Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0052

 

  2024         01           15                                     128/ШШ2024/0052

                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т*******” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд,

Маргааны төрөл: “Т*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дугаар тушаалын “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны  ******* дугаар тушаалаар Н******* дүүрэг, Г*******ийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн “Ө*******” нэртэй газарт 5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан.

3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

4. Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны ******* дугаар тушаалын үндсэн дээр Улаанбаатар хот, Н******* дүүргийн нутаг дэвсгэрт орших Г*******ийн Байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Ө*******” нэртэй 5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаанд ашиглах 2020 оны ******* дугаартай гэрчилгээг 2021 оны 01 дүгээр сарын үед авсан болно.

Тухайн үед ковид-19 цар тахлын хүнд үе байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Улсын болон нийслэлийн онцгой комисс, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр, түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор манай компани төлөвлөсний дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүйн зэрэгцээ, бусад компанийн адил чамгүй алдагдал хүлээсэн. Тухайлбал 2020, 2021 онуудад нийслэл хотод нийтдээ 9 /ес/-н удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, ийнхүү бүрэн болон хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмд манай компани газраа зориулалтын дагуу ашиглан, төлөвлөсөн төслийн ажлаа хэрэгжүүлэх боломжгүй байсан болно. Энэ нь дан ганц манай улс, манай компанид хамааралтай бус бүх л улс үндэстэн, нийт аж ахуйн нэгж, иргэдэд хамааралтай хүндхэн нөхцөл байдал байсан.

Ийнхүү бид цар тахлын хүндхэн үеийг даван туулж санхүүгийн боломж бололцоогоо бүрдүүлэн хууль тогтоомжид заасны дагуу ашиглаж буй газартаа байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан боловсруулж, ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсны дараа байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 5 жилээр боловсруулах зэрэг ажлуудыг "Ш*******" ХХК-иар гүйцэтгүүлж, "амралт, аялал жуулчлалын газар" байгуулахаар төлөвлөн "А*******" ХХК-иар зураг төсөл, архитектурын ажлыг хийж гүйцэтгүүлсний дараагаар Г*******ийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Улаанбаатар хотын Н******* дүүргийн Засаг дарга нартай "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах “Гурвалсан гэрээ" байгуулах хүсэлтийг явуулсан бөгөөд гэрээ байгуулагдсанаар газрын төлбөрийг төлнө гэж ойлгож ирсэн.

Улмаар Г*******ийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас гэрээг байгуулахаас татгалзаж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж шийдүүлэх талаар утсаар мэдэгдсэн.

Мэдэгдсэн даруй бид гурвалсан гэрээ байгуулах зөвшөөрлийг яамнаас Г*******ийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд олгодог гэж ойлгон 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой талаар тайлбарлан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтийг хүргүүлсэн.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны ******* дугаар албан бичгээр "... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны дугаар тушаалаар Г*******ийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн “Ө*******"-т "Т*******" ХХК-д 5.0 га талбайд аялал жуулчлалын зориулалтаар олгосон газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгон шийдвэрлэсэн байна." гэх хариуг хүргүүлсэн бөгөөд манай компани тухайн албан бичгийг Монгол шуудан ХК-с 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гардан авч мэдсэн болно.

Хүчингүй болгосон үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 40.1.3 "шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүтгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй", 40.1.5 "Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6 "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэжээ. Уг үндэслэлийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дугаар тушаалын "ТХ ТУР" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь дээр дурдсанчлан нийслэл Улаанбаатар хотод нийтдээ 2020-2022 оны хугацаанд 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдийн жагсаалтад "Т*******" ХХК ороогүй тул биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тухайн газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна.

Мөн гурвалсан гэрээ байгуулснаар газрын төлбөрийг төлнө гэж ойлгож байсан тул гурвалсан гэрээ байгуулагдах хүртэл манай компаниас төлбөрийг төлөөгүй боловч төлөх бүрэн боломжтой байгаагаа илэрхийлж байсан. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа хийж тайлбар мэдүүлэг аваагүй, мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсанд бид гомдолтой байгаа бөгөөд ийнхүү цуцалсан нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл юм.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дугаар тушаалын "ТХ ТУР" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т*******" ХХК-ийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/230 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дугаар тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т "газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...". 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...". 40 дүгээр зүйлийн 40.1.5-д *...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6- д" хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж тус тус заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь ашиглаж буй газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан *... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд маргаан бүхий акт гарах үед газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байсан.

Мөн газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлөөгүй.

Г*******ийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022, 2023 онд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай саналуудыг ирүүлсэн бөгөөд уг саналд нэхэмжлэгч "Т*******" ХХК багтсан болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн А/230 дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/230 дугаар тушаалаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болон гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан тухайн газраа ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр “Т*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны ******* дугаар тушаалаар Н******* дүүрэг, Г*******ийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн “Ө*******” нэртэй байршилд 5 га  газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0201720 дугаар гэрчилгээг “Т*******” ХХК 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгогдох эрх үүсжээ.

3. Харин Байгаль орчин, уур амьсгалын сангаас ирүүлсэн “Дансны хуулга”-с үзвэл  нэхэмжлэгч компани 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрчилгээний үнийг төлсөн нь харагдах тул тус өдөр “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-г авсан нь тогтоогдож байна.

4. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 35.3.4, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Г*******ийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий 20 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралт ёсоор дуусгавар болгож, эдгээр иргэн аж ахуй нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсны дотор нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн нэр орсон байна.

5. Нэхэмжлэгчийн зүгээс ... цар тахлын үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан..., хамгаалалтын захиргаанд гуравласан гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсээр байсан ...гэрээ байгуулагдсанаар газрын төлбөр төлнө гэж ойлгож байсан..., биднээс үл хамаарах шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй.., захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

6. Нэхэмжлэгчийн зүгээс эрхийн гэрчилгээг гарсан өдрөөс 2 жил 9 сар, хүлээн авсан гэх өдрөөс 1 жил 2 сарын дараа Г*******ийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ...мэдээллийн санд бүртгэж, гэрээ байгуулах тухай хүсэлт гаргажээ.

7. Тус хугацаанд нэхэмжлэгч тухайн эзэмшиж байгаа газартаа ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй, холбогдох төрийн захиргааны байгууллагад хандаж баримт материал бүрдүүлээгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ олгосноос хойш нэхэмжлэгч өөрөө захиргааны байгууллагаас хүлээн авч, улмаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

9. Хэдийгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулах нь гурван талын хүсэл зоригийн илэрхийлэл байх боловч энэ талаарх гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэх анхдагч үүрэг нь газар ашиглагчид буюу нэхэмжлэгчид байхад гэрээ байгуулах тухай хүсэлтээ гаргаагүй /газар ашиглах гэрчилгээг хүлээн авснаас хойш газар ашиглах талаар санаачилга, идэвхтэй үйлдэл гаргаагүй/, түүнчлэн энэ талаарх хүсэлтээ гаргах боломжгүйд хүрсэн бол хүндэтгэх шалтгааныг нотолсон баримтыг захиргааны байгууллага болон шүүхэд гаргаж өгөөгүй болно.

10. Нэхэмжлэгчээс тухайн газартаа “Гурван талт гэрээ”-г байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлсээр байсан хэмээн маргаж байгаа боловч төрийн захиргааны байгууллагуудад хандаж байсан, тухайн байгууллагууд хүлээн авсан тухай баримт байхгүй, “зөвхөн компанийн ажилтнууд нь хүмүүстэй уулзаж байсан”  гэсэн тайлбарыг л шүүхэд гаргадаг.

11. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь төрийн захиргааны байгууллгад хандаж байсан нь тэдгээр байгууллагын бичиг хэргийн баримтаар нотлогдох бөгөөд ийм баримтыг төрийн захиргааны байгууллагаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул дээрх захиргааны акт гарах хүртэл хугацаанд тухайн газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан, газрын төлбөр төлсөн зэрэг нь нотлогдохгүй байна.

12. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас Монгол Улсын иргэн ...-д ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, гэж тус тус зохицуулснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байх тул нэхэмжлэгч “Гурван талт гэрээ”-г байгуулснаар газрын төлбөр төлөх, газраа ашиглах эрхүүд үүснэ гэж байгаа нь зөв боловч тус гэрээг байгуулаагүй нь нэхэмжлэгч компанийн өөрийн буруутай үйл ажиллагаа байна.

13. Тодруулбал нэхэмжлэгч “Гурван талт гэрээ”-г байгуулахаар өөрөө төрийн захиргааны холбогдох байгууллагуудад хандаагүйн улмаас өөртөө олгогдсон гэрээ байгуулах эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангаагүй байна.

14. Мөн сонсох ажиллагаа хийсэн эсэх тал дээр хариуцагч талаас ямар нэгэн баримтыг ирүүлээгүй боловч, сонсох ажиллагаа хийснээр нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэнэ гэх баримтыг мөн нэхэмжлэгчээс ирүүлээгүй байх тул дан ганц сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

15. Иймд нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагаа байна гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дугаар тушаалын “Т*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ӨЛЗИЙЖАРГАЛ