Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/91

 

Ц.Бат-Эрдэнэд

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ

 Нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/268 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2014000440271 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Галдан тайж овогт Цээнямбуугийн Бат-Эрдэнэ, ...... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 9 дүгээр сарын 27-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2018 оны 4 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар /ВК90062539/

Ц.Бат-Эрдэнэ нь Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрийн хооронд Я.Хас-Очирын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Галдан тайж овогт Цээнямбуугийн Бат-Эрдэнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Цээнямбуугийн Бат-Эрдэнэд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Ц.Бат-Эрдэнэ Баянхонгор аймгийн Галуут суманд 1990 оны 6 сарын 25-нд төрсөн. ВК90062539 регистрийн дугаартай. 3 дугаар багт эхнэр, хоёр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ц.Бат-Эрдэнэ би гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирол гомдлыг төлж барагдуулсан, өргөдөл гаргах болсон нь манай эхнэр, 2 хүүхэд маань хөдөө ганц гэр, мал дээр байгаа, хоёр хүүхэд жаахан. Эхнэр малд явахад хэцүү, зав бүлгүй, ган зуд гээд мал нь хэцүү, малд явах хүнгүй байгаа. Одоо банкны мөнгө хийнэ. Надаас өөр төлөх хүнгүй. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзээд миний нэг жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хЭвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Ц.Бат-Эрдэнэд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2019 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутгаас Я.Хас-Очирын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хохирогч Я.Хас-Очирын “...2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр...4 тооны үхрээ алдсан...үхрүүд буруу талын чихэндээ цуулбар имтэй... Торми хоолой гэх газраас алдсан... үхрүүд нас гүйцсэн бөгөөд тус бүрд 1000 000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг нь хавтаст хэргийн 15-17 дугаар талд авагдсан “...2019 оны 12 дугаар сарын 17-ний орой 16 цагийн үед...Бат-Эрдэнэ 2 сарлагийн үхэр туугаад манай гадаа ирсэн...идэш хийхэд нь би тусалсан...2 үхэр нь шийр цагаан хар үнээ, цул хар үнээ байсан...имийг нь хараагүй, хар үнээ нь хүзүүндээ цэнхэр өнгийн хүзүүвчтэй байсан...” гэх гэрч Б.Ганзоригийн мэдүүлэг,

хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан “...2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр...үхрээ бүртгэхэд ...4 тооны сарлагийн эм сувиа үхэр дутуу байсан....2 үхрээ олсон, 2 үхрээ олоогүй...” гэх гэрч Х.Самданбилэгийн мэдүүлэг,

хавтаст хэргийн 25-27 дугаар талд авагдсан “...Бат-эрдэнэ...2 ширхэг үхрийн махтай аймаг явсан...” гэх гэрч Б.Ариунболдын мэдүүлэг,

хавтаст хэргийн 28-29 дүгээр талд авагдсан “...2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр...2 үхрийн мах зарах гэсэн юм гэж ирээд...2 ширхэг сарлагийн мах надад зарсан...” гэх гэрч М.Гантөмөрийн мэдүүлэг,

хавтаст хэргийн 57-59 дүгээр талд авагдсан”...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...манай үхэрт танихгүй 2 тооны сарлагийн үхэр нийлсэн байсан...2 үхрийг Ганзоригийн гадаа тууж ирээд Ганзоригтой хамжиж гаргаад...Ариунболдод...хөлс мөнгийг нь төлөөд... аймаг оруулж зарсан...” гэх шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд болох эд хөрөнгийн үнэлгээ гаргасан Энх Нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд тухайн зүйл ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр бичсэн шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн 2020 оны 8 дугаар сарын 10-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 88 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1 -т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/268 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн бичсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Д.ЭРДЭНЭБИЛЭГ