Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2017/0070/з |
Дугаар | 221/МА2017/0352 |
Огноо | 2017-05-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2017/0352
2017 оны 05 сарын 18 өдөр Дугаар 221/МА2017/0352 Улаанбаатар хот
“Б.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Б.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 190 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.8, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан “Б.А” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б.А” ХХК-д олгох ёстой ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б.А” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... “Б.А” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Архуст, Баян, Баянжаргалан сумдын нутаг Баян … нэртэй … гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн NE 26124 дүгээрт бүртгэсэн байна.
Дээрх компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хуулийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авхаар 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/6917 тоотоор мэдэгдэл хүргүүлсний дагуу Төв аймгийн Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр сарын саналын хуудсанд “Дэмжихгүй” санал ирүүлсэн байна.
Дээрх үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэг “Аймаг нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно” гэсэн хуулийн заалтыг хангаж байсан байна.
Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн байтал Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг “Б.А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь илт хууль бус шийдвэр юм. Шүүх үүнийг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “Б.А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б.А” ХХК-д олгох ёстой ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 555 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6 дахь хэсэгт заасныг үндэслэж NE-026124 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Төв аймгийн Архуст, Баян, Баянжаргалан сумын Баян … нэртэй … га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Б.А” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Улмаар Ашигт малтмалын газраас “... тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор тушаах үүрэгтэй мэдэгдье” гэсэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/4654 дүгээр албан бичгийг “Б.А” ХХК-ийн захиралд хаяглан хүргүүлсэн байна.
Үүний дагуу нэхэмжлэгч “Б.А” ХХК нь уг тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг хугацаанд нь төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчээс дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг олгуулах талаар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/02, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/01 дүгээр албан бичгүүдээр тус тус Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан боловч “...Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр бичгээр дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан нөхцөлийг хангахгүй буюу дэмжээгүй санал ирүүлсэн байх тул 2016 оны 09 дүгээр сарын 30, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн албан бичигт заасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдье” гэх хариуг “Б.А” ХХК-д 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/2480 дугаар албан бичгээр өгчээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 19.6, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө” гэж заасан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлсөн, дээрх хуулийн шаардлагыг биелүүлсэн болох нь нотлогдож байгаа.
Нөгөөтэйгүүр, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д “Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь дээрх хуулийн шаардлагыг биелүүлсэн этгээдэд ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу нэхэмжлэгч “Б.А” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн атлаа хайгуулын тусгай зөвшөөрлийг гэрчилгээжүүлж олгохгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хуульд нийцээгүй байна.
Ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрлийг бичиж олгоогүй хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “Б.А” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах үндэслэлтэй юм.
Харин шүүхийн шийдвэрийг ойлгомжтой, биелэгдэх боломжийг хангах үүднээс “Тогтоох” хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 190 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.8, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б.А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийн дагуу “Б.А” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР