Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0937

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О,

Хариуцагч: ******* дүүргийн Засаг дарга хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

Хэргийн индекс: 128/2023/0529/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Б.О нь ******* дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/ дугаар захирамжаар ******* дүүргийн 12 дугаар хорооны Төмөр зам 10-21 тоот хаягт байрлах 402 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, 000592229 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.

2.2. Улмаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг Ж ХХК-тай байгуулсан байна.

2.3. ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бөгөөд ******* дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 15/550 дугаар албан бичгээр гомдлын хариуг авч, шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гарган, бүрдүүлбэр хангуулснаар 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Б.Оэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

3.1. Миний бие Б******* О нь 2012 онд ******* дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хорооллын зүүн талд далан дагуу төвлөрсөн их хэмжээний ахуйн болон барилгын хогийг өөрийн хөрөнгө болох 10.540.000 /арван сая таван зуун дөчин мянган/ төгрөгөөр цэвэрлэн 1400м.кв газрыг хашаа барин амьдарч байсан. Энэ үед ******* дүүргийн Газрын албанд хандаж шүүлгэхэд тухайн газар дээр хэн нэгэн өмчлөх, эзэмших болон ашиглах эрх үүсээгүй байсан. Мөн хэн нэгний нэр дээр кадастрт бүртгэгдээгүй байсан.

3.2. Иймд миний бие уг газрыг судалж, шалгуулсны үндсэн дээр 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр газрын хүсэлт өгч, худалдаа үйлчилгээний зориулалтаар 1400м.кв газрыг №7/01 дугаарын актаар гэрээ байгуулан газрын төлбөр 616.000 /зургаан зуун арван зургаан мянган/ төгрөгийг ******* дүүргийн Өмч, Газрын Харилцааны Албаны 2609005981 тоот дансанд төлдөг байсан.

3.3. Мөн кадастрын зураг болон холбогдох бичиг баримтуудыг хууль, журмын дагуу бүрдүүлэн өгч байсан. Цаашид өмчлөх эрхийн хүсэлт гаргаж, 2013 оны 07 дугаар сард өргөдлөөр хандсан боловч ямар ч хариу өгөөгүй, ******* дүүргийн Газрын алба миний хүсэлтийг шийдвэрлээгүй.

3.4. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дүн өвлийн хүйтэнд гэнэт 3 хоногийн дотор газар чөлөөлөх 2014004405 тоот шаардах хуудсыг өгсөн. 2015 оны 09 дүгээр 20-ны өдөр миний хашаан доторх 40 тн контейнерыг журмын хашаанд ачсан. Энэ асуудлаар ******* дүүргийн Газрын Албаны даргатай очиж уулзахад "Та наад газраа хажуу хөрш болох гандан хийдэд өгчих. Гандан хийд барих гэж байгаа юм" мөн "Бид танд энэ газартай ойролцоо хот дахин төлөвлөлтөд орсон газар өгье! Та газраа байраар солиход ямар ч асуудалгүй" гэж хэлсэн. Яг одоогоор миний эзэмшиж байсан ******* дүүргийн 14 дүгээр хороо Ахмадын хорооллын зүүн талын газар дээр гандан хийд биш "Алтан тэвш" гэж 16 давхар барилга баригдсан.

3.5. Ингээд миний бие "Газрын албаны шахалтаар хоосон хоцорч байхаар байртай болох юм байна" гэж бодож тавьсан саналыг нь хүлээн зөвшөөрч, ******* дүүргийн 12 дугаар хороо Төмөр зам 12-21 тоот 402м.кв газрыг 15 жилээр эзэмших гэрчилгээ гаргуулан авч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Ж******* ХХК уг газар дээр барилга барьж 2018 оны IV улиралд 68,91 м.кв 2 өрөө байр надад олгохоор болсон. Гэтэл надаас үл шалтгаалан барилгын ажил удаашран 2022 оноос баригдаж эхэлсэн. Би гэрээгээ шинэчлэх гээд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ж******* ХХК дээр очтол "Та газрын QR кодтой кадастрын зургаа авч ирж гэрээгээ шинэчилнэ үү" гэсэн.

3.6. Иймд миний бие Газрын албан дээр очин кадастрын зургаа авах гэсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүүргийн Засаг даргын А/1009 тоот захирамжаар 2 жил түүнээс дээш хугацаагаар эзэмшиж, ашиглаагүй гэсэн хуулийн үндэслэлээр цуцалсан байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилга баригдах учраас уг газар чөлөөлөгдсөн байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд: "Захиргааны шийдвэрийн улмаас эрх ашиг хөндөгдөх, этгээдэд урьдчилан мэдэгдэж санал хүсэлтийг нь авах зорилгоор сонсох ажиллагаа" заавал хийх, түүнийг хэрхэн зохион байгуулахыг журамласан байдаг. Энэ хуулийн заалтыг зөрчин бидэнд мэдэгдэхгүй газрын эрхийг цуцалсан байсан.

3.7. Ингээд миний бие 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хотын дарга Д.С******* өргөдлөөр хандсан боловч 2022 оны 12 дугаар сарын 09-ний Өдрийн А/1009 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдэгдсэн гэсэн хариу 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн байдаг.

3.8. Уг хариуг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн Засаг дарга Н.Б******* хүсэлт гаргахад ******* дүүргийн Засаг дарга нь иргэн та Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирсэн.

3.9. Иймээс тухайн үеийн Газрын албаны дарга болон одоо ажиллаж байгаа дүүргийн Засаг даргын илтэд буруу шийдвэрүүдээс шалтгаалан миний бие эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, бүх зүйлээрээ маш их хохирч, амьдрах өөрийн гэсэн газаргүй болсонд маш их гомдолтой байгаа тул уг газрын эрхийг сэргээж, хохирлыг минь барагдуулж өгнө үү. гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

4.1. Иргэн Б.О /ТА88040401/ нь ******* дүүргийн Засаг даргын 2015 оны А/ дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 10-21 тоот хаяг бүхий 402 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон байна.

4.2. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, "Улаанбаатар төмөр замын" ХНН болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт шинээр газарт олголт хийхгүй байх газар олгосон шийдвэрийг Газрын тухай хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлсний дагуу манай албанаас судлан үзэхэд "Газрын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5. 40.1.6 дахь заалтын дагуу хүчингүй болох үндэслэл бүрдсэн байсан тул ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 тоот захирамжаар хүчингүй болсон байна.

4.3. Тухайн нэгж талбаруудыг хүчингүй болгохтой холбогдуулан ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны олон нийтийн фэйж хуудсанд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчингүй болгох нэгж талбарын жагсаалтыг оруулан хүчингүй болгох тухай мэдэгдсэн болно. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгон 45 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Б.О******* эзэмших эрхтэй газар багтжээ.

3. Нэхэмжлэгчээс ...******* дүүргийн 12 дугаар хороо Төмөр зам 12-21 тоот 402м.кв газрыг 15 жилээр эзэмших гэрчилгээ гаргуулан авч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Ж******* ХХК уг газар дээр барилга барьж 2018 оны IV улиралд 68,91 м.кв 2 өрөө байр надад олгохоор болсон. Гэтэл надаас үл шалтгаалан барилгын ажил удаашран 2022 оноос баригдаж эхэлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд Захиргааны шийдвэрийн улмаас эрх ашиг хөндөгдөх, этгээдэд урьдчилан мэдэгдэж санал хүсэлтийг нь авах зорилгоор сонсох ажиллагаа заавал хийх, түүнийг хэрхэн зохион байгуулахыг журамласан байдаг. Энэ хуулийн заалтыг зөрчин бидэнд мэдэгдэхгүй газрын эрхийг цуцалсан байсан... гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь ******* дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/ дугаар захирамжаар ******* дүүргийн 12 дугаар хорооны Төмөр зам 10-21 тоот хаягт байрлах 402 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, 000592229 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

5. Уг газар нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд хамаарсан болох нь Орон сууцны бодлогын газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/849 дүгээр албан бичгээр нотлогдох бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ГХДТ-Б/160 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг Ж ХХК-тай байгуулсан байна.

6. Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус тайлбарласан.

7. Маргаан бүхий газар нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд хамаарч, 2 талт гэрээ байгуулсан үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулснаас хойш газраа зориулалтын дагуу эзэмшихэд өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байсан байхад хариуцагч нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

8. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасан.

9. Энэ маргааны тохи хариуцагчаас ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны олон нийтийн фэйж хуудсаар сонсгох ажиллагааг хийсэн гэж тайлбарлах боловч үүнийгээ нотолж баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад тус газрын фэйж хуудсанд хийсэн үзлэгээр ******* дүүргийн нутаг дэвсгэрт газраа 2 жил дараалан ашиглаагүй, төмөр замын ашиглалтын бүсэд газарт газар эзэмшигч дараах нэгж талбар бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдэж байна гэж дурдсан мэдээллийг байршуулсан боловч газар эзэмшигч иргэдийн нэрсийн жагсаалтыг харах боломжгүй байв.

10. Үүнээс үзэхэд захиргааны байгууллагаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзэхээр байна.

11. Захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч нь газрын төлбөрийг бүрэн төлсөн эсэх, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан эсэх зэрэг бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж тайлбар, санал гаргах эрхийг хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.3-т Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ., 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасныг зөрчсөн, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй хууль бус захиргааны акт болжээ.

12. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улаанбаатар төмөр зам ХНН болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт шинээр газар олголт хийхгүй байх, газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай албан бичиг ирүүлсний дагуу судлан үзээд уг шийдвэрийг гаргасан гэж тайлбар ирүүлсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана. гэж зааснаар маргаан бүхий актад энэ үндэслэлийг заагаагүй тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

13. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 сарын 09-ний өдрийн А/1009 дүгээр захирамжийн Б.О******* холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ