Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 271

 

Б.У-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн

Засаг дарга, Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь                           

Шүүгчид:                     Л.Атарцэцэг

                                     Б.Мөнхтуяа

                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” 5/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай.

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0216 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч Г.М нар, нэхэмжлэгч Б.У-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У-гийн “Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” 5/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У-гийн “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0216 дугаар магадлалаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Б.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” 5/02 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тухайд: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн. Учир нь хэрэгт зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх эргэлзээтэй нотлох баримтуудыг цуглуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасан хуулийн заалт хэрэгжсэнгүй.

4. Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5/02 дугаар тогтоолыг гардан аваагүй байтал гэрч Я.А-гийн “...2017 оны 8 дугаар сарын 28-ны орой Б.У-гийн гэрт нь очиж хүргэж өгсөн” гэх мэдүүлгийг үндэслэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг эх сурвалжаар тогтоогдох ёстой. Гэрч Я.А-гийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоохын тулд Я.А-гийн 88770766 дугаарын гарах ярианы лавлагаа, болон нэхэмжлэгчийн гар утасны лавлагаа авах боломжтой байсан. Мөн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ирсэн, очсон албан бичгийн бүртгэл байдаг эсэхийг үзлэг хийж шалган тогтоох нь зүйтэй. Нэхэмжлэгч нь Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2017 оны 5/02 дугаар тогтоолыг гардан аваагүй байтал шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “захиргааны байгууллага захиргааны актыг хуульд заасан тохиолдолд өөрт нь гардуулах... ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-т “хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж заасан хуулийн зохицуулалтыг анхаараагүй орхигдуулсан байна.   

 5. Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар намайг Засаг даргын хууль тогтоомж зөрчсөн буюу ямар чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйг нотлох баримтаар тогтоогоогүй, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2017 оны сумын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хуралдаанаар үнэлж, дүгнээгүй болно. Хэрэгт Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Засаг даргын орлогч гэрч Я.Ж мэдүүлэхдээ “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь ардчилсан намын бүлэг хуралдаж Зэрэг сумын Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн, би үүнийг анхнаасаа дэмжээгүй, ямар хууль зүйн үндэслэлээр огцруулах гэж байгаа нь ойлгомжгүй байсан, дараа нь уг саналыг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 5 дугаар хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн, огцруулах санал нь Засаг даргыг ямар хууль зөрчсөн, эсвэл улс төрийн хариуцлага хүлээлгээд байгаа юм уу нэг л бүрхэг боловч яг ямар чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь ойлгомжгүй болсон...” гэх мэдүүлэг зэргээс харахад Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг “албан тушаалын чиг үүргээ биелүүлсэн эсэх, хууль зөрчсөн эсэх, эсхүл улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа эсэх” талаарх нотлох баримтуудыг цуглуулах үүргээ биелүүлээгүй. Шүүхээс захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй, хэргийн бүрдэл дутуу байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие Зэрэг сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж хариуцлага алдаж байгаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ тодорхой бичсэн байхад шүүхээс нотлох баримт цуглуулсангүй, хэргийг хэтэрхий нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэнд гомдолтой байна.

6. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд: Ховд аймгийн Засаг даргын 2017 оны Б/54 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.7 дахь заалтуудыг үндэслэн намайг Зэрэг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг Ховд аймгийн Засаг дарга Д.Г, Зэрэг сумын Засаг дарга Б.У нарын хооронд 1 жилийн хугацаатай байгуулсан. Дээрх гэрээний ажлын чанар хэрэгжилт, гэрээний үр дүнг дүгнээгүй байж 2017 оны 5/02 дугаар тогтоолыг хурлаар хэлэлцсэн асуудал нь хуульд нийцсэн, нотлох баримтаар бүрэн тогтоогдсон эсэхийг хянаж шалгах үүргээ биелүүлсэнгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 32 дугаар зүйлийн 32.3-т “дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ. Хуулийн 32.2-т заасан “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээ хуулийн дагуу тодорхой заасан байх ёстой. Ховд аймгийн Засаг дарга Д.Г нь захирамж гаргахдаа Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5/02 дугаартай тогтоолыг үндэслэн дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн. Энэ нь 5/02 дугаартай тогтоол зөвхөн ирц бүрдсэн олонхоороо асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг хянахаас гадна тухайн хурлаар хэлэлцсэн асуудал нь хуульд нийцсэн эсэхийг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон эсэхийг хянаж шалгах ёстой.

7. Ховд аймгийн Засаг дарга Д.Г нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан байхад сонсох ажиллагаа хийлгүйгээр гаргасан 5/02 дугаар тогтоол нь хуульд нийцсэн, нотлох баримтаар бүрэн тогтоогдсон эсэхийг хянахгүйгээр Засаг даргын 2017 оны Б/54 дугаартай захирамжаар намайг тушаалаас огцруулсанд гомдолтой байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

9. Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус тавдугаар хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтыг баримтлан сумын Засаг дарга Б.У-г “...Хурлын Төлөөлөгчдийн гаргасан саналыг хуралдаанд оролцсон 21 төлөөлөгчийн 18 нь дэмжсэн” гэх үндэслэлээр огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.7 дахь заалт, дээрх тогтоолыг тус тус үндэслэл болгон Б.У-г Зэрэг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан, нэхэмжлэгч Б.У нь “...огцруулах санал нь үндэслэлтэй эсэхийг хянаагүй, хуульд заасан ямар үндэслэлээр огцруулсанаа захирамжид заагаагүй, уг шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, хууль зөрчсөн” гэж маргажээ.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга...-д хүргүүлнэ”, 32.3-т “дээд шатны Засаг дарга,... энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл “огцруулах” саналыг зөвхөн дээрх үндэслэлээр л гаргасан байх, дээд шатны Засаг даргаас уг санал нь хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг “хянах” агуулгатай байна.

11. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “сум, дүүргийн Хурал нь ...дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ; ...г/Засаг даргыг ...огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах”, 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааж, 25 дугаар зүйлийн 25.1-д “хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ...олонхийн саналаар тус тус батална”, 25.4-т “хурлаас гаргасан тогтоол,… нь хууль тогтоомж,...-д нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж зохицуулжээ.

12. Иймээс, тухайн Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал буюу өөрийн томилуулсан Засаг даргыг хуульд заасан хугацаанаас өмнө “огцруулах” үндэслэл бий болсон гэж үзэж, уг байдлыг Хурлын хуралдаанаар хэлэлцэж, “олонх”-ийн саналаар шийдвэрлэсэн нөхцөлд “огцруулах” үндэслэл нь тогтоогдсон эсэх, улмаар “огцруулах санал” гаргах нь үндэслэлтэй байсан, эсхүл үндэслэлгүй байсан эсэхийг шийдвэр гаргах эрх бүхий дээд шатны Засаг дарга “хянах” боломжгүй, харин тус саналыг хүлээн авч “огцруулах”-аар, эсхүл хүлээн авалгүй “огцруулахгүй”-ээр шийдвэрлэх эрх хэмжээтэй болохыг мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй бөгөөд энэ заалт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон бол хамаарахгүй” гэж тодотгон заасан байна.

13. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч Б.У-г “чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байна” гэх үндэслэлээр Засаг даргаас “огцруулах”-аар Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийн 9 нь санал гаргаж, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хурлын даргад өргөн мэдүүлсэн, уг саналыг тус Хурлын ээлжит бус тавдугаар хуралдаанаар 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцээд сумын Засаг дарга Б.У-г “чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна” гэж хуралдаанд оролцсон нийт 21 төлөөлөгчийн 18 нь үзэж, түүнийг “огцруулах” 5/02 дугаар тогтоол батлан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул хариуцагч Ховд аймгийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Зэрэг сумын Засаг дарга Б.У-г огцруулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгч Б.У-гаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох,... сонсох ажиллагаа хийлгүй Б/54 дүгээр захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн, үүнийг шүүх хянаагүй” гэж бичжээ.

15. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө “огцруулах” үндэслэл, журам, шийдвэрлэх байдлыг тусгайлан зохицуулсан, дээр дурдсанаар Хурлаас гаргасан “огцруулах” саналыг “хянах” дээд шатны Засаг даргын эрх хэмжээ нь Хурлын санал хуульд нийцсэн эсэх хүрээгээр хязгаарлагдах бөгөөд “огцруулах” эсхүл “эс огцруулах”-аар шийдвэрлэх бүрэн эрхийг нийслэл, аймгийн Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байна.

16. Иймд, Ховд аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.У-г “огцруулах”-аар шийдвэрлэхдээ түүнээс урьдчилан тайлбар аваагүй, санал гаргах боломж олгоогүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй, тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хариуцагч аймгийн Засаг даргаас хэрэгжүүлэх үүрэггүй тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

17. Нэхэмжлэгч Б.У өөрийг нь Зэрэг сумын Засаг даргаас “огцруулах” асуудлыг хэлэлцсэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд оролцож, тус хуралдаанд оролцвол зохих 21 төлөөлөгчийн 18-ийн саналаар түүнийг “огцруулах”-аар 5/02 дугаар тогтоол гаргасныг мэдсэн, уг тогтоолыг Б.У-д мөн өдөр нь гардуулж өгсөн тухай гэрч Я.А-гийн мэдүүлгийг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана;...” гэж заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч Б.У нь “эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх уг тогтоолыг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мэдсэн өдрөөс хойш 4 сар орчмын дараагаар 5/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл /анхны нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж/ гаргасан нь хуулийн дээрх хугацааг хэтрүүлсэн ба ийнхүү хэтрүүлсэн нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл байхгүй байжээ.

19. Анхан шатны шүүх Б.У-гийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх явцад уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь тогтоогдсон учир хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасанд нийцсэн байна.

20. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.У-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0216 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.У-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ