| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2019/02659/И |
| Дугаар | 210/МА2020/00400 |
| Огноо | 2020-02-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2020/00400
| 2020 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2020/00400 |
ПК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02607 дугаар шийдвэртэй, ПК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д, Я.Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 111 601 520 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тогоодулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч ПК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Я.Э, Д.Д нар нэхэмжлэгчтэй 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5% хүүтэй зээлсэн. Үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаар байр, 28 тоот хаягт байрлах, 75.6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нь зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, удаа дараа мэдэгдсэн. Хүүгийн тооцооллыг 2019 оны 12 дугаар сар хүртэл тооцож, хариуцагчийн төлсөн мөнгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасч тооцсон бөгөөд үндсэн зээлээс хасагдаагүй. Иймд зээл 50 000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүд 61 586 520 төгрөг, нотариатын зардал 15 000 төгрөг, нийт 111 601 520 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
ПК ББСБ ХХК-аас 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 50 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсон тул нэг сарын зээлийн бүх хүүг төлөөд гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сард 1 жилээр сунгасан. Гэрээний хугацааг сунгахдаа сунгалтын хураамжид 500 000 төгрөг суутгаж авсан. ПК ББСБ ХХК-д нийт 23 000 000 гаруй төгрөг төлсөн. Үндсэн зээлийг төлнө, хүү алдангийг тохиролцох саналтай байгаа ч тохиролцохгүй байх тул шүүхээр шийдвэрлүүлнэ гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Д, Я.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73 060 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ПК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 541 520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Д.Д, Я.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206007008 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 75 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай, 75.6 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785 898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 523 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тогоодуламын давж заалдах журмаар гаргасан гомдолд:
Шүүх хууль хэрэглээний болоод маргааны үйл баримтын талаар буруу дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангасангүй. Шүүхийн шийдвэрт гэрээний хугацааг 1 жилийн хугацаатай сунгасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талууд гэрээний хугацааг сунгаагүй. Шүүхийн шийдвэрт "эрхээ эдлээгүй байна гэж" дүгнэж 9 сарын хүүг тооцохгүй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай. Талууд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг cap тутам 1 хувь байхаар тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болгоогүй учир 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл зээлдэгчээс гэрээний үүргийг шаардах эрхтэй байна. Иймд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 25 cap 10 хоног байх тул 50 000 000 төгрөгийн хүү бодогдох, мөн энэ хугацааны нэмэгдүүлсэн хүүд cap бүр 500 000 төгрөг бодогдоно. Иймд шүүхийн шийдвэрт хариуцагч талаас 111 601 520 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын талаарх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч ПК ББСБ ХХК нь хариуцагч Д.Д, Я.Э нарт холбогдуулан зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 61 586 520 төгрөг, нотариатын зардалд 15 000 төгрөг, нийт 111 601 520 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хроо, Чингисийн өргөн чөлөө 75 байр, 28 тоот хаягт байрлах, 75.6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх-1-2, 44-46/
Зохигч гэрээ байгуулагдсан талаар болон зээлийн хэмжээ, хугацаа, буцаан төлсөн төлбөрийн хэмжээ, гэрээний үүрэг зөрчиж хугацаа хэтрүүлсэнд хариуцагч маргаагүй. Түүнчлэн хариуцагч гэрээний хугацааг сунгасан гэх боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй талаар дүгнэсэн нь зөв юм. Гэвч анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн дарааллыг анхаараагүй. Мөн гэрээний үүргийг шаардах эрх үүссэн атал энэхүү эрхээ эдлээгүй гэж нэхэмжлэгчийн эрхийг үүрэгжүүлж дүгнэсэн нь буруу юм.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардаагүй нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байтал шүүх хуулийг буруу тайлбарлаж уг гэрээний үүргээс чөлөөлсөн нь буруу болжээ.
Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Талууд зээлийн гэрээний хугацааг хэдийгээр сунгаагүй боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Гэрээний хугацаа дууссан ч хариуцагчийн төлсөн мөнгө бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг баримтлан, үндсэн зээлээс төлсөн хэсгийг хасаж тооцож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна. Хариуцагч нь мөн нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй. Талууд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 1.0 хувь гэж тохиролцсон нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээнд байна гэж үзлээ. Талуудын хоорондын зээлийн тооцооллыг шалгаж үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хүү 46 115 268 төгрөг, зээлд 34 733 335 төгрөг төлөөгүй үлдсэн, нийт 80 848 603 төгрөг төлөх үүрэгтэй байна. Хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд 6 016 667 төгрөг суутган тооцсон нь хуульд нийцжээ. Хариуцагч 23 823 333 төгрөг буцаан төлсөнд талууд маргаагүй. Зээл, хүүг тооцож, хариуцагчийн гүйцэтгэх үүргийг нийт 80 848 603 төгрөгөөр тодорхойлон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 73 060 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ПК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 541 520 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг 80 848 603 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ПК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 752 917 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай, 3 дахь заалтад хариуцагч нараас 523 250 төгрөг гэснийг хариуцагч нараас 562 193 төгрөг гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 350 657 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ш.ОЮУНХАНД