Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/02743

 

 

 

 

 

 

 

 

2024 07 22

181/ШШ2024/02743

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:........тоотод байрлах, МОУЧТ ГХОХХК /Регистрийн дугаар:6737072/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...............оршин суух, БНХАУ-ын иргэн Х.Ц , 1987.04.22-нд төрсөн, эрэгтэй паспортын дугаар: ЕА3192091, оршин суух Н4 ангиллын зөвшөөрөлтэй/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Q /цаашид Х.Ц гэнэ/-т холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Тус компанийн гүйцэтгэх удирдлагаар БНХАУ-ын иргэн Х.Ц нь 2021 оноос эхлэн томилогдон ажилласан бөгөөд тус компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Бу Зи Энерги /2023/-20 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ахшаас нь чөлөөлсөн байна.

Тухайн үед албан ёсны борлуулагч Автоланд Эс Си компанид бэлэн худалдаалах автомашин байхгүй байсан ба автомашин худалдан авах зарын дагуу Мерседес Бенз Жи 63 автомашины эзэмшигч, өмчлөгч Батхүүгийн автомашиныг 680 сая төгрөгөөр авахаар болж, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээг компанийн гүйцэтгэх захирап Х.Ц байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн.

МОУЧТ ХХК-ийн нэр дээр автомашиныг авах ёстой байсан боловч автомашинаа зуучлан худалдуулсан иргэн Батхүү НӨАТ-ын баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байх тул компанийн нягтлан бодогчийн зөвлөснөөр автомашиныг НӨАТ-гүй худалдан авахын тулд Гүйцэтгэх захирал Х.Ц ын нэр дээр худалдан авахаар болж, Х.Ц ын данс руу 680.000.000 төгрөгийг зээлэв гэсэн агуулгаар шилжүүлж, Х.Ц уг мөнгийг худалдагч талд өгснөөр автомашиныг авч, компанийн дансанд Х.Ц ын нэр дээр авлагаар бүртгэж авсан. Х.Ц ыг компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 06 сарын 19-ний өдрийн Бу Зи Энерги /2023/-21 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын албан үүрэгт ажлаас чөлөөлж, ажлыг нь хүлээлцүүлэхдээ тухайн автомашиныг компанийн нэр дээр шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч өөрийн хувийн өмчийн машин мэт маргаж байгаа болно. Х.Ц нь тухайн автомашины өмчлөгч нь биш, харин Худалдах, худалдан авах гэрээг өөрийн нэр дээр байгуулсан учраас өөрийн нэр дээр автомашиныг өмчлөх эрхийг авсан бөгөөд компанийн хүсэл зоригийн дагуу, үнийг нь төлж авсан автомашиныг тэрээр өмчлөлдөө байлгах эрхгүй этгээд юм.

Компанийн зүгээс 680.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримтад Х.Ц т зээл олгов гэж тэмдэглэсэн байгаа боловч энэ нь зээл олгосон юм биш, автомашины үнийг компанийн нэр дээр шилжүүлэхээр татвар төлөх шаардлагатай болсон учраас зээлдүүлсэн мэтээр Х.Ц ын нэр дээр шилжүүлсэн ба энэ үйл баримтыг Х.Ц өөрөө сайн мэдэж байгаа болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд Х.Ц өөрийн хөрөнгөөр худалдан аваагүй, бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох автомашиныг өмчлөлдөө байлгаж хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 106 дугаар зуйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт зааснаар Мерседес Бенц Жи 63 маркийн, ..УНР улсын дугаар бүхий автомашины өмчлөгчөөр МОУЧТ ХХК-ийг тогтоож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа Х.Ц аас автомашиныг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: .. УНР улсын дугаартай Мерседес Бенц Жи 63 загварын тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэлд дурдсан байдлаар миний нэр дээр өмчлөх эрхийг бүртгэж авсан, МОУЧТ ГХОХХК-ийн өмч мөн билээ. Намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас компанид шалгалтын ажиллагаа явуулж улмаар 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2201000270275 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэхүү эрүүгийн хэрэгтэй холбогдуулан прокурорын тогтоолоор миний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарсан байдаг ба өнөөдрийг тус эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхгүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна.

Би МОУЧТ ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх үед компанийн өмчийг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч дээрх прокурорын тогтоол хүчинтэй байгаа тул чадаагүй. Мөн тээврийн хэрэгслийг эзэмшлийг шилжүүлсний дараа тухайн тээврийн хэрэгслээр зам тээврийн осол гаргах, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцдаг. Монгол Улсад удаан хугацаанд ажиллаж, амьдрахаар төлөвлөж байгаа миний хувьд эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тээврийн хэрэгслийн эзэмшлийг одоогийн байдлаар шилжүүлж өгөх боломжгүй байна. Тухайн хэрэг шийдвэрлэгдэж дууссан тохиолдолд тээврийн хэрэгслийг тус компанид хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй болно.

Хариуцагч Х.Ц би нэхэмжилсэн автомашины өмчлөгчөөр тогтоолгож, шилжүүлж өгөхийг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэргийг шийдвэрлэсний дараа автомашиныг шилжүүлж өгөхөд татгалзахгүй гэж өмнө нь тайлбарласан тайлбарын агуулга нь энэ автомашинтай холбоотой хэргийг шийдвэрлэж дуусмагц шилжүүлж өгнө гэсэн үг бөгөөд түхайн автомашин нь нэхэмжлэгч компанийн хөрөнгөөр худалдаж авсан, тэдний өмч гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул шилжүүлж өгнө.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МОУЧТ ГХОХХК нь БНХАУ-ын иргэн Х.Ц /-т холбогдуулан ..УНР улсын дугаартай, Мерседес бенз Жи63 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгчээс баримтаар Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 4/2169 тоот хариу мэдэгдэх хуудсыг ирүүлсэн. Тухайн албан бичигт эрүүгийн 2201000270275 тоот хэргийг тус прокурорын газраас 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улмаар хэрэгт шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ..УНР улсын дугаартай Мерседес бенз Жи63 маркийн тээврийн хэрэгслийн хязгаарлалтыг цуцлах талаарх албан бичгийг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн талаар дурджээ.

Иймд шүүх хариуцагчийн дээрх зөвшөөрөл Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.МОУЧТ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, БНХАУ-ын иргэн Х.Ц /-т холбогдох .. УНР улсын дугаартай, Мерседес бенз Жи63 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.557.950 төгрөгийн тавин хувь болох 1.778.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1.778.975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.778.975 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ