж, борлуулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа, барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй, бусад этгээд ижил төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь тус компанийн онцгой эрхээр хамгаалагдсан дугуй хэлбэртэй дүрсний доор Б гэсэн бичиглэл бүхий илэрхийлэл болох барааны тэмдгийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, ... гэх зэргээр дүгнэлт хийсэн байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон ... шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар үнэлнэ.
6. Түүнчлэн уг маргаан гарч, шийтгэл ногдуулах гол үндэслэл болсон Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай А/72 дугаар тушаалын хавсралтаар мэдүүлгийн бүртгэлийн 40-2018-0022571 дугаартай, улсын бүртгэлийн 40-******* дугаартай Б тэмдгийг Л.Аод эзэмшүүлсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг Улсын Дээд шүүхийн 2023 оны 37 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.
7. Уг тогтоолд “...хууль тогтоогчоос ялгагдах шинж чанар агуулаагүй зүйл (хууль зүйн үндэслэл)-ийг барааны тэмдэгтэд тооцохгүй гэж Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тухайлан заасан нь угтаа хориглосон агуулгыг илэрхийлнэ...гуравдагч этгээд Л.Аын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Оюуны өмчийн газарт гаргасан Б-ийг барааны тэмдэгтээр бүртгүүлэх мэдүүлэг нь дээрх хуульд заасан ялгагдах шинж чанар агуулсан барааны тэмдэгт байх шаардлагыг хангаагүй, зөвхөн Б гэсэн үгийг дангаар нь буюу өвөрмөц, ялгагдахуйц байх шинжийг агуулаагүй байхад хариуцагчаас уг нэрийг дангаар нь барааны тэмдэгтээр бүртгэж, гэрчилгээ олгосон үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж үзнэ...Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал гэж заасан тохиолдолд барааны тэмдэг олгохыг хориглосон байхад хариуцагч Оюуны өмчийн газраас гуравдагч этгээдийн Б гэх нэр томьёог бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм” гэж дүгнэсэн байна.
8. Дээрх шүүхийн шийдвэрүүдээр гомдол гаргагч “Р*******” ХХК нь барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчөөгүй болох нь тогтоогдож, зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд үгүйсгэгдсэн байна.
9. Эдгээр нөхцөлийг нэгтгэн дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасны дагуу гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “Р*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Э*******ын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Оюуны өмчийн газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА