Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00792

 

Д.Цацралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00300 дугаар шийдвэр,

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 201/МА2016/00019 дүгээр магадлалтай,

Д.Цацралын нэхэмжлэлтэй

А.Мөнхжаргалд холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Цацрал, хариуцагч А.Мөнхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч А.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Цацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 04 сард А.Мөнхжаргал нь Г.Алтансүхэд Ховд аймгаас 10 тонн загас авмаар байна, хятадтай загас гаргах талаар гэрээ хийсэн, орон нутгийн татвар, хураамжийг би хариуцна санаа зоволтгүй, 1 тонн загасыг 17.000.000 төгрөгөөр гэрээ хийгээд Улаанбаатарт авчраад мөнгөө ав гэсэн байсан. Г.Алтансүх надад хандаж А.Мөнхжаргал гэх залуу надад загас бэлдэх санал тавьсан. Надад түүнийг бэлдэх мөнгө байхгүй, та бэлд гэсэн. Би Ховд аймгийн Хар ус нуураас загас бэлдэхээр болж, холбогдох зөвшөөрлийг нь зохих байгууллагаас журмын дагуу авч, бэлдэхтэй холбоотой бүх зардлыг гаргасан. Харин орон нутагт төлөх татвар хураамж 7.000.000 төгрөг болсон. Тэр хураамжийг А.Мөнхжаргал хариуцна гэж хэлсэн. А.Мөнхжаргал нь Буйр нуур гэдэг компанийн менежерээр ажилладаг, манай компанийн нэр дээр бэлд гээд албан бичиг явуулж, хураамж болох 7.000.000 төгрөгийг төлж Г.Алтансүх бид хоёрыг Буйр нуур ХХК-ийн менежер Ховд аймагт тус компанийг төлөөлнө гэж албан бичиг өгсөн. 2015 оны 01 сарын 12-ны өдөр миний бэлдүүлсэн загас Улаанбаатар хотод ирэхэд Мөнхжаргал надтай ирж уулзаад албан ёсоор гэрээ хийсэн. Тэгэхдээ надад яг одоо өгөх мөнгө алга, Хятадтай гэрээ хийсэн учир найдвартай, надад итгээд загасаа зээлээр өгчих, 2 сар гарахаас өмнө 17.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулна гээд  Улаанбаатар хотоос Дорнодын хил хүртэлх тээврийн хөлсийг төлөхөөр тохирсон. Би түүний саналыг зөвшөөрч бичгээр загас худалдах, худалдан авах гэрээ хийж бүтээгдэхүүний үнэ болох 17.000.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаар болсон. Загаснаас 2 ширхэгийг шинжилгээнд оруулж, зөвшөөрөл авахын тулд хотод 7-8 хоносон. Би хятад явахын өмнө А.Мөнхжаргалаас 2.000.000 төгрөг авч Ховдоос загас ачиж ирсэн жолоочийн хөлсийг өгсөн. Ингээд Г.Алтансүх, А.Мөнхжаргал бид гурав хил гарсан. Гэтэл А.Мөнхжаргал хэнтэй ч гэрээ хийгээгүй байсан. Загасаа ачаад хилд ойрхон тосгоны гудамжинд зогсоод зарсан. Би тухайн үед уурлаж надад энэ загасыг зарж дуустал энд хүлээх боломж байхгүй, чи яагаад ингэж худлаа ярьсан юм бэ? Би хурдан буцахгүй бол ажил болохгүй нь надад мөнгө өг гэсэн. Мөнхжаргал уучлаарай, би гэрээ байгуулсан хүнтэйгээ холбогдож чадахгүй байна. Ингэж зарахаас өөр замгүй боллоо, 6800 юань аваад буцаж ажпаа бод гэж надад хэлсэн. Тухайн үеийн юаний ханшаар бодоход 2.116.160 төгрөг болсон. Үлдсэн мөнгийг нь би загасаа зараад Г.Алтансүхэд өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн. Мөнхжаргал нь гудамжинд загасыг 1 кг-ийг нь 25-30 юаниар зарж байсан. 6-7 тонныг нь Алтансүхтэй цуг зарж тухайн үедээ хамгийн багаар тооцоход 50-60 сая төгрөг олсон. Энэ үед Г.Алтансүхэд 8000 юань буюу Монгол мөнгөөр 2.489.600 төгрөг өгсөн. Дараа нь надад 2.394.000 төгрөг өгсөн. Надад худал хэлж өнөөдөр болтол үлдэгдэл мөнгийг өгөөгүй. Үүнтэй холбоотой бүх зардлыг өмгөөлөгчийн хөлсийн хамт хэрэг шийдвэрлэх явцад нэхэмжлэх хүсэлтэй байна. Загас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу худалдан авагч А.Мөнхжаргалаас 8.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 сард Г.Алтансүх надруу утсаар яриад загас тороор агнах гэсэн юм. Загас агнуурын тусгай зөвшөөрөлтэй компани байна уу олоод өгөөч гэсэн. Тэгээд Буйр нуур ХХК- ийн захирал Чулуунбаатар ахаас асуухад манай компанийн тусгай зөвшөөрлийг ашигласны хөлс 1.500.000 төгрөг надад өгвөл болно гэсэн. Энэ учрыг Алтансүхэд хэлтэл тэр болно, компаний бичиг баримтыг нь факсаар явуулчих гэсэн. Тэгээд 10 тонн сугас загас худалдаж авах уу, нөхөн төлбөрийг нь би төлнө. 1 кг загас 1.700 төгрөг,10 тонн загас 17.000.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхэд нь би хятад улс руу яриад эргээд холбогдож хариу өгье гэсэн. Ингээд таньдаг Мудан гэх Өвөр монгол эмэгтэйгээс асуухад аваад ир, авъя гэсэн. Тэгээд би Алтансүхэд Хятад хүнтэй ярьсан, загас авна гэж байна. Улаанбаатар хотод загасаа аваад ир гэсэн. 2015 оны 1 сард Алтансүх Улаанбаатар хот руу гарлаа хүрээд ир гэсэн. Намайг хотод очиход Алтансүх нь Улаанбаатар хотод ирээгүй байсан бөгөөд над руу утсаар яриад загасны нөхөн төлбөрөө төлөөгүйн улмаас орон нутгаас авах гарал үүслийн бичгээ авч чадаагүй,  22-ын товчоогоор нэвтэрч чадахгүй байна. Чи Ховд аймгийн Мянгад нутгийн татварын дансанд 6.000.000 төгрөг, Хар ус нуурын дансанд 1.000.000 төгрөг тушаачих, би загасны тооцооноос хасуулъя гээд дансны дугаарууд өгсөн. Би хэлсэн данснуудад дээрх мөнгийг тушаасан. Г.Алтансүх Улаанбаатар хот ирэхдээ Д.Цацрал гэх хүнийг дагуулж ирээд мөнгө хэрэгтэй байна гэхээр 2.000.000 төгрөг өгсөн. Ингээд өгсөн 9.000.000 төгрөгтөө тааруулж загас авъя гэхэд бүгдийг авчих, үлдэгдэл мөнгөө дараа өгөхөөр тохиролцоод авчих гэхэд нь зөвшөөрсөн. Д.Цацрал нь өөрийг чинь сайн танихгүй, 10 тонн загас 1700 төгрөгөөр авсан гэсэн бичигт гарын үсэг зураад өгчих гэсэн гарын үсэг зурсан. Тэгээд бид гурав загасаа аваад Алтан-Эмээлд очсон боловч загас авна гэсэн хятад ирээгүй. Цацрал ажилтай явмаар байна, үлдэгдлээ өг гэхэд нь би Муданаас 10.000 юань зээлж Д.Цацрал, Г.Алтансүх нарт өгсөн. Гурав хоногийн дараа Муданы яриад байсан загас авах Хятад хүн ирж загасыг үзээд загас жижигхэн байна гээд гоочлоод нэгийг ч авалгүй явсан. Тэгээд аргагүйн эрхэнд гадаа гудамжинд зогсож загасыг жижиглэнгээр зарсан. Загас маш удаан муу зарагдсан, тэгээд Г.Алтансүхийг явна гэхэд нь 8000 юань өгсөн. Би үлдээд цагаан сарын битүүн болтол загасаа зарсан боловч зарагдаагүй. Загас зарсан мөнгийг Муданаас Д.Цацрал, Г.Алтансүх нарт өгсөн 18.000 юанийн өрөнд өгсөн. Үлдэгдэл загасаа хөлдөөгчид орхиод ирсэн. Ингээд би энэ загасны наймаанаас ашиг олох нь битгий хэл аманд орсон. Үүнээс хойш Цацрал гэгч нь над руу байнга мөнгө өг, чамайг ална гэж дарамталдаг болсон. Би үлдэгдэл 2.000.000 гаруй төгрөгийг удахгүй мөнгөтэй болоод өгье гэхэд хурдан өг гэж элдвээр доромжилж танил тал болох цагдаагаар айлгаад авна гэх мэтээр маш их дарамталж сэтгэл санаагаар хохироож хэцүү байсан. Ингээд 2015 оны 6 сард Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р тасгаас дуудахад болсон явдлын талаар үнэнээр нь хэлж холбогдох баримтыг өгсөн. Мөнхзул гэх мөрдөн байцаагч Д.Цацралд 2.394.000 төгрөг өгчих тэгээд чиний хэрэг хаагдах юм байна гэж хэлсэн. Би хадам ааваасаа мөнгө зээлж өгсөн. Миний бие Д.Цацралын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 9.000.000 төгрөг, 18.000 юань, тухайн үеийн ханшаар 311,5 төгрөгөөр 5.607.000 төгрөг, 2.394.000 төгрөг нийт 17.000.000 төгрөг өгсөн одоо төлөх төлбөргүй.  Орон нутагт загас олборлосон хөлсийг би төлнө гэж тохироогүй. Тэгээд ч загас олборлосон хүн нь өөрөө татвараа төлж орон нутгаас гарал үүслийн бичиг авдаг. Тухайн үед Г.Алтансүх орон нутгийн татвар төлж чадахгүй байна гээд намайг мөнгө тушаачих гээд данс өгсөн учир би хураамж, татвар төлсөн гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00300 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч С.Мөнхжаргалаас 8.500.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Д.Цацралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэдхяан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 201/МА2016/00019 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00300 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “С.Мөнхжаргалаас 8.500.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Д.Цацралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай “ гэснийг “А.Мөнхжаргалаас 1.000.240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цацралд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.499.760 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай“ гэж, 2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй“ гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч А.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд 27344.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цацралд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цацралын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 150.950 төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Цацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэл болсон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Бидний маргаанд эрх зүйн хоёр өөр төрлийн харилцаа байгааг үл хайхарч, туйлын ойлгомжтой нотлох баримтыг дутуу үнэлэн шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

1.Мөнхжаргал “Байр нуур” ХХК-д ажиллаж байсан нь “Байр нуур” ХХК-ийн захирал Чулуунбаатар ахаас асуухад манай компанийн тусгай зөвшөөрлийг ашигласны хөлс өгвөл болно гэсэн” гэх тайлбараар нотлогддог. Тусгай зөвшөөрөл болон гэрээ хэлцэл нь “Хар ус” нуурын БЦГ, Ховд аймгийн Мянгад сумын ЗДТГ болон БОНХАЖ яаманд байдаг. Мөнхжаргал ч тус хуулийн этгээдийн нэр дээр зөвшөөрөл гарсныг хүлээн зөвшөөрдөг.Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл “Буйр нуур” ХХК-ий нэр дээр гарсан. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүрэг нь тусгай зөвшөөрөл бүхий иргэн хуулийн этгээдийн хүлээх үүрэг гэж ойлгож байна. Загасны тоо толгойг зохицуулах зорилгоор “Хар ус” нуураас загас барих гэрээнд Цацрал би биш “Буйр нуур” ХХК-ийн захирал Чулуунбаатар гарын үсэг зурсан. Тэгээд ч би 10 тонн загас ахуйн зориулалтаар бэлтгэх зөвшөөрөл авах ямар ч боломжгүй. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагч А.Мөнхжаргал нь нэхэмжлэгч Д.Цацралын хүсэлтээр төлбөр хураамж төлсөн гэж мэдүүлсэн ба миний хүсэлтээр төлсөн юм байхгүй.

2.Мөнхжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа “Д.Цацрал нь өөрийг чинь сайн танихгүй юм чинь 10 тонн загас 17.000.000 төгрөгөөр авсан гэсэн бичигт гарын үсэг зураад өгчих гээд би гарын үсэг зурсан” гэж гэрээ хийснээ хүлээн зөвшөөрсөн. Гэрээ нь эх хувиараа нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр, хураамжаа төлөөд маргааш нь надтай 17.000.000 төгрөг өгөх талаар гэрээ хийсэн. Хэрвээ би энэ хүнээс төлбөр хураамжийг чи миний өмнөөс төлөөд өг гэж хүссэн бол төлбөр төлснийхөө маргааш өдөр нь надтай загас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй юм. Гэрээнд 1.700 эсвэл 17.000 төгрөгний асуудал яригдаагүй. 17.000.000 төгрөгний үнийн дүнтэй гэрээ байгуулахдаа тийм хайнга хариуцлагагүй ханддаг хүн байхгүй юм. Иймээс шүүхээс Амьтны тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш, мөн хар ус нуураас загас бэлтгэх гэрээний дагуу ч төлбөр, хураамж төлөх үүрэг үүсээгүй байхад, шүүх “үүрэгтэй” гэж дүгнээд байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, дахин үнэлэн дүгнэж, хуулийн дагуу шийдвэрлэж, Мөнхжаргалаас 8.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5-р сарын 03-ны өдрийн 201/МА2016/00019 дугаартай магадлалыг эс зөвшөөрч ...магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “А.Мөнхжаргалаас240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цацралд олгож ...” гэсэн хэсэгт гомдол гаргаж байна.Магадлалын үндэслэх нь хэсэгт “Хариуцагч А.Мөнхжаргал нь нэхэмжлэгч Д.Цацралд загасны үнэд 2015 оны 01 сард 6800 юань буюу 2.116.160 төгрөгийг, мөн Г.Алтансүхэд 8000 юань буюу 2.489.600 төгрөгийг /цацралд өгүүлсэн/.... өгсөн бөгөөд зохигчид маргаагүй болно” гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. А.Мөнхжаргал би Цацрал, Алтансүх нарт 18.000 юань өгсөн. Алтансүхэд 18.000 юань өгсөн Алтансүхийн гарын үсэгтэй бичгэн нотлох баримтыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг. 2015 оны 1 сард 2.000.000 төгрөг, 18.000 юань тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцоход 5.606.820 төгрөг, Ховд аймгийн “Хар-Ус” нуурын 160013005 тоот дансанд хураамж 1.000.000 төгрөг, Ховд аймгийн Мянгад сумын орон нутгийн татварт 6.000.000 төгрөг, эрүүгийн хэрэг шалгагдах явцад 2015 оны 6 дугаар сарын 25-нд 2.394.000 төгрөг нийт 17.000.820 төгрөгийг төлсөн. Алтансүх, Цацралд нарт ямар ч өр төлбөргүй учир хэргийг үнэн зөвөөр шийдэж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 201/МА2016/00019 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Цацрал нь хариуцагч А.Мөнхжаргалд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 8.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, загасны үнийг төлж дууссан гэжээ.

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээгээр А.Мөнхжаргал нь Д.Цацралаас 1 тн сугас загасыг 1.700.000 төгрөгөөр тооцон 17.000.000 төгрөгөөр худалдан авах, үнийг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр харилцан тохирчээ /хавтаст хэргийн 7 дугаар тал/.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч эд зүйлийг хүлээн авч тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд А.Мөнхжаргал нь Д.Цацралд 17.000.820 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 15-19 дүгээр тал/.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэргийн 17 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч 18.000 юан өгсөн, нэхэмжлэгч уг баримтыг үгүйсгээгүй байхад давж заалдах шатны шүүх “...Д.Цацралд 6800 юан, Г.Алтансүхэд 8000 юан өгсөн” гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй гэж үзнэ.

Загас барихад төлөх төлбөр, хураамжийг А.Мөнхжаргал  төлөхөөр тохиролцсон гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шийдвэрт зохигчдын эцгийн нэрийн эхний үсгийг буруу бичсэнийг анхааруулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 201/МА2016/00019 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 138/ШШ2016/00300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Цацралын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч А.Мөнхжаргал хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.556 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч Д.Цацрал хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ