| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/02290/И |
| Дугаар | 181/ШШ2024/02739 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/02739
| 2024 07 19 | 181/ШШ2024/02739 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............. тоотод оршин суух, Т.Б /Регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмэлжлэгч Т.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Т.Б миний бие 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс ТМ компанид оёдолчноор ажилласан. 1996 оны 9 дүгээр сарын 30-нд ажлаас халагдсан боловч ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх ямар ч баримт байхгүй энд тэнд шүүлгэн үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ТМ компанид ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар:Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 659 тоот тодорхойлолт, Нийслэлийн архивын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 324 тоот тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа тодорхойлолт, Гэрч Ц.Ц гийн гаргасан тодорхойлолт, түүний иргэний үнэмлэхний лавлагаа, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараас, гэрч Л.Н гийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтэрээс ирүүлжээ. /хх 2-11/
Шүүхийн журмаар: тус шүүхийн 181/ШЗ2024/12321 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3/8338 тоот хариу, түүний хавсралтууд, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1481 тоот хариу, түүний хавсралтууд, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 605 тоот хариу, ӨМ ХХК-иас ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02/48 тоот хариу, гэрч Ц.Ц , Л.Н нарын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэг зэргийг бүрдүүлжээ. /хх 22-36/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.Б нь 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ТМ компанид оёдолчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн.
2.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:
2.1.1974 онд төрсөн, Бүрэн дунд боловсролтой, Т.Б анх 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан. Энэ дэвтэрт 60 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгчийн туслахаас 1993 оны 02 дугаар сарын 11-ний 08 тоот тушаалаар чөлөөлөв гэж, ТМ компанид 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээгээр оёдолчноор авч ажиллуулав гэж, 1996 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэжээ. /хх 5/
2.2.Үндэсний төв архиваас ТМ компани байгууллага бүгд оны баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргах боломжгүй талаар 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 659 тоотоор тодорхойлжээ.
2.3.Нийслэлийн архиваас 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 324 тоотоор ТМ ХК-ийн баримт хадаглагдаагүй тул лавлагаа олгох боломжгүйг тодорхойлжээ. /хх3-4/
2.4.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар маргаанд хамаарах хугацаанд нэхэмжлэгч 1994 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү О.Б ыг төрүүлж бүртгэл хийлгэснээс төрснийг бүртгэх 1163 тоот анкетад эх ТБа, Тэмүүжен минч компанид оёдолчин гэж өөрийн ажлыг тэмдэглүүлсэн, 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 524 тоот анкетаар гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхдээ эхнэр Товуугийн Болормаа, ажилладаг газар Тэмүүжен менч оёдолчин гэж тэмдэглүүлж байжээ. /хх 27-30/
2.5.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1481 дугаар тодорхойлолтоор нэхэмжлэгч Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тхай хууль-ийн дагуу нөхөн даатгалд хамрагдаагүй болохыг тодорхойлжээ.
2.6.Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 605 тоотоор ТМ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт бүртгэлгүй байх тул Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай мэдээллийг гаргах өгөх боломжгүй хариуг ирүүлжээ. /хх35/.
2.7.Одоогийн ӨМ ХХК-аас 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02/48 тоотоор ТМ компанитай ямар ч холбоо хамааралгүй, баримт байхгүй болохыг тодорхойлжээ. /хх36/
Дээрх байдлаар төрийн архивуудаас нэхэмжлэгчид холбогдох тушаал, шийдвэр болоод өөр бусад дэмжих баримтууд олдоогүй. Гэвч шүүх ийнхүү дэмжих баримтууд холбогдох газруудаас олдоогүй явдал нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр дэх бичиглэлийг шууд үгүйсгэж нэхэмжлэгчийг ажиллаж байгаагүй гэж үзэх боломжгүй. Тухайн үеийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын улмаас холбогдох баримтууд хадгалагдаагүй нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлийг бүрдүүлэх учиргүй гэж үзлээ.
3.Гэрч Ц.Ц гийн 348047 тоот Хөдөлмөрийн дэвтэрт Монгол-Английн хамтарсан ТМ компанид оёдолчноор 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилласан талаар, гэрч Л.Н гийн 091196 тоот Хөдөлмөрийн дэвтэрт Монгол-Английн хамтарсан ТМ компанид эсгүүрийн цехэд туслах менежерээр 1993 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажилласан талаар тус тус тэмдэглэгдсэн байна.
Иймд шүүх хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр, Улсын бүртгэл дэх мэдээлэл, гэрч Ц.Ц , Л.Н нарын мэдүүлэгт тулгуурлаж, түүнийг 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаагаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
4.Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч тус бүрээр төлж эхэлсэн, улмаар мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данстай байхаар заасан тул шүүх энэ хугацаанаас хойшхи хугацааг тогтоох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ТТ.Б Монгол-Английн хамтарсан ТМ компанид оёдолчноор 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ