Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 015

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн оршин суугч, Найман овогт Минейханы Төкений нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай Засаг даргын Тамгын газрын даргыг чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Төкен, хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан, гуравдагч этгээд тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Кеншибай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулкаш, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Миний бие тангараг өргөсөн, төрийн жинэхэнэ албаны мэргэшсэн албан тушаалтан юм. Гэтэл сумын Засаг дарга намайг үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлж, иргэн Х.Кеншибайг хууль бусаар томилсноор миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Уг асуудлын талаар Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргаснаар Маргаан хянан шалгах комисс-ын бүрэлдэхүүн Засаг даргын Тамгын газрын даргын үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан болон өөрийн санаачилагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэснийг нотлох баримт бичиг байхгүй тул хууль ёсоор ажлаас чөлөөлсөн гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт гарагсан боловч уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг албан бичгээр өгсөн.

Сумын Засаг даргын гаргасан захирамжийн үндэслэх хэсгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулахаастатгалзсан гэсэнд дараах тайлбарыг өгч байна.

Би Тамгын газрын даргаар 6 дахь жилдээ ажиллаж байгаагийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллах үүрэгтэй гэдгийг сайн мэднэ. Иймд үр дүнгийн гэрээ байгуулан ажиллахаас татгалзах зүйлгүй болохыг хариуцлагатайгаар хэлэх байна. 2013 оноос сумын Засаг дарга А.Мейремхантай хамт ажилласан 3 жилийн хугацаанд үр дүнгийн гэрээг зохих журмын дагуу байгуулж, баталгаажуулан ажиллаж чадаагүй, талууд үр дүнгийн гэрээг дүгнэхдээ илтгэх хуудсаар албажуулан гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарж хүчин төгөлдөр болгох ёстой ч төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журмыг Засаг дарга мөрдөж баримтлаагүй, үр дүнгийн гэрээг зохих журмын дагуу албажуулж ажиллая гэсэн саналыг би Засаг даргад удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй.

Ингэж талууд харилцан тохиролцож ажиллаж чадаагүйгээс Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах тухай заалт зөрчигдсөн.

2014 оны хувьд сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, төсвийн шуудзахирагчийн үр дүнгийн гэрээг Засаг даргатай байгуулж, баталгаажуулахаар албан ёсоор хандахад уг төлөвлөгөө, гэрээг баталгаажуулаагүй учраас гэрээ хүчин төгөлдөр болж чадаагүй юм. 2014 оны гэрээ хүчин төгөлдөр бус байхад жилийн эцсээр Засаг дарга захирамж гаргаж, Тамгын газрын дарга М.Төкен намайг 2014 онд хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, төсвөө хэмнэж, өр зээлгүй ажилласан гэсэн үнэлгээ өгч урамшуулсан ба төрийн дээд шагналд тодорхойлсноор Алтан гадас одонгоор шагнагдсан юм.

Иймээс үр дүнгийн гэрээг журмын дагуу дүгнээгүй боловч зохих дүгнэлт, үнэлгээ өгсөн нь дээрх үйлдлээс харагдаж байна.

2015 оны хувьд Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг 2014 оны гэрээний биелэлтийн хамт гаргаж өгсөн боловч Засаг дарга өөрөө албаар гэрээг дүгнэхээс татгалзсан. Учир нь 2013, 2014, 2015 онуудын үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй гэсэн шалтгаанаар намайг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болгох гэсэн санаагаар гэрээний баталгаажуулалтыг зориуд хийгээгүй гэж ойлгож байна.

Тамгын газрын дарга М.Төкен намайг өөрөө төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлд дараах тайлбарыг хэлэх байна.

Би төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, саналыг бичгээр буюу өөрийн санаачилгаар гаргаагүй байхад Засаг дарга А.Мейремхан нь төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлаж, хууль хэрэглээний алдаа гаргаж, шийдвэр гаргасан гэж үзнэ.

Төрийн захиргааны албан хаагч төрийн албатай холбоотой асуудлаар хүсэлтээ гаргаснаар үүнийг эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл сумын Засаг даргын зөвлөлийн хамт олны хурлаар төрийн албанаас чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэж, Засаг даргын Тамгын газрын дарга М.Төкеннамайг төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж худал хэлж, хуралд оролцсон албан хаагчдад шахалт үзүүлж, энэ талаар тодорхойлолт үйлдэн гарын үсэг зуруулсан нь зохимжгүй нөлөөлөл юм.

Сумын Засаг дарга А.Мейремханы гаргасан захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасныг үндэслэн Х.Кеншибайг Засаг даргын Тамгын газрын даргаар түр томилсон нь хуульд нийцээгүй.

Уг заалтад Засаг даргын Тамгын газрын даргыг хуулийн дагуу нэр дэвшүүлсэн иргэдээс сонголт хийж, Засаг дарга томилно гэж заасан байдаг. Гэтэл иргэн Х.Кеншибай хуулийн дагуу сонгон шалгаруулалт болон төрийн жинхэнэ мэргэшлийн шалгалтад ороогүй, төрийн жинхэнэ албан тушаалд орох нөөцөд бүртгэлгүй хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг зөрчсөн, Засаг дарга төрийн албаны зарчмыг алдагдуулан хуулийг дээдлээгүй буюу эрх хэмжээний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргаагүй гэж үзэж байна. Иймд Х.Кеншибайн хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж ойлгож байгаа.

2016 он сонгуулийн жил гармагц сумын Засаг дарга Тамгын газрын даргаар 7 дахь жилдээ ажиллаж байсан намайг хууль бус шийдвэр гаргаж төрийн албанаас чөлөөлсөнд нь би гомдолтой байгаа. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлээр төрийн албан хаагчийг чөлөөлөх үндэслэлүүдийг заасан. Тухайлбал миний бие тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, 56 настай. Төрийн алба хаах насны дээд хязгаард ч хүрээгүй юм. Мөн төрийн албанаас өөрийн санаачилгаар чөлөөлөгдөх тухай хүсэлтээ албан ёсоор бичмэл нотлох баримтаар гаргаагүй байхад төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй.

Үүнтэй холбоотой шүүхээс гэрчүүдийг асууж мэдүүлэг авахад миний бие төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг албан ёсоор гаргаагүй байсан нь тогтоогдсон. Мөн гэрчүүдийн мэдүүлэгт 2016 оны үр дүнгийн гэрээний тухай огт хэлэлцээгүй, тийм асуудал хурлын үед яригдаагүй гэдэг нь батлагдсан. Сумын Засаг дарга 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас намайг татгалзсан гэсэн байгаа.

Томилох эрх бүхий албан тушаалтан өөрөө санаачлан үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй. Гэтэл надтай үр дүнгийн гэрээ хийж ажиллах талаар санаачлага, санал гаргаж байгаагүй. Надад үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан асуудал байхгүй. Үр дүнгийн гэрээг бид хоёр хоорондоо харилцан тохиролцож баталгаажуулан хүчинтэй болгож чадаагүй. Засаг дарга үр дүнгийн гэрээг дүгнэхээс татгалзсан. Үр дүнгийн гэрээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу харилцан тохиролцож байгуулах ёстой.

Тухайлбал би 2009 оноос хойш сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд өөрийн санаачилгаар төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулан зохих журмын дагуу дүгнэж үнэлгээ өгч, төрийн албаны стандартыг мөрдлөгө болгож ажиллаж ирсэн. Гэтэл Засаг дарга 2014 ,2015 оны үр дүнгийн гэрээг зохих журмын дагуу надтай байгуулж, баталгаажуулаагүйгээс бид хоорондоо харилцан тохиролцож чадаагүй, гэрээг дүгнэж, зохих үнэлгээ гаргаж өгөөгүйгээс болж манай сум сүүлийн хоёр жилд аймгийн хэмжээнд ажлын үр дүнгээр 10 дугаар байранд орсон нь үнэн.

2016 оны үр дүнгийн гэрээний тухай хамт олны хуралд огт яригдаагүй ба үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах хугацаа ч надад байгаагүй. Намайг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн учраас надад гэрээ байгуулан ажиллах боломж байгаагүй, ажлаас халагдсан байсан. Иймд сумын Засаг даргын намайг ажлаас чөлөөлсөн 2016 оны Б/02 дугаартай захирамж нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй учир бүхэлд нь хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг минь гаргуулж, ажилд эгүүлэн томилохыг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга би дараах үндэслэлээр нээхмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Үүнд, Ногооннуур сумын Засаг даргаар А.Мейрамхан би томилогдсон үеэс эхлэн М Төкен нь надтай хамтран ажиллахаас татгалзаж, удаа дараа үр дүнгийн гэрээ байгуулахыг шаардсан боловч тэрээр 2014, 2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулаагүй юм.

2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сумын Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал хийж, сумын Засаг даргын Тамгын газрын даргаас эхлэн бүх төрийн албан хаагчдын 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, 2016 оны үйл ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Засаг дарга миний хувьд 3 албан тушаалтантай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах ёстой. Энэ нь Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, Санхүүгийн албаны дарга нар юм. Засаг даргын зөвлөлийн хурлаас Засаг даргын Тамгын газрын албан хаагч нарын үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар М.Төкен танилцуулсныг бид сонссон. Үүний дараа Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнье гэж материалыг нь авч үзэхэд, 2015 оны үр дүнгийн гэрээг баталгаажуулаагүй байсан ба үр дүнгийн гэрээгүй ажиллаж байсан байна гэдгийг би тухайн өдөр мэдсэн юм. Төсвийн тухай хуульд зааснаар үр дүнгийн гэрээг тухайн оны эцэст байгуулж, дараа оны эцэст гэрээг дүгнэх ёстой. Тухайн жил 12 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болж байгаа, гэхдээ уг өдөр би 2015 оны гэрээг дүгнэж амжаагүй. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дүгнэхээр болсон, 01 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээ өгөх ёстой байсан. Гэтэл Засаг даргын Тамгын газрын дарга ямар ч гэрээ байгуулаагүй ажилласан байна. Гэрээ байгуулалгүй ажиллаж байгаа гэдгийг миний би мэдээгүй байгаа явдал нь 2014 оны 10 дугаар сард аймгийн Засаг даргаас миний эрхийг түдгэлзүүлсэн байсантай холбоотой. Миний эрхийг эргээд 2015 оны 05 дугаар сард сэргээсэн ба би 05 дугаар сард ажилд орсон. Намайг ажилгүй байсан хугацаанд орлогч дарга орлож байсан. Энэ хугацаанд Засаг даргын Тамгын газрын дарга 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй байсан. Тийм учраас бүхэл бүтэн 1 сумын бүтэн жилд хийсэн үйл ажиллагаа үгүйсгэгдэж, нэхэмжлэгчийн хариуцлагүй байдлаас болж Ногооннуур сум аймгийн хэмжээнд үйл ажиллагааны тайлангаар сүүлийн байранд орсон. Засаг даргын Тамгын газрын дарга тухайн сумын нэг жилд хийсэн үйл ажиллагааг тайлагнах үүрэгтэй хүн. Гэхдээ нэхэмжлэгч 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй, гэрээгээ дүгнүүлээгүй. Үр дүнгийн гэрээ байгуулаагүйд тэрээр өөрөө буруутай юм. Хангалттгүй гэж дүгнэж магадгүй гэж бодоод үр дүнгийн гэрээ байгуулахгүй явж байсан байх. Тэгээд 2015 онд бас үр дүнгийн гэрээ байгуулахгүй явсаар байгаад жилийн эцэст гэрээг нь дүгнье гэхэд, гэрээ байхгүй байсан тул гэрээгүй хүн ажиллах ёсгүй, энэ хүнийг яах ёстой вэ гэж хурлын үеэр би хэлсэн. Төсвийн тухай хуульд зааснаар үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ажиллах ёстой. 2015 онд гэрээ байгуулаагүй, иймээс дүгнэх боломжгүй, ингээд 2015 оны үр дүнгийн гэрээний асуудлыг орхиё, одоо 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулая гэж М.Төкенд хэлсэн. Тэгэхэд би гэрээ байгуулахгүй, ажлаас гаръя гэж хариулсан. Түүний тэгж хэлснийг олон хүн сонсож байсан. Гэрчүүдийн зарим нь үнэн, зарим нь худлаа мэдүүлсэн байна. Гэхдээ тэр ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ өөрөө хэлсэн. Нэгэнт гэрээ байгуулахгүй, ажлаас гаръя гэж байгаа хүнийг гаргахаас өөр арга байгаагүй.

Иймд би сумын Засаг даргын зөвлөлийн хуралд М.Төкений гаргасан хүсэлтийн дагуу Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24. 1.3-т дахь хэсгийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б\02 дугаартайзахирамжаар Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас түүнийг чөлөөлсөн юм. Ажлаас чөлөөлөгдөх тухайгаа хэлчихээд буцаж орж ирээгүй, бид 7 хоног хүлээсэн, тэгээд 7 хоногийн дараа захирамж гаргасан. Энэ асуудлыг шүүхээр хэлэлцэж байгаа явдал нь хуульд нийцэж байгаа эсэхэд нь би эргэлзэж байна. Учир нь М.Төкен гэрээгүй ажиллаж байсан учраас энэ асуудлыг шүүхээр хэлэлцэх шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гэрээ байгуулаагүй учраас түүнийг ажиллаж байгаа албан хаагч гэж тооцох боломжгүй гэж үзнэ. Тиймээс М.Төкений нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Гуравдагч этгээд Х.Кеншибайн хувьд мэдлэг, боловсролтой, залуу боловсон хүчин. Урьд нь удаа дараа төрийн албанд ажиллах тухай хүсэлтээ манайд гаргаж байсан, иймээс түүнийг ажилд авсан. Цаашид М.Төкентэй хамтран ажиллах, түүнийг ажилд нь эгүүлэн томилох боломж байхгүй гэдгийг хэлье гэв.

Гуравдагч этгээд Х.Кеншибай шүүхэд гаргасан тайлбартаа:

Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Төкен нь Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхантай хамтран ажиллахгүй, 2013 оны үйл ажиллагааны гэрээ ч байгуулахгүй, өөрийн хүсэлтээр ажлаас гарья гэж хэлээд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр болсон сумын Засаг даргын зөвлөлийн хурлыг орхин гарсан гэж сонссон. Иймд Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралд М.Төкений гаргасан хүсэлт болон Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасныг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б/02 дугаартай сумын Засаг даргын захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. М Төкен нь өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан нь Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Миний хувьд жилийн өмнө Засаг даргад төрийн албанд ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, ажилд авахыг хүссэн өргөдөл гаргсан. Үүний дагуу Засаг дарга намайг ажилд авсан. Нэхэмжлэгч тайлбарлахдаа сумын Засаг дарга бид хоёрыг хоорондоо ашиг сонирхлын холбоотой гэж байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй бөгөөд сумын Засаг даргатай ямар нэгэн ашиг сонирхол, төрөл садангийн холбоогүй юм.

Нэхэмжлэгч М.Төкен нь ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээ байгуулаагүй байх ба энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хоёр жил үр дүнгийн гэрээ байгуулалгүй ажиллаж ирсэнд нь би гайхаж байна. Миний бие одоо тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын хувьд албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулж, харин сумын Засаг дарга надтай гэрээ байгуулж ажиллаж байгаа. Үр дүнгийн гэрээгүй ажиллах боломжгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан түүнийг Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай захирамжийг хүчингүй болгуулах, өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдааны мэтгэлцээний явц зэргийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэсан саналтай байна. Үүнд, Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай байсан М.Төкенийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасан ...өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан... гэх үндэслэлээр ажлаас ньчөлөөлсөн байгаа. Нэхэмжлэгч М.Төкен өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан уу гэдэг асуудал өнөөдрийн шүүх хуралдааны маргааныг дагуулж байгаа учраас өөрийн хүсэлт гэдгийг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Үндсэн хуулиас бусад салбар хуулиудын хууль ёсны тайлбарыг Монгол Улсын Дээд шүүхээс гаргадаг. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот тогтоолын 10 дахь заалтад ...Мөн зүйлийн 24.1.3-т заасан өөрийн санаачилгаархүсэлт гаргасан гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-т зааснаар ойлгоно... гэж заасан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14 дэх заалтаар ...Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ... гэж заасан. Тэгвэл нэхэмжлэгч М.Төкен нь ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу ажлаас чөлөөлөгдөх тухай бичгийн хэлбэрийн хүсэлт гаргаж байгаагүй юм байна. Түүний бичгийн хэлбэрээр хүсэлт гаргасан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар батлагдан тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчийн хүсэлтээр тухайн хуралдаанд оролцож байсан гэрчүүдийг шүүхээс хууль сануулан мэдүүлэг авахад гэрчүүд ажлаас чөлөөлөгдөх тухай М.Төкен хүсэлт гаргаж байгаагүйг нотолсон байна. Үүнээс гадна хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал гэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмж байгаа. Энэ зөвлөмжид ажилтны хүсэлт гэдгийг өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг тайлбарласан байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан ч өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэнд өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд анхаарвал зохино гэж шүүхэд зөвлөсөн байдаг.

Мөн Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх талаар Монгол Улсын Дээд шүүхээс 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зөвлөмж гаргасан байгаа. Уг зөвлөмжид төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг бусдын шахалт шаардлагаар бус зөвхөн тухайн этгээд өөрийн санаачилгаар бичгээр гаргасан байна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14 дэх заалтад заасны дагуу тайлбарлаж хэрэглэхийг шүүхэд зөвлөсөн байдаг. Эдгээр үндэслэлүүдээс үзвэл М.Төкен нь ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр, ажил олгогчийн зүй бус нөлөөлөлгүйгээр, өөрийн сайн дурын үндсэнд бичгийн хэлбэрээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаагүй учир ажил олгогчийн Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсгийг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна. Захирамжиндаа удирдлага болгосон дараагийн үндэслэл нь 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах асуудлыг зөрчсөн гэдэг зүйл байна.

Нэхэмжлэгч Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын хувьд тухайн орон нутгийн төсвийн шууд захирагч, хариуцагч буюу сумын Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч байна. Захирамжид Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг баримталсан байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 40.1-д "... төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харъяалагдах дээд шатны төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна..." гэж заасан байгаа. Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тухай захирамжид дээрх заалтыг баримталсан, энэ нь үр дүнгийн гэрээ байгуулах тухай заалт болохоос гэрээ байгуулагдаагүй нөхцөлд ажлаас чөлөөлөгдөх тухай заалт биш байна. Энэ нь ажил олгогч ажлаас чөлөөлсөн захирамжид хуулийг буруу хэрэглэсэн явдлыг илтгэж байна. Шүүх хуралдаанд хариуцагч тайлбарлахдаа үр дүнгийн гэрээ байгуулах үүрэг нь нэхэмжлэгчид байгаа, үр дүнгийн гэрээ байгуулаагүй явдал ажлаас чөлөөлсөн үндэслэл болсон гэж тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлээр үр дүнгийн гэрээ байгуулаагүй нөхцөлд ажлаас чөлөөлөх тухай эрхийн харилцааг зохицуулаагүй. Харин үр дүнгийн гэрээ байгуулаагүй явдлыг албан үүргээ биелүүлээгүй гэж үзвэл ажил олгогч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийг оногдуулах боломжтой байсан. Нэгэнт сахилгын шийтгэл оногдуулаагүй учир ажлаас чөлөөлөх нөхцөл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Харин өнөөдрийн байдлаар үзэхэд сахилгын шийтгэл ноогдуулах хугацаа өнгөрчихсөн гэдгийг дурдах нь зүйтэй. М.Төкений ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хуралдаж хэлэлцээд дүгнэлт гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй. Уг дүгнэлтэд ажил олгогч М.Төкенийг Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүйг баталсан бөгөөд энэ дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байна. Хариуцагчийн өмгөөлөгч М.Төкенийг өөрийн санаачилгаар чөлөөлөгдсөн энэ талаар хүсэлт гаргасан нь хурлын тэмдэглэлд байгаа гэж яриад байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдөө 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй юм байна, ямар гэрээг үндэслээд дүгнэлт хийх юм бэ гэж хоорондоо маргалдаж маргаан гарсан гэж тайлбарлаж байна. Үүнээс үзэхэд тухайн хуралд өөрийн хүсэлт биш, нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд саналын зөрөлдөөн, маргаан гарч, маргааны үндсэнд хариуцагч чамайг ажлаас хална гэж хэлэхэд, нэхэмжлэгч гаргавал гаргахгүй юу даа, би асуудлаа хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэж хэлсэн байна. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа. Гэрчүүдийн хэлснийг үндэслэхэд өөрийн хүсэлтээр М.Төкен ажлаас гарья гэж тухайн үед хэлсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд маргаан гарсан, маргааны явцад хариуцагч чамайг ажлаас гаргана гэсэн, нэхэмжлэгч гаргавал гаргаж л бай, би асуудлаа хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж хэлсэн гэж байгаа. Мөн хариуцагч тал гэрчээр асуугдсан хүмүүсийн өмнөөс гарын үсэг зуруулхаар гаргаж өгсөн тодорхойлолтыг нотлох баримт гэж үзээд байна. Уг тодорхойлолт нь нотлох баримт болж чадах уу, үгүй юу, хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт мөн үү, биш үү гэдэг асуудал байна. Өөрсдөө бичиж аваад гарын үсэг зуруулаад шүүхэд гаргаж өгсөн.

Энэ талаар шүүхээс гэрчүүдэд хууль сануулан гарын үсэг зуруулж гэрчээр асуусан байгаа. Өөрсдөө хэдэн хүмүүсийн гарын үсэг бүхий тодорхойлолтыг бичүүлэн авч шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хэрэв үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах журмын дагуу арга хэмжээ авах ёстой. Өөрийн хүсэлтээр гэдэгт Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг баримталж, гэрээ байгуулаагүй гэдэгт Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталсан нь буруу юм.Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Нэхэмжлэгч М.Төкений нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд, ажил олгогч нэхэмжлэгч М.Төкенийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг баримталсан. Уг хуулийн зүйл заалт төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай заалт юм. Үүнийг нотлохбаримт хэрэгт авагдсан байгаа. Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр 07-ны өдрийн хурлын 01 дүгээр тэмдэглэлд хэлэлцсэн асуудал гэсэн хэсгээс үзэхэд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтны үр дүнгийн гэрээг дүгнэж, ололт, амжилт, алдаа дутагдлын талаар ярилцах тухай хурал болсон байна.

Уг хуралд М.Төкен эхнээс нь дуустал нь оролцсон. Уг хуралдаанд албан ёсоор хурлын тэмдэглэл хөтлөгдсөн байна. Хурлын тэмдэглэлийг Т.Шынарбек гэгч хөтөлсөн. Тэмдэглэлд сумын Засаг даргаас удаа дараа шаардаж, үр дүнгийн гэрээ хийх талаар санал болгосон боловч хийгээгүй М.Төкен дарга ямар саналтай байгаа вэ гэж ярьсан тусгагдсан байгаа. Энэ утгаараа нэхэмжлэгч ерөөсөө гэрээ байгуулдаггүй хүн байна л даа. 2014, 2015 онуудад үр дүнгийн гэрээ байгуулаагүй юм байна. Нэхэмжлэгчээс сумын Засаг дарга гэрээ байгуулах ёстой, гэрээг баталгаажуулах ёстой гэж ярьж байна. Хэрэв Засаг дарга үр дүнгийн гэрээгээ баталгаажуулаагүй гэж үзэж байгаа бол Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлоо гаргах эрхтэй шүү дээ. Нэхэмжлэгч тухайн хурлын үеэр намайг гэрээ хийхгүй гэж үзэж ажлаас гаргана гэвэл ажлаас гаргаарай, би ажлаас гаръя гэж өөрөө хэлсэн байдаг. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар Засаг даргын Тамгын газрын дарга үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах ёстой. Үр дүнгийн гэрээг ажилтан бараг өөрөө боловсруулаад ажил олгогчид танилцуулдаг. Ажил олгогч үүнийг үзэж ганц хоёр зүйлд өөрчлөлт оруулна гэвэл оруулаад, нэмж оруулах ажил үүрэг байвал оруулаад баталгаажуулаад явдаг шүү дээ. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх тухай өөрөө хүсэлт гаргасныг нотлох хавтаст хэрэгт тодорхойлолт авагдсан байгаа. Үүнд Засаг даргын Тамгын газрын даргад Засаг даргаас үр дүнгийн гэрээ байгуулна уу гэхэд, тэрээр үр дүнгийн гэрээ байгуулахгүй, ажлаас гаръя гэж хэлсэн тухай Засаг даргын Тамгын газрын хэсэг албан хаагч нарын гарын үсэгтэй тодорхойлолт байгаа. Эдгээр хүмүүс эрдэм боловсролгүй, юу ч мэддэггүй хүмүүс биш юм. Бүгдээрээ төрийн албан хаагч, тухайн бичгийн утга учрыг ойлгож байж гарын үсэг зурсан. Тухайн тодорхойлолтод гарын үсэг зурсан нэр бүхий хүмүүс бүгд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хуралд оролцсон, хэн хэнд юу гэж хэлсэн тухай бүгд мэдэж байгаа. Гэрч нарын мэдүүлэгт ч гэсэн ажлаас гарвал гаръя гэж хэлсэн гэж нотолж мэдүүлсэн. 2014, 2015, 2016 онуудад гэрээ байгуулалгүй явж ирсэн хүнийг заавал байлгаад байх шаардлага байхгүй. Томилох эрх бүхий хүн ажилтанд шаардлага тавина. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдэг нь нотлогдож байгаа. Үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан. Уг зөрчилд нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийг баримталсан. Эхлээд М.Төкен гэрээний төсвийг танилцуулах ёстой. Нэхэмжлэгч 2016 оны гэрээгээ байгуулаагүй гэж хэлж байна. 2016 оны ажил 01 дүгээр сарын 01-ээс байгуулсан байх ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Улсын Дээд шүүхийн тогтоол, зөвлөмжийн талаар ярьж байгаа нь үндэслэлгүй. Улсын Дээд шүүхийн тогтоол, зөвлөмжийг шүүх удирдлага болголгүй 3 жилийн хугацаа болсон, Улсын Дээд шүүх хууль тайлбарлахаа больсон. Улсын Дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоолыг шат шатны шүүх хэрэглэхээ больсон. Хуулийн зүйл заалтыг тайлбарлах асуудлыг тухайн шүүгч өөрийн дотоод итгэлээр тайлбарлан хэрэглэнэ. Улсын Дээд шүүхийн 5 шүүгчийн хуулийн зүйл заалтыг тайлбарласан тайлбар нь сөрөг нөлөөтэй болж, шүүх гагцхүү хуульд захирагдах зарчмын суурь алдагдах магадлалтай тул Улсын Дээд шүүхээс хуулийн зүйл заалтыг тайлбарласан тогтоол гарахгүй 4-5 жил болж байгаа. Шүүх гагцхүү хуульд захирагдах ёстой гэдгийг хэлье.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн хурлын үед хөтлөгдсөн протокол, гэрчээр асуугдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг холбогдох нотлох баримтууд байгаа. Төрийн албаны үйл ажиллагаа бичиг баримтын дагуу явагддаг. Тухайн хуралд зөвхөн А.Мейремхан, М.Төкен биш Засаг даргын Тамгын газрын бусад албан хаагч нар бүгд оролцсон. Тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч өөрөө 7 хоног ажилд ирээгүй явсан байна. Хурлын тэмдэглэлд тусгагдснаар М.Төкен нь ажлаас гаръя гэсэн байна.

Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлийг захирамжид удирдлага болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Тухайн хуралд юу хэлэлцсэн нь, хэн, юу хэлсэн нь хурлын тэмдэглэлээр нотлогдоно шүү дээ.

Хурлын тэмдэглэлд би ажиллахгүй, ажлаас гаръя, үр дүнгийн гэрээ хийхгүй гэж М.Төкен хэлсэн байна, түүний хэлснийг тэмдэглэлд тусгасан байгаа. Хэрэв тэмдэглэлд буруу зүйлийг, огт болоогүй юмыг бичсэн бол нэхэмжлэгч үүнийг цааш нь шалгуулах ёстой байсан. Засаг даргын Тамгын газрын дарга гэдэг хүн төрийн жинхэнэ албан хаагч, сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдвэрлэж болохгүй. Гэрчээр асуугдсан хүмүүс нэхэмжлэгч ажлаас гаргавал гарга, би ажлаас гаръя гэж хэлсэн гэдгийг мэдүүлээд байгаа.

Нэхэмжлэгчийн гэрээгээ байгуулахгүй, ажлаа хийхгүй байгаа нь Засаг даргатай хамтарч ажиллах сонирхолгүй байгаа явдлыг харуулаад байна. Бичгээр хүсэлт гаргаагүй ч гэсэн нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан гэдэг нь хурлын протокол, гэрч нарын мэдүүлэг, Засаг даргын захирамж, шүүх хуралдаанд хэлсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тэмдэглэлд тусгагдснаар би гэрээ хийхгүй, ажлаас гаръя гэж хэлсэн байна. Гэрээ байгуулахгүй гэж байгаа нь өөрөө ажлаас гаръя гэж байгаа гэсэн үг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т нийцэж байгаа. Нэхэмжлэгч 2014, 2015 онуудад гэрээ хийгээгүй юм байна. Хэрэв хийсэн гэрээг Засаг дарга баталгаажуулахгүй байгаа юм бол дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж асуудлыг шийдвэрлэж хариуцагчид арга хэмжээ авахуулж болох байсан. Засаг даргын Тамгын газрын хэсэг ажилчид гарын үсэг зурж тодорхойлолт бичиж өгсөн байна. Тодорхойлолт бичиж өгсөн хүмүүс жирийн хүмүүс биш, бүгд одоо 21 дүгээр зуунд амьдарч байгаа,ямар агуулгатай юу бичснийг тухайн хүн бүхэн уншиж мэдэж байгаа. Уг тодорхойлолтод зурагдсан гарын үсэг тухайн хүмүүсийн гарын үсэг биш гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ногооннуур сумын Засаг даргаас 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай Засаг даргын Тамгын газрын даргыг чөлөөлөх тухай захирамжаар[1] Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Төкенийг сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан, өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь иргэн Х.Кеншиликийг түр томилж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас уг шийдвэрийн үндэслэлээ сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан М.Төкен нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн хурлын[2] үеэр түүнээс 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулахыг шаардах үед тантай цаашид хамтран ажиллахгүй, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулахгүй, өөрийн хүсэлтээр ажлаас гарья гэж хэлснээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж, энэ нь тухайн хурлын тэмдэглэл[3], уг үйл баримтыг гэрчилсэн сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын гарын үсэг бүхий тодорхойлолт[4] зэрэг баримтаар тогтоогдоно гэжээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д заасан төсвийн шууд захирагчийн хувьд тухайн шатны Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулахыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын Нэгийн 1.4.3-т тус тус заасан.

Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч М.Төкен болон сумын Засаг дарга А.Мейремхан нар нь хууль, журмын дээрх зохицуулалтын дагуу 2014, 2015 онуудад хоорондоо үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх ба энэ талаар Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдын 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын үр дүн, гэрээний үнэлгээний талаар хэлэлцсэн сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын үеэр хоорондоо маргасан нь хурлын тэмдэглэл, хуралд оролцсон албан хаагчдын гэрчийн хувьд өгсөн мэдүүлгүүд[5], нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны Б/02 дугаартай захирамжид тусгагдсан ... Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан гэх үндэслэлийн талаар хариуцагчаас тодруулахад энэ нь нэхэмжлэгч М.Төкен 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэх маргаанд холбогдолгүй болохыг, уг үндэслэл нь 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан асуудалтай холбоотой гэх тайлбарыг[6] гаргасан.

Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд сумын Засаг дарга А.Мейремхан, сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Төкен нар нь уг хурлаар 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах эсэх асуудлыг хэлэлцсэн тухай, тухайлбал нэг тал 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулахыг шаардсан, нөгөө тал татгалзсан гэх үйл баримт тусгагдаагүй байна.

Уг асуудлын талаар тухайн хуралд оролцсон сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болох К.Уазира нарын нэр бүхий 12 гэрчээс тодруулахад хурлын үеэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга сумын Засаг даргатай 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах тухай асуудал хэлэлцэгдээгүй буюу М.Төкен нь 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахаас татгалзсан асуудал гараагүйг, 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулаагүй гэх асуудлаар хоорондоо маргах явцад сумын Засаг дарга Тамгын газрын даргад хуулийн хариуцлага тооцож, ажлаас гаргах тухай мэдэгдснээр, хариуд нь М.Төкен ажлаас гаргах гэж байгаа бол гарья, энэ асуудлаар хуулийн байгууллагад хандах болно гэж хариулсан буюу өөрийн санаачлагаар ажлаас гарах тухай хүсэлт гаргаагүй талаар мэдүүлжээ.

Сумын Засаг даргын зөвлөлийн тухайн хурлын тэмдэглэлд сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Төкен нь Би гэрээ хийгээгүй тул ажлаас гаргаж болно. Би гэрээ хийхгүй, ажлаас гарья гэж хэлснээр тусгагдсан байх ба энэ талаар хурлын тэмдэглэлийг хөтөлсөн сумын эрх зүй, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Т.Шынарбек шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ сумын Засаг дарга А.Мейремхан болон Засаг даргын Тамгын газрын дарга М.Төкен нар нь хоорондоо 2015 оны үр дүнгийн гэрээ хийсэн эсэх асуудлаар маргаснаар сумын Засаг дарга А.Мейремхан нь Тамгын газрын дарга М.Төкенд тантай ийм байдлаар хамтарч ажиллаж чадахгүй, үр дүнгийн гэрээ хийгээгүй хүнийг ажлаас гаргах үндэслэл болно, таныг ажлаас гаргана гэхэд, ажлаас гаргана гэвэл би ажлаас гарья, гэхдээ хуулийн байгууллагад хандаж эрх ашгаа хамгаалуулна гэж М.Төкен хэлсэн. Энэхүү маргааныг хурлын тэмдэглэлд тухайн үед бичиж амжаагүй буюу тодорхой тусгаж чадаагүй, 2 тал хоорондоо маргаж байсан тул дээрх үйл баримтыг тэмдэглэлд тухайлбал М.Төкений хэлсэн үгийг дээрх байдлаар тусгасан. Тухайн хурлын үеэр М.Төкен нь өөрийн санаачлагаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдье гэх хүсэлт гаргаагүй гэжээ[7].

Хариуцагч талын үндэслэл болгож буй өөр нэгэн нотлох баримт болох 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой 12 хүний гарын үсэгтэй сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Төкен нь мөн өдрийн сумын Засаг даргын зөвлөлийн хурлааргэрээ хийх тухай асуудлыг хэлэлцэхэд гэрээ хийхгүй, ажлаас гарна гэж өөрөө санал гаргаснаар түүнийг хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөр шийдвэрлэсэн гэх агуулга бүхий тодорхойлолтын хувьд уг тодорхойлолтыг хариуцагч болох сумын Засаг дарга А.Мейремхан бичиж, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар шинээр томилогдсон Х.Кеншибай албан хаагчдаар гарын үсэг зуруулсан нь хариуцагч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, уг тодорхойлолтод гарын үсэг зурсан албан хаагчдын зарим нь гарын үсэг зурахаас татгалзсан, зарим нь тодорхойлолтын агуулгыг уншиж танилцалгүй гарын үсэг зурсан, зарим нь Тамгын газрын дарга Х.Кеншибайн шаардснаар гарын үсэг зурсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримтад дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч М.Төкен нь хурлын үеэр өөрийн санаачлагаар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, төсвийн шууд захирагчийн хувьд 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Үр дүнгийн гэрээ байгуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дугаартай тогтоолоор баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-аар[8] зохицуулсан. Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэдгээрийн төсөв, хүрэх үр дүн, түүнийг дүгнэх талаар тусгах бөгөөд үр дүнгийн гэрээ байгуулах нь ... гэрээнд тусгагдсан хөтөлбөр, арга хэмжээг хуваарилагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх үндсэн дээр байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилтуудыг хангахад чиглүүлэн, төсвийн шууд захирагч үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд оршдог байна.

Иймээс ч дээрх журмын дагуу үр дүнгийн гэрээ байгуулах, биелэлтийг дүгнэх, үр дүнгийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй төсвийн шууд захирагчид шаардлага тавих, гэрээнд тусгах хөтөлбөр, арга хэмжээний гол асуудлууд, тусгай арга хэмжээнүүд, хүрэх үр дүнгийн талаар төсвийн шууд захирагчид чиглэл өгөх, уг чиглэлийг баримтлан гэрээ байгуулах зэргийг төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд сумын Засаг дарга хариуцах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгчийг 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан гэх боловч тухайн хурлын үеэр дээрх журмын Хоёрын 2.2-т заасан төсвийн шууд захирагчид дараа оны гэрээний төслөө ирүүлэх талаар шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах, сумын Засаг дарга өөрөө үр дүнгийн гэрээний нэг тал болохын хувьд 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах асуудлаар журамд заасан дээрх эрх үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхой бус байх ба энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг хариуцагч гаргаж чадаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны үед гаргасан хариуцагч түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэгч М.Төкен нь 2016 оны үр дүнгийн гэрээний төслийг боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй гэх үндэслэлд нэхэмжлэгчээс 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсний дараа, дараа оны гэрээ байгуулах бөгөөд сумын Засаг даргад хүргүүлсэн өмнөх оны гэрээний биелэлтийн тайланг дүгнээгүй байсан, гэрээнд 2 талын хүлээх эрх, үүргийг тусгадаг, иймд үр дүнгийн гэрээнд тусгах асуудлыг 2 тал хамтарч харилцан тохиролцож боловсруулах ёстой учраас гэрээний төслийг миний зүгээс хүргүүлээгүй гэх тайлбарыг гаргасан.

Дээрх асуудал нь журмын Хоёрын 2.1-д зааснаар тухайлбал төсвийн шууд захирагчийн хувьд сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Төкен нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх, ингэхдээ журмын Дөрөвийн 4.1.1-д зааснаар гэрээнд тусгах хөтөлбөр, арга хэмжээтэй холбоотой асуудлаар чиглэл авах үүргийг, харин төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд сумын Засаг дарга нь Хоёрын 2.3-т зааснаар ...төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах, Дөрөвийн 4.2.1-д зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өгсөн чиглэлийг баримтлан гэрээ байгуулах үүргийг тус тус хүлээхээр зохицуулагдсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран ажиллах хугацаанд Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу өмнөх онуудад буюу 2014, 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй, гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх үүргээ хариуцагч мөн биелүүлээгүй, энэ асуудалд нэхэмжлэгч буруутай тохиолдолд мөн хуулийн 40.4.2-т зааснаар тухайн үед хариуцлага тооцож ажиллаагүй байна. Мөн 2015 оны үр дүнгийн гэрээг хоорондоо байгуулаагүй боловч нэхэмжлэгч М.Төкен нь 2015 оны үр дүнгийн гэрээгээр хийх ёстой ажил үүргийн биелэлтийн тайланг гаргаж өгсөн нь, харин хариуцагч тухайн тайланг хүлээн авч, дүгнэхээс татгалзсан болох нь тэдний тайлбар[9] болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг журмын Хоёрын 2.1-д зааснаар... дараа оны буюу 2016 оны үр дүнгийн гэрээний төслийг урьдчилан хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Нэгэнт маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь 2015 оны үр дүнгийн гэрээтэй холбоогүй гэх тайлбарыг хариуцагч гаргасан тул мөн оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэх асуудалд талуудын хэн нь журамд заасан эрх үүргээ зөрчсөн эсэхтэй холбоотой үйл баримтад шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Маргаан бүхий захиргааны актад Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримталсан байх ба энэ нь төсвийн шууд захирагч нь ...харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулах заалт болохоос төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх зохицуулалт биш болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч М.Төкен нь ажлаас гарах тухай хүсэлт гаргасан гэх маргааны тухайд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд энэ нь тухайн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болох бөгөөд уг заалтын агуулгыг тухайн төрийн албан хаагч нь энэ талаарх хүсэлтээ ямарваа нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийхөө хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр бичгээр хандах замаар гаргахыг ойлгох юм.

Нэхэмжлэгч М.Төкен нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргаагүй байх ба энэ талаарх хүсэлтээ хурлын үеэр амаар гаргасан гэж хариуцагч маргасан боловч энэ нь хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно. Тухайн хурлын үеэр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн 2015 оны үр дүнгийн гэрээтэй холбоотой маргааны улмаас ажлаас гаргах хуулийн хариуцлага тооцох-ыг сумын Засаг дарга мэдэгдснээр ажлаас гаргавал гарья, хуулийн байгууллагад хандаж эрх ашгаа хамгаалуулна гэх байдлаар нэхэмжлэгч хариулсан нь ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн агуулгагүй байгаагаас гадна үүнийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ нэхэмжлэгч өөрийн санаачлагаар сайн дурын үндсэн дээр тухайн үед гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймээс энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна гэж дүгнэлээ.

Дээрх байдлаар хариуцагч болох Ногооннуур сумын Засаг дарга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч М.Төкенийг үндэслэлгүйгээр 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан, төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэж, түүнийг хууль бусаар үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх талаарх төрийн албаны үндсэн зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн төрийн алба хаах буюу хөдөлмөрлөх, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрөөс цалин хөлс авах хуульд заасан эрхүүд тус тус зөрчигдсөн байх тул М.Төкенийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, оронд нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-д заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх шаардлагыг хангаагүй иргэн Х.Кеншибайг түр томилсон Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч М.Төкенийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг хүчингүй болгож, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс тус тус бүрдэх бөгөөд нэхэмжлэгч М.Төкен нь Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын сарын цалинд Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан цалингийн сүлжээний ТЗ-7-5 шатлалаар 733863 төгрөг, нууцын нэмэгдэл 73386 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 146773 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 146773 төгрөг, нийт 1100795 төгрөгний цалин авдаг нь Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 44 дугаартай албан бичиг, ня-бо К.Жамалханы 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн цалингийн тодорхойлолт болон гэрчийн мэдүүлэг бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна.

нэхэмжлэгч М. Төкений ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны олговорт 5683174 /таван сая зургаан зуун наян гурван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч М.Төкенд олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.6, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ногооннуур сумын 6 дугаар багийн оршин суугч М.Төкений шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 19 дүгээр зүйлийн 19.3, 24 дүгээр зүйлийн 24.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасныг тус тус баримтлан Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай Засаг даргын Тамгын газрын даргыг чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, М.Төкенийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Төкений ажилгүй байсан хугацааны олговорт 5683174 /таван сая зургаан зуун наян гурван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч М.Төкенд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1- зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 4 дүгээр хуудас

[2] Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлыг цаашид хурал гэх

[3] Хэргийн 21-24 дүгээр хуудас

[4] Хэргийн 25 дугаар хуудас

[5] Хэргийн 177-224 дүгээр хуудас

[6] Хэргийн 126 дугаар хуудас

[7] Хэргийн 195-196

[8] Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ыг цаашид журам гэх

[9] Хэргийн 19,126 дугаар хуудсанд авагдсан хариуцагчийн тайлбарууд, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар,